05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Ониука охиноо олимпод бэлдэцгээе!

“…Би анх 2002 оноос эхлэн гулгаж эхэлсэн. Түүнээс хойш уран гулгалт миний сонирхдог зүйл болсон билээ. Азийн “Шинэ аваргуудын” тэмцээн, Хонконг, Тайваньд болсон “Сайн санааны тоглолтод” Монгол эх орноо төлөөлөн оролцсондоо би баяртай байдаг. Энэ бол Монголын тамирчин олон улсын уран гулгалтын тэмцээнд анх удаа оролцсон үйл явдал болсон юм.

Би ур чадвараа дээшлүүлж, дэлхийн төвшинд хүрч,  тамирчин хүний мөрөөдлийн оргил болсон Олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн  оролцохыг туйлаас их хүсэж байна.

Та бүхнийг миний вэб сайтад (www.skatemongolia.com) зочилж, намайг уралдаан тэмцээнд оролцох, бэлтгэл хийхэд маань ивээн тэтгэгч болно гэдэгт гүнээ итгэж байна.
Мөрөөдлөө биелүүлэхэд минь тус дэм болох Таны чин сэтгэлийн дэмжлэгт тань маш их баярлалаа!”
Ониука Чинбат

 

14 настай Чинбатын Наранчагаа охин ийн бичжээ. Хүүхдийн гэгээн цагаан хүслээр та бидэнд хандан, итгэн бичиж. Тиймээ Ониука охин хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмүүлж явна. Уран гулгалт хэмээх гайхамшигт сайхан спортоор хичээллэж, өөртөө өндөр зорилго тавиад зүтгэж байна, энэ бяцхан охин.  “Монгол Улсын уран гулгагч” хэмээн эх орноороо овоглон дуудуулан Олимпийн наадмын толь шиг мөсөн дээр гулгахыг хичнээн их хүсч байгаа бол.

 Энэ бол ганцхан Ониука охины, түүний аав, ээжийнх нь хүсэл мөрөөдөл биш ээ. Спортод хорхойтой хүн болгон л Монголынхоо уран гулгагчийг Олимпийн мөсөн дээр харахыг хүсэж байгаа.Тиймээс ч Ониука бэлтгэл сургуулилтаа улам эрчтэй хийж байна.

Уран гулгалтын спорт бол   тун өндөр өртөгтэй спорт. Өндөр зэрэглэлийн, дэлхийн хэмжээний багш хөлслөх, хувцас, хэрэгсэл, тэшүүр, бэлтгэл хийх заалны төлбөр  гээд л асар их мөнгө шаардагддаг нь ойлгомжтой. Энэ бүхнийг зохицуулж, охиныхоо хүсэл, мөрөөдөлдөө хүрэх нөхцөл бүрдүүлэхэд аав Чинбат, ээж Ариунболор нар нь ихээхэн анхаардаг ч тэдэнд “олны оломгүй тус дэм” үнэхээр хэрэгтэй байгаа нь мэдээж.

Ониука багштайгаа ярьж зөвлөөд дасгалаа Монгол ардын дуу “Судгын ногоо” –ны аянд хийх болсон нь эх орныхоо нэрийг гаргаж буй бас нэг алхам юм.
Сүүлийн жилүүдэд уран гулгалтад, ялангуяа эмэгтэй ганцаарчилсан төрөлд олимп, дэлхийн аваргын медалийг Ази охид, бүсгүйчүүд хамах болсон. Магадгүй монгол охин олимп, дэлхийн медалийн тавцанд зогсож байхыг хэн байг гэх вэ.

“Мөсөн дээрх монгол гүнж” –ээ, Ониука охиноо Олимпод оролцоход бэлтгэхэд нь хүн бүхэн сэтгэл гарган туслацгаая!

    “Таван цагариг” сонин, “Таванцагариг-Америкт” сэтгүүл “Ониука охиноо олимпод бэлдэцгээе!” уриалгыг Монголын спортод элэгтэй, спорт сонирхогч бүх хүмүүст хандан гаргаж, хөдөлгөөн өрнүүлэхээр шийдвэрлэсэн юм. Зөвхөн Монголд байгаа төдийгүй гадаадад ажиллаж, амьдарч, сурч буй бүх монголчууддаа уриалж байна. Ялангуяа Америкт буй монголчууд бидний дундаас анх олимпод оролцох тамирчнаа хамтдаа бэлдэцгээе!

