05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Ц.ЦОЛМОНБУД: БАЛЕТ БОЛ ЗАЛУУ НАСНЫ УРЛАГ

2013 оны хавар “Royal” нэртэй тоглолтоор нээлтээ хийж, Монголын сонгодог урлагт өнгө нэмсэн нэгэн театр бол “Их эзэн хааны театр”. Тус театрын захирал Д.Дашлхагвын олон шавь дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын тайзнаа бүжиглэж буй. Түүний шавь нарын нэг Сөүлийн “И Вон Гүг” /Lee Won Kuk Ballet/ балетын компанийн гоцлол бүжигчин, Чуннамын их сургуулийн балетын багш, балетын тэргүүлэх зэрэглэлийн гоцлооч Ц.Цолмонбуд тус театрын “Бодлын үнэр” тоглолтод оролцохоор хүрэлцэн ирээд байна.

Найруулагч Сун Ён Ил, балетмейстр Д.Дашлхагва нарын найруулан Соёлын төв өргөөний тайзнаа маргааш амилуулах гэж буй “Бодлын үнэр” балетад тоглохоор өөрийн хамтрагч балетчин Пак Ён Жинийг дагуулан ирсэн Ц.Цолмонбудтай ярилцав.

-Холоос ирсэн хүнээс үг сонс гэдэг. Өмнөд Солонгос улсад балетын урлаг хэрхэн яаж хөгжиж байна вэ?

-Дэлхийн бүх л том тэмцээнүүдэд Азиас Япон, Солонгос тэргүүлж байна. Тиймээс сонгодог урлагт энэ хоёр улс хүчээ авч эхэлж байна. Европ, Америк зэрэг улс модерн талдаа давамгайлж, сонгодог балетыг жилдээ ганц л тоглож байх жишээтэй. Тиймээс сонгодог балетын өлгий орнуудаас Азийг чиглэсэн шилжилт ирсэн гэсэн үг.

-Өмнөд Солонгосын Дуурь, балетын унаган театр нь хэдэн жилийн түүхтэй ямар газар байдаг юм бэ?

-50 жилийн түүхтэй, асар том байгууллага бий. Барилга байгууламж нь гэхэд бүхэл бүтэн уулын амыг эзэлсэн цогцолбор байх жишээтэй. Барилгыг нь хараад дуу алдмаар. Солонгосын балетын гоцлол бүжигчид дэлхийн том театруудад нэгдүгээр гоцлолыг хийж байна. -Балет гэлтгүй дэлхийн томоохон дуурийн дуулаачдын тэмцээнд солонгос дуучид сүүлийн жилүүдэд хүчтэй өрсөлдөгч болж ирж байгаа.

Балетчид нь дэлхийн театруудад бүжиглэж байна гээд бодохоор Өмнөд Солонгосын сонгодог урлаг нэлээд эрчимтэй хөгжиж байна уу? -Солонгос улсын төр засгийн бодлого урлагийн салбарт нь маш хүчтэй хүрдэг. Драмын төрөлд гэхэд хүмүүжлийн зорилготой бодлого хэрэгжүүлдэг байх жишээтэй. Миний мэдэж байгаагаар шинэ балет тавих болоход улсаас нь хөрөнгө оруулалт хийх зардлаа мэдэгдэж, улсын хэмжээнд ажиллаж байгаа балетын компаниудын дунд сонгон шалгаруулалт явуулдаг. Ингээд шинэ балет тавихын тулд театрууд нь хоорондоо эхлээд өрсөлдөх жишээтэй. Мөн тэд гадаадад ажиллаж байгаа солонгос уран бүтээлчидтэйгээ маш нягт холбоотой байдаг. Гадаад улс оронд ажиллаж байгаа уран бүтээлчдээрээ маш их бахархдаг. Тэднийгээ дэмжин тухайн улс орных нь театрын уран бүтээлчдийг эх орондоо авчирч тоглуулах жишээтэй.

-Өмнөд Солонгосын балетчдыг бэлтгэж байгаа багш нар нь ямар хүмүүс байдаг вэ?

-Багш нар нь ихэвчлэн гадны улс орноос уригдан ирсэн хүмүүс байдаг. Хэдэн жилийн өмнөөс Оросын шилдэг гэсэн балетын багш нар Солонгост очоод амжсан юм билээ. Магадгүй үүний үр дүнд Солонгос улс балетын урлагаараа дэлхийд хурдтайгаар асар өндөр үсрэлттэйгээр гарч ирж байна. Балетын амжилт бол яг л спорт шиг дасгалжуулагч багшаас амжилт нь хамаардаг онцлогтой урлаг шүү дээ. Энэ бүхнийг улсаас нь зохион байгуулж байна. Монгол ч ялгаагүй энэ жишгээр ажиллаасай гэж хүсч байна.

-Та Монголд ирэхээсээ өмнө хамгийн сүүлд ямар бүжгэн жүжигт тоглов?

-Өнгөрсөн нэгдүгээр сард “Жизель” балетад гоцлоод ирсэн. Миний ажилладаг театр нь Солонгосын ард түмний хүндлэн хайрладаг алдартай бүжигчных нь нэрэмжит юм. Солонгостоо маш их аялан тоглодог, Европын орнуудаар ч их явдаг. 2-3 сараар бэлтгэл хийж байгаад нэг тоглолт тавьдаг. Үлдсэн хугацаанд нь гала хэлбэрийн концертууд тогтмол тоглодог.

