05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Я.САНЖМЯТАВ: ДӨРВӨН ЖИЛД 150 МЯНГАН АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО

Дөрвөн жилийн хугацаанд Засгийн газраас 150 мянган ажлын байр бий болгох зорилт тавьсан. Өнгөрсөн жилийн байдлаар 51900 хүнийг ажил, орлоготой болгосон хэмээн Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “1111” төвд ажиллах үеэрээ онцоллоо.
Тэрээр иргэдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
 
-Солонгост ажиллах хүчин явуулна гээд бүртгэсэн. Бүртгэлд хамарсан иргэд хүлээсээр 3-4 жилийг үдлээ. Салбарын яамнаас энэ асуудалд ямар бодлого баримтлан ажиллаж байгаа вэ?
 
-Солонгосын талаас бүртгэлд хамарсан хүмүүсээс сонгож авдаг. Бүртгүүлсэн 4000 хүний асуудлыг Хөдөлмөрийн яамнаас анхаарч ажиллана гэдэг хэцүү.

 
-МСҮТ-ийг төрөөс дэмжин ажиллаж байгаа. Гэхдээ сургалтын чанар муу байна. Наад зах нь социализмын үеийн тоног төхөөрөмж дээр дадлага хийлгэж байна. Энэ байдлыг хэзээ өөрчлөх вэ?
 
-Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн бааз муу байгаа гэдэгтэй санал нэг байна. 1970-1980 оны токарийн машинаас эхлээд хуучны тоног төхөөрөмжтэй сургалтын төвүүд олон бий. Гэхдээ сүүлийн үеийн тоног төхөөрөмж суурилуулсан сургалтын төвүүд байгаа. Томоохон сургуулиудад дадлага хийх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхээр болсон. Ирэх хичээлийн жилд 4.5 тэрбум төгрөгөөр 57 төрийн өмчийн коллежийн тоног төхөөрөмжийг солино. Нэг үеэ бодвол МСҮТ-үүд сэргэж байна. Шинэчлэлийн Засгийн газраас чадамжид суурилсан сургалт явуулах, чадварлаг хүн бэлтгэх зорилгоор МСҮТ-үүдээ дэмжин ажиллаж байгаа.
ЕБС-ийн төгсөгчдөөс гадна олон хүн МСҮТ-д суралцаж мэргэжилтэй болж байна. МСҮТ-д суралцан мэргэжил эзэмшин 1300 ам.долларын цалин аваад явж байгаа хүн ч бий.Тиймээс тухайн хүнээс их зүйл шалтгаална. Гол нь дипломтой дээд мэргэжилтэй болох уу. Эсвэл МСҮТ-д хоёр жил сураад мэргэжил эзэмшээд ажлын байртай болох уу гэдгээ сонгох хэрэгтэй. Шууд дарга болно гэхээсээ илүү бүр доороос нь эхлэн ажиллаж мэргэжлээ дээшлүүлэх нь чухал.
 
-40-өөс дээш настай иргэдийг ажилтай болгоно гэсэн. Гэтэл амьдрал дээр бахь байдгаараа байна. Оёдлын үйлдвэрүүд байгуулснаар эдгээр хүмүүсийг ажлын байраар хангах юм биш үү?
 
-Оёдлын үйлдвэрийг шууд олноор нь байгуулна гэдэг хэцүү. Наад зах нь эрэлт хэрэгцээгээ бодолцох нь чухал. Монгол ноосоор Солонгост даавуу хийлгэн сурагчдын дүрэмт хувцсыг хийсэн. Ингэснээр Хятад руу гаргадаг 26 тэрбум төгрөгийг дотооддоо шингээсэн. Хятадын нейлонтой хувцсыг бид авахаа больсон нь нэг амжилт. Дотооддоо байгаа аж ахуйн нэгждээ даавууг нь өгөөд хувцсаа оёулдаг болох хэрэгтэй гэдгийг хүн бүр хэлдэг. Энэ бол зөв. Гэхдээ монголчууд бие биенийгээ дэмжихдээ маруухан юм. Үйлдвэрлэл явуулах тоног төхөөрөмжөө гаднаас авчихдаг. Харин хэрэглэгчид нь дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авдаг сэтгэлгээтэй болох хэрэгтэй. Эдийн засаг хүндэрч байгааг хүн бүр ярьж байна. Ийм үед монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг аваачээ гэж уриалмаар байна. Ингэснээр тухайн хүн эдийн засагт төдийгүй ажлын байрыг хамгаалахад гар бие оролцох юм. Өнөөдөр улсын хэмжээнд 72 аж ахуйн нэгж бүртгэлтэйгээс 46 нь татвар төлдөг бол 20 гаруй нь үйл ажиллагаа нь сул байна. Дээрх аж ахуйн нэгжээс 95 хувь нь 30- аас доош ажилчинтай гэсэн судалгаа бий. Томоохон аж ахуйн нэгжийн хувьд бүртгэлийн 3 хувийг л эзэлдэг. Тиймээс Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийг дэмжих, татвараас хөнгөлөхөд анхаарч байна.
 
