05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

С.Эрдэнэ: Ахмад настны нийгэмд гүйцэтгэх үүрэг залуу насныхантай адилхан

Олон улсын ахмадын баярын өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсад ахмад настны хөгжил, хамгаалалд хэрхэн анхаарч байгаа талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.

 

-Өнөөдөр ахмад настны эрхийг хамгаалах олон улсын өдөр,  энэ жил ямар уриан дор хэрхэн тэмдэглэж байна вэ?

-Тиймээ өнөөдөр ахмад настны олон улсын өдрийг дэлхий даяараа 24 дэх удаагаа тэмдэглэж байна. Энэ жил “Хэнийг ч бүү орхигдуул.. Хүн бүрт зориулсан нийгмийг дэмжицгээе” гэсэн уриан дор тэмдэглэж байгааг тохиолдуулан Монголын нийт ахмадууддаа Олон улсын ахмадын өдрийн мэндийг дэвшүүлье. Энэ 21-р зуунд хүн төрөлхтөнд тулгамдаж буй асуудал бол хүн ам зүйн насны бүтцэд гарч буй өөрчлөлт, насжилт, түүнд нийгэм хэрхэн бэлтгэх вэ гэдэг  сорилт юм. НҮБ-ын тооцоогоор 2030 он гэхэд 60-аас дээш насны ахмадуудын тоо 1,4 тэрбумд хүрч, дэлхийн нийт хүн амын 20 хувийг эзэлнэ гэж үзэж байна. Тийм ч учраас ирээдүйд ахмад настнууд нийгмийн дунд томоохон байр суурь эзэлнэ гэдэгт өнөөдрөөс эхлэн бэлтгэж, нас дорой болсон эсэхээс үл хамааран хүний ёсоор эрхээ эдлэн амар тайван, аюулгүй амьдрах  нөхцөлийг бүрдүүлэхэд нийгэм анхаарах шаардлагатай байна.

-Салбарын сайдын хувьд Монгол Улсын ахмад настнуудын хөгжил, хамгааллын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ талаар танилцуулна уу?

-Манай ахмадууд бол эх орныхоо бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, бүтээн байгуулалтын төлөө залуу, халуун нас, эрдэм мэдлэг, хүч чадлаа зориулж  ажилласан бидний өмөг түшиг болсон хүмүүс. Ахмад настнууд хэдийгээр нийгэмд аль хэдийн хувь нэмрээ оруулсан боловч өнөөдөр хүртэл гэр бүлийн дунд маш чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна. Тэдний оруулж буй хувь нэмрийг мөнгөөр хэмжиж үнэлбэл чамгүй дүн харагдах байх. Хүүхэд харах, өвчтөн асрах, ач гучаа сургууль цэцэрлэгт нь зөөх,  сурган хүмүүжүүлэх, хоол хийх, цэвэрлэх гээд хөдөлж байгаа цагтаа байнга л хөдөлмөрлөж, нэг ёсондоо өртөг бүтээх үйл явцад хувь нэмрээ оруулдаг хүмүүс. Гэхдээ ахмадуудыг  зөвхөн уламжлалт зан заншлын дагуу гэр бүлийн хүрээнд ач гучаа харсан нэртэй гэрийн хорионд байж, хүүхэд өсгөх хөлсгүй хөдөлмөр эрхлүүлсээр байхуу гэдэгт бид дүгнэлт хийх ёстой.

Өнөөдөр ахмадууд нийгмийн гадна үлдэхгүйн тулд нийгмийн хурдацтай хувьслыг дагаж хөгжих шаардлагатай байна, цахим ертөнцтэй харьцаж, чийрэгжүүлэлт, бодибилдинг, хийн дасгал,  ахмадын спортын төрлүүдээр хичээллэх хэрэгцээтэй байдаг. Гэтэл бодит байдалд зуны цагт сүүдэр бараадаж гадаа нарлахаас  өөрөөр тэдэнд хөгжих боломж, нөхцөл, орчин, санхүүгийн чадавхи бараг алга гэж үзэж болно. Ахмад настнууд залуучуудын нийгэм, эдийн засгийн хөгжлөөс улам бүр хоцрогдож, зах зээлээс шахагдаж, хүчгүйдэж байна. Энэ бүхэн нь тэднийг нийгэм, гэр бүлдээ хэрэгцээгүй илүүдэл, хоцрогдсон хүн мэт сэтгэгдэлтэй болгодог. Гэтэл ахмад настны нийгэмд гүйцэтгэх үүрэг яг л залуу идэр чийрэг насныхантай адил зайлшгүй чухал юм. Тэдэнд оюуны хөдөлмөр эрхлэх асар их туршлага, нөөц байна. Хойч үе, үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх арга ухаан, амьдралын туршлага байна.  Ийм учраас бид ахмадууд бол хөгжих боломжтой иргэд, харин хөгжих нөхцөл орчинг нийгмээс бүрдүүлэхэд анхаарах нь чухал юм байна гэдэгт бодлогоо чиглүүлж байна.

