03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

A Cool- Миний ихэнхи дуунууд миний дотоод ертөнц, бодолтой нийцдэг учраас дуугаа сайн дуулдаг болов уу


Нэг л олдох насанд залуу насандаа хөдөлмөрлөж, бүтээж амьдаръя гэсэн оргилуун их хүсэл мөрөөдлөөр дүүрэн яваа дуучин
A Cool буюу Б.Анхбаяртай хийсэн ярилцлагын танд хүргэж байна. 

Юун түрүүнд таны нэрний талаар ярилцъя. Яагаад A Cool гэдэг нэрээр уран бүтээл туурвих болсон бэ?

Юуны түрүүнд Орлоо сайтыг шимтэн уншдаг нийт уншигчиддаа налгар сайхан намрын өдрийн мэндийг хүргэе. Эцэг эхээс заяасан нэр Баттулгын Анхбаяр. Анх дуучин болох гэж байхад нэрний асуудал их хөндөгдөж байсан. Анхбаяр гэдэг нэрээрээ дуулъя гэхээр ийм нэртэй дуучин байдаг. Тиймээс найз нөхөдтэйгээ ямар нэрээр дуулах вэ гэж ярилцсан. Нэрийн эхний үсгээрээ А гээд Cool нэмэх санааг маш олон жилийн өмнө олсон. Утга санааны хувьд уран бүтээл маань cool байгаасай, Америкуудын хэлдгээр уран бүтээлийг маань cool гэж дүгнэхээр байгаасай гэсэн үүднээс ийм нэр сонгосон.

Дуучин болоход юу хамгийн их нөлөөлсөн  бэ? Урлагийн гэр бүлээс урлагийн хүн гарах нь элбэг байдаг.

Нөлөөлсөн хүчин зүйл их олон бий. Би багаасаа урлаг соёл, олон нийтийн ажилд маш идэвхитэй байсан.  Ялангуяа их бүжиглэдэг хүүхэд байлаа. Цэнгээнт бүжиг, орчин үеийн реп бүжиг бүжиглэж уралдаан тэмцээнд амжилт гаргадаг байсан. Тухайн үед анх кабелийн суваг орж ирж байлаа. Хөгжим их сонсоно, түүнээсээ эрч хүч, сайхан мэдрэмжийг авна. МTv, MCN, Bravo hits сувгуудыг үзэж, Micheal Jackson, Backstreet boys, Marian Carey гээд Монголын алтан үеийн дуучдийг шимтэн сонсдог байлаа. Тэр үед би яагаад тэдэн шиг мундаг дуучин болж болохгүй гэж дотроо боддог байсан. Үүнээс хойш оюутан болоод энэ хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцсэний үр дүнд өнөөдөр тодорхой хэмжээнд хүрчихсэн явж байна гэж ойлгодог.

 http://www.youtube.com/watch?v=RPBuCzAXsk8

Монголын рок, попын ертөнцөд дуучин болоод уран бүтээл туурвихад сайхан бөгөөд хүнд хэцүү зүйл нь юу байна?

Урлаг гэдэг өөрөө том айл. Дээрээс нь машинтай зүйрлэвэл энэ том хөдөлгүүр доор нэгдэнэ гэдэг хэцүү л дээ. Яагаад гэвэл монгол хүн амын тоо цөөн боловч тэр дундаас хөдөлмөрлөж, олонд танигдана гэдэг тийм ч амар зүйл биш. Урлаг маань өөрөө том шалгууртай. Нэг ёсондоо урлагт зүрх сэтгэлээ зориулж чадсан нь хол явна. Зүгээр хоббигоороо олонд танигдъя гэвэл аяндаа урлаг түүнийг шүүж чаддаг. Хүмүүс надаас дуулах таны хобби юу гэж асуудаг. Энэ бол миний хобби биш, миний амьдрал. Бүхий л дотоод ертөнц, бүх л зүйлээ дуу хөгжимд зориулсан учраас энэ бол миний хувьд гэр бүл гэдэгтэй адил амьдралын хамгийн том утга учир юм. Хөгжим миний амьдралыг хөглөж чаддаг. Уран бүтээлч байхад сайхан зүйл бол олон. Олон түмний өмнө гараад дуулаад, алга ташуулаана. Урлагийн хүмүүс дандаа хүмүүсийг баярлуулж, түүгээрээ үзэгч сонсогчиддоо сайхан мэдрэмж өгч байдаг учраас эрч хүч авч байдаг. Үүнийгээ дагаад урлагийнхан олон түмний өмнө ил байдаг, биеэ зөв авч явахаас гадна ирээдүй хойч залуус дүү нартаа зөв үлгэр дууриал үзүүлэх гээд маш их хариуцлага үүрдэг. Мөн Монголын урлаг маш хурдацтайгаар хөгжиж байна. Алтан үеийн дуучид, хамтлагаас залгамжилсан орчин үеийн манай уран бүтээлчид сайн хөдөлмөрлөж чадвал зөвхөн монголдоо гэлтгүй дэлхийн урлагийн тавцанд хүрнэ гэж би боддог.

