05 сарын 16, Пүрэв
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,660.68
JPY 21.66
GBP 4,259.52
RUB 37.03
CNY 468.10
KRW 2.49

Манай ойн сан дэлхийн хүчилтөрөгч үйлдвэрлэгч бүсийн нэг хэсэг

Манай Монгол орны нийт 18592,4 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 11,89 хувийг ойн сан эзэлж буй дэлхийн хүчилтөрөгч үйлдвэрлэгч бүсийн нэг хэсэг билээ. Ойн сангийн нийт нөөц 1316,3 сая шоо метр бөгөөд үүний 99,8% буюу 1314,5 сая шоо метрийг шилмүүст ой, 0,1% говь бүсийн заган ой эзэлдэг. Ингээд байгаль орчин, ногоон хөгжлийн яамны “Ой хамгаалал, ойжуулалт зохицуулах хэлтэс”-ийн ахлах мэргэжилтэн Н.Энхтайвантай ярилцсан бяцхан ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

Монгол орны ойн онцлогийн талаар ярилцлагаа эхлэе.

Дэлхийн ойг экваторын шугамаар халуун орны буюу тропикийн ой, энэ бүсээс хойш цөл хээр үргэлжилж, үүний дараа аридын болон бореал ой гэж авч үздэг. Аридны бүсэд Монгол орны заг модон ой хамаардаг ба энэ ой нь шилмүүст ойгоосоо ялгаатай, хуурай бүсийн ой юм.

Харин бореал бүсэд 5 төрлийн шилмүүст мод, хус, гацуур, нарс гэх мэт навчит модод ургадаг. Борейл бүс дэлхийн нийт хүчил төрөгчийн  гуравны хоёрыг үйлдвэрлэдэг бөгөөд энэхүү ногоон масс хүн төрөлхтний хүчилтөрөгчийн өлгий юм.

tetraonidae

Монгол, Сибирийн тайга, Скандинавын 3 орон, Америкийн нэгдсэн улс, Канадад ургаж буй ойг бореал ой гэж ойлгоно. Энэ утгаараа Монголын ой дэлхийн хүчилтөрөгч үйлдвэрлэгч бүсийн чухал хэсэг болж байдаг. Мөн Гималайн нурууны далайн түвшнээс дээш өргөгдсөн хэмжээ нь борейл ойн өндөрлөгийн хэмжээ, цэвдэг хадгалах чадвар зэрэгтэй ижил учраас энд мөн төстөй мод ургадаг юм.

 

Залуу мод, хөгшин мод адилхан хүчил төрөгч үйлдвэрлэдэг үү? Ялгаа байдаг уу?

Залуу хөгшин гэлтгүй мод ногоон л байвал энд фотосинтез явагдаж байна гэсэн үг. /Фотосинтез- агаараас нүүрстөрөгчийн давхар ислийг CO2-г өөртөө шингээж, устай нэгтгэн нарны дулааны тусламжтайгаар сахар, хүчилтөрөгч О2 үйлдвэрлэх үйл явц/ Тухайн модны модлогоос гадна ургаж буй ногоон шилмүүс, навч ямар байна гэдгээс хамаарна.

Мод хэд насладаг вэ?

Манайд хамгийн өндөр настай 860 настай нарс мод Хэнтий айгийн Норовлин сумын Өргөн нарс гэдэг газар байна. Мөн 920 гаран настай шинэс мод Хөвсгөл аймгаас олдсон. Энэ бол модны биологийн нас. Модны насыг дотор нь 3 ангилдаг.

$1· Техникийн болцын нас- Хамгийн сайн барилгын материал болох нас /180 хүртэл нас/

$1· Үрийн болцын нас- их хэмжээний үр боловсруулж, үр нь ойг нөхөн сэргээх болзол хангадаг

$1· Биологийн болцын нас- хөгшрөлтийн үе

Голдоо өмөгтэй болсон ч гэсэн мод ногоон л байвал тэр хүчилтөрөгч үйлдвэрлэж байна гэсэн үг.

Манай орны ой дэлхийн усны гурван том ай савын хагалбарыг дагаж ургасан байдаг. Энэ нь гол, мөрний усны нөөцийг зохицуулан хамгаалах үүрэгтэй байдаг гэж олж мэдлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?  

