05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Ч.Очгэрэл: “Содура” дүрээ бодохоор өрөвдөөд байдаг юм

Зуны амралтаар эмээ, өвөөтэйгээ зусланд гарахдаа борооны ус тосон гүйж, байгалийн сайхныг бишрэн сонжих дуртай адтай охиныг гэрийхэн нь Оодоо гэж дуудна. Дугариг нүд, өвөрмөц төрхтэй сэргэлэн тэр охин эелдэг зантай сайхан бүсгүй болж өссөн нь Ч.Очгэрэл буюу “Содура” билээ.

 

Ч.Очгэрэл 27 настай. Гурван хүүхдийн ээж, хүний сайхан хань. Түүнийг хүмүүс “Содура” киноны тайгын өнчин охин “Содура”-гийн дүрээр нь илүүтэй таньдаг болсон. Мэргэжлийн бус боловч авьяас, ур чадвараараа үзэгчдийн хайр талархлыг татаж, сэтгэлд нь хоногшсон дүр бүтээж чадсан болохоор тэр биз ээ. Энэ удаа бид түүнтэй дуучин, жүжигчин гэхээс илүүтэй хувь хүнийх нь дотоод ертөнцийг тольдохыг хүсч ярилцлаа.

20150420-005

-Танайх гурван хүүхэдтэй гэсэн. Хүүхдүүдээ өсгөж өндийлгөх гээд зав зайгүй л байна уу?

- Хоёр талын эцэг эх, нөхөртэйгөө хамт өгсөж байгаа болохоор хэцүү зүйл бага л байна. Том нь ирэх намар сургуульд орно. Хоёр том нь хоорондоо нэг жилийн зайтай гарсан болохоор ихэр юм шиг өссөн. Том нь зургаан настай. Хамгийн бага нь одоо найман сартай. Удахгүй ой хүрэх гэж байгаа.

-“Содура” кинон дээр төрөх гэж бүтэн долоо хоногийн турш өвдөж байгаагаар гардаг. Бодит амьдрал дээр ийм зүйл болвол их хэцүү байх даа?

-Мэдээж хэцүү. Урцан дотор төрдөг хэсэгт би жирэмсэн байсан. Өөрөө өмнө нь төрж байсан болохоор тэр үеийн мэдрэмж, үйлдлээ ашигласан. Гэхдээ хэт их эмоциор дүлвэл гэдсэн дэхь хүүхдэд маань аюултай болохоор их л сэрэмжтэй хандсан шүү.

-Эмэгтэйчүүд төрөхөөрөө л ээжийгээ ойлгож, боддог гэдэг. Танд анх төрөх үед юу бодогдож байв?

-Ихэнх нь ээжийгээ боддог байх. Би ч бас анхныхаа охиныг гаргачихаад ээж минь намайг ямар их зовж төрүүлснийг бодоод бүр уйлсан. Гэхдээ төрсний дараа эмч нар “сав хөөрнө” гээд уйлахыг хориглодог юм билээ. Би 20 настайдаа анхны хүүхдээ төрүүлсэн юм. Тэр үед өөрийгөө том болсон гэж бодож байсан ч ээж, аавдаа бол жаахнаараа л байж. /инээв/

-Дахиж төрөхгүй гэж бодож байв уу?

-Тийм. Яг төрөөд орон дээр хэвтэж байхдаа дахиж төрөхгүй дээ л гэж бодож байлаа. Гэхдээ хэсэг хугацааны дараа тэр бүх өвдөлт мартагддаг юм шиг байна. Одоо гурван хүүхдийн ээж болсон байна ш дээ. /Инээв/

-Багадаа ямар хүүхэд байсан бэ?