-Шинэ засгийн газар байгуулагдснаас хойш энэ чиглэлээр ямар ажил хийсэн бэ?

-Энэ онд Монголын ахмад  мэргэжилтнүүдийн Үндэсний  сүлжээ, бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг байгууллаа. Мөн ахмад мэргэжилтнүүдийн зөвлөгөө өгөх, гэрээгээр, түр хугацаагаар ажиллуулах хөтөлбөрбатлан гаргалаа. Монгол улсад  220 гаруй мянган ахмад настан байгаагийн 20 шахам хувь нь түр болон байнгын ажлын байранд манаач, жижүүр,багш, эмч, төрөл бүрийн зөвлөх үйлчилгээ эрхэлж байна. Бусад ахмадуудын дунд биеийн болон оюуны өндөр чадвартай олон ахмадууд байгааг ажиллах хүчний багагүй нөөц гэж үзэж Хөдөлмөрийн яамтай хамтарч “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд 193 ахмад мэргэжилтнийг түр ажлын байртай болгосны дээр ахмадын эрх ашгийг төлөөлөн хамгаалдаг олон ТББ-уудын үйл ажиллагааг дэмжиж байна. Ахмадын эрүүл, идэвхитэй насжилтыг дэмжин, настны амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор “Эрүүл насжилт- настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг мөн хэрэгжүүлж байна.

Цаашдаа ахмад настны эрхийн асуудлыг холбогдох хуулинд тусгахаар ажиллаж байна. Учир нь сүүлийн жилүүдэд өндөр настандаа анхаарал халамж тавихгүй байх, гадуурхах, дарамт хүчирхийллийн дор байлгах, тэднээс харилцаагаа таслах, сураггүй алга болох хаях явдлууд гарах болж эцэг эх, үр хүүхэд, Монгол хүн хоорондын харилцаа эрс өөрчлөгдөх эмгэнэлт дүр зураг харагдах боллоо. Уул нь Монголчууд бид өвөг дээдэс, ахмад настнаа хүндэтгэн өөрсдийн гар дээр асрамжлан хамгаалдаг нандин уламжлалаа хадгалж үлдсэн цөөхөн ард түмний нэг. Энэ уламжлалыг бид таслах учиргүй.Ахмад настны гэр бүлийнхэнтэй ажиллах нийгмийн ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах, ахмадуудад нийгмийн үйлчилгээг хүргэх, хууль эрх зүйн мэдээлэл өгөх, гэрээр нь асрах, эрхийг нь хамгаалах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлуудыгбий болгох, эдгээр асуудлуудыг холбогдоххуулиудад тусгахаар ажиллаж байна.

-Ахмад настны хөгжлийн асуудлыг хөндөж байгаа нь ихээхэн чухал байна. Гэхдээ ахмадуудаас байнга тавьдаг хүсэлт бол тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудал байдаг. Энэ талаар ямар бодлого баримталж байна вэ?

-Ахмад настны  аж амьдрал, амьдралын чанарыг дээшлүүлэх бодлогын цөм нь ахмадуудын тэтгэврийн хэмжээг хангалттай байлгах,  эдийн засгийн чадамжтай байлгах асуудал билээ. Ахмадуудаа орлогын баталгаагаар хангаж, ядуурлаас сэргийлэх нь нэн тэргүүний анхаарууштай бодлого. Манайд өнөөдөр нийт ахмадууд 100 хувь тэтгэвэртэй байхаар нийгмийн даатгал, халамжийн хуулиудад хуульчилсан. Энэ бол том амжилт. Гэхдээ энэ дүр зураг ирээдүйд өөрчлөгдөж болзошгүй. Хөдөлмөрийн насны олон иргэд янз бүрийн шалтгааны улмаас өнөөдөр тэтгэврийн даатгалд хамрагдахгүй байгаа нь тэднийг ирээдүйд өндөр насны тэтгэвэр авах эрх үүсгэхгүй нөхцөлд хүргэх эрсдэлтэй байна. Иймд тэтгэврийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, тэтгэврийн шинэчлэлийг хийх асуудал Засгийн газрын том зорилтын нэг болж байна.

