05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Тэнгэрт байгаа аав минь намайг Монголоор дагнахад нөлөөлсөн ч байж магад

Чөлөөлөх дайны 70 жилийн ойд зориулж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизүгээс 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож байсан аавынх нь талаарх дурсамж, хоёр орны харилцааны талаар цөөн хором ярилцав.

-Сурвалжлагын эхний асуултаа таны бага нас, гэр бүлийн талаар эхлэе?

-Миний бие Японы гол 4 арлын нэг болох Кюүшюүгийн Ооита мужид төрсөн. Кюүшюү бол гол 4 арлын дотроос хамгийн өмнө зүгт оршдог арал юм. Ооита муж нь Япондоо халуун рашаан ихтэйгээрээ алдартай бөгөөд үзэсгэлэнт байгаль, сайхан далайгаараа алдартай.

Мөн Кюүшюүгийн хамгийн өндөр уул Ооита мужид байдаг. Миний төрсөн суурин "Күжюү Ханда коогэн" гэх хөдөө газар байдаг. Энэ газар нь далайн түвшнээс дээш 1000 метр өргөгдсөн бөгөөд "Кюүшюүгийн дээвэр гэгддэг.Тэр хавьд ойрхон ахлах сургууль байгаагүй учраас 15 настайдаа гэрээсээ гарч дэлхийд халуун рашаанаараа алдартай Бэппү хотод ирсэн. Тэнд дотуур байранд байрлаж, ахлах сургуулийн цаг үеэ өнгөрөөсөн.

Монголд малчин ардын хүүхдүүд сургуулийн дотуур байранд амьдрах нь энгийн үзэгдэл боловч Япончууд бол ихэвчлэн их сургуулийн оюутан болсныхоо дараа л гэрээсээ явдаг. Харин миний хувьд ахлах сургуулийн сурагч байсан 15 наснаасаа харь газрын ус уух болсон юм.

14 настайд минь миний аав Сибирьт олзонд байх үедээ туссан өвчнөөсөө болж өөд болов.Үүнээс хойш ээж минь гурван хүүхдээ ганцаараа өсгөх гэж багагүй зүдэрч билээ. Миний хувьд их сургуульд сурч байхдаа цагийн ажил хийж, амьжиргаагаа залгуулдаг байлаа. Их сургуулийн 3-р курст сурч байхдаа Тайвань явах боломж гарснаас хойш гадаад орнуудыг сонирхох болж, Гадаад хэргийн яаманд ажилд орсон. Учир нь Гадаад хэргийн яам нь Засгийн газрын тэтгэлгээр 2 жил гадаадын их сургуульд сургадаг байлаа. Ингээд би Английн Лийдсийн их сургууль болон Монгол улсын их сургуульд суралцсан.

-Та аавынхаа тухай дэлгэрэнгуй ярьж өгөхгуй юу, учир нь таны аав 45 оны чөлөөлөх дайнд оролцож байсан гэж та телевизийн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг?