Хөвсгөл нуурийн баруун талаас Шишигдэйн гол, Тэнгисийн гол гэх голууд ОХУ-руу гардаг. Хангайн нурууны голууд Орхон голд, Орхон Сэлэнгэд, Хэнтийн нурууны Туул, Хараа, Ерөө  голууд бүгд Байгаль далайд цутгаа замаар цааш Ангар мөрөн, Енисей мөрний ай савыг бүрдүүлж байна. Энэ нь цааш хойд мөсөн далайд цутгадаг. Дараагийн нэг хэсэг Хэнтийн нурууны Бурхан халдун уулын зүүн сугаас Онон гол эх авч Балжир, Амгалантын голтой нийлж Ульхан гэх газраар ОХУ-руу гардаг. Бурхан халдуны баруун сугаас эх авсан Хэрлэн гол Далайн нуурт нийлдэг. Халхын гол мөн далайн нуурт орж, үүнээс цааш Хайлан мөрөнд нийлж Амар мөрөнд цутгаж Амар-Хайлангийн ай савыг бий болгодог. Иийхүү номхон далайд цутгана. Ингээд харвал номхон далайн эх нь бас манайд байна. Мөн манай оронд гурав дахь ай сав гэж бий. Энэ нь хангайн нуруунаас эх авсан Орхон голд цутгаагүй голууд юм. Эдгээр голууд говийн Араг, Бөөн цагаан, Таацийн цагаан зэрэг нууруудад цутгадаг. Энэ нь дотооддоо урсгалтай ай сав юм. Эдгээр ай савын эх, усны горимыг зохицуулж буй эх үүсвэр нь Монгол орны ой юм. Намайг бага байхад уулын ам болгоноос горхи булаг урсдаг байсан, тэр олон жижиг гол горхи Орхон, Сэлэнгийг үүсгэж байгаа юм шүү дээ.

Бид мод зурахдаа модны модлог болон навч шилмүүсийг зурдаг. Үндсийг нь огт зурдаггүй. Үндэс нь навчийг ногоон байлгахын тулд шим тэжээлийг шингэн байдлаар, усаар навчинд хүргэж байдаг. Өөрөөр хэлбэл газрын хөрснөөс усыг цуглуулж, сорж байдаг. Нэг мод 500 метр куб ус, чийг цуглуулдаг гэж үзвэл цуглуулж буй ус нь хөрсөнд буй чийг юм. /Модны үндэс гүний усанд хүрэхгүй шүү дээ/ Ой болоод ирэхээр моддын титэм нарны гэрлийг газрын хөрсөнд шууд тусгадаггүй, хөрсөнд буй чийгийг хадгалж авч үлддэг. Өвөл энэ чийг хөлдөөд, жил жилээр хурдас болж хадгалагдан, цэвдэг нь модны доор байж л байдаг. Усны горим хадгалдаг үүрэг нь энэ юм.  

Ой өөрөө өөрийгөө нөхөн сэргээдэг. Ойг хэн ч тариагүй. Сүүлийн 60-д оноос бид ойжуулалт хийдэг болсон ч энэ хэмжээний ойг бид тариагүй. Үүнийг манай өвөг дээдэс бидэнд хадгалж үлдээж иржээ. Хэрвээ модыг тайрах эсвэл шатаахад нарны туяагаар хөрсний ус уурших нь бий. Хожуулаараа чийг алдана гэсэн үг. Тэгэхээр цэвдэг доош сууж, усны горим алдагддаг.

Тэгвэл хожуул усаа алдаж байгаа тохиолдолд юу хийх ёстой вэ?

Модыг хөрөөдлөө гэж бодъё. Тэгвэл хөрөөдсөн хэсгээр чийг дээшээ алдагдаж байна гэсэн үг. Хэрвээ хожуулыг үндэстэй нь сугалаад авбал, чийг улам ууршиж, хөрсний нуралт үүсдэг. Тиймээс эрт дээрнээс хөрсний шороогоор хожуулыг хучдаг байсан юм. Ингэснээр чийг гадагшлах явцаг багасгаж, зогсоож байгаа явдал юм.