Зөөлөн хайр” цомгийн ажил хэдэн хувьтай явж байна. Хэзээнээс худалдаанд гарах вэ?

“Зөөлөн хайр” цомгийн маань ажил дууссан. Бүх зүйл бэлэн болоод хэвлэлтэнд цомог маань явчихсан. Өөрийн бие даасан тоглолтын өдөр худалдаанд гаргахаар төлөвлөөд байна.

Тоглолт хэзээ болох вэ?

Тоглолт 11 дүгээр сарын 9-ний өдөр болно. Анх энэ сард хийхээр төлөвлөж байгаад хойшилсон, 10 сард хийх гэж байгаад мөн хойшлууллаа. 10 дугаар сард маш олон тоглолтууд байхад заавал давхцуулаад яах вэ гээд, 11 дүгээр сарын эхэнд хийвэл илүү тохиромжтой юм байна гэж шийдсэн. Миний хувьд бэлтгэлээ маш сайн хангах зорилготой байна. Мэдээж дуучин гэдэг нэр алдрыг авч ажлаа тайлагнаж байгаагийн хувьд анхны бие даасан тоглолт маань маш их хариуцлагатай ажил. Том тэсрэлт хийсэн сайн тоглолт хийнэ. Мөн цомог маань найдвартай маш сайн цомог болж гарч байгаа. Хөгжмийн дугаралтаас аваад бүхий л зүйлийг сэтгэл шингээж чанартай хийсэн.

Америкт тоглолт хийх төлөвлөгөөтэй гэж сонссон

Наадмын үеэр Америкт байгаа Монголчууддаа зориулаад тоглолт хийх саналыг надад тавьсан. Зарим нэгэн шалтгааны улмаас тоглолт хойшлогдсон. Монголдоо анхны бие даасан тоглолтоо хийгээд Америк болон Европын орнуудаар тоглох төлөвлөгөө байна. Цомог маань ч гарсан байх болно. Одоогоор гадаадад суугаа монголчуудаас маш олон тоглолтын санал ирж байгаа. 

Урлагийн хүмүүст чөлөөт цаг их ховор байдаг. Чөлөөт цаг гарвал юу хийх дуртай вэ?

Яг үнэндээ чөлөөт цаг бага байна. Би давхар ажил хийж байна. Боловсролын салбарт ажиллаж байгаадаа их баяртай байдаг. Өглөө ажилдаа явна. Уран бүтээлээ тасралтгүй хийх ёстой. Тиймээс ажлаа тараад дуу бичлэгийн студи орно. Клипний бичлэгтэй бол түүнд явна. Монтаж хийх үед өөрөө заавал байдаг. Энэ мэтээр өдрийн 24 цагийн 18 цагийг ажил хөдөлмөртөө зарцуулж 6 цагийг унтаж амарч өнгөрүүлж байна. Залуу хүн завтай, уйдах цагтай байх хэрэггүй гэж би боддог. Залуу хүнээс эрч хүч ундарч байдгийн хувьд зогсолтгүй хөдөлмөрлөх ёстой. Үүнийхээ үр шимийг дараа нь бүгд хүртэнэ. Тиймээс одоо байгаа энэ их эрч хүчээ ашиглах хэрэгтэй. Залуу хүн нэгт хөдөлмөрлөх хэрэгтэй, дараагаар нь зорилгоо тодорхойлсон бол тууштай байх хэрэгтэй. Дээрээс нь зам болгон шулуун байдаггүй, амьдралд шантрах зүйл олон байна. Гэхдээ тэр бүрийг даван туулах хэрэгтэй. Өндөр уулын оргил дуу тэмүүлэх ёстой. Өөрийг нь шантрааж байгаа тэр зүйлийн цаана амжилт байгаа. Өөрийнхөө хүрэхийг хүссэн газар хүртлээ хөдөлмөрлөж хөдлөх хэрэгтэй. Ингэж чадвал хувь хүн өөрөө хөгжинө, дагаад эргэн тойрон найз нөхөд, цаашлаад улс орон хөгжинө. Юуны тулд манай улс залуучуудын орон билээ, бүх зүйлс залуусаар сэлгэгдэж байна. Залуу үе хөдөлмөрлөж чадвал ямар өндөрт хүрч чаддагийг миний үеийн залуус харуулж байна. Жишээ нь Microsoft, Apple, Toyato гээд хөгжингүй орнуудын том компаниудад манай олон олон инжинерүүд, залуучууд ажиллаж байна. Манай залуусыг дэлхий үнэлж эхэллээ. Дэлхий үнэлсэн энэ чадвараараа Монголоо хөгжүүлье гэсэн сэтгэлгээ бий болоосой. Мөнгө бол олдоно. Гэхдээ түүнийг олох чадварыг эхлээд бий болгоосой. Магадгүй гадаадад авч болох цалингийнхаа 50 хувийг эх орондоо авч байгаа ч гэсэн, улс орондоо их зүйл хийсний дараа эргээд тэр хэд дахин орж ирж болно шүү дээ. Нийгмээ дагаад шинэчлэлт, өөрчлөлт ирж байна. Тиймээс залуучуудыгаа алсын хараатай зөв бодолтой байгаасай гэж хүсэж байна.

