05 сарын 18, Бямба
6.07°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Хийсгэж чадахгүй юм бол салхи байгаад ч яах вэ, Хүмүүсийг баярлуулахгүй бол хөлбөмбөг тоглоод ч яах

Хөгжил, дэвшлийг “Вашингтон Ди Си -2008” тэмцээн харууллаа Аливаа юм бүхэн цаг хугацааны явцад хөгжин дэвшиж байдаг жамтай. Гэхдээ бас эхлэлийг, үндэс суурийг нь баттай тавьж байж цааш явна л даа. Одоогоос гуравхан жилийн өмнө Америкийн монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах анхны тэмцээн болж байсан түүхтэй. Денверийнхэн тэр тэмцээнийг ихээхэн сэтгэл, зүтгэл гарган тун чиг сайхан зохион байгуулж билээ. Ирсэн зочидоо ая тухыг бодолцож, хоол ундаар дайлж, алжаалыг тайлах үдэшлэгт урьдаг уламжлалыг тэд тогтоосон. Хөлбөмбөгийнхөн гэсэн “нэгэн халуун ам бүл” Америкийн монголчуудын дунд ийн үүсэж, жил бүр ногоон талбайд уулзан , “Хөлбөмбөгийн даншиг наадмаа” хийдэг болсон юм.

Өнгөрсөн жил Чикагочууд, “Аргамаг” багийнхан хөлбөмбөгийн баярыг суугуул нутагтаа буухиалан авч мөн л улам ч сайхан зохион байгуулсан. Өнөө жил тэгвэл Вашингтон Ди Си-гийнхэн “хөлбөмбөгийн даншиг наадмаа” Их гүрний нийслэлд урьж, урьд урьдынхаас давж гарахаар зохион байгууллаа. Монголчуудын хөлбөмбөгийн тэмцээн зөвхөн ногоон талбайд өрсөлддөг тамирчдын өрсөлдөөн бус эв нэгдлийн баяр, их спортыг сэтгэлдээ тээдэг хэн бүхний цуглах талбар, анд найз, ахан дүүсийн амар мэндээ эрэн золгох газар болжээ. Жилдээ болдог “алаг бөмбөг”-ийн энэ баярыг Ди Си-ийнхэн урлаг, спортын цогц арга хэмжээ болгон өргөжүүлж чадлаа.

Багуудын бүрэлдэхүүн ба онцлог

Энэ жилийн тэмцээнд Вашингтон Ди Си-гийн “Монгол Морьд”, “Артель”,“Аймон” баг, Денвер хотын “Алтан бөмбөг”, Чикаго хотын “Аргамаг”, Монголчуудын нэгдсэн “Мон Юнайтед” гэсэн зургаан баг оролцлоо.

 “Монгол морьд” бол анхны тэмцээнйи мөнгөн медальтай, өнгөрсөн жил аварга болсон хүчтэй баг. Олон төрлийн спортын мастеруудаас хүртсэн энэ баг бараг л энэ бүрэлдэхүүнээрээ дөрвөн жил тоглосон, энэ жилийн “Ди Си” лигид тоглогчдоо багуудад жигдхэн хуваан тоглуулсан. Бэлтгэл сайтай, хөл гар нь нийлсэн туршлагатай баг. Хөлбөмбөгийн Амараа, чөлөөтийн Сээгий, Баясаа, Зоригоо, волейболын Чука нарын их спортын талбарт олон жил хөлс, хүчээ зориулсан тоглогчдыг багийн ахлагч Бат нь гайхалтай зохион байгуулдаг, ер нь бүх юм тэгширсэн гэж хэлж болохоор. Зүйрлэвэл том тэмцээнд тогтмол өндөр амжилт гаргадаг Германы шигшээ гэлтэй. “Аргамаг” бол өмнөх хоёр жил дараалан хошой медаль хүртсэн , жигдхэн баг. Жилээс жилд тоглолт нь улам сайжирч байгааг хэн хүнгүй мэднэ. Хашир туршлагатай хоёр Амгаатай, урд бужигнуулдаг Төгөлдөр, Жавхаа хоёр залуутай, хаалган дээрээ хоёр жигдхэн сайн хаалгачтай гээд эдний баг ёр “хоёр”-т дуртай бололтой. Хоёр мөнгөн хүртэж, хөгжөөн дэмжигчдийн талархлыг хүлээж явсан Холландтай адилхан ч юм уу. “Алтан бөмбөг” бол анхны тэмцээнд аварга болсон, ноднин жил мөнгөн медаль зүүсэн “Монгол морьд”-ын гол өрсөлдөгчийн нэг. Нэгэн үе багийнхаа эгнээнд Монголын шигшээд тоглож явсан дөрвөн ч хөлбөмбөгийн мастерыг багтааж, хэн ч зогсоож дийлэхээргүй хүчирхэг явсан. Гэв ч жилээс жилд мастерууд нь цөөрсөөр эдүгээ ганц хаалгач Баяраа л үлджээ. Гэхдээ багийн тоглолт жигд болж, ар талаа жүдогийн Бандид, ур талаа теннисний Уугаад даатгажээ. Нас нь “40 000 миль” гарсан нилээд олон тоглогчидтой тул “Милан” гэвэл онох болов уу. “Мон Юнайтед” бол ёстой л сэтгэл, зүтгэлээрээ тоглодог, үзэгчдийн “симпати”-ийг хамгийн их татдаг баг.

