05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ОЛИМПИЙН АВАРГА Н.ТҮВШИНБАЯР “СОЁЛЫН ЭЛЧ” БОЛОВ

Монгол Улсаас төрсөн олимпийн анхны аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсын “Соёлын элч”-ээр томилж, 002 дугаартай гэрчилгээ гардуулав.

Н.Түвшинбаяр өнөөдөр өглөө Дюссельдорфын цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор мордож байгаа бөгөөд үргэлжлүүлээд Берлинд болох “ITB Berlin 2015”- олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд “Соёлын элч”-ийн үүргээ гүйцэтгэн оролцож Монгол орноо сурталчилах юм. Шилдэг гадаад бодлого нь соёлын бодлого байдаг гэсэн зарчмаар Соёлын элч нь Монгол Улсыг гадаадад сурталчилах чухал үүрэгтэй. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэхүү соёлын гадаад сурталчилгааны чиг үүргийг 2015 оноос Гадаад хэргийн яаманд бий болгож, “Соёлын элч”-ээр дэлхийд алдартай Монгол иргэнээ томилдог журмыг батлаад байна. Олон улсын харилцааны зөөлөн хүчний бодлогын тулгуур болсон соёлын сурталчилгааг дипломат алба цаашид улам өргөжүүлэн хөгжүүлнэ гэж Гадаад хэргийн сайд онцлов.

 Бээжингийн олимпийн аварга, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаярт 002 дугаартай Монгол Улсын “Соёлын элч”-ийн гэрчилгээг гардуулах ёслолд ЭМС-ын Дэд сайд Т.Болдбаатар, Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, Жүдо бөхийн улсын шигшээ багийн дасгалжуулагч, ардын багш О.Балжинням, ГХЯ-ны албаны хүмүүс байлцав.

Хэдхэн хоногийн өмнө мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалд Монгол Улсын Ерөнхий сайд, 001 дугаартай “Соёлын элч”-ийн гэрчилгээг Токио хотноо гардуулсан билээ.

Д.Өлзий


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.