-“Баялаг бүтээгч” гэсэн арга хэмжээ зохион байгуулсан. Энэ арга хэмжээ хэр үр дүнтэй болов?
 
-Аж ахуйн нэгжүүдээс бидэнд гагнуур хийдэг, тоосго өрөх, барилга дээр ажиллах 8000 ажилтан хэрэгтэй байна гэсэн захиалга ирсэн. Харин ажил олж өгөөч гэсэн хүсэлт тавьсан 12400 хүн бий. Эдгээр хүмүүсийг ажилд зуучилж өглөө. Эдгээр хүмүүсийн 7000 орчим нь орон нутгаас ирсэн. “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд сургалтанд хамрагдсан хүмүүсийн 80 гаруй хувь нь ажлын байртай болсныг онцлох нь зүйтэй байх. Ийм өндөр хувьтай ажлын байртай болсон сургуулийн төгсөлт байхгүй. Хамгийн гол нь манай хүмүүс ажилдаа сэтгэлээсээ хандах нь чухал.
 
- Гадны ажилчдын ихэнх нь урд хөршөөс орж ирдэг. Энэ тоог бууруулж квот тогтоож болдоггүй юм уу?
 
- Гадаад иргэд Монгол Улсын хүн амын гурван хувиас хэтрэхгүй, нэг орны хүн нэг хувиас хэтрэхгүй гэсэн хуулийн заалт бий. Энэ хуулийн хүрээнд бид ажиллаж байна. Гаднаас авах, гадагшаа гаргахаа бид аль болох багасгаж дотоодын ажилчдаа бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн жилд хятад ажилчны тоо дөрвөн мянгаар буурсан. Гэхдээ барилгын салбарт дотоодын хүчээ ажиллуулахад бэрхшээл тулгарч байгааг нуухын аргагүй. 25-аас дээш давхар өндөр барилга бариулахад монгол ажилчдад туршлага, мэдлэг дутуу байгаа учраас гаднаас ажиллах хүч авахаас өөр аргагүйд хүрдэг хэмээн барилгын салбарынхан учирладаг. Тиймээс энэ чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчнээ яаралтай бэлтгэх шаардлагатай байгаа. Түүнчлэн Хятадаас ажилчин авахад тухайн компани 384 мянган төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийн санд төлдөг. Дээр нь цалинжуулна гэхээр их мөнгө орох болно. Тиймээс мэргэжилтэй чадварлаг хүмүүс байвал тэд ч гэсэн гаднаас хүн авч ажиллуулахгүй шүү дээ.
 
-Аймгуудад Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг томилохгүй түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулж байна. Үүнийг хэзээ шийдэх вэ?
 
-Зарим аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга болон гурван МСҮТ-ийн удирдлагыг өөрчилсөн. Жинхлэх асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэ гэсэн үүрэг өгсөн. Тиймээс энэ асуудлыг удахгүй шийднэ.
 
-Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих тухай ярьж байгаа хэрнээ цагдаа нарын хувцсыг үндэсний компаниудаар хийлгүүлж болоогүй юм уу?
 
-Шүүмжлэлийг хүлээж авна. Цэрэг, цагдаа, эмч гээд төрийн байгууллагын дүрэмт хувцас, бээлийг дотоодынхоо үйлдвэрээр хийлгэх ёстой. Цагдаа нарын хувцасны шинэчлэлийн хувьд цаг нь тулсан. Хоёрдугаарт манайд ийм материал байхгүй гэдэгтэй холбоотой. Гал ус, хутга зэвсэгтэй тулж, гүйдэг хүмүүсийн хувцас хийхэд тохирсон материал юм билээ.Наад зах нь нар бороо салхинд зохицсон гэдгийг хүмүүс зөв ойлгох хэрэгтэй. Х.Тэмүүжин сайд сонсч байгаа бол ирэх жил дотоодынхоо үйлдвэрүүдээр хийлгэх байх аа.
 
-Та хөдөлмөрчдөд хандаж юу хэлэх вэ?
 
-Ажиллах хүчнийг идэвхтэй, идэвхгүй гэж хуваадаг. Идэвхгүй ажиллах хүчинд 200 мянган оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдаж байна. Тиймээс манай яам идэвхтэй ажиллах хүчнийг орлоготой болгохын төлөө маш олон арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Гол нь хүмүүс аливаа ажилд хандахдаа өөриймсөг сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Сэтгэл гаргасан ямар ч зүйл бүтдэг, дэвждэг. Тиймээс хүмүүс ажил хөдөлмөр эрхлэхдээ минийх гэсэн сэтгэлгээгээр хийдэг болчихвол хөгжил ойрхон байна.
 
 Б.Заяа
 

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.