-Аав минь 1925 онд 40 орчим га уул болон тариалангийн талбай эзэмшдэг хөдөөний тариачны гэр бүлд ууган хүү нь болон мэндэлсэн. Ахлах сургууль төгссөн даруйд нь буюу 1944 оны 11 дүгээр сард гэнэт цэргийн дуудлага ирж,аав минь Квантуны армид хуваарилагдсан. Квантуны арми гэхээр монголчууд та бүхэнд мэргэжлийн арми байсан мэт санадаг байх. Гэвч бодит байдал дээр энэ нь миний аавын адил эгэл жирийн хүмүүсийг Японы өнцөг булан бүрээс албадан цуглуулж бүрдүүлсэн арми байсан юм. 1945 оны 8 сарын 15-нд дайн дуусч, Япон ялагдал хүлээсэн. Яг үүний өмнөхөн буюу 8 сарын 9-ний өдөр ЗХУ нь Монгол цэргийн хамтаар Манж Го улсад довтолсон. Япон ялагдлаа хүлээгээд байсан ч, тэнд дайн үргэлжилсээр байсан юм. 9 дүгээр сар гэхэд Японы цэрэг бүрэн ялагдаж, зэвсгээ хураалган, 600 гаруй мянган цэрэг олзлогдож, ЗХУ-ын Сибирийн бүс нутагт хоригдсон. Үүнээс 13 мянга орчим хүн Монголд ирсэн. Эдгээр олзлогдогсдоос Сибирьт 60 гаруй мянган хүн, Монголд 1800 орчим хүн нас барсан юм. Аав минь Иркутск, Красноярскт мод бэлтгэлийн ажил хийж байгаад 1948 онд нутаг буцсан. Хоол хүнс тарчиг байсан учраас Японд буцаж ирэхдээ шар өвчин тусч, бие нь тэр чигтээ шарлачихсан байсан гэдэг. Сибирьт олзны цэргүүдэд коммунист үзэл суртлыг сурталчлан ухуулах ажил идэвхтэй өрнөдөг байжээ. Энэ нь газрын эзний ууган хүү болж төрсөн миний аавд хэцүүхэн л байсан болов уу.

-Дайны он жилүүдийн талаарх аавын тань үлдээсэн дурсамж байдаг уу?

-Аав маань дайны үед олон хүнд бэрхийг даван туулсан болоод ч тэр үү, дайны талаар болон олзонд байсан үеийнхээ талаар тоймтой зүйл ярилгүй байсаар 41 насандаа өөд болсон. 1944 оны 11 сараас 1948 оны 11 сар хүртэл хаана юу хийж явсныг нь ааваасаа асуух боломж надад гараагүй. 2 жилийн өмнө Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд дайны сүүл үеийн зарим тэмдэглэл байгааг мэдээд түүнийг судалж үзсэн. Тэр тэмдэглэлээс аавын харьяалагдаж байсан цэргийн анги Манж Го улсын Хайларт байрлаж байсан тухай болон тэр ангийн 170 хүнээс 150 нь 1945 оны 8 дугаар сараас 9 сарын хооронд ЗХУ-ын арми (Монгол мөн оролцсон)-тай дайтах үед амь үрэгдсэн болохыг мэдсэн. Дайны талаар ярьдаггүй байсан нь ч мэдээжийн хэрэг байжээ л гэж бодсон.

-Япончууд «эн» буюу хувь заяаны учрал гэдгийг чухалчилдаг. Таны Монгол гэх сэтгэл үүнээс улбаатай юу?

-Гадаад хэргийн яамны шалгалтад тэнцээд ямар гадаад хэл сурах вэ гэдгээ шийдэх үед Гадаад хэргийн яамны хариуцагч ажилтан юу ч болоогүй мэт “Монгол юм байна, тийм үү?” гэхэд нь ихэд гайхаж, “Яагаад монгол хэл гэж?” хэмээн гомдоллох маягтай асуухад тэрээр Гадаад хэргийн яаманд шалгалт өгөхдөө бүрдүүлсэн бичиг баримт дээр 5 дахь сонголтоор монгол хэлийг сонгосон байсныг минь харуулсан юм. Би өөрөө тэгээд биччихэж. Тухайн үедээ маш сэтгэл дундуур байсан ч Их Британийн Лийдс их сургуульд суралцах боломжтой гэсэн учраас саналыг хүлээн авсан. Яагаад 5 дахь сонголтоо монгол хэл гэж бичсэн учраа өөрөө гайхаад гайхаад олоогүй. Аавыг Иркутскт олзонд байх үед нь монгол хүн хар талх өгсөн гэдэг. Хоол хүнс байхгүй, бургас модны хорхой шавьжийг идэх үе ч байсан гэсэн. Тэр яриа чихэнд хоногшоод ямар нэг байдлаар намайг Монголыг сонгоход хүргэсэн ч байж магадгүй. Хайлар бол монголчуудын эртний нутаг учраас магадгүй өдгөө тэнгэрт байгаа аав минь намайг Монголоор дагнах нэгэн болгосон ч байж магадгүй. Тэр утгаараа миний Монголд ирсэн нь “Эн” гэдэг зүйлтэй холбоотой гэж бодож байна. Аав маань 8 сарын 15-нд насан өөд болсон бол, тохиолдлоор эхнэрийн маань төрсөн өдөр ч 8 сарын 15 болж таарсан. Ер нь хүн төрөлхтөнд төрөл бүрийн хувь заяаны учрал, “эн” байдаг биз ээ.