Дуучид караокед дуулдаг болов уу гэдэг их сонирхол татаад байна л даа. Тийм бол өөрийнхөө дууг дуулж үзсэн үү?

Дуулалгүй яахав. Найз нөхөдтэйгөө дуулж хуурдах үе байна. Түрүүний ярианаасаа хадуурсан байна. Ер нь чөлөөт цагаараа, зав гарвал найз нөхөдтэйгээ ярьж хөөрч суух, хорт муу зуршлаас хол байхыг илүүд үздэг. Бас даам, снүүкер биллъярд тоглох дуртай. Хааяа найз нөхөдтэйгээ цаг аваад тоглох дуртай PC тоглоно. Гэхдээ манай дүү нар бүр донтоод, хэтрүүлээд байх шиг байгаа юм. Хамгийн гол нь зөв зохистой тоглож сурвал тийм ч муу зүйл биш шүү дээ. Караокед найз нөхөдтэйгээ орно. Гэхдээ би дуулаад байдаггүй. Найзуудынхаа дуулахыг сонсоно. Найзууд ганц дуулахыг хүснэ. Мэдээж дуулалгүй яахав. Анхаа ер нь сайн дуулдаг юм уу гэж бодох хүн байж болно. Тиймдээ ч дуулах бас сайхан шүү. Манай Монголчууд ер нь дуунд дуртай ард түмэн шүү дээ. Очдог 2 газар л бий. Нэг нь миний Экү гэж найзын, нөгөө нь “Хар сарнай” хамтлагийн Баяржаргал ахын ВВ гэж караокед л очдог доо. Орой үдшийн цагаар шөнийн клуб, гэрэл гялтганасан газар орох нь их ховор. Хааяа найзууд гаръя гэхээр зав байдаггүй. Дуугаа хийх нь надад илүү сайхан байдаг. Дахиад гарах зав бол цаана нь байгаа. Амьдрал дуусчихаагүй байна шүү дээ. Тиймээс манай найзууд намайг их хуучинсаг сэтгэлгээтэй гэдэг. Эхлээд сайн ажиллаж, хөдөлмөрлөх хэрэгтэй гэж боддог. Монголчууд маань цөөхүүлээ. Тиймээс бие биенээ ойлгодог, хайрладаг, дэмждэг байгаасай. Архи уусан нэгнээ улам түлхэж байхгүй болох хэмжээнд хүргэх биш, татаад авах сэтгэлтэй байгаасай. Миний хувьд архи тамхинаас хол байдаг. Миний машинд, миний хажууд найзууд тамхи татна гэж байхгүй. Би тамхинд үнэхээр дургүй. Тиймээс архи, тамхи, шоу цэнгээнийг тэвчих хэрэгтэй гэж боддог. Залуу хүн байна парти, шоунд оролцолгүй яахав. Гэхдээ өдөр бүр давтагдана гэдэг зөв үү гэдгийг бодох хэрэгтэй. Оронд нь хэрэгтэй зүйлээ нэг цагаар илүү хийх нь өөрт ашигтай. Өрсөлдөгчөөсөө өрсөж чи юм хийж чадвал амжилтанд хүрнэ. Би бас ном унших их дуртай. Доналд Трампийн “Тэр бумтан шиг сэтгэ” гэж ном байдаг. Энэ номон дээр “болж өгвөл бага унт, бие чинь ядраад,ачааллаа дийлэхгүй, унтахыг хүсэж байгаа бол унт, бие чинь хүсээгүй байхад л унтаад байх юм бол нөгөө талд байгаа бизнесмен нэг цагийн өмнө ажлаа хийчихнэ” гэж бичсэн байдаг. Энэ бол зах зээлийн хууль. Үүнийг би хэрэгжүүлэхийг хичээдэг. Надад тийм олон өрсөлдөгч байхгүй л дээ. Гэхдээ өрсөлдөөний талбар дээр бид өөрөө өөрийгөө олж нээж, өөрийгөө ялах хэрэгтэй. Хүнд атаархаж, үүнээс дээш гарна гэхээсээ илүү би өөрөө хэн билээ гэдгээ нээх хэрэгтэй. Цаг нь болохоор A Cool гэдэг дуучин хэн бэ ямар дуучин бэ гэдгийг би биш ард түмэн шүүнэ. С.Зориг гуйан “би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж сайхан үг байна. Уг чанараараа Монголчууд маань их сайхан сэтгэлтэй л дээ. Улам бие биенээ хайрлаасай гэж боддог.

