01 сарын 24, Лхагва
°C
USD 2,421.07
USD 2,421.07
EUR 2,963.51
JPY 21.81
GBP 3,378.12
RUB 42.89
CNY 378.10
KRW 2.25

Д.Сэрээдорж: Иргэд дугаартайгаа шилжих үйлчилгээг хүлээж байна

-Операторуудын ойлголцол чухал-

Одоогоос гурван жил гаруйн өмнө үүрэн холбооны хэрэглэгчид сонгосон оператор руугаа дугаартайгаа шилжих үйлчилгээ нэвтрүүлнэ гэж холбогдох байгууллагууд мэдээлсэн. Энэ ажлыг өдий хүртэл хэрэгжүүлээгүй л байна. Дугаартайгаа шилжих үйлчилгээг хэзээ нэвтрүүлэх боломжтой, ямар учир шалтгаанаар удаашраад байгаа талаар Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны дэд дарга Д.Сэрээдорж ийн тайлбарлаж байна.

-Дугаартайгаа шилжих үйлчилгээ ямар шалтгаанаар удаашраад байгаа юм бэ. Нэвтрүүлэхээр ажиллаж буй байгууллага, аж ахуйн нэгж байна уу?

-2014 оны нэгдүгээр сард анх судалгаа хийж, дугаартайгаа шилжих үйлчилгээ нэвтрүүлэх цаг болжээ гэж дүгнэсэн. Тухайн үед үүрэн холбооны операторууд ч харилцан ойлголцож, энэ үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж эхэлсэн юм. Үүнийг хэрэгжүүлэх дөрвөн янзын хувилбар гаргасан.

Нэгдүгээрт, аль нэг оператор хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн нөөц боломждоо тулгуурлан нэвтрүүлэх. Хоёрдугаарт, бүх оператор дундын нэг байгууллага шинээр байгуулах. Гуравдугаарт, энэ чиглэлд хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын аж ахуй нэгжийг оролцуулах. Дөрөвдүгээрт, ХХЗХ хөрөнгө оруулах гэсэн хувилбар боловсруулсан.

-Аль хувилбар нь оновчтой байв?

-Бүх хувилбарыг туршсан, харамсалтай нь амжилтгүй болсон. Эхлээд дундын хөрөнгө оруулалтын хувилбарыг хэрэгжүүлэх гэж оролдсон. Дөрвөн оператор дугаартайгаа шилжих төв байгуулахаар тохирч, “Юнител”-ийн “Ю планет” гэх охин компанийг дундаасаа шалгаруулсан юм. Гэвч тусгай зөвшөөрлөө аваад ажлаа эхлүүлсэн “Ю планет” зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч, цаашид хариуцах боломжгүй гэж татгалзсан.

Дараагийн хувилбар буюу аль нэг оператор компанид хариуцуулахаар хэлэлцэж, “Скайтел” компани шалгарсан юм. Тус компанийнхан дөрвөн сар гаруйн хугацаанд судалгаа хийгээд “Манай бизнесийн онцлогт тохирохгүй, хөрөнгө оруулалтаа нөхөхгүй юм байна” хэмээн нэрээ татсан. Дараа нь гадаадын хөрөнгө оруулагчдыг урьсан боловч тендерт нэг ч компани санал ирүүлээгүй.

Хамгийн сүүлд ХХЗХ өөрөө хэрэгжүүлэх хувилбарт шилжсэн. Ерөнхий сайд захирамж гаргаж, уг ажлыг 3-5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх болсон. 2016 онд Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ХХЗХ-ны дүрэмд “Дугаартайгаа шилжих үйлчилгээ явуулна, ийм нэгжтэй байна” гэдгийг тусгасан. Тухайн үед манай хороо 3-4 жилийн хугацаанд нэвтрүүлэх төлөвлөгөө гаргаж, 2016 онд эхний 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулах болсон ч мөн л үргэлжилж чадаагүй аравдугаар сард зогссон.

-Хувийн хэвшлийнхэн ашиггүй гэж үзээд хөрөнгө оруулахаас татгалзсан юм байна. Харин ХХЗХ-ныхон гардан хэрэгжүүлэх хувилбар яагаад зогссон юм бэ?