    “Ониука охиноо олимпод бэлдэцгээе!” уриалга, хөдөлгөөнийг дэмжих, хамтран ажиллахаа зарим хувь, хүмүүс, “Замдаан” сэтгүүл, “Даяар Монгол” сонин, www.medeelel.com хэдийнэ мэдэгдээд байна. Бүгдээрээ хамтдаа Ониукагаа дэмжицгээе!

P.S. Та бүхэн Ониукад туслаж, дэмжихийг хүсвэл:

England Amateur Skating Foundation
P.O.Box 6881
New Providence,RI
02940
Хаягаар чекээ Onyuka Chinbat  “ NEASF” гэж илгээгээрэй! Эсвэл 406 599 5172, 415 596 2240 утсаар холбогдох мэдээллийг авна уу!

Мөсөн дээрх монгол гүнж

Монголчууд өвлийн олимпод цана, тэшүүрээр л оролцож ирснийг та бид мэднэ. Тэгвэл 2010 онд Канадын Ванкуверт   болох “Цагаан” олимпод манайхан бас спортын төрлөөр оролцох магадлал бий. Үзэгчдийн сэтгэлийг хамгийн ихээр татдаг уран гулгалтаар хичээллэж буй цорын ганц монгол тамирчин гэж Ониука охиныг хэлж болох юм. Ониука гэдэг нь аав,ээжийнх нь охиноо өхөөрдөн Imageдууддаг нэр нь л дээ. Харин жинхэнэ нэрийг нь Чинбатын Наранчагаа гэнэ. Танил найз нөхдүүд, америкууд нь бол  “Princess” буюу гүнж хэмээн дуудна.

Ониукагийн гэр бүлийнхэн Америкийн Монтана мужийн Бүзмэн хотноо амьдардаг аж. Аав, ээж хоёрыгоо ажилдаа явсан хойгуур гэрийнхээ цонхоор өдөржин л мөсөн гулгуурын талбай дээр тоглож буй хүүхдүүдийг харж зогсдог байж. Тэгээд л урангулгалтаар хичээллэхээр шиидсэн бөгөөд энэ үед тэрбээр найман настай байсан гэнэ. Бүзмэний уран гулгалтын клубт , Б.дэвис багшийн удирдлага доор хичээллэж байгаад анхны тэмцээндээ оржээ. Big sky classic  нэртэй мужийн тэмцээнээс Ониука хос алтоан медаль хүртэж, багшийнхаа магнайг тэнийлгэж, аав,ээжийгээ зүйрлэшгүй ихээр баярлуулжээ.

Гараа сайн бол бариа сайн гэгчээр анхны тэр хос алтан медалиас хойш “Гүнж” маань бараг оролцсон тэмцээн болгоноосоо медаль, шагнал хамах болов. Ониука 2005 онд Хонконгт болсон Asian novice skating championship тэмцээнээс тусгай шагнал хүртэж, Тайванийн Тэйбэй хотноо болсон Азийн “Сайн санааны тоглолт”-д амжилттай оролцож, олон улсыэ тэмцээний гараагаа эхлэн Монголын уран гулгагч хэмээн дуудуулах болов. Мөн ондоо Колорадод Спрингс хотноо болсон АНУ-ын мужуудын хооронд болдог National State game-ээс мөнгөн медаль зүүжээ.

2006 он “Гүнж”-ийн хувьд тун сайхан дурсамжаар дүүрэн өнгөрсөн. Ониука Америкт Big Sky Classic болон “Ирээдүйн аваргууд” цуврал тэмцээнд амжилттай оролцсоноос гадна Монгол Улсаа төлөөлөн Азийн аварга шалгаруулах тэмцээнд авьяасаа сорьсон билээ. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын анхны уран гулгагч нь Ч.Наранчагаа охин болон түүхэнд үлдсэн нь тэр. Бяцхан Ониукагийн амьдралд тодоор дурсагдах бас нэг сайхан үйл явдал нь алдарт Опра Уайнфригийн шоунд гэр бүлийнхнийхээ хамт оролцсон нь. Ер нь Ониука уран гулгалтаас гадна юм бүжиглэх,  шүлэг, нийтлэл бичих хоббитой, яггүй нийтлэгч ажээ. Түүний бичсэн хэд хэдэн нийтлэл сонин хэвлэлд нийтлэгдсэн байна. Мөсөн дээрх монгол гүнж маань, алдарт уран гулгагч, дэлхийн олон удаагийн аварга Мишель Кванд хүртэл захидал бичиж байсан гэнэ.