ОУ-ын “Найрамдал” зусланд багшилж байсан гэж сонссон. Тэр үеийн дурсамжуудаасаа хуваалцаач

Найрамдал зусланд 17 насандаа анх багшилж байсан. Тухайн үедээ насаа  нууж, нэмж багшилж байлаа. ОУ-ын найрамдал зуслан 1978 оноос өдгөөг хүртэл 34 жилийн түүхэн замналтай. Хүүхэд шуугисан энэ өргөөтэй үе үеийн лидер, авъяслаг залуучууд салшгүй холбоотой байдаг. Мөн манай УИХ-ын гишүүдээс эхлээд лидерүүд энэ зусланд багшилсан байдаг. Тэгэхээр хүүхэд өөрөө цав цагаан цаас шиг, хир толбогүй, сайхан сэтгэлтэй, чин сэтгэлээсээ баярладаг. Хүүхдийн эрч хүч, хүүхдийн буян хүний заяаг түшиж явдаг гэж боддог.  Өнөөдөр тодорхой хэмжээнд хүрсэн миний ажил, амьдрал хүүхэдтэй ажилласантай холбоотой. Шавь нарын маань эрч хүч, энерги надад сайнаар нөлөөлсөн.  Тоолж үзээгүй ч маш олон шавьтай. Би нийтдээ 6 жил тасралтгүй зуслангийн багш хийсэн байна. Энэ хугацаанд маш олон зүйлийг сурсан. Мөн энд ажиллаж байхдаа олон хүнтэй танилцсан байдаг. Хүн төлөвшүүлэх, олон нийттэй яаж харьцах уу, хамгийн гол нь хүүхэдтэй яаж ажиллах вэ, хүүхдийн сэтгэл зүйг эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид яаж ойлгох вэ гэдгийг мэдэж авсан. Залуу насны тэр сайхан дурсамж бүхэн найрамдал зуслангийн багш хийсэн үе байдаг. Өөрөөр миний залуу нас яалт ч үгүй найрамдал зуслантай холбоотой.  Найрамдал зусландаа баярлаж явдаг.

“Зөөлөн хайр”, “Аниргүй итгэл” дууны цуврал клип байна. Хүн бүр энэ клипийг өөр өөр байдлаар хүлээн авдаг. Нэг хэсэг нь жирэмсэн бүсгүйг осолд оруулаад хатуу юм, зарим нэг нь үнэхээр амьдралд ойр болж гэх мэт. Энэ клипний санааг хэн гаргасан бэ?