-Монголд сургуульд сурах таны шийдвэрийг ойр дотныхон тань хэр дэмжиж хүлээж авсан бэ?

-Тухайн үед Монгол улсыг сонирхдог япон хүмүүсийн ихэнх нь нэг бол Монголд олзонд байсан хүмүүс, эсвэл социалист үзэлтэй хүн байсан ба эдгээрээс гадна маш цөөн тооны Монгол судлаач байлаа. Тухайн үеийн Монгол нь социалист улс байсан тул харилцааны хувьд Японоос хөндий, Монголын талаар мэддэг болон сонирхох хүн нүдний гэм байв. Тиймээс намайг Монгол явна гэхэд хүмүүс гайхацгааж байсан. "Баяр хүргэе" эсвэл "Ээ хөөрхийдөө" гэх хүн ч байгаагүй. Яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан болохоор тэр юм.

-Япон хүний хувьд тэр үеийн Монголын талаар танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Тухайн үеийн Монгол нь Монгол судлаач Оуэн Латтиморын номд гардаг шиг ЗХУ-ын дагуул улс бөгөөд Азийн зэлүүд газар олон хоньтой, эрт үед дэлхийг байлдан дагуулж байсан Чингис хааны үр удам амьдардаг улс гэсэн төсөөлөл байсан гэж бодож байна.

-Тэр үеийн болон өнөөгийн Монголын ялгаа таны хувьд хэрхэн харагдаж байна вэ?

-Тэр үеийн болон өнөөгийн Монголын ялгаа олон байна.Хамгийн наад зах нь ардчилсан, зах зээлийн эдийн засагтай болсон явдал юм. Зарим залууст одоогийн Монгол эртнээс ийм л байсан мэт бодогддог байж магадгүй ч, ийм замаар замнаад ердөө 25 жил болж байна. Ард иргэд төлөөллөө шууд сонгуулиар сонгох, үг хэлэх, өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөтэй байх, өөрийн гэр болон эд хөрөнгөтэй байх, гадаад орнуудад чөлөөтэй зорчих, өөрийн хүссэн ажлаа өөрөө сонгох зэрэг хүн төрөлхтний үндсэн эрх өмнөх үед байгаагүй. Нөгөө талаар өмнөх үед сайн зүйл ч бас байсан. Баян ядуугийн ялгаа байгаагүй, боловсролыг эрх тэгш, үнэгүй олгож байсан, хувийн эрх ашгаа бус төр улсаа боддог улс төрчид олон байсан гэх мэтийг дурьдаж болно.

-Манай хоёр улсын хоорондын харилцаа Б.Чимид тэргүүтэй монголын төлөөлөгчид 1991 оны 2 дугаар сард төрийн дээд хэмжээнд айлчлал хийж, ингэснээр дипломат харилцаа шинэ түвшинд хүрсэн?