-Нийгмийн идэвх сайтай. Бас сурлага сайтай, юм бүхэнд оролцдог, багш нартайгаа ойр дотно хүүхэд байсан. Мөн миний бага насны дурсамж тэр чигээрээ зуслантай холбоотой. Өвөө эмээтэйгээ зун нь хамт гарна. Манай гэрийхэн намайг Оодоо гэж дуудна. Зун бороонд норж, усан дуслыг нь ажиглан харах дуртай хүүхэд байсан юм. Бас нар гарангуут борооны дараах нойтон өвсөн дээр гүйх дуртай байлаа. Зан аашны хувьд бодсон, санаснаа шууд хэлчихдэг. Ээж маань миний найз шиг харьцдаг байсан болохоор бүх зүйлээ ээждээ л хэлдэг байлаа. Ер нь бага нас минь олон сайхан дурсамжтай.

20150420-004

Дунд сургуулиа 2005 онд төгсч МУИС-д олон улсын харилцааны чиглэлээр суралцаж эхэлсэн. Сурч байхдаа дунд нь хоёр томоо гаргаад жилийн чөлөө аваад гурван анги дамжин сурч найман жилийн дараа буюу 2013 онд их сургуулиа төгссөн юм. /инээв/ Шинэ ангид орох бүрт багш болон ангийнхан маань их сайхан хүлээж авдаг байсан.

-Багадаа ямар мэргэжилтэй болно гэж боддог байв?

- МУИС-д олон улсын харилцаагаар суралцахыг ээж санал болгосон юм. Би өөрөө дуулах дуртай байсан болохоор урлагаар явах гээд. Гэхдээ ээж маань урлагаар явсан ч давхар мэргэжилтэй байх хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Бас эмч болно гэж боддог байлаа. Тэгээд найзтайгаа хамт анагаах ухааны музей үзэн гажигтай төрсөн хүүхдээс эхлээд сэтгэл “хиртхийлгэсэн” эвгүй зүйл олныг хараад шөнөжин зүүдэлж айсан даа. Тэгээд л эмч болохоос татгалзсан байх. Гэхдээ одоо ч бас эмчийн мэргэжилд дуртай.

-Таныг фотомодель, загвар өмсөгч байсан гэдэг?

-Фотомодель бол өсвөр насны охин байхдаа сонирхож хийсэн зүйл. Найзтайгаа хоёулаа фотомоделийн тэмцээнд ороод түрүүлж байсан юм. Харин загварын дамжаанд явж байсан боловч хэзээ ч тайзан дээр гарч загвар өмсч байгаагүй. Ээж маань зөвшөөрдөггүй байлаа.

-“Содура” кинонд тоглохоос өмнө “Чонон сүлд”-д тоглох санал ирж байсан гэл үү?

-Тийм. Гэхдээ тэр үед нь “Содура”-гийн дүрд тоглох гэрээ хийсэн байсан юм.

-“Содура”д тоглохын тулд цаатан угсаатны ёс заншлыг судалсан уу? Хүн нас барахад модноос чавхдаж оршуулах, бас таныг төрөх үед бөөлөх ёслол их сонирхолтой санагдсан?

-Оршуулах ёслол бол яах аргагүй сонин содон байсан. Зохиол дээрээс уншихдаа энэ хэсгийг яаж гаргах бол гэж би их гайхаж байлаа. Гэхдээ кино зохиол гэдэг утгаараа уран сайхны найруулга орсон байх. Дээр үед ийм зан заншлууд байсан байж болох юм. Тэрийг нь зохиолч маань одоо үетэйгээ холбоод шинэ содон зүйл хийхийг эрмэлзсэн болов уу гэж бодож байна. Миний хувьд бол цаатнууд болон зохиолч, найруулагчдаасаа зан заншлыг нь тусгайлан асууж байгаагүй. Дүрээ л сайн гаргахыг эрмэлзэж ажилласан. Харин эндээс явахад хүмүүс бөө удган ихтэй шүү, нүд рүү нь харж болдоггүй гэх зөвлөгөөг өгч байсан. Гэхдээ бодит байдал дээр тэд товчхон яриатай, эгэл жирийн хөдөөний сайхан хүмүүс байна лээ.

-Цаа буга унахад ямар байсан бэ?

