04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Е.Исинбаева: Би зөвхөн Оросын нэрийн өмнөөс л тэмцээнд оролцоно

НЬЮ-ЙОРК. /TASS/. Оросын хөнгөн атлетикчдыг Рио-де-Жанейрод болох Зуны Олимпын тоглолтод оролцуулахгүй байх нь шударга бус явдал болно гэж тулгууртай харайлтын Олимпын хошой аварга Елена Исинбаева мэдэгдлээ.

Тэрбээр Америкийн "Нью-Йорк таймс" сонины цахим хувилбарт нийтэлсэн өгүүлэлдээ энэ талаарх өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн байна.

Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос /ИААФ/ Оросын хөнгөн атлетикийн холбооны /ВФЛА/ гишүүнчлэлийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан Исинбаева бичихдээ “баасан гарагт ИААФ эл шийдвэрээ сунгах уу үгүй юү гэдгээ шийднэ. Хэрвээ сунгахаар шийдвэрлэсэн тохиолдолд хэзээ ч сэргээш хэрэглэж байгаагүй тамирчид бусдын хийсэн буруу үйлдлийн төлөө шийтгүүлэхэд хүрэх юм” гэжээ.

“Сэргээшийг үгүй хийхийн төлөө гаргаж буй ИААФ-ийн хүчин чармайлтыг би ойлгож байгаа. Гэтэл ямар ч зөрчил гаргаагүй Оросын “цэвэр” тамирчдыг уралдаан тэмцээнд оролцохыг хориглох нь шударга явдал гэж би үзэхгүй байна” хэмээн Исинбаева өөрийн бодлыг илэрхийлсэн байна.

“Намайг Олон улсын Олимпын хорооны тугийн дор уралдаан тэмцээнд оролцоно гэсэн яриа тарсан байна. Энэ бол ямар ч боломжгүй зүйл, учир нь би зөвхөн Оросын нэрийн өмнөөс тэмцээнд оролцох болно. Хэрвээ Оросын баг тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй гэсэн шийдвэр гарвал би ч мөн адил тэмцээнд оролцохгүй” гэж нэрт тамирчин мэдэгджээ.

Сануулан дурдахад, Олон улсын хөнгөн атлетикийн холбоо өнгөрсөн оны 11 дүгээр сарын 13-нд сэргээшийн асуудалтай холбоотойгоор ВФЛА-гийн гишүүнчлэлийг түр зогсоох шийдвэр гаргасан билээ. Харин энэ сарын 17-ны өдөр болох ИААФ-ийн зөвлөлийн хурлаар ВФЛА-гийн гишүүнчлэлийг сэргээх эсэхийг шийдэх юм. Хэрвээ гишүүнчлэлийг сэргээхгүй аваас Оросын хөнгөн атлетикчид "Рио-2016"-д оролцох боломжгүй болно.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.