05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Генетикийн судалгаа бол орчин үеийн биотехнологийн хамгийн боловсронгүй арга

Генетик бол амьд организмуудын хэлбэр болон удамшлыг судалдаг ухаан бөгөөд эрт дээр үеэс сонгон үржүүлэх аргаар амьд биетийн онцлог шинж чанарын удамшлын талаарх мэдлэг далдуур хуримтлагдсаар ирсэн байдаг. Манай улсад генетикийн судалгаа шинжилгээний ажил 1969 онд тухайн үеийн сайд нарын зөвлөлийн 269-р тогтоолоор Биологийн хүрээлэнгийн харъяанд анх 6 эрдэм шинжилгээний ажилтантайгаар байгуулагджээ. Өдгөө академич, профессор  Ц.Жанчив, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Х. Түмэннасан, , эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Ц.Цэндсүрэн, , эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Мөнхтуяа, , эрдэм шинжилгээний ажилтан, докторант Ч.Батцэцэг, Т.Өлзийсайхан, , эрдэм шинжилгээний дэд ажилтан магитсрант Т.Одбаяр, Ц.Ариунтуул нарын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Генетикийн лабораторийн эрдэмтэд монгол мал, тэдгээртэй филогенез холбоо бүхий зарим зэрлэг амьтад  тухайлбал аргаль хонь,янгир ямаа,хавтгай тэмээ, хулан адуу, тахь адуу зэрэг амьтдын генетикийн судалгаа, монгол малын гарал үүслийг тогтоох, улмаар малын ашиг шимийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үржил селекцийн ажлын хөтөлбөр боловсруулахад чиглэн ажиллаж байна.

Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн захирал академич Ц.Жанчивтай цөөн хором ярилцлаа.

 

Манай орны генетикийн шинжлэх ухааны хөгжлийн талаар та юу хэлэх вэ?

Генетикийн шинжлэх ухаан бусад байгалийн шинжлэх ухааныг бодвол нилээн хожуу хөгжсөн. Дундад зууны үед Хубилай хаан шинжлэх ухааны хүрээлэн байгуулж байсан бол нэг хэсэг гаднын дарангуйлагч Манжийн үед дэлхийн хөгжлөөс хоцорсон байдаг. Анхны генетикийн судалгаа манайд 1965 оноос эхлэсэн. Энэ үе бол генетикийн анхны хууль Менделээс хойш 100 жил, бие даасан генийн шинжлэх ухаан хөгжөөд 65 жил өнгөрсний дараах явдал юм. Өнөөдрийн генетикийн шинжлэх ухаан бол нийт биологийн шинжлэх ухааны түүчээ бөгөөд бүхий л ургамал амьтан микро организмийн зүйлийн бүрдлийн асуудлыг молекул генетик байхгүйгээр шийдэж болохгүй. Ямар нэгэн селекцийн асуудал, удамшлын асуудал, мутаци ч мөн адил. Хүмүүс молекул биологийг технологи гэдгийг ойлгох хэрэгтэй., өөрөөр бол генетикийн шинжлэх ухааны технологи нь юм. Генетикийн шинжлэх ухаан бол биологийн шинжлэх ухаан дотроо өөрийн хуультай ганцхан шинжлэх ухаан юм. Өөрийн хууль онолгүй шинжлэх ухааны жинхэнэ буюу бие даасан гэж үздэггүй. Манай улсад энэ салбар 70, 80-аад онд популяцийн генетик, молекул, цетогенетик, ургамлын генетик гэсэн чиглэлээр нилээд эрчимтэй хөгжиж байсан. Ардчилал гарч эдийн засаг өөрчлөгдөж хямарснаар нэг хэсэг хөгжил саарч, зарим боловсон хүчин маань гадагшаа гарсан. Москвагийн их сургуулийг төгссөн манай эрдэмтэн АНУ-д энэ чиглэлээрээ ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар манай энэ салбар өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулагдахааргүй боловч өөрсдийн түвшинд судалгаа шинжилгээг хийдэг.

Манай улсын эрдэмтэд Япон, Герман зэрэг өндөр хөгжилтэй улсуудад ажиллаж байна. Тэдгээр эрдэмтэд монголын шинжлэх ухааны хөгжилд хэрхэн тус дэм болдог вэ?

Яг үнэндээ бол эх орондоо ажиллаж байгаагаас олон хүн хилийн чанадад энэ салбарт хүч үзэж ажиллаж байна. Тэд олон улсан генетикийн салбарт идэвхитэй, үр дүнтэй ажилладаг. Энд ирээд ажиллах боломж нөхцөл нь хомс байдаг. Гэсэн хэдий ч Генетикийн шинжлэх ухааны шинжилгээ судалгааны ажилд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж бидэнтэй хамтран ажилладаг. Эх орноо санаад харьж ирэх цагтаа академиараа эргэж тойрдог сайхан эрдэмтэд олон бий. 

