04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Т.Булгантамир: Зам засвараас гадна тендерт оролцох хүндрэлтэй байдаг

Манай сурвалжлах баг аймаг орон нутгуудын шилдэг татвар төлөгчидтэй уулзаж, туршлага зорилгоос нь олон нийттэй хуваалцаж байгаа билээ. Бусдаас бурууг, бас харыг харахаас илүүтэй ололт амжилттай талыг нь олж харах зорилготой орон нутгаас хийж буй цуврал сурвалжлагаа энэ удаад Сэлэнгэ аймгаас бэлтгэн хүргэж байна.

Ингээд татвар төлөлтөөрөө тэргүүлж, хийсэн ажил, ололт амжилтаараа аймаг орон нутагтаа үнэлэгдсэн  “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-иар зочиллоо. Уг компани өдгөө   65 ажилчин, 43 техник тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.  Тус компанийн ажилчдын туйлын зорилго бол өөрсдийн барьсан замаас шалтгаалах хүндрэл гарахгүй байх явдал. Түүнээс биш энд, тэнд олон тооны зам барьж, ашиг хонжоо  харахдаа гол нь биш гэдэг нь манай сурвалжлах багийнханд  мэдрэгдэж байсныг энд дуулгах нь зүйтэй биз ээ. Дашрамд хэлэхэд, уг компани засвар арчлалтын компаниудаас Монгол Улсдаа нэгдүгээр байр эзэлдэг төдийгүй  “Алтангадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонтой олон арван  ажилчинтай гэдгээрээ онцлог аж. 

Ингээд  аймагтаа тэргүүлэх “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн захирал Т.Булгантамираас зарим зүйлийг тодрууллаа.

1qsou58ka6ocicrh5slqa7qaiu

-Замын компаниуд хэдэн км зам барьж байгаа нь чухал биш-

-Хаана харьяалагдах, аль бүсийн замд засвар, арчилгаа хийдэг вэ?

-Манай төрийн өмчит хувьцаат компани Дархан-Алтанбулаг, Алтанбулаг-Сүхбаатар хот хүртэлх хайрган замын засвар арчлалтын ажлыг хариуцан хийдэг. Хамт олон маань ажил мэргэжилдээ мэргэшсэн хүмүүс. Аль ч үед хийх ёстой ажлаа чанартай, сайн хийдэг. Мөн татвараа цаг хугацаанд нь хийдэг хамт олон.

Бид 2014 онд  2.3 тэрбум төгрөгийн ажил хийсэн. Оршин суугчдын тав тухтай байдлыг хангах чиглэлээр нийтийн эзэмшлийн зогсоолын ажлууд хийгдсэн.

Бидний хувьд Дархан, Сүхбаатарын зам аюулгүй, эвдрэл гэмтэлгүй байна гэдэг бидэнд томоохон бүтээн байгуулалт болж байдаг. Хүмүүс тэдэн км зам барьсан гэж ярьдаг. Харин бидний хувьд засварын арчлалт сайн байж гэмээнэ нутгийнхаа хөгжилд оруулж байгаа хувь нэмэр, бүтээн байгуулалт юм.

-Хийсэн замуудын чинь насжилт хэр байна?

-Манай асфальтин зам насжилт өндөртэй. Замаа бид нүхгүй байлгах зорилт тавьж ажилладаг. Зассан замдаа хоёр жилийн баталгаа өгдөг. Ажилчид маань өвлийн нөхцөлд шуурхай байдалд ажилладаг. Тухайлбал, шөнө орсон цасны улмаас хальтиргаа гулгаа үүсч хөдөлгөөний аюулгүй байдал зөрчигдөхөөс сэргийлж цас, хальтиргааг засаж ажилладаг.

Ер нь зам засвар арчлалтын компанийн үндсэн үүрэг бол хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж замаас шалтгаалах осол аваар гарахгүй л байх ёстой. Тиймээс үүргээ ухамсарлан ажиллаж чаддаг манай компани Монгол Улсдаа дээгүүрт ордог гэж боддог.

-Тулгамдаж буй асуудлууд бий юу?

-Бид ТӨХ-ноос жилд хийх ажлынхаа төлөвлөгөөг авдаг. Тухайлбал, энэ жил 1.7 сая төгрөгний ажил хийх ёстой. Харин Зам тээврийн яамнаас засвар арчлалтын 954 сая төгрөгний ажил хийхийг үүрэгдсэн байгаа. Гэтэл энэ бүхнээс гадна 800 орчим сая төгрөгний ажил тендерт орж хийх ёстой байдгаас болж багагүй хүндрэл учирдаг. Гэхдээ бид чадлынхаа хэрээр хийдэг. Хийгээд сурчихсан туршлагатай хүмүүс ч бий.

Гэхдээ засвар арчлалтын компаниуд мөнгөнд бус зөвхөн замынхаа засвар, нүх сүвэнд анхаарах чухал. Гэтэл бид аймаг, улсын хэмжээнд хаана тендер зарлагдаж байна тэр болгонд оролцоод явж байна.