-Монгол улс социалист орон байсан 1989 оноос өмнөх үед Япон, Монголын харилцаа туйлын идэвхгүй, эрдэмтэд болон социалист үзэл баримтлалтай хүмүүс хоорондын харилцаагаар л хязгаарлагдаж байлаа. 1990 онд ардчилсан өөрчлөлт гарснаар хоёр орны харилцаа үсрэнгүй хөгжих сайхан боломж нээгдсэн билээ. Засгийн газрын түвшинд 1990 онд тухайн үеийн Ерөнхий сайд Д. Содном гуай Монгол улсын Ерөнхий сайдын хувиар анх удаа албан ёсны айлчлал хийж, Парламентын харилцааны хувьд 1991 онд Улсын бага хурлын Нарийн бичгийн дарга Б. Чимэд тэргүүтэй төлөөлөгчид Японд айлчилсан. Б. Чимэд тэргүүтэй хүмүүсийн айлчлал цаашдын хоёр орны парламент хоорондын нөхөрсөг харилцааг хөгжүүлэх томоохон суурь болж өгсөн нь үнэн юм. Би түүнийг Улаанбаатар Төв буудал /Вокзал/-аас үдэж гаргахаар очсоноо өчигдөрхөн мэт санаж байна. Япон улс тухайн жилд ардчиллын хөдөлгөөний манлайлагч байсан С.Зориг агсаныг ч мөн урьсан. Ийнхүү тухайн үеийн Монгол улсын гарамгай улс төрч, хуульчид, төрийн зүтгэлтнүүдийн хүчин чармайлтын үр шимд одоогийн хоёр орны нөхөрсөг харилцаа бий болсныг санах нь зүйтэй байх. Б. Чимэд гуайн талаар сануулсан сэтгүүлч танд талархаж байна.

-Манай хоёр улсын эдийн засаг, стратегийн түншлэлийн хэлэлцээрийн хvрээнд «Хамтарч судлая, хамтарч үйлдвэрлэе, хамтарч борлуулъя» гэсэн уриалгыг Монгол улсын Ерөнхийлөгч гаргасан. Энэ зарчим хэр зэрэг хэрэгжиж байна вэ?

-Энэ үгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн оны 7 дугаар сард Япон улсад айлчлал хийх үед зохион байгуулагдсан “Монголын бизнес форум”-д оролцохдоо хэлсэн билээ. Уг айлчлалын үеэр хоёр орны эдийн засгийн харилцааг улам бүр хөгжүүлэх үүднээс хоёр орны Засгийн газрын удаа дараагийн яриа хэлцлийн дүнд Эдийн засгийн түншлэлийн тухай Япон улс, Монгол улсын хоорондын хэлэлцээр (ЭЗТХ)-ийн хэлэлцээ зарчмын тохиролцоонд хүрсэн юм. Түүний дараа хоёр орны Засгийн газар эцсийн шатны зохицуулалт хийсний дүнд энэ оны 2 сард энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурсан. Үүнийг хоёр орны Парламент хэдийн соёрхон батлаад байгаа бөгөөд Монголын тал холбогдох хуулийн тогтолцоогоо бүрдүүлснээр хүчин төгөлдөр болох юм.

Монголд өнөөдөр Японы олон компани орж ирээд байна. ЭЗТХ хүчин төгөлдөр болохоос ч өмнө Монголыг сонирхох сонирхол өсөн нэмэгдэж байна. Тухайлбал Японы Санко-Сэйки, Шибасаки компаниуд монголд нарны зайн хавтан болон автомашины эд ангийн үйлдвэрлэлийг эхлүүлж, Японд экспортлох зэрэг Монголд амжилттай хэрэгжиж буй төслийн хувиар нийтэд танигдаж байгаа ба ЭЗТХ хүчин төгөлдөр болсноор цаашид энэ мэт амжилттай төслийн тоо улам бүр нэмэгдэнэ гэж бодож байна. Үүний тулд Монголын тал ойрын хугацаанд тогтолцоогоо бүрдүүлэн нэг өдрийн өмнө ч атугай ЭЗТХ хүчин төгөлдөр болно гэдэгт найдаж байна.

-Япон улсын хөрөнгө оруулалт,тусламж одоогийн байдлаар монголын гадаад хөрөнгө оруулалт, тусламжийн 40 гаруй хувийг эзэлж байна. Тусламж аль салбарт голчилж байна вэ?