Манай улсад генетикийн судалгаа явуулахад учирдаг хүндрэл бэрхшээл юу байна?

Хөрөнгө санхүүгийн байдал хүнд байдаг. Хуулинд зааснаар бол дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувийг шинжлэх ухааны салбарт зарцуулахаар заасан байдаг. Гэсэн хэдий ч бодит байдал дээр дотоодын нийт бүтээгдэхүүний 0.2 хувь хүртэл хөрөнгө зарцуулж байна. 0.2 биш хүртэл шүү дээ. Жишээ нь БНСУ хожуу генетикийн салбарыг хөгжүүлсэн. Одоо асар өндөр түвшинд хүрсэн байна. Энэ туршлагаас харахад эхлээд шинжлэх ухаанаа хөгжүүлэх шаардлагатай. Манайд бол өөр зүйлд анхаарал хандуулж шинжлэх ухаан хоёр дугаарт эрэмбэлэгдэж байна. Олон нийт ийм ойлголттой байдгаас бидэнд ч их хүндрэл учирдаг. Гадаадад ажиллаж байгаа эрдэмтдийн хувьд тэднийг яагаад Монголдоо эргэж ирээд ажиллахгүй байгааг бид шүүмжлэх эрхгүй. Учир нь энд ажиллах лабраторийн байдал өндөр хэмжээнд хүрээгүй, цаашлаад ажлын хөлс дэмжлэг үгүйлэгдэж байдаг учир эрдэм шинжилгээний ажлаа үргэлжлүүлэхэд бэрх байдгийг нуух зүйлгүй.

Ургамал, амьтны генетик судалгаа манай оронд зохих түвшинд явж байгаа бол хүний генийн судалгаа ямар хэмжээнд яваа юм бол?

Хүний генетикийн лабраторийг энэ хүрээлэн дээр Унгар улсын тусламжтайгаар тохижуулж байгуулж байсан. Гэхдээ нэг харамсалтай зүйл нь жинхэнэ генетикч хүн биш антропологич хүн энэ ажлыг эхлүүлсэн. Мэдээж бидэнтэй генетикийн салбарт ажиллана гэж тохиролцсон боловч ажил удаан үргэлжилж чадалгүй нурсан. Үүнээс ижилхэн байгалийн биологийн салбарын боловч тусгайлан мэргэшээгүй эрдэмтэд генетикийн салбарт ажиллахад бэрх байдаг юм байна гэдгийг бид анзаарсан. Тиймээс нарийн мэргэжилтэнгүй салбар цааш хөгжихөд бэрх байна. Анагаахын салбарт бол хүний генетикээр дагнан ажиллаж буй цөөн хүн бий. Нэг талаас анагаахын салбартаа байх нь зөв юм. Манай академи дээр бол илүү томоохон тойм судалгааг ерөнхийд нь хариуцаж ажиллаж байгаа. Хөдөө аж ахуйтай холбоотой малын генетик, селекцийн асуудал бол хөдөө аж ахуйн салбартаа хөгжих нь зүйтэй. 

Мазаалайн тоо толгой цөөрч байна, устахад хүрээд байна гэж их яригдаж байна.Академийн зүгээс мазаалайн генийг судалж үржүүлэх тухайд ажил хэрэгжүүлж байгаа. Энэ ажил ямар түвшинд яваа вэ?