Будант Альбионоос Буман- Учрал, Бостоноос Баатар, Индианагаас Самбуу, Сиэтлаас хоккейний Болдоо, Сан Францискогоос Сайнаа, Баатараа , “газар дээрээс нь” Саруул гээд л жинхэнэ хөлбөмбөгт сэтгэлтэй залуус хоёр дахь жилдээ энэ багийг бүрэлдүүлж байна. Энд тэндээс цугладаг болохоор эд нарт маань бэлтгэл хийх боломж гардаггүй нь ойлгомжтой. Өмнө нь ганц удаа ч болов хамт тоглосон бол эднийх нилээд юм дуулгах баг даа. Эднийхийг уран гоё тоглолтоороо ард түмнийг баясгадаг ч ихэнхдээ медальгүй хоцордог Бразилтай зүйрлэе үү. “Аймон”, “Артель” хоёр бол энэ тэмцээнд анх удаагаа тоосоо өргөж байгаа “битүү морьд”. Гэхдээ энэ өвөлжингөө ДС лигид тоглож, бэлтгэл нь ханасан, бие биенээ гаргуун ойлгодог тоглогчидтой багууд . Анх орж байгаа ч ямар багийг хожоод, ямар ч амжилтад хүрч магадгүй байдаг Африкийн багуудтай л адилхан. Ийм л зургаан баг энэ жилийн тэмцээнд оролцлоо.

Амьд “Төрийн дуулал”-тай аргагүй гоё нээлт

Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагааг зохион байгуулагчид үнэхээр сайн бэлдсэн байлаа. Зургаан багийн тоглогчид ногоон талбайдаа жигдрэн зогссоны дараа Монгол Улсынхаа Төрийн далбааг төрөл бүрийн спортын мастерууд хүндэтгэлтэйгээр залан авчрав. Дараа нь монголын цамын бүжиг, Монгол сургуулийн бүжигчин охидууд уянгалаг хөгжмийн аянд, уран налархай бүжин хурсан олныг баясгав. Мөн Цагаан өвгөн бүжиглэн, бэлгэдлийн уутнаасаа алаг бөмбөгийг гаргаж ирэн сюрприз барьсан. Нээлтийн ёслолын ажиллагааны оргил хэсэг нь мэргэжлийн дуучин Ж.Болормаа Монгол Улсынхаа Төрийн дууллыг дуулсан. Дуулахдаа бүүр амьд дууллаа. Аливаа уралдаан тэмцээн, тоглолтын өмнө Төрийнхөө дууллыг амьдаар нь дуулах ямар сайхан байдгийг энд цугласан монгол хүн болгон ойлгосон байх аа.

Ногоон талбай дээрх өрсөлдөөн буюу тэмцээний тухайд

Зургаан баг гурав гурваараа хоёр хэсэг болон тойргоор тоглоод нэг, хоёрдугаар байр эзэлсэн багууд хагас шигшээд шалгарах журмаар тэмцээн явагдсан. Тэмцээний эхний өдрийн өмнөх үдэш болсон хурал дээр бүх багийн төлөөлөгчид хэрхэн яаж тоглох, ямар дүрэм, журам баримтлах талаар сайтар ярилцсан болохоор тэмцээний үеэр өчүүхэн ч маргаан гараагүй. Мөн тэмцээнийг гадаадын мэргэжлийн шүүгчид шүүсэн нь ч үүнд ихээхэн нөлөөлсөн юм. “А” хэсгийн “Алтан бөмбөг”-“Артель” багуудын тоглолтоор “Вашингтон Ди Си-2008” тэмцээн эхэлсэн.

