04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

С.Болор: "Цоглог & Өөдрөг" миний уриаг залууст маань дуулгаарай

"Цоглог & Өөдрөг шүү"

Миний ФБ найзууд дунд дуучин хүмүүс олон байдаг. Харин саяхнаас өөрийгөө "дуучин болоогүй байгаа, зүгээр л хоббигоороо дуулдаг юм" гэсэн даруухан хариулттай нэгэн залуу авьяастантай танилцлаа. Тэрээр дэлхийн од Jessie J-тэй караоке апп-аар "Flash light" гэх дууг нь хоолой хоршин тун чадварлаг дуулжээ. Ингээд түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө хуваалцъя.

- Сайн байна уу? Караоке дуэтийн стилээр дэлхийн олон олон залуус Жэссикатай хоршсон байдаг. Монгол охин дуулсандаа биш зүгээр л мундаг дуулсан болохоор чинь хэдэн асуулт тавьж болно биздээ. Өөрийнхөө тухай товчхон танилцуулахгүй юу?

- Намайг тоож ярилцлага авч байгаад тань баярлалаа. Намайг Сундуймижидийн Болор гэдэг. Дотны хүмүүс маань Боогио гэж дууддаг. 23 настай. Айлын ганц охин. СЭЗДС-ийг 2014 онд бизнес удирдлагын мэргэжлээр төгссөн. Takhico XK-д менежерээр ажиллаж байна. Дуулах үнэн голоосоо дуртай ч мэргэжлийн дуучин болж чадаагүй.

- Хоолойны цар чинь их өргөн баялаг юм. Хэнээсээ өвтэй юм бол?

- Аав минь сайхан дуулахаас гадна, гитар хөгжмийг гоё тоглодог л доо. Харин ээж минь бид хоёрын гэр бүлийн хамтлагийн менежер. /инээв/ Ер нь бол аав, ээжийн талуудад хоёуланд нь мундаг дуулдаг зөндөө хүмүүс байдаг.

- Ганц сургуулийн диплом өвөртлөөд болчихлоо гээд боловсролдоо цэг тавиагүй биз дээ. Урлагийн сургуулийн дуулаачийн анги сэтгэл зүрх чангаахгүй байна уу?

- /Инээв/ Мэдээж үгүй. Дүүд нь тийм бодол байгаа. Сургуулиа төгсөөд удаагүй байна. Мэргэжлээрээ магистрт суралцах хүсэл дараа намраас төлөвлөөд байна. Ажиллахын хажуугаар цаашдаа яг үндсэн чигээ тодорхойлно доо. Бодлоо хэрэгжүүлээд эхэлчихвэл бусдадаа дуулгамаар байдаг юм. Одоо яарахгүй бол нас маань яваад байна /инээв/.

- Энэ дуэт чинь их таалагдлаа. Залуу дуучин, авъяастан тодруулах тэмцээн уралдаануудад хэр зэрэг оролцож байв? Оролцож байсан бол хэр амжилт үзүүлж байснаа сонирхуулаач...

- 2010 онд UBS-д 3-р шатнаас хасагдсан. 2014 онд NTV Dual zet records-ийн Монголын ковэр Од-д оролцоод дэд байрны шагнал авч байсан. Сургуулийнхаа болон нэлээн хэдэн сонирхогчдын уралдаануудад оролцож байсан.

- 2010 онд арай балчир байсан болоод хасагдаж байсан байх нь дээ. Өөрийгөө сойж байна уу энэ жил?

- /инээв/ Үгүй байхаа. Над шиг уйланхай хүнд тохирохгүй юм шиг санагддаг болсон.

- Хасагдаад л бөөн нулимсан шалбаагт хутгалдчихдаг юм байна л даа...

- Аанхаан яг тийм. Бүүр хэд хоног үргэлжлэнэ шүү дээ. Хажуугаар нь ойр дотныхон маань сэтгэл засах гээд эрхлүүлчихээр бүүр хямраад алиагаа алдана ш дээ. Өөртөө маш их итгэлтэй, одоо боллоо гэж бодогдох болсон үед л нэг орно доо.

-ЗАРИМДАА ЗОРИЛГОО УМАРТААД ШҮҮГЭЭД БАЙГАА МЭТ САНАГДДАГ-

11425088 10206876984182523 6032407047119147402 n

- Хүний мууд дурласан нэг асуулт байна. Тэмцээний шүүгчид хэр шударга шүүдэг шиг санагддаг вэ?

-100% лавтай биш. Заримдаа зорилгоо умартаад шүүгээд байгаа мэт санагддаг. Би өөр дээрээ тусгаж авч хэлээгүй шүү. Зүгээр ажиглаж байхад л тийм сэтгэгдэл төрүүлдэг. Тэд л мэдэж шүүж сонгож авч байгаа юм чинь тэдний л сонгосноор шалгарах нь ойлгомжтой гэж боддог юм.

- Хүнд чинь хор шар гэж нэг зүйл бий. Ойчсон ч босоод зүтгэдэг хүн юманд хүрдэг. Оролцоорой гэж зөвлөмөөр байна. Их л олон залуус клиптэй дуунууд гаргадаг болсон байна лээ. Өөрт чинь тийм бүтээл бий юу?

- Харин тийм. Нэг оролцох боломж гарах байх. Заримдаа гэртээ, ажил дээрээ бүүр угаалгын өрөөнд байж байхдаа гэнэт дуулмаар санагдаад л утасныхаа камераар бичлэг хийж нүүр номын найзуудтайгаа хуваалцдаг даа. Тусгай хийлгэсэн клип бол байхгүй.

