11 сарын 30, Даваа
°C
USD 2,849.66
USD 2,849.66
EUR 3,412.18
JPY 27.39
GBP 3,804.58
RUB 37.40
CNY 432.74
KRW 2.57

МОНГОЛЫН ХѲДѲѲ НУТАГ \Орон нутгийн аялал жуулчлалын стандартыг хѳгжүүлье\

Таван хошуу мал нь тал дүүргэн тааваараа бэлчиж, зүлэг ногоон тал нь цэцэгсээр алаглан гоёж, тэртээд цэнхэртэх уулс нь үүлсийн хормойтой орооцолдож, усны тунгалгыг хѳвѳѳлсѳн танан цагаан гэрийн яндангийн утаа нь тэнгэрт суунаглан наадаж, хүн малын зоо нь сэтгэлтэйгээ тэнийн уртын дууны шуранхай шиг цээж тэнийлгэсэн Монголын минь хѳдѳѳ нутаг сайхаан. Яг л диваажингийн орон шиг… “Зам дагаж хѳгжил” гэдгээр том жижиг тэргүүд түгжрээ үүсгэх шахам давхилдсан зуны улирлын хѳдѳѳ нутаг. “Гадаадын бүү хэл дотоодын аялал жуулчлалын ачааллыг даах юм уу?” хэмээн эргэлзэх сэтгэл тѳрсѳн шүү. Тэр олон машины бензин түлшийг хангаж дийлэлгүй зарим шатахуун түгээгүүр “тэвдэх” аж. “Хѳлтэй нь хѳлхѳж, хѳлгүй нь мѳлхѳх” шахуу хэлхэлдсэн аялагчид зуны цагт “Үзээгүй нутгаа үзэж, нүд юугаа нээхээр” давхилдацгаана.

Ямар уудам юм бэ, Монголын тал нутаг
Яасан уужуу юм бэ, монгол хүний сэтгэл

Анги хамт олноороо, ахан дүүс садангаараа, гэр бүлээрээ, дотно анд нѳхдѳѳрѳѳ нийлж аваад том жийпээрээ, жижиг приусээрээ, микро автобусаараа чихцэлдэн замд гарцгаана. Ѳѳ тэгээд дуртай газраа замаасаа гараад майхнаа босгон тухлах нь Монголын их амар амгалан, хязгааргүй эрх чѳлѳѳний үзэгдэл аж. Хийн зуухан дээрээ хоолоо хийж, авч нѳѳцѳлсѳн усаараа цайгаа чанаж бор ходоодоо дүүргэж аваад л архидацгаана. Халж хѳѳрсѳн сэтгэлээ эх оронч бахархалаараа даруулаад л дуулалдаж эхэлнэ. Тал хѳндий дүүргэх дуунд нь шувууд хүртэл үргэхээ ч больж дээ. Овоо бүхэн дээр зогсоод сэржим ѳргѳн архиддаг байсан уламжлал арай багассан ч аялал архидалт хоёрын хамаарал хэвээрээ. За тэгээд “хѳндий талд бордоо болон шингэж, хээрийн салхинд ариусчихдаг юм аа” гээд дуртай газраа хүнд хѳнгѳнѳѳр бие засацгаана. Идэж ууж, тухалж ханаад хогоо овоолж орхиод дараагийн байгаль руугаа тэмүүлнэ.

…Зам тээврийн ослоор жилдээ 1000 орчим хүн бэртэж гэмтдэгээс 500 орчим хүн амь насаа алддаг. Энэ жилийн 6 сарын байдлаар 120 орчим хүн зам тээврийн ослоор нас баржээ. \ТВ ийн мэдээнээс онцлов\