Ониука “Мөсөн дээрх одод” шоуг үзэн М.Кван, С.Коэн, И.Слуцкая нарыг бишрэн харж байсан төдийгүй олимп, дэлхийн аварга, Канадын нэрт уран гулгагч Элвис Стойкотой “Christmas show”-д хамт оролцох аз тохиож байжээ. “Монгол гүнжийн” тэшүүр дээр Э.Стойко гарын үсгээ зурж өгсөн нь Ониукад хадгалаастай байгаа.

Ониука Миннесота мужийн “Shattuck St Mary’s” урлаг спортын дунд сургуульд хоёр дахь жилээ суралцаж байна. Одоо наймдугаар анги. Энэ сургуульд Америкийн 50 мужаас гадна, дэлхийн 22 орны авьяаслаг хүүхдүүд суралцдаг ажээ. Уран гулгалтын төрлөөр АНУ, Япон, Канад, Мексик, Монголын хүүхдүүд суралцдаг гэнэ.

Ониукаа ойрдоо тун завгүй байгаа. Саяхан Нью Йорк мужийн Лэйк Плэсид хотноо “Олимпийн бэлтгэлийн төв”-д багийнхантайгаа долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийсэн. 1980 оны Өвлийн олимп болсон “Ice Arena”-ийн гадна Монголын алтан соёмбот далбаа намирч буйг хараад сэтгэл нь ихэд хөдөлсөн гэнэлээ. Энэ өдрүүдэд Ониука маань Вермонт мужийн Бурлингтон хотноо “Green Mountain open” тэмцээнд оролцож байгаа.
Ц.Энхтүвшин (“ТАВАН ЦАГАРИГ”)

ЧИНБАТЫН НАРАНЧАГАА

Төрсөн он сар өдөр: 1994 оны хоёрдугаар сарын 22

Төрсөн газар: Улаанбаатар

Сургууль: Shattuck St Mary’s School, Faribault, MN, USA 8-р анги

И-мэйл: jijigmongol@yahoo.com This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it

Вэб хаяг: www.skatemongolia.com

Хичээллэдэг клуб: АНУ-ын Монтана мужийн Бозман хотын уран гулгалтын клуб

Хичээллэж буй хугацаа: 2002 оны хоёрдугаар сараас өнөөг хүртэл

Дасгалжуулагчид: Даиана Ронайн , Линда Кроли, Боб Кроли

Зорилго:

Тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцож, 2010 онд Канадын Ванкувер хотноо болох өвлийн олимпид оролцож эх орныхоо нэрийг уран гулгалтын спортоор гаргах. Монгол хүүхдүүддээ үлгэр жишээ болж тэднийг спортод уриалан дуудах.

Спортын амжилт:

