05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ХОРИГЛОСОН ДУГААРААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦСОН ЖОЛООЧ НАРТ 34.5 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛЖЭЭ

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар замын хэт ачаалыг сааруулахаар авч хэрэгжүүлж байгаа ажлын зохион байгуулалтыг авч хэлэлцэв. Өнгөрсөн наймдугаар сарын 27-ноос авч хэрэгжүүлсэн дээрх арга хэмжээ үр дүнгээ өгч нийслэлийн иргэдээс талархал хүлээх болжээ.   

 Нийслэлийн гудамж замд өдөр бүр Замын цагдаагийн газрын 350 албан хаагч уртасгасан цагаар ажиллан замын хөдөлгөөний зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа юм. Өнгөрсөн нэг сарын хугацаанд ИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хязгаарлалт тогтоосон замын хэсэг болон хориглосон дугаартай автомашинаар хөдөлгөөнд оролцсон 6999 зөрчлийг илрүүлж 34.5 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. Үүнээс гадна улсын дугаар сольж зүүсэн 31 зөрчлийг илрүүлж таван жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 24 жолоочийг 240 мянган төгрөгөөр торгосон тухай Замын цагдаагийн газрын удирдлагууд мэдээллээ.

    Энхтайваны өргөн чөлөөний нийтийн тээврийн автобус, троллейбус явах хязгаарлалт тогтоосон замын хэсэгт нэгдүгээр эгнээгээр зорчсон 8170 зөрчил илрүүлж 40 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Нийслэлийн шинэ удирдлагуудаас гаргасан шийдвэрийн дагуу хэрэгжүүлсэн цогц арга хэмжээний үр дүнд Улаанбаатарт хийгдэж байгаа зам засварын ажил, хичээлийн шинэ жилийн нээлт болсонтой холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачаалал үүсэхээс сэргийлж чадсаны дээр нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, явган зорчигчдыг зориулалтын гарц гарамтай хэсгээр зам хөндлөн гарч хэвшүүлэх зэрэг ажилд мэдэгдэхүйц ахиц гарч, үр дүнгээ өгсөн гэж Замын цагдаагийн газар үзэж байгаа аж.

    Замын цагдаа нар ажил, амралтын өдрүүдийн алинд ч 15 цаг ажиллаж, хэт ачаалалтай байгаа тул Нийслэлийн Засаг даргын дэргэд замын хөдөлгөөнийг зохицуулж, хяналт тавих үүрэгтэй, 120 алба хаагчтай гэрээт алба бий болгох саналыг Замын цагдаагийн газраас дэвшүүллээ. Энэ саналыг судлахыг хотын дарга холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Нийтийн тээврийн автобус нэгдүгээр эгнээгээр явдаг бүсийг өргөжүүлэх, тухайлбал Зүүн дөрвөн зам гэсэн хязгаарлалтыг цааш нь Офицеруудын ордон, баруун чиглэлд нэгдүгээр хорооллын Саппорогийн тойрог хүрч байсныг Таван шарын уулзвар хүргэх санал гарлаа. Бүсийн хүрээг тэлэх энэ саналыг 10 дугаар сарын 25-нд болох НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов. Тус хуралдаанаас өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгч авч хэлэлцээд цаашид баримтлах бодлогоо тодорхойлох юм байна.

Н.Туяа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.