-Санхүүжилттэй холбоотойгоор зогссон. Их хэмжээний санхүүжилттэй иймэрхүү төслийг 2016 онд байгуулагдсан Засгийн газраас “Тухайн ондоо гэрээ байгуулаагүй найман сар давсан” гэх шалтгаанаар зогсоосон. Тэр үед тендерт “PC mall” компани шалгарч, гэрээ байгуулахаар ажиллаж байсан юм.

...2014 онд нэг оператор татгалзаж, гурван оператор зөвшөөрч байсан бол өдгөө “Скайтел” компанийнхан зөвшөөрч, бусад гурав нь татгалзах жишээтэй. Компаниудад технологийн хөрөнгө оруулалтын зөрүү бий...

-Гаргасан дөрвөн хувилбар амжилтгүй болчихлоо. Одоо яах вэ. Шинэ хувилбар боловсруулах уу?

-Дугаартайгаа шилжих үйлчилгээний төлбөрөөр тодорхой хугацааны дараа хөрөнгө оруулалтаа нөхөх ёстой. Нийт хэрэглэгчдийн шилжилтийн тооцоогоор эхний жилд 10 хүрэхгүй хувь нь дугаартайгаа шилжинэ. Дараа жил нь 2-3 хувь болж буурна. Цаашдаа нэмэгдэхгүй тогтворжино гэсэн байдаг.

Гадаадын болоод дотоодын аль ч компани судалгаа хийгээд ашиг олохгүй гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс компаниуд татгалзаад байгаа. Анхандаа үүрэн холбооны компаниуд уг үйлчилгээг дэмжихээр нэгдэж байсан ч одоо нөхцөл байдал өөрчлөгдөөд буй. Гэсэн ч иргэд энэ үйлчилгээг хүлээж байгаа, нөгөө талаар үүрэн холбооны салбараа цаашид хөгжүүлэх ёстой учраас ХХЗХ дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Уг ажлыг үе шаттай хэрэгжүүлэх зорилттой. Нэг оператор компани 2-8 сая ам.долларын хөрөнгө оруулж, дундын төвөө байгуулахаар ярьж буй. Эхний ээлжинд үндэсний роумингийн үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Гадаадад явахдаа бид тухайн улсынхаа компа нийн сүлжээг ашигладагтай төстэй үйлчилгээ юм. Дотооддоо сүлжээгүй болон сүлжээ муу барьдаг газарт өөр оператор компанийн сүлжээг хэрэглэнэ гэсэн үг. Энэ хүрээнд 112 тусгай дугаарын утас ажиллуулах болсон.

Өөр оператор компанийн сүлжээг ашиглан уг дугаар руу үнэгүй ярих туршилт хийнэ. Уг үйлчилгээг энэ сард туршаад, ирэх оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Мөн таны утасны сүлжээ аль нэг газар доголдоод байвал өөр операторын сүлжээг өндөр төлбөрөөр ашиглаж болно. Энэ үйлчилгээг ирэх оны хагас жилээр нээнэ. Эдгээр ажил нь дугаартайгаа шилжих үйлчилгээний эхний шат юм.

Дараагийн ээлжинд утасны дугаарын зохицуулалт хийх төлөвлөгөөтэй. Ингэснээр хэрэглэгч эхлээд дугаараа, дараа нь оператороо сонгох боломж нээгдэнэ. Дараа нь бага хөрөнгөөр дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлбэл бизнес эрхлэгчид ашиг олох бололцоотой.

-Операторуудын ойлголцол өмнөхөөсөө өөрчлөгдсөнийг та цухас дурдлаа. Одоо тэд ямар байр суурьтай байна вэ?

-Дугаартайгаа шилжих үйлчилгээ нэвтрүүлэхэд операторууд бэлэн биш байна. 2014 онд нэг оператор татгалзаж, гурван оператор зөвшөөрч байсан бол өдгөө “Скайтел” компанийнхан зөвшөөрч, бусад гурав нь татгалзах жишээтэй. Компаниудад технологийн хөрөнгө оруулалтын зөрүү бий. Өнгөрсөн жил бүх компани 3G сүлжээтэй байсан. Үүнийг маш хурдан ашиглаад дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх ёстой байсан. Гэтэл өдгөө “Жи мобайл” бусдаасаа түрүүлээд 4G сүлжээ оруулчихлаа.

