04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Аваргуудаа гэж...

Зүүн, баруун талын засуулуудыг ханаруулан сөгтгөн гарч, наадамчин олноо баясган цэнгүүлсэн Монгол улсын 11 аваргатай уулзан, үг сольж явсан азтай хүн билээ би. Монгол улсын аваргуудын талаар элдвийг нурших нь илүүц. Тэднийг ард түмэн дэндүү сайн гадарлах тул энд зөвхөн хувийн бодлоо хуваалцахыг хүслээ. Дархан аварга Д.Дамдин. Намайг ухаан ороход л түүний тухай наадамчид шагшин ярилцдаг байв. Хоёр Мөнхийн хэн түрүүлэхийг чухам Дамдин аваргын авах ам л мэднэ гэж аав хэн нэгэнтэй ярих. Улирлын амралтаар цирк үзэхэд хөл гар дээрээ баахан хүн овоолоод, бас төмөр штанг өргөн хэвтэх булиа ахыг өнөөх Дамдин аварга гэдгийг мэдэж билээ. Гэтэл хожим энэ хүнтэй танилцах, бүр бараа болон сууж, ганц нэг хатуу юм хүртэх хувьтай байжээ. Аваргыг би Сансрын колонкийн дэргэдэх гэрээс нь аван бөхийн өргөө орох замдаа бөхийн хорхойтон, өөрийн найз, ТИС-ийн багш Аюурзанынд аваачихад тэднийхэн ихэд бэлгэшээн, хүндлэн дайлж байсан нь санаанаас гардаггүй. Аваргын хүү Баяраа гарьдтай бас найзалнаа. Бид нас чацуу. Түүний талийгаач дүү Батбаяр, охин дүү Цэцэгдарь нарыг ч сайн танина. Дамдин гуай хүн голдоггүй, хааяа нэг том хараад л хөхөрч суудаг, гүдэс эр байсан даа.
Дархан аварга Ж.Мөнхбат. Энэ агуу хүнийг хуурай ахаа гэж хайрлан хүндэлж явдаг. Жуулчин компанид орчуулагч байхдаа танилцаж байв. Аварга нэг намар манайд гадаадын анчдын отгийн дарга хийж билээ. Хамт байхад уйдна гэж байхгүй, мэдэхгүй юм байхгүй хүн. Хүнийг эвтэйхэн явуулах тал дээрээ бол гаргууд. МИАТ-ын билетийн касстай байранд одоо хүртэл амьдардаг аварга маань тарваганы маханд нугасгүй гээд байгаа. Залуудаа хэсэг зуур Баянаа аваргатай нэг гэрт амьдарч хуушуур авч өгч байсан тухайгаа хуучилдаг юм. За ингэсгээд больё, Мө аваргыг танидгаараа хүн бүр өөрөөрөө бахархдаг гэдэг үнэн дэг шүү.
Дархан аварга Х.Баянмөнх. Би 1993 оны хавар УАЗ-469 машинтай явж байгаад их дэлгүүрийн зүүн урд талын арктай байрын хойт зам дээр бензин дуусч зогсдог юм. Энэ миний хайнга зангийн буруу л даа. Тэгтэл ард ирж зогссон 69-ээс Баянаа аварга бууж ирэв. Гэр нь тэнд ажээ. Би ч колонк орох жаахан бензинээр туслаач гээд хэлээд тавьчихлаа. Аварга “Архины шил бензинээр их явна ш дээ хөө, Толгойтоос баруун дөрвөн зам хүрдэг юм” гээд бүр өөрийнхөө амаар бакнаасаа шланкаар сорон гаргаж, шил бензин үнэгүй өгсөнд одоо ч бэлгэшээж явдаг. Сүүлд нэг тааралдаад та надад бензинээр тусалсан ш дээ гэхэд “Өө тэг лүү, хаана юу хийдэг хүүхэд вэ” гэж байсан. Уг нь 1992 оны наадмын дараахан, өөрийнх нь Хөдөлмөрийн баатар болдог зун Горхид уулзаж байснаа дор өгүүлнэ.
