03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

540 мянган иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалаа нөхөн тооцуулсан

Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, Нийслэлийн нийгмийн даатгалын газрын дарга Д.Золжаргалтай ярилцлаа.

-Нийгмийн даатгалын байгууллагын 2012 оноос хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”. Энэ хуулийн хэрэгжилт хэр байна вэ?

 

-“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-ийг нийгмийн даатгалын байгууллага улсын хэмжээнд хэрэгжүүлж, нийтдээ 540.8 мянган даатгуулагч иргэний 1990-2000 оны хооронд тасарсан хугацааг нөхөн тооцож, 454.3 мянган иргэдэд батлагаажилтын хуудсыг олгоод байна. 2014 онд багтаан бусад иргэдийн баталгаажилтын хуудсыг олгохоор ажиллаж байна.

- Энэ хуулийн гол ач холбогдол нь юу вэ?

-1990 онд эхэлсэн нийгмийн шилжилтийн үед иргэдэд учирсан ажилласан жилийн тасалдлыг бүрэн нөхөж чадсанд энэ хуулийн ач холбогдол оршино. Дээр дурдсан хагас сая илүү хүн ямар нэг байдлаар ажилласан жилээ нөхүүлж авснаар, нийгмийн даатгалд хамрагдах идэвхи нэмэгдэх, тэтгэвэр авагчдын хувьд тэтгэвэр нь ямар нэг хэмжээгээр нэмэгдэх зэрэг олон эерэг үр дагавартай юм.

-Иргэдийг үргэлжлүүлэн бүртгэж байгаа юу?

-1991-1994 оны хооронд нөхөн олговроор тэтгэвэрт гарсан иргэдийг бүртгэж байна. Мөн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бүртгүүлээгүй байсан иргэд холбогдох материалаа бүрдүүлэн бүртгүүлэх тухай Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын шийдвэр гарч мөрдөж ажиллаж байгаа.

-Эрүүл мэндийн урамшууллын оношлогоо, шинжилгээний ажил хийж байгаа гэсэн. Энэ талаар?

-Дараалсан 3 жилийн хугацаанд буюу 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2014 оны нэгдүгээр сарын нэгний хооронд эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гаргуулаагүй даатгуулагч урамшууллын оношлогоо, шинжилгээний багцаас сонгон нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эмнэлгүүдэд эрүүл мэндийн бүрэн үзлэгт нэг удаа хамрагдах томоохон ажил зохион байгуулж байна. Болзол хангасан даатгуулагч Та ерөнхий, хавдар, харшил гэсэн багцаас сонгон үзлэг хийлгэх боломжтой юм. Даатгуулагч Та http://www.ndaatgal.mn/emdprom3/ линкээр орж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

-Нийгмийн даатгалын байгууллагаас 2014 онд хэрэгжүүлсэн шинэлэг ажлуудын талаар танилцуулбал?

-НДҮ цахим машиныг НДЕГ, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст байрлуулж даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны мэдээлэх хуудас, иргэн (даатгуулагч)-нд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай лавлагаа, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийн тооцооны тухай лавлагаа зэргийг цахимаар олгож эхэллээ. Энэ үйлчилгээг иргэд ашигласнаар цаг заваа хэмнэх боломжтой болох юм.

Мөн даатгуулагч иргэд сайн дурын даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамж, лавлагааны хураамжийг Төрийн банкны “Цахим банк”, Хаан банкны “Ухаалаг банк” үйлчилгээг ашиглан ухаалаг гар утас, интернетээр төлөх үйлчилгээг энэ оны 11 дүгээр сард нэвтрүүллээ. Энэ үйлчилгээг иргэд ашигласнаар заавал банкинд очиж төлбөр хийх шаардлагагүй болж байгаа юм.

Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст олон улсын чанарын удирдлагын ISO-9001 тогтолцоог нэвтрүүлэхээр бэлтгэл ажил ханган ажиллаж байна. Энэ ажлыг зохион байгуулснаар нийгмийн даатгалын байгууллагын ажилтны ажлын бүтээмж өсөх, даатгуулагчид түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэх юм.

-Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлж ажилладаг нийгмийн даатгалын байцаагч, ажилтныг хэрхэн дэмждэг вэ?

-2014 оныг нийгмийн даатгалын ажилтны хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан энэ онд нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх олгох шалгалтыг бүх дүүрэг, аймагт зохион байгууллаа. Энэ нь байцаагч, ажилтнуудын мэдлэг, мэргэшил дээшлэхэд ихээхэн түлхэц болдог ажил юм. Мөн бүх ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд оруулах ажлыг зохион байгуулж байна.

- Ирэх онд зохион байгуулахаар төлөвлөж буй ажлын тухайд?

-Нийгмийн даатгалын байгууллага 2015 онд нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх зэрэг зорилтуудыг хангаж ажиллахаас гадна олон улсын чанарын удирдлагын ISO-9001 тогтолцоог нэвтрүүлэх, нийгмийн даатгалын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, ажилтнуудын ур чадварыг сайжруулах, сургалт зохион байгуулах зэрэг олн ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.