04 сарын 28, Ням
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Аялал жуулчлалын салбар буруу замаар будаа тээх вий

Хууль бус жуулчлалаас Монгол улс биш монгол охид ашиг олдог
А:
Let’s travel to Mongolia. Бүгдээрээ Монголоор аялацгаая?
S: Тэгье, нүүдэлчин зан үйлийг сонирхъё. Гэхдээ тэнд үзэж харах зүйл ховор байдаг гэсэн ш дээ.
А: Зүгээр ээ. Түүнээс ч сайхан зүйлийг “амтлах” болно.
S: Тэр чинь юу юм бэ?
А: Монгол охид.
S: Тийм зүйлийг хуулиараа зөвшөөрсөн юм уу?
А: Хууль нь гууль болсон газар чинь Монгол шүү дээ…

Жуулчид ийн ярилцаж “унаган байгаль, хөх тэнгэр, цэнгэг агаартай Чингисийн Монгол”-ыг зорино. Гэхдээ хавтгайд нь хамруулж хэлээгүй юм шүү. Сүүлийн жилүүдэд манайд нэлээд газар авч буй нэгэн аяллын талаар энд өгүүлэх гэсэн юм. Миний танил тур операторын нэгэн компанид хөтчөөр ажилладаг. Тэдний том босс нь солонгос хүн байдаг гэсэн. Тиймдээ ч тэр үү ихэвчлэн солонгос жуулчид танилын минь ажилладаг компаниар үйлчлүүлдэг аж. Тэдний Монгол дахь аяллын маршрут тун энгийн. “Korean air”-ээр нисч ирнэ. Нисэх буудалд буугаад солонгос эзэнтэй танилын минь ажилладаг тур оператороор зуучлуулдаг. Дараа нь Солонгосын хөрөнгө оруулалттай зочид буудалд бууж, солонгос ресторанд хооллодог.

Үдэш болоход солонгос караоке, бааранд монгол охидоор үйлчлүүлэн, цэнгэнэ.

Тодруулбал, “Тиффани”, “Хан Ган” караоке, ресторан, баар. Өдрийн төгсгөлд өнөөх охидоо дагуулан байрлаж буй буудал руугаа явна. Оройн хоолонд арван жуулчин явсан бол нэг дахин “үржчихээд” ирнэ гэсэн үг. Эдгээр жуулчны бүтэн өдрийн хөтөлбөрөөс Монгол орон ашиг олж байна уу, та бодоорой. Ийм газар манайд гарын арван хуруунд багтахаар цөөн биш гэдгийг ч мөн санахад илүүдэхгүй. Ёстой л өнөөх үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гээчийг солонгосчууд яруу тодоор харуулж байгаа биз. Зөвхөн солонгос ч гэлтгүй Япон, Тайваниас эхлээд азийнхан нэлээд хошуурч байгаа, ийм аялалд. Тэдний манайд хийж буй уг хаялгагүй аяллаас зөвхөн монгол охид л мөнгө олж байгаа нь хэдийнэ нууц биш болсон. Гэхдээ хөөрхий өнөөх биеэ үнэлэгч охид ашиг олдог ч юм уу, бүү мэд.

Тур операторуудын сурталЧилгааны брэнд - “Serve”
“Serve”.
Энэ үгийн утгыг та мэдэх үү. Зарагдах, үйлчлэх гэх утгатай англи үг. Монголд секс аялал хөгжихөд нэлээд “дэм” болж буй сурталчилгааны үг дээ. Манай нэгэн томоохон тур оператор жуулчдыг урих танилцуулгынхаа үдшийн хөтөлбөрт “Pick up from the hotel and beautiful girls will serve you” гэж сайрхжээ. Магадгүй энэ өгүүлбэр гадныхныг татах тэдний өгөөш байж ч мэднэ. Саяхан болсон аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцсон хэд хэдэн компанийн танилцуулга ийм үгээр “гоёжээ”.
Аялал жуулчлалыг олон улсад эмзэг салбарт тооцож төрийн зохистой бодлого барьж, ажилладаг. Ялангуяа, хөгжиж буй болон буурай хөгжилтэй орныг чимээгүй эзлэх арга бол аялал жуулчлалын урсгал яах аргагүй мөн. Туркийн жишээг энд санахад илүүдэхгүй биз. Баруун хойд талаараа Болгар, Грек, зүүн хойгуураа Гүрж, Армен, зүүн хэсгээрээ Иран улстай хиллэдэг Ази, Европын гүүр болсон энэ улс хөрөнгө оруулалт хэмээх сүржин нэрийн дор хэдхэн жилийн хугацаанд аялал жуулчлалын салбараа бараг бүхэлд нь харийнханд алдсан. Туркчуудын эзэн сууж чадаагүй салбар харийн эзэдтэй болоход яг л өнөөгийн Монгол шиг чимээгүй, далд байсан байх даа.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулъя
Дээрх бизнес яагаад манай улсад хүчээ авч, хөгжөөд байна вэ. Төрийн бодлого, түүхий хуулиас шууд хамааралтайг мэргэжлийн байгууллага, хүмүүс ярьж байна. Манай аялал жуулчлалын салбар 100 хувь хувийн хэвшлийн мэдэлд байна. Жуулчны тарж бутарсан олон компанид төрийн зангидах бодлого яах аргагүй үгүйлэгдэж байна. Өдгөө манайд нийт 600 гаруй тур оператор байгууллага бүртгэлтэй байдаг. Гэвч тэдний 100 хүрэхгүй нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулж байдаг аж. Гадны хөрөнгө оруулалттай тур оператор байгуулахад Монголын хууль алга ташин дэмждэг. Түүгээр ч барахгүй НӨАТ-аас хүртэл чөлөөлдөг. Ямар сайндаа л гадныхан тур оператор байгуулах нэрээр бүртгүүлчихээд өөр бизнес хөөж байхав.