-Япон улсын Засгийн газар Монгол улстай дипломат харилцаа тогтоосноос хойш, тус улсын хөгжлийн үндсэн тулгуур болсон хүний нөөцийг хөгжүүлэх зорилгоор боловсролын салбарт тусламж дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын ард иргэдийн амьдралд нэн шаардлагатай дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг голлон хийсээр ирсэн. Сүүлд ажил хэрэг болсон ажлуудаас дурдвал Бага дунд боловсролын барилга байгууламжийг сайжруулах төсөл, Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл, Монгол-Японы сургалтын эмнэлгийг барих төслүүдийг хэлж болох юм.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын хөгжлийг дагасан эдийн засгийн өсөлтийн үр шимийг нийгмийн эмзэг ядуу хэсэгт эрх тэгш хувиарлах, эдийн засгийн тогтвортой хөгжил болон тэнцвэртэй өсөлтийг хангахад чиглэсэн Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2012 онд Япон улсаас Монгол улсад хэрэгжүүлдэг Хөгжлийн Албан Ёсны Тусламжийн үндсэн чиглэлийг шинэчлэн тогтоож, дараах 3 үндсэн салбарт хамтран ажиллах болсон. Тодруулбал:

(1) Уул уурхайн тогтвортой хөгжлийг хангах, засаглалыг бэхжүүлэх

① Уул уурхайн салбарыг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, холбогдох хууль тогтоомжийг гаргах, хүний нөөцийг хөгжүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэх.

② Захиргааны чадавхыг дээшлүүлэх замаар санхүүгийн хяналт, үйл ажиллагааг бэхжүүлэх、хууль эрх зүйн тогтолцоо болон хүний нөөцийг хөгжүүлэх зэрэг засаглалын тогтолцоог бүрдүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллах.

③ Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх дэд бүтцийг хөгжүүлэх.

(2) Бүх нийтэд өгөөжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих. Үүнд:

① Аж үйлдвэрийг төрөлжүүлэх зорилго бүхий бичил, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд түшиглэсэн ажлын байр бий болгох үйл ажиллагааг дэмжин ажиллах.

② Мал аж ахуй, газар тариалан эрхлэгчдийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх, амжиргааны түвшинг дээшлүүлэх ажлын байрны хамгийн том эх үүсвэр болох мал аж ахуй, газар тариалангийн салбарын үйл ажиллагааг дэмжин ажиллах.

③ Эрүүл ахуйн шаардлага хангасан усны хангамж, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах.

(3) Улаанбаатар хотын чадавхыг бэхжүүлэх. Үүнд:

① Нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгуур төв болсон Улаанбаатар хотын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн агаарын бохирдол, усны бохирдол, хог хаягдал, зам тээврийн асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагааг дэмжин ажиллах.

② Газар хөдлөлт зэрэг байгалийн гамшгийг тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн мастер төлөвлөгөөнд нийцүүлэн дэмжлэг үзүүлнэ. Уг мастер төлөвлөгөөтэй холбогдуулан Монгол улсын Засгийн газар хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

-Боловсрол, соёлын хамтын ажиллагааны хүрээнд одоогоор 1000 гаруй монгол оюутан Япон улсад сурч байгаа бөгөөд, энэ оны эхэнд япон улсад болсон “Тэнгэр, Нар, Түншлэл” үзэсгэлэнд хоёр орны түшмэдүүд өөрийн уран бичлэгийг дэлгэж дуудлага худалдаанд оруулсан. Цаашид энэ чиглэлд хамтран ажиллахад ямар зүйлийг анхаарах ёстой вэ?