Сүүлийн үед мазаалай гэдэг их “мода”-ны амьтан боллоо шүү /инээв/ мазаалай ховордсон үнэн, хорин хэдхэн толгой үлдсэн гэж ярьж байна. Би бол хорин хэдээсээ арай илүү байгаа болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл махчин амьтдын нэг онцлог бол шинээр төрсөн эм баавгай зулзагаа дагуулаад сүргээсээ зугтдаг. Үгүй бол эр нь шинэ баавгайг устгадаг байгалийн жамтай. Тиймээс энэ баавгайнууд тооллогод орохгүй байх шиг байгаа юм. Тэглээ гээд цөөхөн байна. Гэхдээ яагаад цөөрөөд байгааг хэн ч хэлэхгүй байна. Ойлгомжтой үүнийг генетик л тайлбарлаж чадна. Цөөн тоотой үлдсэн мазаалай байгалийн жамаар гомозегозаци болж байгаа юм. Генүүд доминант, рецетев гэсэн хослолоор оршдог. Нэг гени нь муу нөлөөтэй байгаад устахад хүргэж байгаа бол нөгөө хүчтэй гени нь үлдэх явдлыг л гомозегозаци гэж хэлж байгаа юм л даа. Онцгой байгалийн гамшиг өөрчлөлт үүсэхгүй бол мазаалай амьд байсаар байх болно. Үүнийг хэн ч ойлгуулалгүй маргааш дуусах юм шиг ойлгуулж байгаа нь буруу явдал болж байна. Мөн үүний цаана санхүү эдийн засгийн сонирхол явж байгааг ч үгүйсгэхгүй. Манай залуу эрдэмтэн зөвхөн мазаалай баавгайн судалгаагаар АНУ-д 6 сар ажиллаад ирсэн. Зардлыг байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас гаргасан. Ямарваа нэг амьтны тухайд ярихдаа энэ ямар зүйлд хамаарах вэ гэдгийг бусад овогтойгоо ямар холбоотой гэдгийг судлах ёстой. Өнгөрсөн 20 зууны 2 дугаар хагаст зөвлөлтийн эрдэмтэн академич Соколов мазаалайг биеэ даасан зүйл гэж үзсэн байдаг. Энэ бол их маргаантай асуудал. Америкт хийсэн судалгаагаар энэ бол дэд зүйл бөгөөд баавгайн бүлэг дотор дэд зүйл, хүрэн байвгаагаас 9000 жилийн өмнө салсан гэсэн дүн гаргасан. Энэ бол чухал дүгнэлт. Үүний ачаар бид Хятадын пандатай адил Монголын мазаалайг олон улсын хэмжээнд анхааралд оруулж чадсан. Ирэх гурван жилийн ажлын төлөвлөгөөнд мазаалайн асуудал тусгагдсан, цаашид үргэлжилнэ. 

Генетик инженерчлэл гэдэг ойлголт одоо бидний дунд их ашиглагдах боллоо. Хүний биед хортой, ядуу буурай орны өлсгөлөн хүмүүс дээр туршиж байна, ашиг орлогийн төлөөх зүйл гэх мэт ойлголтууд түгээмэл байна. Та үүнийг эерэг талаас хор хөнөөлөөс гадна ач холбогдол, ашиг тус нь юу болохыг нэг тайлбарлаж өгөөч.

Генетик инженерчлэл гэдэг бол орчин үеийн биотехнологийн хамгийн боловсронгуй арга. Биотехнологи гэдэг өөрөө дөрвөн үндсэн баганаас бүрддэг. Түүний хамгийн нарийн салбар бол энэ юм. Генетик инженерчлэлийн арга боловсруулагдсан явдал бол хүн төрөлхтөнд асар том ирээдүйг бий болгож байгаа юм. Жишээ нь янз бүрийн удамших өвчнийг анагаах эхний алхам. Цаашдаа үүнийг ашиглан хэрхэн анагаах вэ гэдэг нь мөрөөдөл төдий байна. Би германд их сургуулийн малын генетикийн хүрээлэн дээр жижигхэн тоорой шиг хэмжээтэй нас бие гүйцсэн гахай үзлээ. Тэр гахайнд хүний инсулин генийг генийн инженерчлэлийн аргаар суулгасан бөгөөд түүнээс инсулин ялгаж сахарын өвчинд хэрэглэдэг байна. Мянган еврогийн үнэтэй энэ гахайг фермерүүдэд зарж, фермерүүд эмнэлэгт нойр булчирхайг нь зардаг юм билээ. Энэ бүхэн бол энэ салбарын хөгжлийн ач тус юм. Монгол улсад бол энэ чиглэлийн генийн инженерчлэл хэрэггүй.

Түүнтэй би урьдчилж цаг авалгүй уулзлаа. Анхлан генетик лабораторийн эрхлэгчтэй уулзах гэсэн боловч ярилцахаас татгалзсан учир Ц.Жанчив даргын өрөөнд шулуухан яваад орчихов. Түүнтэй ярилцах хугацаанд хийж буй эрдэм шинжилгээнийхээ ажилд дуртай, мэргэжилдээ үнэнч ажиллаж байгаа боловч нөхцөл бололцоо нь тун чиг тааруухан байгааг хэлээд байх шиг санагдсан юм. Шинжлэх ухааны академиийн биологийн хүрээлэнд генетик судалгаа хийдэг гэдгийг мэдээд олзуурхан, гадаадын кинон дээр гардаг шиг цагаан нөмрөгтэй ажилтнууд болон олон сонин хачин техник өрсөн өрөө бүхий барилга төсөөлж байлаа. Гэсэн хэдий ч хаалгыг нь татан орохдоо л би зөв газар руу орж байна уу гэж өөрөөсөө асуумаар санагдаж байсныг дурдмаар санагдаж байна. Шинжлэх ухааны салбарт эдийн засгийн дэмжлэг үнэхээр хэрэгтэй байгааг энэ ярилцлагынхаа төгсгөлд дурдъя.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.