Монголын авлигач түшмэд хэдэн ногооны төлөө монгол охидоо зарж, улмаар шинэ маягийн аяллыг эх орондоо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгааг нуух юун. Уржнан л гэхэд “Nomads tours” жуулчны компанид 16 солонгос жуулчны захиалга иржээ. Маршрут нь Өмнөговь аймгаар аялах байсан гэнэ. Аяллын өдөр болоход өнөөх 16 солонгос маань мөн л нэг дахин “үржчихсэн” байх нь тэр. Тодруулбал, 16 солонгос+16 монгол охин=32 аялагч гэсэн үг. Сонирхолтой нь тэдгээр солонгост Хотын гүйцэтгэх захиргааны зөвшөөрлийн бичиг байсан аж. “Бид танай захиргаанаас зөвшөөрөл авчихсан. Эдгээр хүүхний зардлыг бид өөрсдөө төлнө” гэж доог хийсэн ичмээр явдлын тухай албаны эх сурвалж ярьсан юм.

Манай улсад одоо 1999 онд баталсан Аялал жуулчлалын тухай хуулийг мөрддөг. Энэ салбар манайд шинэ тутам хөгжиж буй учир уг хууль нэлээд түүхий болсон гэж Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхий менежер Д.Батнасан хэлсэн. Энэ салбарт үүсээд байгаа дээрх гамшгийг яаж арилгах ёстой вэ. Нэн тэргүүнд Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулмаар байна. Зуучлалын үйлчилгээ үзүүлдэг тур оператор бус бааз, зочид буудал зэрэг үйлчилгээний хэсэгт нь гадаадын хөрөнгө оруулалтын зөвшөөрөл өгч болохгүй гэж үү. Энэ байдал удаан үргэлжилбэл нэг давхрын гурван өрөө байр худалдаж аваад л тур оператор хэмээх нэр зүүдэг харийнхан борооны дараах мөөг адил олшрох нь.

Чингисийн Монгол моодноос гарч байна
“Чингисийн хоцрогдсон мөртлөө биеэ хэт тоосон Монгол аялал жуулчлалын салбарт моодноос гарч байгаа” гэж “Онон хурхинаг” жуулчны баазын менежер хэлэв. Үнэнийг хэлэхэд, манай жуулчлалын салбарт чанартай үйлчилгээ, үзмэр ямар их үгүйлэгддэг билээ. Уул бүрийн аманд байрлах хэдэн гэр, эвдэрч хэмхэрсэн сүм дуган, дурсгалт зүйлс аялал жуулчлалын салбарын ирээдүйг талхалж, Монголын сүрийг доройтуулж буй бус уу. Ялгадасны нэвширсэн үнэр, хананд нь хүрэхээс сэжиг хүрмээр бие засах газруудыг жуулчид төсөөлөө ч үгүй ирдэг нь мэдээж.

Бүтэн улсын түүхийг архивласан Үндэсний түүхийн музей нь хүртэл мөн л иймэрхүү төрхтэй. Дээрх танил минь өнгөрсөн жил япончуудын групптэй аялалд гарчээ. Дэгэн догон зам дээр Асиа автобусанд сэгсчүүлж яваагаа адал явдалд тооцсон тэдгээр жуулчин бааздаа ирж амсхийв. Удалгүй модон жорлонгийн хаалгаар хоёр хөл дээшээ гозгоноод байсан аж. Жорлонгийн догол модыг суултуур хэмээн ойлгосон япон жуулчин ямар их сэжиглэснээ хэдэн өдрийн турш гомдоллосон гэнэ. Үзэж харах зүйлгүй нийслэл, балгас болсон сүм дуган, бүдүүлэг үйлчилгээ, бартаатай хол зам, шимгүй талхлагдсан байгаль жуулчдад дахин ирэх сэтгэгдэл төрүүлнэ гэж үү.

