05 сарын 16, Пүрэв
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,660.68
JPY 21.66
GBP 4,259.52
RUB 37.03
CNY 468.10
KRW 2.49

Монгол эльдорадо

ПАРИС. Хүү Лизандрюгаа 2012 оны долдугаар сард 11 нас хүрэх үед нь би “Монгол руу хамт явъя” гэж түүнд санал болгосон юм. Хүүдээ 1963 онд үйлдвэрлэсэн хуучин “Полароид” гэрэл зургийн аппарат авч өглөө. Ингээд бид хоёр бүтэн сарын турш аялж, нүүдэлч малчид, жүжигчид, эмч нар, гэр хорооллын оршин суугчид, нинжа гэгддэг алтны эрэлчидтэй уулзаж учран тэдний зовлон бэрхшээл, итгэл найдварыг сонсож явлаа.

Лизандрюгийн сэтгэл үнэхээр хөдөлжээ. Улаанбаатарын ядуусын нэгэн хороололд тэрбээр 13 настай, англиар чамгүй сайн ярьдаг Өсөхбаяр гэдэг хүүтэй танилцсан юм. Өсөхбаяр биднийг гэртээ урилаа. Гэрийн дотор хоёр жижигхэн телевизор, нэг жижиг сандал, урт ширээ зэрэг тавилгууд харагдана. Энэ айлынхан тавуулаа ажээ. Биднийг очиход Өсөхбаярын эцэг, эх нь гэртээ байгаагүй юм. Тэд зураачид гэнэ. Тэрбээр бидэнд ээж, аав хоёрынхоо зурсан зургуудыг үзүүллээ. Өсөхбаяр жүжигчин болох хүсэлтэй аж.

Олон хүний хувьд Монголыг шинэ “Эльдорадо” хэмээн харж байна. Асар их байгалийн баялаг нь гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, улсынх нь сан хөмрөг мөнгөөр дүүрч байна. Уянга гэх мэт хот, тосгод уул уурхайтай зэрэгцэн томорсоор. Биднийг нинжа нартай тааралдан уулзах тэр мөчид Лизандрю маань гүнзгий нүх рүү орж буй өөрийнхөө үе тэнгийн хүүхдүүдийн зургийг дарж амжжээ.
Нүхний шороо хэдийд ч хамаагүй тэдний дээрээс нурах аюул бий. Энэ тохиолдолд үнэхээр яах ч аргагүй. Өчигдөрхөн гэхэд, 16-18 насны хоёр хүүхэд шороонд дарагдаж амьсгал хураасан гэнэ. Нинжа нар өдөртөө 150 мянган төгрөг буюу 100 евро арай хүрэхгүй хэмжээний мөнгө олдог. Энэ нь мал маллахаас хавьгүй их ашигтай гэнэ. Гэхдээ өвлийн цагт -40 хэмийн хүйтэнд нүх ухна гэдэг бол үнэхээрийн хэцүү. Гэсэн хэдий ч тэдэнд өөр ямар ч сонголт алга.    
Албан ёсоор зөвшөөрөл аван ажилладаг алтны уурхайд очсон хүү маань байгаль орчинд учирч буй хохирлын талаар үнэхээр их санаа зовнисон шинжтэй. “Уурхайнууд мөнгөн усыг гол мөрөн, газрын хөрсөнд хаяж, мал амьтан тэр уснаас ууснаас болоод олноороо үхэж байна. Малчид ч үүнд дургүйцлээ илэрхийлдэг. Хэрвээ би Монголын Ерөнхийлөгч байсан бол уурхайн буруугаас болж үхсэн мал бүрийн тоогоор нөхөн төлбөр олгох байсан” гэж миний хүү ярилаа.  
Агаарын бохирдол, хот руу бөөнөөрөө шилжин суурьшиж буй байдал, архидалт, амьдралын шинэ хэв маягаас үүдэлтэй өвчин, авлига, ажилгүйдэл, бие хүний доройтол зэрэг нь энд дэндүү газар авчээ.
Байгалийг эрхэмлэн дээдэлж, хамгаалдаг монголчуудын үнэт зүйлийг уул уурхайн компаниуд  үл тоож байна.
....Сайшаалтай нь,  түүхчид, зохиолчид, уран бичээчид соёлоо хадгалан хамгаалахын тулд их зүйлийг хийж байна. Хот орон нь асар том номын сан болон хувирчээ. Өнөөгийн Монголын уран бүтээлчид нь эх түүхээ сэргээн, ёс уламжлалынхаа утга учрыг тайлахыг хичээж байна.
...Бөө Мягмарсүрэн биднийг гэртээ урилаа. Хананд өлгөсөн бөөгийн багийг хараад хүү маань үнэхээрийн их гайхаж байна. “Өвчтөн” газар суух аж. Бөө маань айдас төрүүлэм торон баг өмсөөд ийш тийш савчин ямар нэг юм амандаа бувтнана. Тэрбээр “бодит амьдрал” дээр хэн ч ярихаа больсон эртний монгол хэлний хэдэн үгийг сүрлэг дуугаар давтан дуудна. Энэ бол хүүд минь аяллын туршид хамгийн их сэтгэгдэл үлдээсэн мөч байлаа.  
“Ийм зүйлийг би хэзээ ч үзээгүй ээ. Итгэхийн аргагүй, илбэ шидийн юм шиг. “Үзүүлбэр” дууссаны дараа нийтэч хөгжилтэй анд Мягмарсүрэн минут хүрэхгүй хугацаанд Адидас пүүзээ өмсөөд урьд өмнө нь байсан төрхөндөө буцаад орчихов. Бөөгийн үзүүлбэр болж байх үед Мягмарсүрэнгийн хүүхдүүд юу ч болоогүй мэт огт тоосон шинжгүй, зарим нь бүр унтаж байлаа. Тэд иймэрхүү зан үйлийн ёслолд нэгэнт дасчээ. Ингээд бидний явах цаг болов. Олон зуун гэрийн дундаас Мягмарсүрэнгийн гэр торойн харагдсаар. Энэ бол миний амьдралд тохиосон хамгийн гайхамшигт үдшүүдийн нэг байлаа” гэж хүү минь дурсан ярьж билээ гэж Францын гэрэл зурагчин Оливье Лабан-Маттей аяллын тэмдэглэлдээ бичжээ.

Б.Адъяахүү


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.