Азийн тэрбумтнуудын тоо өсөж, АНУ-ынх буурсаар

“Bloomberg”-ийн тэрбумтнуудын жагсаалтад Азийн баячуудын тоо өсөж, АНУ-ынх буурлаа. 2017 онд дэлхийн чинээлэг эрхмүүд нэг их наяд ам.доллараар хөрөнгөө нэмэгдүүлсэн байна. Харин АНУ-ын 17 тэрбумтан өнгөрсөн онд “Bloomberg”-ийн тэрбумтнуудын жагсаалтаас хасагджээ.
Дэлхийн баялаг Азийг чиглэж байгаатай зэрэгцээд 2017 онд гурван долоо хоног тутамд АНУ-ын нэг тэрбумтан жагсаалтаас хасагдсан байна. Харин БНХАУ, Энэтхэг, Тайландын олон чинээлэг баячууд жагсаалтад шинээр нэмэгджээ. БНХАУ-ын 38 тэрбумтан “Bloomberg”-ийн жагсаалтад багтаж байгаагаар гуравдугаарт бичигдэж байна. Тус улсын өмнө 39 тэрбумтантай Герман, 160 тэрбумтантай АНУ жагсаалтыг тэргүүлж байгаа аж.
Үүнээс гадна БНСУ-ын цахим тоглоом хөгжүүлэгч “Pearl Abyss Corp”-ийг үүсгэн байгуулагч Ким Дэ Ил 2017 онд 689 сая ам.доллараар хөрөнгөө нэмэгдүүлж, 1,1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болжээ. Ингэснээр тэрбээр хамгийн сүүлд цахим тоглоомын ертөнцөөс тэрбумтан болсон БНСУ-ын бизнес эрхлэгч болж байна.
Б.Ариунболд