- Уран бүтээлчидтэй хэр ойр дотно байдаг вэ? Олны танил мундагуудаас нэрлэнэ үү. Над шиг "дүлий" нь анзаарчихаад байхад тэд бол мэддэг байх тийм үү?

- Ариунаа эгч надад маш их урам хайрлаж байсан. Хожим тааралдаад намайг таньж тэвэрч үнсэж байсан нь их гоё дурсамжтай байдаг. Аавтай хамт цэрэгт байсан Дашдондог ах байнга зөвлөгөө өгдөг. Өөдөө эгч, Оки ах гээд л ер нь танилууд зөндөө байдаг. Тэдэнтэйгээ ах дүүсийн холбоотой юм санагддаг.

- 23 нас эрхэлдэг нас биш дээ уул нь. Тэр олон ах дүүсийн холбоогоо мэргэжлийн болгох тал дээрээ анхаарвал зүгээр мэт санагдлаа. Монголчууд маань угаасаа дуучин удамтай ард түмэн. Монгол дуунууддаа хэр элгэмсэг ханддаг вэ?

- Тийм шүү. Одоо жоохон эрч хүч мэдрэгдэж, ажил хэрэгч болгох гээд зүтгэж эхэлж байгаа. Монгол дуундаа дуртай байлгүй яах вэ. Ялангуяа ардын богино дуунууддаа илүү дуртай.

- Том дуучид гуйлгаад сурчихсан байдаг байх. Тийм болохоор өөрөө сэтгэлдээ хүрсэн нэг дуу сонгоод нэг ах, эгчтэйгээ хосолж клиптэй дуулах санал тавиад "царай алдаад" үзчихэд болмоор юм шигээ.

- Та дуучин Алтанцэцэгийн "Чамайг би хүнийх гэж бодсонгүй" гэдэг дууг сонсож байсан уу? Би тэр дууг арай жоохон өөрчлөөд гитар хийлтэй дуулж байсан.

-Тиймүү, олж сонсоноо. Англиар сайн ярьдаг уу? Өөр мэддэг гадаад хэл гэвэл?

- Англиар гайгүй ээ. Орос хэлийг багадаа 6 жил үзсэн. Турк сургуульд сурч байхдаа тэр улсад аялан тоглолтоор явах завшаан тохиолдож байсан. Мөн хятад хэлээр 2 жил суралцсан.

- Пөөх мундаг мундаг. Хоббигоо хөгжүүлээд амжилтанд хүрсэн зөндөө олон хүн байдаг. Төрөлхийн зурдаг авьяастай хүн барилгын будагчин хийгээд хэзээч амжилтанд хүрэхгүй. Мэдээж хүн шагнал горьдож дуулдаггүй л дээ. Гэхдээ л нэг тэмцээний түрүү авчихмаар санагдсан шүү. Үзээд алд л даа нэг юманд.

- За тэгнээ. /инээв/ Дүү нь гэхдээ нэг их айхтар өөрийгөө мэдэрч байриагүй байгаа шүү одоохондоо.

-ГЭХДЭЭ ЗӨВ АМЬДРАХ Л ХАМГИЙН САЙХАН-

10523573 10205758559262599 6422528110090258406 n

-Ирээдүйн зорилго мөрөөдөл?

- Сайхан ажилтай, хайртай хүнтэйгээ гэрлээд аав ээж хоёр шигээ амьдрахыг мөрөөддөг. Хүний амьдралын хамгийн чухал зүйл гэр бүл гэж ойлгосон болохоор гэр бүлийнхээ сайн сайхны төлөө л амьдрана даа гэж боддог.

- Эмэгтэй хүн байтугай эр хүн шуналтай болсон цаг үе ирсэн байна. Хэр брэндлэг эсвэл оюунлаг вэ?

- Брэнд "мэрээнд" гэдэгтэй ёстой өчүүхэн ч холбогддоггүй. Сайн суралцах л ёстой гэдгээ ухамсарлаж амьдардаг. Ээж аав хоёр маань боловсрол хүний амьдралд маш их хэрэгтэй гээд байдаг бүхнээ ах бид гурвын сургалтанд зориулдаг. Боловсролыг эд хөрөнгөнөөс илүүд үзээд сурчихсан.

- Өөрийн үеийнхэндээ хандаад хэлчихмээр санал, бодож явдаг дуулгачихмаар "ҮГ" байдаг болов уу гээд сонирхвол?

- Жоохон болохоор юу гэж сургахав дээ. Гэхдээ зөв амьдрах л хамгийн сайхан. Өөртөө байгаа бүхнээ хайрлах хэрэгтэй. Хайрлаад л байвал өөрөө ч жаргалтай, бусдыг ч жаргалтай байлгаад байдаг юм шиг санагддаг. Зөв бодолтой зөв амьдраарай л гэж хэлмээр байна. "Цоглог & Өөдрөг" энэ миний уриаг залууст маань дуулгаарай.

- За баярлалаа дүүд. Дууны ертөнцөд цахиур хагалсан тасархай нэгэн болоорой гэж ерөөе. Дүүд аз жаргал эрүүл энхийг хүсье!

- За баярлалаа. /Яанаа би хамаагүй "намаагүй" юм яриагүй байгаа/ Ахад ч бас амжилт хүсье!

Нэг ийм хөөрхөн ааштай дуучин охиноос ярилцлага авсныг минь тогтоож уншсан та бүхэндээ баярлалаа.


http://www.youtube.com/watch?v=QUgf0odfRxg

 

 

Ярилцсан: Ж.Зоригт


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.