Том, жижиг ямар ч тэмцээний эхний тоглолт ямагт ширүүн өрсөлдөөнтэй болдог жамаар энэ тоглолт ч сонирхолтой болов. “Алтан бөмбөг”-ийнхөн туршлага заан, гоолны боломж хэд хэд гаргасан ч ашиглаж чадсангүй. Харин “Артель” нутагтаа тоглож байгаа болохоор тайван, бас бэлтгэл сайтай харагдаж байв. Энэ тоглолтын цорын ганц гоол 11 метрийн торгуулийн цохилтоос орж, “Алтан бөмбөг” 1:0 –ээр хожсон. Дараа нь “Аргамаг”- “Артель” багууд бас л ана мана үзлээ. Хошой хүрэл медальт Чикагогийн хөлбөмбөгчид 2:1-ээр хожсоноор “А” хэсгээс “Артель” баг “мултрах нь” тодорхой болсон билээ. Ингээд хэсгээсээ хэн нь нэгээр гарах вэ гэдгийн төлөө “Алтан бөмбөг”-“Аргамаг” багууд өрсөлдөв. Ялсан хагас шигшээд арай л гайгүй өрсөлдөгчтэй таарах тул хэн хэн нь алдаа гаргахгүй чамбай тоглож байлаа. Гэвч “Алтан бөмбөг”-ийн хамгаалагчид өөрийн торгуулийн талбайд гаргасан “том” алдаа энэ тоглолтын ялагчийг тодруулав. “Аргамаг” 1:0-ээр хожин, цаашид финалд үлдэх ч боломж гарч ирлээ. Харин “Алтан бөмбөг” өмнөх хоёр тэмцээнд шувтаргын тоглолтод шалгаран үлдсэн “Монгол морьд”-тойгоо арай л эрт “уулзах” болов. “В” хэсгээс “Монгол морьд” нэг их зоволгүй нэгээр гарч ирэв. Эхний тоглолтод “нутгийн” баг “Аймон”-тойгоо таарч 2:1-ээр хожсон бол хоёр дахь тоглолтдоо “Мон Юнайтед”-ыг 4:0-ээр буулган авлаа.

Хэсгийн сүүлийн тоглолтод “Мон Юнайтед”-“Аймон” багууд таарч хэн хожсон нь хэсгээсээ гарахаар тун хариуцлагатай тоглолт хийв. Энэ тоглолтод “Аймон”-ы залуу тоглогчдын довтолгоо үнэхээр хурдтай, хүчтэй байв. Хаалгачийн эсрэг “Аймон”-ы залуус бараг 5-6 удаа ганцаараа гарсан байх. Ингээд 3:0-ээр “Аймон” хожлоо. Хоёр дахь өдөр хагас шигшээ болон медалийн төлөө тоглолтууд явагдав. Эхлээд “Аргамаг”-“Аймон” багууд таарав. Ялбал мөнгөн медаль хармаанд орж, шигшээ тоглолтод шинэ баг үлдэх болохоор тун сонирхолтой болов. “Аргамаг”-ынхан өмнө нь хошой хүрэл хүртэж, энэ жил хэсэгтээ алт, мөнгөн медальт “Алтан бөмбөг”-ийг хожсон болохоор финалд үлдэнэ гээд арай л эрт тооцолчихсон болов уу. Харин “Аймон” хашир мастерууд олонтой “Мон Юнайтед”-ыг буулган авч хагас шигшээд шалгарсан болохоор улам урам орж, зоригтой задгай тоглосон нь үр дүнд хүрлээ. “Аргамаг”-ыг тэд 3:1-ээр хожин шигшээ тоглолтод шалгарав. Хоёр дахь хагас шигшээ бол үнэхээр шилдэг хоёр багийн өрсөлдөөн байв. Энэ хоёр баг жил бүр хоорондоо учраа таардаг, хэн хэнийхээ хэрхэн тоглодгийг арван хуруу шигээ мэддэг багууд. Гэхдээ өмнө нь шигшээ тоглолтод л таардаг байсан. Энэ жил ч шигшээд л таарна гэж тооцоолж байсан ч “Алтан бөмбөг” эрт хожигдол хүлээснээр ийн эд нар уулзсан хэрэг. “Монгол морьд” эхлээд довтолгоонд санаачилга авсарр хоёр гоол хийчихэв. Гэвч тэдэнд тайвшрах болоогүй гэдгийг “Алтан бөмбөг”-ийнхөн сануулж, хариу гоолыг төдхөн оруулав. Мөн удалгүй тэдний холын зайн цохилт “Монгол морьд”-ын хаалганы хөндлөвчийг оруулж нилээд сандаргав. “Монгол морьд”-ынхон ч хэрэг бишдэж магадгүйг ойлгон довтолгоогоо дахин эрчимжүүлснээр тооны харьцааг 3:1 болгов.