-Солонгосууд сонгодог урлагийг хэрхэн үздэг вэ?

-Солонгосын бас нэгэн бодлого бий. Заавал том театр гэлтгүй жижиг театрууд ихээр ажиллуулдаг. Энэ нь үзэгчидтэйгээ ойрхон байх нөхцлийг бүрдүүлдэг. Тоглох гэж буй балетаа тайлбарлан ярьж ойлгуулж үзүүлдэг тусдаа дүүрэг ч байдаг. Энэ театр нь залуу үзэгчдийг сургадаг. Шууд том театрт тоглолт үзэхээр орохдоо үзэгчид биеэ бариад эхэлдэг талтай. Хэзээд нь алга ташихаа мэддэггүй. “Браво” гэж хэлэх юм уу “Брава” гэж хэлэх юм уу энэ бүгд хэллэг нь хүртэл өөр байдаг учраас театрын соёлд шууд хавчигдаад ичээд, нойр нь хүрч эхэлдэг юм. Тиймээс үүнээс сэргийлж, багаас нь үзэгчдэд театрын соёлыг ойлгуулж байгаа хэрэг. Хэзээ нь алга таших ёстой, балет гэдэг ер нь юу болох зэргийг тайлбарлан үзүүлэх систем нь сайн байдаг.

-Гайхалтай. Зүгээр нэг үзвэр үзээд гарах биш иргэддээ сонгодог урлагийн боловсрол олгох тал дээр анхаардаг байх нь тийм үү?

-Яг тийм. Ойлгож хүлээн аваад үзэхээр бүгд баяртай байдаг. Балет гэдэг ийм зүйл байсан юм уу гээд, дараа нь цаг зав гармагц балет үзэх хүсэлтэй болж байна гэж анхлан жижиг театрт очсон хүмүүс нь ярьдаг. Балетыг хүн бүр заавал үзэх албагүй. Гэвч хэдэн зуун жилийн түүхтэй сонгодог урлагийг мэдлэгтэй иргэн байх нь чухал.

-Японд жирийн иргэн нь балетаар хичээллэдэг гэдгээрээ маш их бахархдаг гэж сонссон юм байна?

-Тийм. Тэгэхээр япончууд балетын урлагт ямар хүндлэлтэй хандаж байгаа нь харагдаж байгаа биз дээ. Бүх хүн балетчин болох албагүй, гэвч Японд ихэвчлэн эмэгтэй хүүхдүүд нь 4-5 наснаасаа эхлээд балет эсвэл төгөлдөр хуураар хичээллэдэг. Японы балетын зах зээл өргөн байдаг нь үүнтэй холбоотой. Байнга л янз бүрийн тоглолт болж байдаг.

-Гаднын гоёмсог театрын тайзнаа бүжиглэж байгаад эх орныхоо театрт ирээд бүжиглэхэд үүнийг нь илүү сайжруулчих юмсан гэж бодох эх оронч хүсэл таны дотор явдаг л байх?

-Балетыг анхлан сурсан газраа шүүмжилнэ гэдэг асуудал байж болохгүй. Гадны улсад ажиллаж байгаа монгол балетчид хааяа хоорондоо холбогдохоороо нэг л зүйлийн тухай ярьдаг. Монголынхоо театрыг, балетыг сайжруулах тухай. Монголын балетчид уран чадварын хувьд сайн. Яахав амьдралын баталгаа маш бага. Тиймээс балетчдын амьдралын баталгаа зэрэгт анхаарах хэрэгтэй. Балет бол залуу насны урлаг. Тийм учраас авьяаслаг балетчдаа бэлтгээд, залуу сайхан насанд нь эх орных нь тайзан дээр бүжиглүүлэх боломжийг хангаасай гэж хүсч явдаг.

-Эх орондоо ирээд бүжиглэхэд сайхан байдаг уу?

-Сайхан байлгүй яахав. Алга ташилт нь нэг л өөр. Энэ чинь миний эх орны үзэгчид шүү дээ гэж бодохоор маш сайхан санагддаг. -Энэ удаа өөрийн хамтрагч Пак Ён Жинийг дагуулж ирсэн байна.

911

Тоглолтын бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

-Би Монголынхоо тайзнаа БНСУ-ын шилдэг уран бүтээлчдийг тоглуулах хүсэл, зорилгоо захаас нь биелүүлж байгаа. Өнгөрсөн жилээс хойш хоёр удаа солонгос балетчныг Монголд авчирсан. Тэр дундаас миний хамтран бүжиглэгч Пак Ён Жин дөрөв дэх удаагаа Монголд ирж байна. Одоо тоглох гэж буй “Бодлын үнэр” модерн балет хоёр хэсэгтэй. Уламжлал ёсоор нэгдүгээр хэсэгт дэлхийн сонгодог бүтээлүүдээс түүвэрлэн хүргэнэ. Хоёрдугаар хэсэгт модерн балет толилуулна.

-Тоглолтын эхний хэсэгт ДБЭТ-ын гоцлооч Б.Саруултай бүжиглэнэ гэсэн. Ямар балетын хэсгээс толилуулах вэ?

-Өмнөх тоглолтуудад би Пак Ён Жинтэй бүжиглэж байсан бол энэ удаа “Хунт нуур”-ын хэсэгт Саруултай хамтран бүжиглэх юм. Пак Ён Жин Их эзэн хааны театрын балетчин Б.Төгөлдөртэй гоцолно.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.