-Анх удаа цаа буга унаж үзсэн. Өөскө ах бид хоёрын цаа бугыг модон дотроос хэн нэг нь гарч ирээд цочоочихсон юм. Гэтэл номхон дөлгөөн гэлтгүй булгиж унагаад тийрчихсэн. Тэр үед их айсан шүү. Амьдрал нүдний өмнө харагдаад л явчихсан. /инээв/ Ер нь манай киноныхон ихэнх нь цаан дээрээсээ унасан даа. Арьс нь зузаан хэрнээ зөөлхөн болохоор гулгаад байдаг юм билээ.

-Зураг авалтын үеэр хөл хүнд байсан болохоор хүндрэлтэй зүйлүүд нэлээд гарсан уу?

-Хөдөө нэг их амьдарч байгаагүй болохоор бага зэрэг хүндрэл гарч байсан. Гэхдээ хөгжилтэй, сэтгэл санаа өөдрөг, мундаг хамт олонтой байсан болохоор хэцүү санагдаагүй. Манай хамт олон бие биедээ их санаа тавьж байсан.

-ҮГЭЭР АЗ ЖАРГАЛЫГ БИЙ БОЛГОЖ БОЛНО-

20150420-009

-Таны нөхөртөө зодуулдаг хэсэг их эвгүй. Тэр их хүчирхийллийг тэсэхгүй та кинон дээрээ салдаг шүү дээ. Энэ талаар таны бодол?

-Би гэр бүлийн амьдралын талаар ярилцах дуртай. Миний ярихыг хүсдэг сэдэв байна. Миний мэдэх хүмүүс дотор тийм гэр бүлүүд байдаг. Яг миний зодуулдаг тэр хэсэг бол гэр бүлийн хүчирхийлэл. Айлын сайхан охиныг үгээрээ уярааж, жаргаана, хүн шиг амьдруулна гэж авч суучихаад зодож нүднэ гэдэг үнэхээр харамсалтай. Хүний эцэг эх чинь үр хүүхдээ хүнд зодуулж, зовж амьдраасай гэж хүсдэггүй шүү дээ. Харахад хүн зодохооргүй царайтай хүмүүс ч хүчирхийлэл үйлдэж байна. Тэр нь ууж идсэнээсээ болдог юм шиг байгаа юм. Тэр ч байтугай гэр бүл болоогүй байхдаа гар хүрсэн байдаг. Ийм асуудалд эцэг эх оролцоод салгасан нь дээр гэж боддог.

-Зодуулаад тэвчээд амьдардаг эмэгтэйчүүд бас байдаг?

-Миний бодлоор хүчирхийллийг тэвчинэ гэдэг утгагүй зүйл. Тэвчээр бол үр хүүхдээ өсгөх болон хамтын амьдралын төлөөх зорилго дээр яригдана. Зодуурыг удаан тэвчинэ гэдэг цаанаа өөр ашиг сонирхолтой байж магадгүй л юм.

-“Содура” бол эмэгтэй хүний туулж болох зовлон бүхнийг үзсэн бүсгүй шиг санагдсан. Таны амьдралд дүртэйгээ төстэй зүйл тохиолдож байв уу?

-Ээж болдог нь л адилхан. Содура бол дүрийнхээ хувьд ааш араншин нь гэнэн, итгэмтгий, цайлган охин. Итгээд хууртаад л яваад байдаг. Дүрээ бодохоор их өрөвддөг шүү.

-Энэ кинонд тоглосноороо та үр хүүхэддээ үзүүлэх бүтээл, ярих түүхтэй болсон гэж хэлжээ. Тэдэнд та яг юу ярьж өгөх вэ?

-Маш сайхан асуулт байна. Нэгдүгээрт би хамт тоглосон сайхан жүжигчдийнхээ тухай ярина. Тэр хүмүүсээр бид бахархах ёстой. Ялангуяа талийгаач Амбий ахынхаа тухай ярьж өгнө. Бид үргэлжид ярьж, дурсах ёстой юм. Хоёрдугаарт “өөрийн гэсэн” гэж бүр тодотгож байгаад ийм сайхан байгаль, уул ус, ургамал ногоотой газар нутагт хүн болж төрсөндөө бахархаж яваарай гэж хэлнэ.