“Алтан бөмбөг”-ийн хамгаалагч Ариунсайхан сэлгээгээр талбайд гарч ирмэгцээ л булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг маш гоё мөргөн тооны харьцааг ойртуулж 3:2 болголоо. Энэ тэмцээний хамгийн гоё гоолын нэгэнд энэ гоол тооцогдсон билээ. Өрсөлдөөн ид үргэлжилж байх үед “Монгол морьд” дахин нэг гоол оруулснаар “гол өрсөлдөгчөө” 4:2-оор хожиж, аварга болох замаа заслаа. Хүрэл медалийн төлөө Чикагогын “Аргамаг”, Денверийн “Алтан бөмбөг” багууд дахин таарлаа. Хэсгийн тоглолтод санамсаргүй алдааны улмаас хожигдсон болохоор “Алтан бөмбөг” огт хий гаргахгүй тоглов. Харин финалд үлдэнэ гэж бодож байсан “Аргамаг” хагас шигшээд харамсалтай хожигдсон болохоор сэтгэл зүйн хувьд сэргэж амжаагүй байгаа нь илт. Эхний үед аль аль нь гоол оруулж чадсангүй . Гэвч хоёрдугаар үед “Алтан бөмбөг”-ийнхөн илүүрхэж дөрвөн ч гоол угсруулан хийснээр тоглолтын хувь заяаг шийдсэн. “Аргамаг” тоглолтын төгсгөлд нэр төрийн нэг гоол хийснээр 4:1-ээр “Алтан бөмбөг” хожин, хүрэл медалийн эзэд боллоо. Финал. Энэ жил “Ди Си лиг”-ийг байгуулан өвөлжингөө бөмбөг нүдсэний хэрэг ийн гарав. Бэлтгэл дээр хэн их хөлс урсгана тэмцээн дээр тэр ялалт байгуулна гэдэг дээ. Үнэхээр ч Ди Си-гийн хоёр баг бэлтгэл, байнгын тоглолтын үр шимийг хүртэн алтан медалийн төлөө шалгаран үлдэв. “Аймон” анх удаа ороод л мөнгөн медаль авсандаа ханасан уу нэг л зохион байгуулалт, тактик муутай тоглов. Харин “Монгол морьд” туршлага тактикаар үнэхээр илүүрхэн 4:0 –ээр хожин , Америкийн монголчуудын хөлбөмбөгийн АШТ-ий алтан медалийг хоёр дахь жилээ дараалан хүртэж, хошой аварга боллоо.

“ЗАМДААН” сэтгүүлийн нэрэмжит “Өсөх ирээдүйтэй тамирчны” шагналыг “Мон Юнайтед” багийн тоглогч , 13 настай Буман-Учралын Ууганбаяр хүртсэн бол шилдэг ахмад тамирчны “Таван цагариг-Америкт” сэтгүүлийн нэрэмжит шагналыг Сиэтлээс ирж “Мон Юнайтед” багт тоглосон, хоккейн спортын мастер А.Болдбаатарт олголоо. Мөн жонглёрын тэмцээнд “Алтан бөмбөг” багийн тоглогч Бааска түрүүлэн дурсгалын цомоор шагнуулсан. Шилдэг довтлогчийн шагналыг “Аймон” багийн Жавхлантөгс 5 гоол оруулснаар хүртсэн бол “Вашингтон Ди Си-2008” тэмцээний MVP буюу шилдгийн шилдэг тоглогчоор “Монгол морьд” багийн Даваадорж шалгарч, “Таван цагариг”-ийн нэрэмжит болор цомын эзэн боллоо. Алтан медалийн төлөө тоглолтод түүний унаж татан хийсэн гоол энэ тэмцээний хамгийн шилдэг гоолын нэг байсныг энэ дашрамд өгүүлье. Мөн “ТАВАН ЦАГАРИГ” –аас Америкийн монголчуудын дунд спортыг хөгжүүлэх, сурталчлах, түгэн дэлгэрүүлэх үйлсэд онцгой амжилт гаргасан хувь хүн, баг хамт олонд олгох “TAVAN TSAGARIG AWARD” шагналыг бий болгоод удаагүй байгаа билээ. Анхны шагналыг Монголчуудын хөлбөмбөгийн АШТ-ийг анхлан санаачлан зохион байгуулсан Денверийн “Алтан бөмбөг” клубт олгосон бол хоёр дахь шагналыг энэ удаагийн тэмцээнийг үлгэр жишээ зохион байгуулсан “Монгол морьд” багийн хамт олонд олголоо.