Хортон шавж, түймэр зэргээс үүдэн модод дахин сэргэхгүй болдог. Энэ тохиолдолд моддыг яах ёстой вэ?

Түймэрт шатах, хортон орох, хөрсний цэвдэг сууж суларсан үед мод салхинд туугдаж унах зэрэг зүйл бий. Үүнийг ойн доройтол гэж нэрлэдэг. Доройтолд орсон модод дунд хэрэглэж болохуйц мод их байдаг. Бид эдгээр моддыг цэвэрлэгээ, арчилгааны журмаар ойгоос гаргаж ашиглах ёстой. Монгол оронд өнөөдөр ч түлшний хэрэглээ, хашаа хороо барих шаардлага байсаар байгаа. Манай ойн санд доройтолд орсон хэсэг дархан цаазат газар, тайга, их модны захад гээд хаана ч бий. Тиймээс техник машинаар зам тавиад хүрэхгүй газар бол ойн санг нөхөрлөлд эзэмшүүлэх хэрэгтэй.

Түймрийг оройн, хөрсний гүний, газрын гүймэл гэж ангилдаг. Оройн түймэр нь модны үржлийн явцыг үгүй хийдэг. Хөрсний гүний түймэр нь модын үндсийг гэмтээдэг. Залуу зулзаган мод, хөгшин мод гэлтгүй сэргэх боломжгүй болгодог. Харин гүймэл түймэр нь энэ хоёрыг бодвол аюул багатай, доройтолд орсон моддыг цэвэрлэсэн байгаа тохиолдолд зарим талаараа шинжлэх ухааны үүднээс байгальд хэрэгтэй гэж үздэг.

Ойн түймрийн аюулыг бид хэрхэн багасгаж болох вэ?

Бид эргүүл гаргаж, харуулын цамхагаас дурандаад, “түймэр битгий тавиарай” гэсэн самбар тавиад бүрэн хамгаалж чадахгүй. Бид түймэрт их хэмжээний мод сүйтгэхгүйн тулд одоо байгаа доройтолд өртсөн моддыг цэвэрлэх хэрэгтэй. Үүнд улс нэгэнт хүчрэхгүй, төрөөс мөнгө гаргаж дийлэхгүй байгаа тохиолдолд нутгийн иргэдэд гэрээгээр өгч, ойн санг хамгаалах ажлыг нутгийн иргэдээр хийлгэж байгаа ажил бол нөхөрлөл юм.

Мод тарих өдөр гэх мэт өдөрлөгүүд их болсон, хувь хүмүүс ч өөрсдөө мод тарих сонирхолтой болсон байна. Гэхдээ буруу тарьснаас болоод ургахгүй байх явдал их ажиглагддаг. Иргэдэд энэ талаар ямар зөвлөгөө өгөх вэ?

Мод тарихын тулд үндэсний системийг хатаахгүй байх нь хамгийн гол нь юм. Одоо бортоготой, далд үндэсний системтэй зэрэг мод ихээр нэвтэрч, худалдаалагдаж байна. Энэ тарьц нь хэзээ ч суулгаж болох давуу талтай. Зун ургаа байхад ч суулгаж болно. Энэ тарьц нь үндэс далд байдаг, суулгамагц үндэс өөрөө задардаг юм. Мод үрслүүлнэ гэдэг нь нэг хөрснөөс салгаж өөр хөрсөнд суулгаж байгаа явдал бөгөөд энэ явцдаа үндсийг нь гэмтээх, хатаах явдал байгаа учраас л мод ургахгүй байгаа юм шүү дээ.

Модны хулгай, ойн хомсдол гэсэн шүүмжлэлт зүйлээс илүү ой мод яагаад бидний хувьд чухал болох, яагаад бид ой модыг хайрлан, хамгаалах ёстой болохыг уншиж мэдрээсэй гэж миний зүгээс хүсч байна. “Хүнээс өөр модоо хамгаалъя гэж цаасан дээр бичдэг амьтан үгүй” гэж манай найзууд хошигнон ярьдаг юм. Хамгаалъя, аваръя гэж ярьж бичих бус та өөрөө оролцогч байх учиртай юм шүү. 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.