03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

К.БРАЙАНТ: “Лейкерс” бүсдээ хэддүгээрт бичигдэж байгааг мэдэхгүй

Леброн Жэймс тэргүүтэй “Лос Анжелес лейкерс” баг яагаад тааруу тоглож байна вэ? Хэрэв та К.Брайантаас ингэж асуумаар байгаа бол цагаа олсонгүй. Учир нь “Хар мамба” одоо тун завгүй байгаа.

“Юу болж байгааг мэдэхгүй учраас бодит хариулт өгөхүйц байр сууринаас үнэхээр ярьж чадахгүй нь. Бүсдээ хэддүгээрт явж байгааг нь ч мэдэхгүй. Тэдний өмнө ямар багууд бичигдэж байгаа нь ч бүү мэд” хэмээн К.Брайант “The Undefeated”-д өгсөн ярилцлагадаа өгүүлэв. Хуучин багийнхаа талаар ямар ч мэдээлэлгүй байгаа нь юутай холбоотой талаар лавлахад “Лейкерс”-ийн түүхэнд хамгийн олон оноо авсан домогт тоглогч тэрбээр “Юу гэхээр, бүхэл бүтэн студийг оргүй хоосноос байгуулах, паблишин компани хөлслөх, лиценз, анимэйшний студи бүрдүүлэхээс өгсүүлээд ном бичих, охиныхоо багийг өдөр бүр дасгалжуулах ажилтай учраас надад зав үнэхээр алга” гэж хариулсан юм.

Кобигийн бичсэн уран зөгнөлт “The Wizenard series: Training camp” номын нээлт энэ сарын 19-нд болно. Түүний “Granity studio” нь хүүхдэд зориулсан таван цуврал номынх эхнийхийг ийн олон нийтэд танилцуулж байгаа юм. Өөрөө африк, харин эхнэр нь мексик гаралтай зэрэг шалтгааны улмаас Коби төрөл бүрийн үндэстэн, арьсны өнгөтэй хүүхдүүдийн тухай эл цуврал номыг бүтээхээр шийдсэн аж.

К.Брайантын “The Undefeated” вэб сайтад өгсөн ярилцлагыг сонирхуулья.

-Тааруу амжилттай “Мемфис” багт ялагдсаны дараа Л.Жэймс хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Хэрэв сатаарал, бусдын анхаарал тоглолтод чинь нөлөөлж байгаа бол чи буруу багтаа иржээ” гэж ярьсан. Түүнтэй санал нийлж байна уу?

- Түүний хэлж байгаа үнэн. Хувцас солих өрөөний нөхцөл ямархуу байгаа, тэр хэнийг онцолсон талаар би ярьж чадахгүй, энэ тухай юу ч мэдэхгүй. Харин ямар ч нөхцөлд чи сагсан бөмбөгөөр өвчилсөн байх ёстой. Хэрэв үүнийг ойлгох юм бол энэ багийн хувьд хамгийн чухал нь түрүүлэх гэдгийг мэдэх болно. Өөр зүйл толгойд чинь байх ёсгүй. Сагсан бөмбөгийн зах зээл ийм л байдаг.

-Леброн та хоёр ярилцсан уу?

-Түүнийг “Лейкерс”-т ирснээс нь хойш огт ярилцаагүй.

-Тэд яагаад муу тоглож байна вэ?

- Тоглолтыг нь үзэх боломж надад бараг байсангүй. Охиныхоо багийг дасгалжуулж байгаа учраас гэртээ ирээд “Лейкерс”-ийн тоглолтын сүүлчийн хэсгийг, ихэнхдээ дөрөвдүгээр үеийн дундаас л үздэг. Миний үзсэн тоглолтуудаас харахад тэд одоогоор сайн тоглохгүй байна. Гэмтэл бэртэл тэдний тоглолтын хэмнэлийг бусниулчих шиг боллоо. Харин одоо плей-оффт шалгарахын тулд урьдын хэмнэлээ эргүүлэн авч чадах, эсэх нь л чухал.

-Та 1996 онд дунд сургуулиас шууд NBA-д элссэн. Харин одоо дунд сургуулийн сурагч их сургуульд заавал нэг жил сурсны эцэст лигт орох ёстой. Энэ зун драфтыг тэргүүлэх боломжтой Дьюкийн их сургуулийн Зион Уильямсон өвдгөө гэмтээснээс хойш тоглоогүй. Зарим хүн түүнийг их сургуулийн багтаа ахин тоглох хэрэггүй гэлцэх боллоо. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Үнэнийг хэлэхэд, тоглогчид юу хийхээ сонгох, шийдвэрлэх эрхтэй байх ёстой. Их сургуульд сурах, эсэх нь чамаас бараг хамаарахгүй. Зионы тухайд хэрэв гэмтэл нь зүгээр бол тоглох ёстой. Тэр их сургуульд сурах шийдвэр гаргасан, гэмтэл бол тамирчны амьдралын нэг хэсэг, заримдаа гэмтэнэ, заримдаа гэмтэхгүй. Гэхдээ чи их сургуульд элсэх, улмаар тус багт тоглохоор шийдсэн л бол шийдвэртээ үнэнч бай. Түүнийг удахгүй эдгэж, өвдгөө зүгээр болгоод талбай дээр үзүүлж өгнө гэж найдаж байна.