-Дугаартайгаа шилжих үйлчилгээг өдгөө дэлхийн хэчнээн оронд нэвтрүүлсэн юм бол?

-Дэлхийн 70 орны хэрэглэгчид дугаартайгаа шилжих үйлчилгээнд тодорхой хэмжээгээр шилжсэн. Орон бүр менежментийн хувьд янз бүрийн хувилбар сонгосон байдаг. Үүрэн холбооны хөгжлийн тодорхой цаг үед энэ үйлчилгээнд шилжих боломж нээгддэг. Жишээ нь, бүх оператор жигдхэн 4G сүлжээг нэвтрүүлсэн байх ёстой, хамрах хүрээний хувьд адил байх, хөрөнгө оруулалт жигд байна гэх мэт.

 

Эх Сурвалж: www.unuudur.mn

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ГАРЫН ДУЛААХАН АЛГА
ГАРЫН ДУЛААХАН АЛГА
01/13/2018
Зориг муутайхан түүний гарт нь хүрч алгыг нь алгандаа атгаваас хав халуухан байлаа. Хав халуухан тэр алганаас яг л судасны цохилт шиг лугших хайр мэдрэгдэнэ. Нүүр минь ичингүйрсэндээ улайх авч тавьж зүрхлэхгүй. Гарыг нь тавьж зүрхлэхгүйдээ нэг чангалж, нэг зѳѳллѳх атлаа харцаа буруулах нь зүрхний цохилтын хэмнэлийг чагнах мэт. Тэр гарнаас хѳтлѳѳд л ертѳнцийн хязгаар хүртэл алхахад огтоос ажрахгүй бас цуцахгүй мэт мэдрэмж тѳрнѳ. Хэрэв тэр гарыг тавьж орхивоос дахиад хэзээ ч атгаж чадахгүй мэт айдсанд хүлэгдэнэ. Айдсандаа гарыг нь улам чангаар атгахад тэрээр бас л минийх шиг мэдрэмжиндээ
“ХҮНГИЙ”-н ГОЛЫН ХҮҮХДҮҮД \бага насны гэгээн дурсамж\
“ХҮНГИЙ”-н ГОЛЫН ХҮҮХДҮҮД \бага насны гэгээн дурсамж\
Би Завханы Завханмандал суманд тѳрж, бага насаа Завханмандал, Эрдэнэхайрхан, Ургамал сумдад ѳнгѳрүүлсэн юм. Аав минь бага сургуулийн захирал байсан болохоор Эрдэнэхайрхан сумд 1-р ангид орж, Ургамал сумд 4-р ангиа тѳгсѳн, тэр үеийн тойргийн дунд сургууль болох Завханмандал сумд 5-7 р ангидаа суралцаж, 8-10 ангиа Улиастай хотын “Элдэв Очирын нэрэмжит “10 жилийн сургуульд суралцаж тѳгсѳв. Саяхан нүүрномын найз болох Ѳ.Тайванхүү багш “Энэ жил Завханмандал сумын дунд сургуулийн 90 жилийн ой болох гэж байгаа болохоор та жижигхэн дурсамж бичиж явуулаач” хэмээн хүссэн болохоор энэ дурсамжийг тэрлэв.
“БУСДЫН ДОР ОРОХГҮЙ”  АМЬДРАЛ
“БУСДЫН ДОР ОРОХГҮЙ” АМЬДРАЛ
12/21/2017
…Mонгол аав ээж нар хүүхдээ “Хүний дор орохооргүй хүн болгоно” гэж хүмүүжүүлдэг. Үр дүнд нь жѳтѳѳрхүү, амин хувиа хичээсэн монгол хүн бий болно. Япон аав ээж нар хүүхдээ “Хүнд тѳвѳг удахааргүй хүн болгох сон” гэж ѳсгѳдѳг. Үр дүнд нь хариуцлагатай, бусадтай нэгдэж чаддаг япон иргэн бий болно… (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2018 Орлоо-Инфо ХХК.