-Өнгөрсөн жил Япон, Монголын Соёлын солилцооны хэлэлцээр байгуулагдсаны 40 жилийн ой тохиосон бөгөөд өнөөг хүртэлх хамтын замналаа бататгахын зэрэгцээ төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж болон дэмжиж ажиллалаа.Энэ бүхэн нь хоёр орны харилцан ойлголцлыг улам бүр гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм. Бүх арга хэмжээ хоёр орны ард иргэдийн хүчээр зохион байгуулагдсан. Эдгээр нь хоёр орон улс төрийн болон иргэд хоорондын харилцаанаас ч илүү гүнзгий түвшинд харилцан ойлголцоход тус нэмэр болсон гэж бодож байна.Энэ мэтчилэн бид соёлын харилцааныхаа цар хүрээг тэлэхэд анхаарч байна.Цаашид ч төрөл бүрийн байгууллага, хувь хүмүүстэй хамтран соёлын арга хэмжээг зохион байгуулах нь чухал гэж бодож байна. Түүнчлэн Япон, Монголын хамтарсан соёлын арга хэмжээг зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж буй хүмүүс бол Японд суралцсан, Японыг мэддэг монгол хүмүүс билээ. Тиймээс ирээдүйд хоёр орны гүүр болох залуучуудын солилцоог идэвхтэй явуулж, боловсон хүчнийг бэлтгэх нь улам чухал болж байна.

-Монголын талаарх Японы ард иргэдийн узэл бодол сүүлийн 20 жилд хэрхэн өөрчлөгдсөн бэ? Учир нь 90-д оны үед манай хоёр улсын харилцаа тухайн үеийн улс төрийн байдлаас хамаарч хөндий байсан?

-Монгол улс ардчилсан нийгэмд шилжихээс өмнө нийгмийн өөр тогтолцоотой байсан бөгөөд Монгол орны талаар социалист нийгмийн тогтолцоотой, алс холын улс гэдэг ойлголттой байв. Нөгөөтэйгүүр, дэлхийд хамгийн том гүрнийг байгуулсан хүчирхэг Чингис хааны үр сад бөгөөд арлын газар, тариалан эрхэлдэг Японоос ялгаатай, эх газрын нүүдэлчин ард түмэн гэсэн ерөнхий ойлголтоор хязгаарлагддаг байсан.

Ардчилсан нийгэмд шилжсэний дараа Япон улс Монгол улсад бодит тусламж, хамтын ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүгээр дамжин нэгэн зэрэг олон түвшин дэх харилцаа идэвхжиж, Монголын талаарх мэдээлэл их гарах болсон. Монгол улс Япон улстай нэгэн адил үнэт зүйлсийг эрхэмлэдэг болсноор хөх толбот язгуур нэг үндэстний хувьд хоёр орны ард түмний дунд богино хугацаанд ойр дотно харилцаа бий болсон.

Энэхүү манай хоёр ард түмний дотно харилцаанд Кёкүшюзан, Кёкүтэнхо, Асашёорюү зэрэг монголын анхдагч бөхчүүдийн Японы сүмогийн дэвжээнд гаргасан амжилт илүүтэй нөлөөлсөн гэж бодож байна. Өнөөдөр Хакүхо, Харүмафүжи, Какүрюү гэсэн Монголын гурван бөх Их сүмогийн Ёкозуна цол хүртэж, японы үндэсний спорт болох сүмогийн ертөнцийг авч яваа бөгөөд өнөөдрийн манай хоёр орны найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болж байна хэмээн бодож байна.

Мөн Монголын өргөн уудам газар нутаг байгалийн баялгаар арвин улс хэмээх ойлголт Японы ард түмний дунд бий болж, Япон компаниуд ч ихээхэн сонирхох болсон. Харамсалтай нь өнөөгийн Монголын эдийн засаг хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа хэдий ч цаашид ЭЗТХ хүчин төгөлдөр болсноор Япон улстай хийх худалдаа, хөрөнгө оруулалт идэвхжин, орлуулшгүй түншийн хувиар хоёр тал бат бөх холбоотой улс хэмээх ойлголтыг төрүүлэх болно гэдэгт найдаж байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.