Энэ нутаг танаа...

Зуны үдшийн санаашран өнгөрөөсөн
Зулзган бага насны дурсамжийг
Дурьдатгалтайгаа хамт сэтгэлд буулгасан
Зүйлийн цэцэгс мэт өдрүүдийг
Зүрх сэтгэлдээ л үлдээе дээ.
Буцаад явахдаа би энэ нутгаас
Булгилсан зүрх цээжний амьсгаатай
Байгалийг нь биширсэн багширсан бодлоор
Баясан хөөрч мишээж буцна аа
Нуурын усыг чинь хараа орсон мэт мэлэрч
Нугасны сүрэг хунгийн үзэсгэлэнг бахдаж
Эгээ л дуу алдаж биш чимээгүйхэн бахархаж
Духандаа эвэртэй морь шиг үүлэн дээр дүүллээ би
Хөвчийн их тайгаар чинь туучихдаа
Хучих хөнжлөөс ч нөмөртэйг мэдэрч
Ургаа хадны урссан мэт тогтоцыг
Уулын эзэн тайгын бүргэд чинь би өөртөө үлдээлээ
100 цааны сүргийн сүрэнд дарагдаж аймшихдаа
Зайгаа барьж зогсож алсаас гайхширч харахдаа
Үр төл нь болсон хугашийг нь өхөөрдөж
Үе үе дөхөж өөрийн мэт хайрласан
Ийм баян тайга минь ахиад би ирнэ ээ
Энгүй сайхан нутаг юуг чинь
Элгэндээ дэвтээгээд дахиад ирнэ ээ.... гэх энэ шүлгийг Ч.Очгэрэл үзэсгэлэнт “Нүдэн нуур”-ын хөвөөн дээр наран мандах үед бичсэн гэдэг.

20150420-006

- Киног үзээд цөөнх болсон цаатан ард түмний төлөө ямар нэгэн юм хиймээр бодол өөрийн эрхгүй төрж байна лээ. Содура ч киноны төгсгөлд хэлдэг. Энэ хүмүүсийн төлөө юу хийх бодол төрөв?

-Киноноос салгаж хэлэхэд хүүхдүүдээ том болохоор тэр газарт эргэн нэг очно гэж бодож байгаа. Цаатнууд халуун болох тусам уул руугаа нүүж, хүйтрэхээр нам газраа бууж ирдэг юм билээ. Нам газраа буумагц нь очно. Байгалийн сайхныг мэдэрч, бишрээд ирсэн киноны багийнхан маань тус бүрдээ л юм бодсон байх. Маш том бодол тээсэн хүмүүс ч байгаа болов уу. Хэрвээ тийм хүмүүс байгаа бол хэрэгжүүлээсэй гэж бодож байна. Цаатнууд хэдий цөөнх ч гэсэн монголын ард түмэн маань өөрсдөө цөөхөн шүү дээ.

-ХҮНИЙ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ УХААРАХ ЁСТОЙ ЗҮЙЛ БОЛ ИТГЭЛ-

20150420-007

-Та хэр эх оронч сэтгэлгээтэй хүн бэ?

-Эх оронч сэтгэлгээ нь олон агуулгатай байх. Миний хувьд нэгдүгээрт төрөлх монгол хэлээрээ сайн ярьж чаддаг. Хоёрдугаарт ёс заншил, өв уламжлалаа маш их хүндэлж, монгол зан үйлээ ч дагаж мөрддөг. Жишээ нь, хоол иддэг ширээн дээрээ хөлөө тавьж болохгүй гэдгийг гадныхан ширээн дээрээ хөлөө тавихаар хугарах юм шиг ойлгодог бол монгол сэтгэлгээ нь “өрөнд ордог” гээд нэрлэсэн байх жишээтэй. Гэхдээ энэ нь шууд утгаараа биш ч идээ ундаагаа тавьдаг зүйл дээрээ хөлөө гаргана гэдэг бүдүүлэг хэрэг юм. Бас ёгт үлгэр, зүйр үгнүүд маань агуу утгатай. Ухаж ойлгох, бодох юм ихтэй болохоор монгол зан үйлээрээ бахархдаг. Тиймдээ ч өглөө бүр цайны дээжээ өргөдөг. Өглөөний наранд цайныхаа дээжийг өргөхдөө үр хүүхэд, гэр бүлээ даатган залбирна. Магадгүй хүмүүс хуучинсаг сэтгэлгээтэй гэж болох ч монгол сэтгэлгээ, зан заншил өөрөө агуу, гүн утгатай гэж боддог.