Миний дуу дуулж байгаа гол зорилго нь ард түмэнд хүргэх. Бас нэг том зорилго бол байгаа юмыг байгаагаар нь л харуулах. Миний клипүүдэд гял цал хийсвэр зүйл ховор. Энгийн, санаа нь амьдралд байгаа зүйлийг л харуулахыг зорьдог. Дөнгөж сургуулиа төгсөөд бие биедээ ухаангүй хайртай болж хүүхэдтэй болоод амьдрал зохиож байгаа явдал олон байна шүү дээ. Ямар нэгэн байдлаар, амьдралын хатуу шалгуураар эхнэрээ алдсан, хүүхдээ өсгөөд яваа ганц бие эрчүүд хүртэл байна. Уран сайхны элемэнт мэдээж байлгүй яахав. Гэхдээ “Зөөлөн хайр” дууны клип амьдралд их ойр. Залуу охиноо тэврээд үлддэг. Энэ хүний амьдрал яах нь ойлгомжгүй болдог. Жилийн дараа “Аниргүй итгэл” дуу гарсан. Залуу маань тодорхой хэмжээнд нас нь явсан байна. Эхнэр нь өөд болсон гээд тэр хүн насаараа ганцаараа амьдрахын нэр биш. Түүнийг ойлгож хайрлаж байгаа хүн байвал мэдээж зам нийлнэ. Харин хайрандаа үнэнч байна гээд насаараа ганцаараа явах нь харамсалтай явдал. Иймээс клипний 2 дугаар анги сайхан төгсгөлтэй. Санааг бол найз нөхөдтэйгээ хамтарч гаргасан. Ерөнхийдөө клипнийхээ санааг өөрөө гаргадаг.

“Цасан охин”,”Зөөлөн хайр” дууны үг аяыг өөрөө зохиосон байсан. Өөрийн тань зохиосон уран бүтээл хичнээн байна?

Миний зохиосон дуу өөрийн маань бүтээлийн 80 хувийг эзэлж байна. Зөвхөн энэ хоёр биш. Жишээ нь “Энхрий” дууны аяыг өөрөө зохиосон. Дууныхаа аялгууг өөрөө зохиохыг илүүд үздэг. Шүлгийг ч мөн адил. Гэхдээ сүүлд мундаг хөгжмийн зохиолчидтой хамтарч ажиллаж байна. NEW Star студийн Баатраа ах, Нямаа гээд хөгжмийн зохиолч байна. GUYS-ын Төгсөө ах надад нэг дуу өглөө. Шүлэгний хувьд Гантогтохтой хамтран ажиллаж байна. Цомгийн 80 хувийг өөрийн бүтээл эзэлж байгаа.

Цомгийн ихэнхи хувь нь уянгын дуу юу?

Хүмүүс тэгэж ойлгож байгаа. Ер нь 50:50 хувь гэж хэлж болно. 50 хувь нь уянгын дуу, 50 хувь өөр жанрын дуу байх болно.

 Би таны ихэнхи уянгын дууг мэдэж байна л даа. Таны дуунууд өөрийн чинь дотоод ертөнцтэй хэр нийцдэг вэ?

Уянгын дуунууд ихэвчилэн гуниг, харуусал агуулдаг. Уянгын дуу өөрөө хэцүү дууны төрөл. Сонгодог урлагаас илүү хүнд гэж хүмүүс ярьдаг. Яагаад гэвэл уянгын дуу хүний зүрх сэтгэлийн нарийн утсыг хөндөж байдаг учраас дуучин өөрөө дуугаа сайн ойгох хэрэгтэй. Үг, ая, хэлэх гэсэн санаа бүгдийг. “Миний дуулдаг дуунуудаас хамгийн хэцүү нь. Уянгын дуу их агуу бөгөөд хэцүү” гэж Хьюстон хэлсэн байдаг. Хичнээн хуучирсан ч мөнх настай явдаг, түүнийг сонсож хүн тайвшрал олдог. Ер нь миний ихэнхи дуунууд миний дотоод ертөнц, миний бодолтой нийцдэг учраас дуугаа сайн дуулдаг болов уу. Мөн урлагийн хүн бүх зүйлийг мэдэрсэн байх ёстой. Хүнийг хайрлаж, хайрлуулж, хаягдаж үзсэн байх хэрэгтэй. Жүжигчин хүн дүр бүтээхийн тулд нохой яаж архирч байгааг ажигладагтай адил дуучин хүн нийгмээ мэдэрч байх шаардлагатай. Тиймээс уянгын дууг дотоод зүрх сэтгэлээсээ дуулахгүй бол хүнд хүрэхгүй.