Үнэнийг хэлэхэд, зочлохгүй, судлахгүй байхын аргагүй миний Монгол гэх сагсуу ойлголт моодноос гарч байгаатай хүн олон санал нийлэх биз. Ядаж жуулчдад үйлчлэх орчин үеийн ганц байгууламжтай гэж үү, манай улс. Тэгэхэд хажууханд орших Хөх хот хэдхэн жилийн хугацаанд өнгө засч жуулчдын очих дуртай газрын нэг болсон байна. Элсээ ногоон төгөл болгож, 50 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, дуурийн анхаарал татахгүй байхын аргагүй театр, орчин үеийн технологи, загвартай хэдэн арван цогцолбор, усан оргилуур энэ хотыг танихын аргагүй үзэсгэлэнтэй болгосон. Гэтэл манайх ядаж нийслэлийн төв гудамжаа гэрэлтүүлж, жуулчдыг агаарын тээврээр боломжийн өртгөөр, осолгүй, зохион байгуулалттай зорчуулж чадахгүй байж аялал жуулчлал хөгжиж байна, хөгжих ч ёстой юм гэж сагсуурах эрхтэй гэж үү. “Онон хурхинаг” баазад ирж буй жуулчны тоо энэ жил өмнөхөөс багасч байгаа гэсэн. Наад зах нь иргэний агаарын тээвэр нь найдваргүй, өндөр үнэтэй гэж өнгөрсөн жил аялахаар бүртгүүлсэн зарим нь гэрээгээ цуцалж байгаа аж.

Энэ онд Монгол 400 мянган жуулчин хүлээн авах урьдчилсан судалгаа гарчээ. Өнгөрсөн жил 450 мянган гийчин ирнэ гэж тооцоолж байсан боловч 360 мянга ирсэн юм. Зам тээвэр, аялал жуулчлалын яамнаас гаргасан статистик мэдээнд энэ оны эхний таван сард ирсэн жуулчдын тоо өнгөрсөн жилээс 6746 гийчнээр нэмэгдсэн байна. Энэ тоог харсан жуулчны компанийн эзэн мэл гайхаж, “практикгүй онол” гэж нэрлэсэн. Харин ирэх жил нар хиртэхийг үзэхээр нэлээд жуулчин захиалга ирүүлсэн аж.

Жуулчид 25 ам.доллар + 6000 төгрөгөөр наадамлана
Их Монгол Улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадмыг 2000 гаруй гийчин сонирхсон. Харин энэ жил 2800 жуулчин наадам үзэхээр тасалбараа захиалжээ. Өнгөрсөн жил тэд баярын эхний хоёр өдрийн арга хэмжээг 25 ам.долларын тасалбараар үзэж байсан бол энэ удаа 25 ам.доллар болон 6000 төгрөгийн гурван тасалбар авах хэрэгтэй болсон байна.

Долдугаар сарын 11-ний хөтөлбөр - 25 ам.доллар
12-ны 9.30-14.00 цаг - 2500 төгрөг
13-ны хөтөлбөр - 3500 төгрөг

Сүүлийн хоёр өдрийн тасалбарыг авахгүй бол нээлтийн билет өгөхгүй гэж сүрдүүлжээ. Наадам зохион байгуулах комиссынхон амьхандаа жуулчдыг “саах” зорилготой ийм шийдвэр гаргасан бололтой. 10 настай бяцхан жуулчин ч бай энэ мөнгийг төлөх шаардлагатай. Гэвч тэдний гаргасан бодлогогүй шийдвэрээс болж тур операторууд алдагдалд орж байна. Наадам үзэхээр өнгөрсөн жил захиалга өгсөн жуулчдад “Уучлаарай, манай наадмыг үзэхийг хүсвэл та 6000 төгрөг нэмж төлнө үү. Шинээр ийм шийдвэр гарсан юм” гэж хэлэх жудаггүй байдал зуучлалын “ертөнцөд” байж болшгүй асуудал.

Уг нь тур операторууд өнгөрсөн жил захиалга авч эхлэхдээ наадам үзэх үнэ өөрчлөгдөх эсэхийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас тодруулсан боловч хэнэг ч үгүй “Тийм зүйл болохгүй” гэсэн аж. Төрийнхөө бодлогогүй үйлдлээс болж өөрийн хүчээр өндийх гэж яваа аялал жуулчлалын салбар хохирсоор байх уу. Аргаа барсан компаниуд зөрүү 6000 төгрөгийг өөрсдөө дааж байгаа. Тавдугаар сарын 1-нээс галт тэргээр зорчих үнэ 15-68 ам.доллараар нэмэгдсэн. Салбарынхаа нэр хүндийн төлөө жуулчлалын компаниуд энэ үеэр 100 сая төгрөгийн алдагдал хүлээсэн тухай холбооных нь ерөнхийлөгч хэлж байна.

Э.САЙХАНТУЯА

Эх сурвалж: Өнөөдөр сонин


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.