05 сарын 16, Пүрэв
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,660.68
JPY 21.66
GBP 4,259.52
RUB 37.03
CNY 468.10
KRW 2.49

Хөндөх байтугай хүрэх эрхгүй газар

Их зохиолч Д.Нацагдоржийн тэрлэсэн “Миний нутаг” шүлгийг хэн хүнгүй л мэднэ. Уул нурууд гол горхио шагшин бичиж байсан цаг саяхан гэмээр. Эх орон минь үргэлж л гайхам сайхан байгалиараа бусдын зүрхийг эзэмддэг байсан. Эдгээгч увидастай булаг рашаан, ой модоор хучигдсан уулс нурууд, чулууд нь мэлтэгнэн харагдах тунгалаг гол горхи гээд нүд баясгах зүйлс бишгүй байжээ. Тиймээ гэхдээ харамсалтай нь “байсан”. Одоо бусдад үзүүлэх байтугай өөрсдөө харах, амрах газаргүй болчихжээ. Уул уурхай, хулгайн мод бэлтгэл, ан агнуур, загасчлал гээд... ЭЭ, Бурхан минь! нэг бодлын ардчилал биднээс хамгийн нандин бүхнийг минь булаах эрх бусдад олгосон гэмээр. Одоо ухаагүй сэндийчээгүй газар, алт угаагаагүй гол гэж байхгүй гэлтэй.

Тусгай хамгаалалттай газар, дархан цаазат гэх том том пайзтай ч  модод нь цөөрсөөр, ан амьтад нь ховордсоор байна. Энэ яг юуных вэ? Хамгаалах нэрэн дор хумслаад байгаа хэрэг биш биз. Бас л пайзтай хэрнээ хөндөгдөж байгаа газрын нэг нь “Хонин Нуга”. Хонин нуга нь Хан Хэнтийн дархан цаазат газрын орчны бүсэд орших бөгөөд баруун Хэнтийн далайн түвшнээс дээш 930 метр өндөрт өргөгдсөн уулын хөндий юм. Тусгай хамгаалалттай бүсэд хамаарагдах учраас ой болон бэлчээр нь хуулиар хамгаалагдсан байдаг. Ерөө голын эх урсах энэ газар нүдийг аргагүй хужирлана. Ерөнхийдөө судалгааны газар гэж хэлж болно. 1998 оноос хойш БНХГУ-ын санхүүжилтээр Монгол Улсын Их Сургуультай хамтран Монгол Германы судалгааны экспедици үйл ажиллагаагаа явуулан зэрлэг ан амьтан, шавьж, ургамал зэргийг арав гаран жил судлаад байна. Судалгааны үр дүн ч гайхалтай. 36 зүйлийн шувуу, 22 төрлийн ургамал, 60 төрлийн өдрийн эрвээхий, 50-с дээш төрлийн хөхтөн амьтан энэ нутагт идээшдэг юм байна. Мөн түүнчлэн Монголын Улаан номонд орсон 16 зүйлийн ургамал энд ургадаг. Эмчилгээний увидаст рашаан ч энэ хэсэг газарт оргилдог. Дүрслэх боломжгүй тийм л үзэсгэлэнтэй. Ан амьтад нь хүртэл үргэж цэрвэхээ мэддэггүй тийм л газар. Нэг хэсэг уул уурхайн олборлолт хийх зөвшөөрөл олгож судлаачид, ой хамгаалагчдыг сандаргаад авсан. Хэрэг намжин тэр үеэс эхлэн “Хонин нуга”-ыг Хан Хэнтийн тусгай хамгаалалтанд авснаар олборлолт хийх зөвшөөрлүүд цуцлагдсан. Гэсэн хэдий ч хамгаалалт зөвшөөрөл цуцалснаас илүү зүйлд хүргэж чадсангүй. Нойтон моддыг машин машинаар нь хулгайлан одож байна. Өдөржин шөнөжин огтлон зил-130 машинаар Зүүнхараа руу тээвэрлэнэ. Сэлэнгэ аймгийн Мандал сум хулгайн мод бэтгэлтээрээ улсын хэмжээнд хоёрт ордог. Мод бэлтгэх асуудлыг нэг мөр болгож чадахгүй юмаа гэхэд ядаж тусгай хамгаалалттай газраа хамгаалсан шиг хамгаалмаар байна. Зөвхөн мод дуусаад уул нүцгэрээд зогсохгүй олон төрлийн ан амьтан, ургамал устаж тэр байтугай Ерөө гол минь тасрана гэдгийг дахин дахин сануулмаар.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.