Дархан аварга Д.Цэрэнтогтох. Миний жинхэнэ шүтээн Нарийнтээлийн хар аваргатай гар барьж танилцсан түүх хөгжилтэй. 1992 оны наадмын дараа япончууд үзүүр түрүүний хоёр бөхийг аваргуудын хамт Горхид аваачин дайлж цайлсан юм. Найз Ж.Энхтөр маань үүнийг урьдчилан мэдэж, “Хоёулаа замд нь тосч аваргуудтай танилцан зураг хөргөө татуулъя. Тэд Тэрэлжийн гүүрийн урд овоон дээр буух нь лав” гэснээр бид цэнгэлдэхээс түүний Нива-гаар түрүүлэн гарч дээрх овоон дээр очлоо. Бараг хоёр цагийн дараа Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, Ц.Цэрэн, Д.Хадбаатар аваргууд болон тэр наадамд анх удаагаа үзүүрлээд заан болсон Д.Мөнх-Эрдэнэ нар хэд хэдэн тэргэнд хуваагдан сууж ирэхэд бид уулзан бүгдтэй нь гар барьж, зургаа татуулсан. Долоон аварга, нэг зааны дунд зогсч Энхтөрөөр зургаа татуулчихаад, дараа нь би түүний зургийг дарах гэтэл аваргууд аль хэдийн тараад машиндаа сууж байсан. Тэднийг дахин нэг дор өөрийн дураар зогсоож зургаа татуулна гэдэг үнэндээ ахадсан ажил гэдгийг бид ойлгов. Одоо тэр зураг Америкт амьдарч буй Ж.Энхтөрийнд бий, хичнээн гуйгаад ч надад өгдөггүй юм.
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ. 1991 оны өвөл хүнсний бараа картанд орсон тарчиг цаг байсан. Улаанбаатар зочидбуудлын үүдэнд аваргатай тааралдлаа. Тэрээр “Хөдөө гадаанаас найзууд, зочид ирээд архи хэрэг болоод байна. Та эндэхийн ресторан баарнаас үнээр нь авч өгч туслаач” гэснээр 3 шил цагаан архи авч өгтөл буудлын 4 давхрын зааланд нэгийг нь шууд задалж, миний найз Х.Батсайхан бид хоёрт нэг нэг стакан дүүртэл хийж өгөв. Аваргын хишгийг өөрөөс нь хүртлээ гэж бид их л додигор байж, тэр өвөлжин найзууддаа улиг болтол ярьж билээ. 1993 оны цагаан сарын битүүний өдрийн барилдааны өмнө 1 дүгээр хорооллын урд зам дээр Бат-Эрдэнэ аварга зодог шуудаг бүхий цүнхээ үүрэн зогсож байхыг хараад ихэд бэлгэшээн зогсч аваад Спортын төв ордон хүргэж, даган орж бөх үзлээ. Аварга маань түрүүлж, тэр жилийн битүүний барилдааны түрүү бөхийг дэвжээнд нь дөхүүлж өгсөн миний хувьд ч онд сайн орж, ажил үйлс үнэхээр бүтэмжтэй сайхан байсан юмаа. Харин барилдааны дараа аваргыг хэн нэгэн нь хүргэж өгөө биз, надад олдоогүй. Их даруу, ахмадыг хүндлэх, ёс жаягаа дагах талаар хосгүй бөх.
Даян аварга Ц.Цэрэн. Их наадмын одтой аваргатай дээр өгүүлсэн Горхид танилцан үг сольж байлаа. Ихэнх бөхчүүдийнхээ зодог шуудгийг урладаг байсан тэрбээр барилдахдаа ч уран бөх байсныг монголчууд мартахгүй ээ. Сайхан эр хүн дээ.
Далай аварга А.Сүхбат. Уран мэхийг уралдуулан хийж үзэгчдийг шагшруулж явсан энэ аварга дахин барилдахгүй гэхээр сэтгэл гонсойгоод ч баршгүй. Түүний барилдааныг харж байхад 4-5 мэхийг асар хурдтайгаар угсруулан хийдэг нь олныг баясгагч чимгээ батлаад буй мэт. 1998 оны өвөл Бөхийн өргөөнд болсон нэг барилдаанд Б.Гантогтох заан түрүүлсэн юм. Би зургийн аппараттай явсан тул өөрөөс нь гуйж хамт зургаа татуулах гэтэл зураг дарах хүн ойрхон байдаггүй. Гэтэл нэг харсан А.Сүхбат заан дээлээ өмсчихсөн цүнхээ үүрээд хажууд ирэхэд нь гуйж зургаа даруулчихаад, хэзээ хойно нь хоёр зааны дунд зогсож байгаад өөр хүн гуйгаад даруулчихдаггүй, тэнэг толгой гэж өөрийгөө харааж байв даа. Тэр үеийн шигшмэл зургаан зааны хоёр нь шүү дээ. Залуу аваргыг ардтүмнийхээ, наадамчин олныхоо чин хүсэлтээр дахин дэвжээндээ гараасай гэж хүсэх байна.
