05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

"ФЕРРАРИ" ХЯТАДЫН НИЙГЭМД ТҮГШҮҮР ТӨРҮҮЛЖ БАЙНА

"Феррари" маркийн машинууд нь Хятадад түшмэдүүдийн эрээ цээргүй ховдоглон шунах, биеэ үл эзэмдэхийн бэлгэдэл болон хувирснаар олон нийтэд онцгой түгшүүр төрүүлээд байна. Энэ талаар бизнесмэн Жон Хантсений охинтой уулзахаар давхиж явсан машинаасаа болж  улс төрийн ноцтой дуулиан шуугианд холбогдож орхисон Чунчины намын дарга асан Бо Силайгийн хүү Бо Гуагуа олон зүйл ярьж чадах байсан буй за. Гэвч шинэ дуулиан энэ явдлыг мартагнуулж бүрэн чадах билээ.
Өнгөрсөн гуравдугаар сард Хятадын сонинуудад авто машины ноцтой ослын зурагт мэдээ олноор гарсан байна. Бараг сая долларын үнэтэй "Ferrari 458 Spider" машин өглөөний 4 цагийн орчимд Бээжин хотын тойрог замаар асар их хурдтай давхиснаас гүүр мөргөн бараг хоёр хэсэг болж орхисноор үүнийг харуулсан гэрэл зургууд олон сайтад тавигдсан байдаг. Удалгүй байдал тодорхой болохын хэрээр улсын мэдлийн "Global Times" сонинд бичсэнээр болсон хэрэг явдлын талаар интернэтэд тавигдсан "бараг бүх мэдээлэл" агшин зуурын дотор алга болж, машиныг хэн жолоодож явсан талаар янз бүрийн таамаглал гарах болсон гэнэ.
Харин өнгөрсөн долоо хоногт "South China Morning Post" сонинд машиныг "Хятад улсын дарга Ху Жинтаогийн улс төрийн ойрын зөвлөх Лин Цзихуагийн 23 настай хүү Лин Гу жолоодож явсан" хэмээн бичих нь тэр. Ослын улмаас Линтэй хамт  суралцдаг бүсгүй ухаан мэдрэлээ алдаад байгаа тухай "Post" сонинд өгүүлээд харин Лин хэрхсэн нь тодорхойгүй гэжээ.

Ройтерс агентлаг түүнийг эсэн мэнд хэмээн нотолж байгаа бол харин "New York Times" хэдийнээ амь үрэгдсэн гэж байгаа аж.  
"The Telegraph" сонин Линтэй сургуулийнх нь оюутан найзууд ослын дараанаас холбогдож чадахгүй байгаа, сүлжээн дэх түүний мэдээлэл дахин шинэчлэгдээгүй гэжээ. Үүн дээр бас "New York Times" сонин "бага Лин болон зорчигч хоёр бүсгүй бүгдээрээ хувцас хунараа тайчсан байсан" хэмээн хошуу нэмэрлэжээ.

"Post" сонины мэдээ нь уг хэргийн баримтуудыг нуун дарагдуулахыг оролдож буйг анхааруулж байгаа юм. Үүгээр бол цагдаагийнхны бичиг баримт дахь Лин гэсэн нэр нь Цзя болон өөрчлөгдсөн бололтой. Ингэснээр машины осол хийсэн залуу бол Ху Жинтаогийн өрсөлдөгч Цзя Цинлиний хүү болж таарч байгаа аж. Энэ бүх цуурхал нь нэмэлт мөрдөн байцаалт явуулах шалтгаан болсон гэнэ.

Яагаад Линий аав нь ослыг нуун дарагдуулах гэж махарна вэ? Энэ нь түүний хүүгийн үрэлгэн амьдралтай холбогдон гарч ирэх асуултуудаас зайлсхийх гэсэн оролдлого байж мэдэх юм. Гэтэл албаны их биш цалин хөлстэй хүн хүүдээ сая долларын унаа тэрэг худалдан авч өгнө гэдгийг ойлгоход хэцүү. Гэтэл дээрээс нь Бо Силайгийн дуулиант хэрэг хятадын элитүүдийн санхүүгийн байдал олны анхаарлын төвд улам ороод байгаа үед шүү дээ.

Ямар ч байсан Лин Цзихуа нь хүүгийнхээ орооцолдсон осол болон уг хэргийг нуун дарагдуулах гэснийхээ төлөө шийтгэлээ амсаж, намын Төв хорооны өндөр албанаасаа гулсаад жирийн нэгэн албанд очжээ. Түүнээс гадна голлох холбоотон нь холбогдсон энэ хэрэг Ху Жинтаог ч "цохисон" бололтой. Иймээс одоо энэ дуулиан нь энэ жил Хятад улсын удирдлага солигдоход хэрхэн нөлөөлж мэдэх талаар л маргаан явагдаж байгаа гэнэ.

Түүнчлэн өнгөрсөн 4 дүгээр сард цагаач хятадуудын Boxun.com сайтад Лин Цзихуа болон огцорсон Бо Силай нар нь "төрийн эргэлт" төлөвлөж байсан талаар сонирхолтой мэдээлэл цацагдсан хэмээн Билл Бишоп Sinocism блогт бичсэн байна. Гэхдээ Boxun.com нь энэ цуурхалаас дараа нь зайгаа барих болсон аж.

"Business Insider"-т Адам Тейлорын бичсэнийг орчуулсан С.Амар.

montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.