-Дунд сургуулиас шууд NBA-д орох шийдвэр гаргаснаа эргэн дурсаад та одоогийн хүүхэд, залууст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Үнэндээ чи NBA-д тоглохоор сайн тоглогч мөн, эсэх нь чухал биш, харин өдөр бүр улам сайжирч чадах, эсэх нь л чухал. Хэрэв чи энэ лигт элсэхэд бэлэн боловч өдөр бүр өөрийгөө сайжруулж чадахгүй бол удахгүй бусад тоглогч чамаас илүү болно.

Чамтай цуг нэг драфтаас сонгогдсон ч тухайн үедээ сайн биш байсан тоглогч хэрэв хичээх юм бол эцэстээ чамаас илүү болно, тийм үү?

Тийм учраас сэтгэл зүй чухал. Чи NBA-д тоглоход бэлэн, эсэх нь хамаагүй, харин сагсан бөмбөгийг амьдралынхөө төв цэг болгоод түүндээ өөрийгөө 110 хувь зориулж чадах уу гэдэг л гол нь.

-Таны номын төсөл хэр адармаатай байв?

-Хоёр жилийн өмнө номоо бичихээр суугаад бүх дүрийг толгойдоо бий болгож, тэдгээрийг цаасан дээр буулгах л хамгийн хэцүү байлаа. Дүрүүдээ бодож олсны дараа энэ яагаад ийм байгаа юм, гэр бүл нь ямар байх вэ, тэд хэрхэн өсөж том болох юм, ямар улсын хүүхэд байх вэ, тэр улсыг нь хэн үндэслэв, газар нутаг нь яагаад ийм хэлбэртэй болов гэх мэт олон зүйлийг бодож олох ёстой болсон.

Тийм болохоор сүүлийн хоёр жил зогсоо зайгүй бичлээ. Өглөө босоод, шөнө дунд гээд бичээд л, бичээд л байсан. Үйл явдал мухардангуут дахин шинээр бичнэ, зохиомжилно, үйл явдлаа шинээр эхлүүлнэ гэх мэт. Тэр үе үнэхээр солиормоор. Харин одоо тэр хэсгээ дуусгасан учраас баг бүрдүүлэх ажилдаа орсон. Би их сайн зохиолч олж чадсан. Тэдэнтэй уулзаад “Энэ миний санаа, харин та одоо энийг мянга дахин сайн болгож чадах уу” гэсэн. Ингээд л бид хамтдаа ажиллаж эхэлсэн дээ. Миний хувьд баг маань бүх зүйлийг дээд зэргийн чанартай хийхэд анхаарлаа хандуулж байна.

-Таны номыг спорт, уран зөгнөлт төрлийнх гэж ангилж байна. Та ийм төрлийн ном бичихийг хүссэн юм уу?

-Тийм ээ. Анх энэ номыг бичих санаа төрсний дараа ийм төрөл, жанр өмнө нь огт байгаагүй нь надад хачирхалтай санагдсан. Хүмүүс бүгд уран зөгнөлд дуртай, бид бүгд ид шидэд дуртай шүү дээ. Бас бүх хүн спортод дуртай, тийм үү? Охидоо бага байхад унтахынх нь өмнө уншиж өгдөг байсан үлгэрүүд төстэй, дандаа л шидэт үлгэрүүд байлаа.

Дараа нь тамирчдын тухай уншиж өгдөг болсон. Гэвч охидод маань тохирсон, тэдэнтэй нягт холбогдох хөгжилтэй түүхтэй ном байгаагүй. Тэгээд л би “Өөрөө ном бичих хэрэгтэй юм байна” гэж хэлсэн. Энэ бодолдоо үндэслэж спортын ид шид ямархуу байхыг бодож олсон юм. Тэр ид шид нь юу вэ? Ур чадвараас ид шид төрнө. Мөн чиний сэтгэл санааны хөгжил, тогтвортой байдал нь ид шидийг улам хүчтэй, эсвэл сул болгоно.

-Та зодог тайлснаас хойших гурван жилийн хугацаанд Оскарын шагналт продюсер, “Нью-Йорк таймс”-ын бестселлер номын зохиолч, номын продюсер, “Гранити студио”-гийн эзэн болжээ. Тамирчин байхдаа ийм зүйл болно гэж төсөөлж байв уу?

-Би студитэй, мөн үлгэр, түүх хүүрнэдэг бизнестэй болохыг хүсэж байгаагаа маш сайн мэдэж байсан. Сүүлчийн улиралдаа тоглож байхад хүмүүс надаас “Зодог тайлаад юу хийх вэ” гэж асуухад би “Түүх хүүрнэгч болно” гэж хариулдаг, тэд ч инээлдэж “Хөөрхөн юм аа” гэдэг байлаа. Тамирчид зодог тайлсны дараа маш их стресст орно гэж олон хүн боддог, харин миний хувьд тийм зүйл байгаагүй. Гэхдээ одоо гарч байгаа “The wizenard” номынхоо талаар ярихад тэд над руу галзуу хүн харж байгаа юм шиг ширтдэг байсан шүү.

-Танд ном бичих санаа яагаад төрөв?

-Сайн мэдэхгүй юм. Би үргэлж л юм бичих, үүх түүх зохиох дуртай байсан. Хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөдөг агуу түүх өгүүлэх нь надад сайхан санагддаг, ийм зүйлд татагддаг байлаа. Төсөөллийн тухайд сайн мэдэхгүй юм. Хамгийн гол нь санаагаа олоод түүн дээрээ ажиллаж, хэлэх гэсэндээ хүрлээ гэтлээ баяжуулах ёстой. Ямар ч гэсэн ийм зүйл надад төрөлхийн байсан болов уу. Ном бичих үнэхээр тааламжтай байлаа.

Эх сурвалж: Өнөөдөр сонин


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.