Клипүүдийг үзэж байхад дандаа нарны гоёлын шил зүүсэн байдаг. Одоо ч бас зүүсэн байна. Шил зүүх их сонирхолтой байх. Цуглуулгатай байх гэж бодлоо

Тийм ээ. Сүүлд хэдэн шил авсан одоо бараг 70 гаруй шил байна. Мэдээж маш үнэтэй шил ч бий, урд хөршийн дунхуй брендийн шил ч байна. Миний нүдэнд ямар нэг согог байхгүй л дээ.

Тийм ээ. Таны шилгүй зураг цөөн байсан. Уул нь өөрөө давхраатай том нүдтэй юм билээ.

Шил зүүх, цуглуулах хобби маань. Магадгүй шил зохидог болохоор ч тэр байж болох юм. Нүд бол ертөнцийн толь юм. Тиймээс хүнд нүдээ харуулах жаахан дургүй. Өөрөөр нууцлагдмал байх их дуртай.  Мэдээж нүдээ харуулах үе байна л даа.

Баярлалаа. Таны зүгээс миний асуугаагүй хэлэхийг хүсэж байгаа зүйл байвал танд үлдээе

Баярлалаа. Сайтд анх удаа ярилцлага өгч байна. Хүн нэг амьдарна. Хэзээ нэгэн цагт энэ ертөнцөөс явдаг. Хоёр дахин Ахнбаяр юмуу, A Cool болж төрнө гэдэгт би итгэдэггүй. Дуудах нэрийг аав ээж, дуурсгах нэрийг өөрөө гэдэг. Иймээс энэ олдож байгаа амьдралыг дуурсах алдартай, хийж бүтээсэн зүйлтэй, найз нөхөд элгэн садан хойч үедээ эргээд зуу зуун жилээр дурсагдах, тийм хүн байхсан гэж боддог. Залуус ч гэсэн тийм байгаасай. Яагаад бид Моцарт, Эйнштэйн, агуу Чингис хаан шиг хүлээн зөвшөөрөгдөж, мартагдашгүй хүн байж болохгүй гэж. Тэр бүхэн чадал өөрт чинь байгаа. Бид бүгд адилхан. Хүний тархинд орсон мэдлэгийг хэн ч авч чадахгүй. Тархийг нь ухаад ч авч чадахгүй. Хувцас хунар, эд баялгийг ямар нэг байдлаар урж тасдаад, худалдаад авч болно. Залуучууд маань хараад байхад өнгөнд их дуртай байна. Өнгөцхөн хараад сайхан машинтай, мундаг утастай гэх мэт өнгөцхөн дүгнэж байна. Гаднаа сайхан мөртлөө тэр хүнд мэдлэг байхгүй бол тэр хэн бэ гэдэг сонин. Охид бүсгүйчүүд маань зөв сонголт хийдэг байгаасай, ухаантай залуус байгаасай, залуучууд маань ч гэсэн эмэгтэйчүүдийгээ ойлгож хайрладаг, харилцан бие биенээ ойлгодог, дээрээс нь ухаантай байгаасай гэж хүсэж байна. Ухаантай ухамсартай хоёр бас өөр шүү дээ. 1939 он байсан бол эрчүүд буу агсаад Халх гол руу явах байсан байх. Гэтэл өнөөдөр 21 дүгээр зуун. Мэдээлэл их чухал болсон. Буруу мэдээлэл хүмүүсийг буруу зүйлд хөтөлдөг. Ялангуяа сэтгүүл зүйн салбарынхан зөв мэдээллийг зөв цагт нь хүнд хүргээсэй. Хамгийн сүүлд нэг сайт миний талаар бичсэн байна лээ. A Cool бол Увсынх, Ганцэцэг гэх жүжигчинд сайн, үхдэг байсан гэж бичжээ. Үхдэг байсан гэж би ерөөсөө ойлгохгүй байгаа. Тэр бичсэн хүн түүнээс л цалин авч амьдардаг байх. Гэхдээ би Увсынх биш. Тиймээс зөв мэдээлэл хүнд хүрдэг байгаасай гэж боддог. Эцэст нь хэлэхэд Монголчууд бие биенээ хайрлаж хүндэлдэг байгаасай. Цөөхүүлээ байж хоорондоо муудаад яахав. Залуучууддаа бүгдэнд нь амжилт хүсье. Энэ бидний үе шүү.  

http://www.youtube.com/watch?v=OroRm5zHgGw


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.