-Хамгийн сүүлд тендерээр ямар ажил авав?

-2015 онд Дархан-Уул аймагт 504 сая төгрөгний тендерийн ажилд оролцож 917м асфальтин хучилттай замыг 21 хоногт барьж хүлээлгэж өгсөн.  Өмнө нь тендерт оролцоод ялагдаж байсан ч энэ удаад чанарын маш сайн үзүүлэлттэй замыг богино хугацаанд хүлээлгэж өглөө.

-Рекаклин гэх машиныг таван аймгийн дунд ядаж нэгийг өгвөл ч... -

-Төр засаг хийгээд холбогдох удирдах яамдуудаас ямар дэмжлэг авахыг хүсч байна?

-Дахин боловсруулах буюу бидний хэлж заншсанаар резаклийн машин замын компаниудад хэрэгтэй гэж бодож байна. Хуучин асфальтийг нь бутлаад цементээ холиод шинээр дэвсдэг ажил байдаг.  Тэгвэл энэ машиныг хэрэглэснээр маш их материал, цаг зав хэмнэсэн, маш чанартай болдог  юм байна гэдгийг ойлгосон. Өнгөрсөн сар Дарханы замын ажилд резаклийн машин хэрэглэж, маш сайн зам болдог гэдгийг нүдээрээ харж мэдэрлээ. Тэгэхээр замын компаниудад, тэр дундаа төрийн өмчит манайх шиг компанид энэ машиныг авахад харьяа яам, аймаг сумаас тусламж үзүүлвэл ажлын бүтээмж харьцангуй сайжирч, бидний ачаалал ч багасаж болох юм.

Би автозамын чиглэлээр 28 жил тасралтгүй ажиллаж байгаа хүн. Гэтэл өнөөдрийг болтол ийм сайн тоног төхөөрөмж харж байсангүй. Хуучин асфальтийг нь бутлаад, дахин боловсруулж хэрэглэнэ гэдэг ололттой. Бид гар аргаар зам хийхдээ хуучин асфальтийг нь хуулж хогийн цэг дээр аваачиж хаяж, тухайн газраа хайрга шороо нэмж, индүүдэх гээд олон ажилбар хийдэг. Тэгэхээр ийм төрлийн шинэ тоног төхөөрөмжийн хэрэгцээ зайлшгүй хэрэгтэй байна. Эл машины үнэ 1.4 тэрбум төгрөг юм билээ. Тэгэхээр бид тодорхой дэмжлэггүйгээр авах боломжгүй.

Ядахдаа энэ машиныг таван аймгийн дунд нэгийг аваад өгчихөд Монголын ард түмэн маш сайхан замаар яваад байх боломжтой болох байх.

-Замын компаниудын хувьд ачаалалтай ажиллах үе байдаг бол сул зогсох тохиолдол ч гардаг байх?

-Манай ажиллагсдын хувьд дунджаар 450-800 орчим цалин авдаг. Энэ жил бага зэрэг хүндрэлтэй байна. Учир нь ямар ч урьдчилгаа, хийгдсэн ажил байхгүй, өвлийн засварын ажлуудын маань хөрөнгө оруулалт санхүүжилт хийгдэхгүй байсаар 4-6 сард сул зогссон. Харин зуны саруудад маш их шахаж ажилласан. 24 цагаар ээлжилж хүртэл ажиллаа. Ийн ажилласны дүнд энэ жилийнхээ ажлын ард гарч байна. Өвлийн засварын ажилдаа бэлэн байдалтай байна.

Алтанбулаг Улаанбаатарын замын хэсэгчилсэн шинэчлэл засварын ажил 1999 онд хийгдсэн. Үүнээс хойш өнгөрсөн жил Дархан Улаанбаатар хоёрын хооронд 10 км-ын зам л хийгдсэн байгаа.  Уг нь бага багаар нь, жил жилд шинэчлээд явдаг бол Дархан, Сэлэнгийн зам эргээд цоо шинэ болох өндөр магадлалтай.

-Түүхийн эдээ өөрсдөө хийх боломж бололцоо бий юу?

-Дандаа тендерээр түүхий эдээ авдаг.

-Ярилцсанд баярлалаа.

“Сэлэнгэ АЗЗА” ТӨХК 1933 онд анх байгуулагдсан ба 2013 онд уг компани 80 жилийнхээ ойг тэмдэглэжээ. Тэгэхээр Монголын автозам арчлалтын ууган компаниудын нэг болж байгаа. Тиймээс ахмад ажилчидтайгаа уулзаж зөвлөгөө авч, туршлага солилцдог юм байна. Цаашлаад компанийн удирдлагын зүгээс ажилчдынхаа тав тухы хангах үүднээс хуучин байраа нөөц бололцоогоороо засварлаж, спорт, хурлын заал, амралтын өрөө зэргийг тохижуулах гэж байгаа аж.

 1o948f9k3q7d1bpfeaov7pkuk8

П.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.