Хорхог, “Хөтөчтэй аялал” хийгээд “Болор үдшийн одод” цэнгүүн

Тэмцээний эхний өдрийн орой зохион байгуулагчид амтат сайхан хорхогоор дайлж, хүний нутаг , гүний хошуунд яваа бидэндээ эх орноо сангалзан элэг зүрх догдолмоор монгол хоолны амтыг, хийсэн хүмүүсийн сэтгэлийг мэдрэхээр дайлав. Хорхог болох хооронд бас зохион байгуулагчид Монголын Соёлын төвийнхөнтэй хамтран “Хөтөчтэй аялалд” урьсан.

Хэл шинжлэлийн доктор, хөлбөмбөгийн ногоон талбайд бол “Мон Юнайтед” багийн довтлогч М.Саруул-Эрдэнэ, МСТ-ын гишүүн Дашцэдэн нар баг тамирчдыг “хөтлөн” богинохон хугацаанд Иво Жимагийн дурсгалын хөшөө, Холландын Карилльон хонх, Арлингтоны Америк цэргийн дургалыг цогцолборыг үзүүлэн үүх, түүхийг нь нүдэнд харагдтал үнэхээр сайхан ярьж, тайлбарлаж өгсөн. Хол газраас ирсэн багууд зөвхөн тэмцээндээ тоглоод буцах тохиолдол байдгийг анзааран ирсэн хотынхоо үүх түүх, дурсгалт, үзүүштнй газруудаар ийн “хөтөчтэй аялал” хийх үнэхээр зөв арга хэмжээ болсон. Тэмцээний дараа “Болор үдшийн одод” хүндэтгэлийн зоог, үдэшлэгийг бас л сэтгэл хөдлөм сайхан зохион байгуулсан. Ногоон талбай дээр хөлбөмбөгчний тоглолтын хувцастай хөлсөө урсган гүйж явдаг хүдэр бор залуус маань энэ орой хөлбөмбөгөө, арга хэмжээгээ хүндлэн бүгд “гонжоом”, зангиагаар, гэргий нар нь гоёмсог даашинзаар гангарч, “Чингис хаан” хамтлагын ахлагч Жагаа “Тамирчны алдар” тэргүүтэй олон дуугаараа ая барьж, багууд ээлжлэн урлагийн ноймер, мэндчилгээ үзүүлсэн. Ногоон талбайд өрсөлдөж байсан найзууд энд амтат хоол зооглон, хундага дарс шимэн ажил, амьдрал, амин хувийн яриагаа ярьж, анд найз нараа сураглаж, за жаргалтайхан шиг нэгэн үдшийг үдсэн. Зохион байгуулагчдад зориуд хэлэх талархал ба Ди Си баяртай! Денверт уулзацгаая! Жилдээ нэг болдог хөлбөмбөгийн баяр наадам маань ийнхүү сайхан болж өнгөрлөө.

Энэ мэт томоохон арга хэмжээг бүү хэл эгэл жирийн юмыг зохион байгуулахад хичнээн олон хүний хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө, цаг зав ордог билээ дээ. Гэхдээ сэтгэл байвал бүх юм болдог гэдэг дээ. Тэмцээнийг зохион байгуулсан Ди Си-гийнхэндээ, ерөнхий шүүгч Ш.Бааска, Т.Ганбаадаа, эмч Дашцэдэн, Ууугабаяртаа, өргөн мэдлэг, хошин мэдрэмжээрээ олныг баясгасан тайлбарлагч, хөтлөгч Саруулдаа, ивээн тэтгэсэн, сайн дураараа зүтгэсэн бүх хүмүүс, тоглох нөхцөл боломжийг бүрдүүлсэн ар гэрийнхэн, анд найз нарт нь, хамгийн гол нь хөгжөөн дэмжин, хоёр өдрийн турш халуун нарыг ч эс хайхран үзсэн бүх балиашигууддаа БАЯРЛАЛАА! гэж дахин дахин хэлье!

Ирэх жилийн тэмцээн хол байна даа, хол байна. Ди Си баяртай, Денверт дахин уулзая!

“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин. 05.24-25. Вашингтон Ди Си


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.