-Таны амьдралдаа баримталдаг зарчим?

-Би хүний итгэлийг алдахгүй юмсан гэж боддог. Итгэл бол амьдралын чухал хэмжүүр буюу “худал хуурмаг” зүйлийг үгүй хийдэг. Хүн миний итгэлийг алдаж, худлаа ярьж, дүр эсгэхэд дургүй. Тийм хүмүүс яваандаа танигдаж хол явдаггүй юм. Тийм болохоор хүний итгэл алдана гэдэг бол маш том зүйлээ алдаж байгаатай ижил. Ер нь хүний хэзээ нэгэн цагт ухаарах ёстой зүйл бол итгэл.

-Сайхан эмэгтэй, хөөрхөн хүүхэн хоёрт ялгаа бий юу?
-Байгаа.

-Юугаараа ялгаатай юм бэ?

-Сэтгэлээрээ. Чамд ч бас тийм мэдрэмж төрдөг байх. Царай нь хөөрхөн биш ч гэсэн цаанаа л нэг хүний хайр татаад байдаг тийм эмэгтэй байдаг. Тэр бол сайхан эмэгтэй юм. Харин царайлаг хэрнээ нэг л хүн татдаггүй хүн байдаг. Тэр нь харахад хөөрхөн ч гэлээ үзэл бодол, үг хэл нь бусдад таалагдахгүй байх тал бий. Тэгэхээр гаднах үзэмж бол дотоод гоо сайхнаас богино настай зүйл.

-Та аль эмэгтэйд нь хамаарах бол?

-Би өөрийгөө сайхан сэтгэлтэй л гэж боддог. Гэхдээ чанга үедээ чанга. Надад багахан тус хүргэсэн ч тэр нь миний сэтгэлд томоор үлдсэн бол тэр хэмжээгээр нь эргэн хариу барихыг хүсдэг. Тухайлбал, натур дээр намайг даарчихсан сууж байхад халуун цай бариад ирсэн хүмүүст их баярласан. Тухайн үед нь чин сэтгэлээсээ “баярлалаа” гэж хэлсэн ч түүнээс илүү тус хүргэмээр санагддаг.

-Та 20 настайдаа гэр бүлтэй болсон гэхээр арай эрт биш үү? Харамсаж байсан үе бий юу?

-Өөртөө зарцуулах цаг хомсдоод ирэхээр бага зэрэг харамссан. Гэхдээ одоо бодоод байхад дэмий юманд санаа зовсон байж гэж боддог.

- Ам нээвэл уушиг нээ гэж. Ер нь эмэгтэй хүн оньсого шиг байх хэрэгтэй гэх нь бий. Та үүнтэй хэр санал нийлэх вэ?

-Юм бүхэн хоёр талтай. Оньсого шиг бай гэдэг “нэг” үгийг дагаад өөрийн хувь хүн болж төлөвшсөн үнэт зүйлээ гээх хэрэггүй. Ер нь алтан дундаж байх хэрэгтэй болов уу.