-2004 оны 12 дугаар сард Америкийн Монтана мужид болсон “Зул сарын мөсний шоу” тоглолтод багаараа Олимпийн хошой мөнгөн медальт, Дэлхийн 3, Канадын 7 удаагийн аварга Эйлвис Стойкотой хамтран оролцсон.
-2005 оны гуравдугаар сарын 29-30-нд Хонгконгд болсон уран гулгалтын Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийн тусгай шагнал
-2005 оны гуравдугаар сарын 15-18-нд Америкийн Воёминг мужид болсон “Ирээдүйн аваргууд” цуврал тэмцээний алт, мөнгөн медаль
-2005 оны долдугаар сарын 28-31 АНУ-ын Колорадо мужийн Колорадо Спрингс хотноо болсон Америкийн мужуудын аварга шалгаруулах үндэсний тэмцээний мөнгөн медаль
-2005 оны аравдугаар сард Азийн “Сайн санааны тоглолт”-д оролцож 13 дугаар байрт орсон.
-2006 оны гуравдугаар сарын 10-13-нд Воёминг мужид болсон “Ирээдүйн аваргууд” цуврал тэмцээний алт, мөнгөн медаль
-2006 оны хоёрдугаар сард Монтана мужийн Биллинс хотод болсон тэмцээнээс алтан медаль
-2006 оны дөрөвдүгээр сарын 7-9-нд Монтана мужийн Боземан хотод болсон тэмцээнээс алт, мөнгөн медаль
-2007 оны аравдугаар сард Миннесота мужид болсон Их нууруудын бүсийн тэмцээнд 9 дүгээр байр
-2007 оны хоёрдугаар сард Миннесота мужид болсон тэмцээнд алт, мөнгө хүрэл медаль
-2008 оны хоёрдугаар сард Миннесота мужийн Рочестер хотноо болсон “Hiawathaland”- ийн нээлттэй тэмцээнд 1, 3, 4  дүгээр байр

Бусад шагнал:

-2006 оны наймдугаар сараас Миннесота мужийн Фарибаулт хотын Shattuck St Mary сургуульд уран гулгалтаар суралцахаар элсэн орсон. www.s-sm.org

-2006 оны тавдугаар сарын 26-29-нд Колорадо мужийн Телурайд хотод болсон Уулын сэдэвт кино фестивальд монгол бүжгээрээ оролцсон.

-2005 оны есдүгээр сарын 30-нд МБТСУХ-ноос “Спортын алдар” медиалаар шагнагдсан.
-2005 оны дөрөвдүгээр сард Монголын спортын сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгаар Сарын шилдэг тамирчны жагсаалтад буудлагын спортын гавьяат О. Гүндэгмаагийн дараа хоёрдугаарт бичигдсэн.
-2004 оны аравдугаар сард Монголын тэшүүрийн холбооны хүндэт өргөмжлөл
-2004 оны зургадугаар сард Вашингтоны Монголчуудын холбооноос зохион байгуулсан Монгол хүүхдийн урлагийн анхдугаар наадмаас “Биелэх хүслэн”, “Бид биелэнэ” бүжгүүдээр алтан цом
-2004 оны нэгдүгээр сард Монтана мужийн Бозман хотын оны “Энхийн төлөө” шагналд нэр дэвшсэн
-2004 онд  Бүх ард түмний үндэсний спартакиадын алтан медаль
-2004 оны нэгдүгээр сард Соёлын гавьяат зүтгэлтэн ерөөлч магтаалч Ц.Цэрэндоржийн удирдсан Ардын урлагийн хамтлагийн Америкт хийсэн тоглолтонд монгол бүжгээрээ оролцсон.
-2004-оны нэгдүгээр сарын 15-нд  АНУ-ын ток шоуны хатан хаан хэмээгддэг Опра Уинфрийн шоунд гэр бүлээрээ урилгаар оролцож дэлхийн олон улс оронд Монгол орноо сурталчилсан.
-2003 оны наймдугаар сард АНУ-ын Үндэсний газарзүйн нийгэмлэгээс зохион байгуулсан “Дэлхийн өнцөг буланд” гэдэг телевизийн цувралт нэвтрүүлэгт гэр бүлээрээ оролцож, Монгол орон, хөдөөгийн амьдрал ахуйгаа Америкийн “Үндэсний газарзүй” сувгаар сурталчилсан.
-2003 онд Монголд биеийн тамир спорт хөгжсөний 80 жилийн ойн дурсгалын медаль
-2003 онд Нийслэлийн хүүхдийн байгууллагын авъяас алтан медаль
-2001 оны тавдугаар сард “Эрудит” цогцолборын зохион байгуулсан “Уран жиргээ” шүлгийн уралдаанд ээжийн тухай шүлгээрээ тэргүүн байрын шагнал хүртсэн.

Сонирхол, чөлөөт цаг: Шүлэг бичих, усанд сэлэх, дугуй унах, явган аялах, монгол бүжиг сурах, балет, уран нугаралтаар хичээллэх дуртай.

Хэлний мэдлэг: монгол, англи, испани


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.