Хэдийгээр ахмадууд тэтгэвэртэй боловч хэмжээ нь амьжиргаанд хүрэлцэхгүй байгаа талаар гомдол хамгийн их ирдэг. Улс төрийн сонгууль болох хугацаатай уралдаж тэтгэврийг үе үе нэмэгдүүлдэг, тэр нь үнэ ханшийг өсгөх шалтгаан болдог гээд учир дутагдалтай арга хэмжээнүүдийг бид хэрэгжүүлсээр ирсэн. Зүй нь болтэтгэврийн хэмжээг үнэ ханшны өсөлттэй уялдуулан, ханш өөрчлөгдөх үед түүнийг нөхөхүйц байдлаар автоматаар нэмэгдүүлдэг улс төрөөс хараат бус зөв бодлогыг нэвтрүүлэх учиртай. Ийм ч учраас улсын төсвийн орлогын бололцоонд үндэслэн өнгөрсөн 2 дугаар сарын 1-нээс эхлэн ахмадуудын тэтгэврийн хэмжээг 2013 оны инфляцийн түвшинг нөхөхүйц хэмжээнд нэмэгдүүлсэн. Хэдийгээр энэ нэмэгдлийн хэмжээ бага хэдий ч цаашид эдийн засгийн боломж сайжрахын хэрээр аажим нэмэгдүүлэх бодлого барина гэж үзэж байна.

Манай салбарт 2013 онд хийсэн томоохон ажил гэвэл "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай"  хуулийн дагуу нийт 494,8  орчим мянган иргэний ажилласан хугацааг нөхөн тооцлоо. Үүнээс 64,0 мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийг 2014 оны 2 дугаар сарын 01-нээс эхлэн нөхөн тооцуулсан жилээс хамааруулан мөн нэмэгдүүлсэн.

-Ахмадуудад өндөр насны тэтгэвэр олгохоос гадна бусад төрлийн ямар тэтгэмж, хөнгөлөлт үзүүлдэг вэ, эдгээрт ахмадууд хангалттай хамрагдаж  чаддаг болов уу?

-Ахмадууд маань нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу хэд хэдэн хөнгөлөлт үйлчилгээ хүртдэг. Өнгөрсөн онд нийгмийн халамжийн сангаас ахмадуудад зориулж 14,2 тэрбум төгрөг зарцуулж, нийт 120,0 гаруй мянган ахмад настныг хөнгөлөлт, тусламж үйлчилгээнд хамруулсан. Тухайлбал,ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт амрахад ор хоногийн төлбөрөөс хөнгөлөлт үзүүлдэг, 2 ахмад настны нэг нь хэвтэрт байвал нөгөө нь асарч болох бөгөөд сар бүр тодорхой хэмжээний тэтгэмж олгодог. Түүнчлэн ахмадуудад орон сууц, түлээ нүүрсний хөнгөлөлтийг жилд 1 удаа олгохоос гадна сэргээн засах, өдрийн эмчилгээ үйлчилгээ, гэрийн асрамжид хамруулж байна.

-Цаашид ахмадуудад чиглэсэн хөгжлийн ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

-Цаашид Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг илүү өргөн хүрээтэй болгож ахмадын эрх, эрүүлмэнд, хөдөлмөр эрхлэлт, насан туршийн боловсролын асуудлуудыг тусгасан байдлаар шинэчилсэн найруулга хийхээр ажиллаж байна. Ахмадуудын дунд мэдлэг чадвараа залуу үедээ өвлүүлэх замаар хөгжилд хувь нэмрээ оруулж, орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдүүлэхэд чиглэсэн зорилтот төслүүдийг хэрэгжүүлэх санаачлагыг улам дэмжиж, тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулна. Ахмад настанд үзүүлэх үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, сэтгэл ханамжийн баталгааг дээшлүүлэх, “Ахмадын  орон сууц” хөтөлбөрийн хүрээнд ахмадын орон сууцны асуудлыг шийдвэрлэх, хөдөө алслагдсан бүсэд амьдарч буй ахмадуудад нийгмийн суурь үйлчилгээг хүргэх механизмыг боловсронгуй болгох зэрэг ажлыг шат дараатай зохион байгуулж, хэрэгжүүлэхийг зорьж байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.