-СЭТГЭЛ, ЗҮТГЭЛТЭЙ ЭЭЖҮҮДЭД ТУСЛАХЫГ ХҮСДЭГ-

20150420-008

-Та кинон дээрээ “Янгуудай” гэх амьтныг өөрийн хоолойгоор дуу аялан амлуулдаг. Ер нь амьтанд их хайртай юу?
-Амьтанд их хайртай. Би багадаа өлссөн нялх гөлөг таарахаар ээж, ааваасаа нуугаад гэртээ авч ирээд өрөөндөө оруулж тэжээдэг байсан юм. Гэхдээ амьд амьтан юм болохоороо дуугараад л ээж аавд мэдэгдчихнэ. Тэгээд л ээж аав маань вакцин хийлгээд тэжээж байгаад том болохоор нь айлд өгчихдөг байлаа.

- Та өөрийгөө амьтантай зүйрлэвэл?
-Би нэг удаа гэртээ баавгайны тухай баримтат кино үзсэн юм. Нэрийг нь сайн санахгүй байна. Тэр кинон дээр эвш буюу эм баавгай нь үр төлөө аль болох тайван газар аваачиж, хайрлан өсгөдөг. Эх хүн болоод ч тэр үү надтай адилхан санагдсан. Тэгэхээр эм баавгай юм уу даа. /инээв/

-Таныг чимдэг зүйл?

-Би хүнд зөвлөгөө өгөх дуртай. Бусдын асуудлыг яг өөрт тохиолдсон мэт хүлээж аваад чин сэтгэлээсээ зөвлөж чаддаг. Найзууд маань ч тэр занд минь дуртай байдаг байх. Эрхтэн гэвэл хамрандаа их хайртай. Магадгүй унасан ч хамраа хаагаад унах байх /Инээв/

-Хүндэлж явдаг жүжигчин?

-МУГЖ И.Одончимэг эгчийг хүндэлж, хайрлаж явдаг.

-Та амжилтанд хүрсэн хүн мөн үү?

-Биш ээ.

-Тэгвэл амжилт гэж юу юм бэ?

-Өөрөөсөө гадна өөр олон хүнд тусалж, хангалттай боловсорсон үедээ амжилтанд хүрсэн гэж хэлнэ. Хүмүүсийг баярлуулмаар байна, тусламаар байна. Тэр бодол минь биелж олон хүн баярлахыг хараад би өөрийгөө амжилтад хүрсэн гэж бодно. Дан ганц кинонд тоглосноороо амжилтанд хүрсэн гэж хэлэхгүй.

-Таны мөрөөдөл бусдыг баярлуулах юм уу?

-Хүүхдээ өсгөх амьдралын боломж тааруухан хэдий ч маш их хичээж, сэтгэл, зүтгэл гаргаж амьдардаг ээжүүдэд тусалмаар санагддаг. Тэднийг аз жаргалтай инээмсэглэхийг болон үр хүүхэд нь сайхан өсч торнисон байхыг харсан цагт сая л нэг амжилтын тухай ярина даа.

-Та аз байдаг гэдэгт итгэдэг үү?
-Итгэдэг.

-Таны амьдралд тохиолдсон хамгийн том аз?

-Би бүх зүйлээ аз гэж боддог. Сайхан аав ээжийн охин болж төрсөн нь аз. Эрүүл саруул үр хүүхэд төрүүлнэ гэдэг эх хүний аз. Сайн ханьтай байна гэдэг эмэгтэй хүний аз. Ямар ч үед дэргэд байдаг сайхан найзуудтай болсон нь аз юм даа. Сэтгэлээр унадаг, гутранги үзэлтэй хүнд бол бүх зүйл азгүй санагддаг байх. Бүрдээд унасан ч “азгүйдээ” л уналаа гэж боддог. Ер нь бол бүдэрсэн даруйдаа ахиж бүдрэхгүй байх тухай л бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, аливаад сэтгэлээрээ өөдрөг хандах нь чухал санагддаг.

-Таны хэлэх дуртай үгээр ярилцлагаа өндөрлье?

-Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж хэлэх дуртай. Гэхдээ яг одоо “чи л өөрөө өөрийнхөө хувь заяаг атгаж, амилуулж, асгаж явдаг” гэдэг үгийг хэлмээр санагдаж байна.

 

Ярилцсанд баярлалаа.

П.Мөнхжаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.