Далай аварга Г.Өсөхбаяр. 1995 оны хавар гуравдугаар хорооллын нэг дэлгүүрт хоёр “дэмий гонзгой” нүүр тулан таарч, толгой үл мэдэг дохин мэндэлцгээсэн нь тэр үеийн залуу бөх Өсөхбаяр, нөгөөх нь би байсан. Үнэндээ намайг найзууд динозавр гэж хочилдог байлаа. Тэр дэмий гонзгой өнөөдөр Монгол улсын Далай аварга болжээ. Хожим мэдэхнээ эвлэлийн төв байгууллагад хамт ажиллаж байсан Нарантуяа гэгч сагс тоглодог охинтой суусан байсан. Өсөхөөг одоо барах бөх бараг байхгүй. Гэхдээ чацаар ааглаж аралхаж барилдахаас аль болох зайлсхийж, мэхний олон хувилбарыг үзүүлж барилдвал түмэн олон улам их баярлахсан. Сүхбат, Сумъяабазар нар шиг үзүүштэй барилдааныг наадамчид хүсдэг.
Аварга Д.Хадбаатар. 1973 оны намар Багшийн дээдийн урд талын автобусны зогсоол дээр “Алдар”-ын тамирчин Хадбаатарыг анх харсан. Армийн ахлагчийн шинель нь ханхар цээжинд нь таталдаж, оёдлоороо язайсан тэрбээр миний амьдралдаа харсан хамгийн том хүн-Кингконг байлаа. Аваргатай 1992 оны наадмын дараа Горхид танилцан тамхилж байв. Дээр өгүүлсэн найзын минь Нива-д орж ирж суухад далжисхийн хотолзож, урд зорчигчийн суудлын түшлэгийн түгжээ хугарсан. Тэр ч бага хэрэг. Харин ч найз минь баярласан байлгүй.
Аварга О.Балжинням. 1999 оны намар Ханхөхийн нуруунд гөрөөлөх гадаадын анчдын онгоц цаг агаараас болоод улаанбаатарт 3 хоног саатлаа. Би тэдний орчуулагч нь. Баруунтуруунд буух ёстой тэр онгоцоор сум нутгийнхаа наадамд барилдах Балжаа аварга, Бумбаяр, Мөнхжаргал нарын начингууд явах ёстой байж. Аварга нялх хүүхэд тэвэрсэн эхнэрээ дагуулсан байлаа. Балжаа нислэгийн удирдах төвийнхнийг шалсаар байж онгоцыг нисгэсэн. Үүнд ан хийх зөвшөөрөл нь хязгаартай хоногтой анчид ч талархаж байв. Ц.Чимэддорж найрагчийн хэлснээр тунасаар байгаад Туулын чулуу шиг мөлийсэн Балжаа аварга тулхтай хүн билээ.
Аварга Д.Сумъяабазар. Энэхүү шандастай залуу их наадмын үзүүр түрүүний барилдаанд тав дахь удаагаа барилдаж түрүүлэн нэр хүндтэй цолын эзэн болов. Дөрвөн удаа үзүүрлэж байж түрүүлсэн хэрэг. 1994 онд Сумъяабазарыг начин байхад Спортын төв ордонд уулзан Америк-Монголын хамтарсан Амонг сангийн нэр дээр барилдахгүй юмуу гэж асуухад татгалзаагүй. Гэвч сангийн удирдлагуудтай уулзуулах эв таараагүй тул тэгсгээд орхисон. Удалгүй тэр Алтай Трейдингийн бөх гэж цоллуулж, сүүлд Эрэлийнх болсон юм. Түүний нэг хонгодоод дайрахыг тогтоодог бөх байдаг гэж үү.
Ийнхүү таньж мэдэх аваргуудынхаа тухай өөрийн мэдэхээ бичлээ. Аварга аваргаараа төрдөг гэж худлаа. Харин тэднийг сод авьяас нь, нөр хичээл зүтгэл нь, бас наадамчин олны урам дэм л аварга болгосон хэрэг. Тулаад уулзахаар аваргууд чинь ёстой энгийн хүмүүс ш дээ. Аваргуудаа гэж...

Бөх сонирхогч, Швед улсад амьдарч буй
Хархираа овогт Уртнасангийн Энхбат
Утас: +46 73 915 4055
E-mail: enhee57@yahoo.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.