Онхолдсон машин, үрэгдсэн амь, бэртсэн зовлон, усанд осолдсон цогцос, тал дүүрэн хог, сэмэрсэн шартсан шаналгаа Монгол дахь аялал амралтын нийтлэг үзэгдэл. Тух алдсандаа зорьж очсон “Амралтын”, “Аялал жуулчлалын” хаягтай газрууд нь “хоног тѳѳрүүлэх, ходоод баярлуулах” тѳдийхэн үйлчилгээтэй хэрнээ хэрээсээ хэтэрсэн үнэтэй. Эргэн тойрондоо ялгадас дүүрэн задгай жорлондоо дугаарлан байж бие засна, үнэр нь даан ч хэцүү. Ялгалгүй овоолсон хогноос нь эхүүн үнэр ханхийж шатааж буй утаа майтай нь холилдоно. Аялал жуулчлал болон амралтын газруудаа зѳвхѳн “мѳнгѳ олох боломж” гэж тооцдог сэтгэхүйтэй болохоор зорьж очин үйлчлүүлэхэд хэцүү. Монголчууд бидний дур зоргоороо аялах ийм аялалд эх нутаг минь гомдон “уйлж” байна. Хичнээн олон гол ус ширгэж, ямар их газар нутаг цѳлжиж байгааг бид анзаарч тоохгүй байна. Үзэсгэлэнт сайхан байгальтай зарим газруудад “хар зам битгий тавигдаасай” гэж зарим нутгийнхан залбирч байна. Хичнээн хүний амь насыг зольж, хичнээн сайхан газар нутгийг сүйтгэн байж аялцгаах юм бэ? монголчууд аа!!!

ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ, ГЭЖ ҮҮ?

Орон нутгийн аялал жуулчлалын стандартыг гаргаж мѳрдүүлэх хэрэгтэй болжээ. Тѳр болон орон нутгууд юу хийж, иргэдэд ямар шаардлага тавьж, ямар хариуцлага тооцохоо тодорхой болгон сурталчлах шаардлагатай байна.

1. Аялагчид амарч тухлах үйлчилгээний газрууддаа стандартын шалгуур тавьж ангилан, шаардлага хангасан газруудад зѳвшѳѳрѳл ѳгѳх хэрэгтэй юм байна. Үүнд:

-Замын буудал
-Амралтын газар
-Аялал жуулчлалын цогцолбор

2. Aялагчид болон замд зорчигсдод зориулан:

-Бие засах газар, хогийн сав, ѳѳрсдийн бэлтгэсэн хоолоо идэж тухлах сүүдрэвч, авто машины зогсоол бүхий “ЗАМ ЗУУРЫН ТУХЛАХ ГАЗАР”- уудыг 100-200 км тутамд байгуулж орон нутгуудад хариуцуулах

-Бие засах газар, хогийн сав, хоолны газрууд, жижиг худалдаа, авто засвар болон сэлбэгийн үйлчилгээ, шатахуун түгээгүүрийн газар бүхий “ЗАМ ЗУУРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР”-уудыг аймгуудад Улсын хѳрѳнгѳ оруулалтаар байгуулан бизнесмэнүүдэд түрээслэх. “Урьхан” үйлчилгээний газар энэ стандартын загвар болж чаджээ

-Бие засах газар, хогийн сав, хоол хийж идэж болох тѳхѳѳрѳмж, тухлах сандал ширээ бүхий “МАЙХАНТАЙ ХОНОЖ БОЛОХ ГАЗАР” уудыг тусгай бүс газруудад байгуулан аялагчдын тав тух хийгээд аюулгүй байдлыг хангах

3. Тээврийн хэрэгслэлийн бүрэн бүтэн байдал, аюулгүйн хангамжинд шаардлага тавьж, замын тэмдэг тэмдэглэгээгээ маш тодорхой болгон хянаж байх

4. Аялал жуулчлалын соёл болоод иргэдэд боловсрол олгох боломжийг бий болгон аялагчдыг мэдээллээр ханган, үзэж буй газруудад тайлбар бүхий самбруудыг байрлуулах

Та бид ѳѳрийн тѳрсѳн нутаг орондоо тааваар аялах эрхтэй нь үнэн л дээ. Гэхдээ таны дур зоргоороо аялах эрх тань бусдын соёлтой, ая тухтай аялах эрхээр хязгаарлагддаг юм шүү дээ. Үйлчилгээнд тѳлж буй таны тѳлбѳр орон нутгуудад аялал жуулчлалыг илүү сайн хѳгжүүлэх хандив дэмжлэг болно. Ѳнѳѳдрийн бидний зур зоргоороо аялах аялал тань бидний үр хүүхдүүдийн маргаашийн аялалыг үгүй болгож ч мэдэхээр байна. Бид нэг л эх оронтой болохоор та хувийн араншин болон сонирхолоо дарж байхаас ѳѳр тайлбар үгүй. ТА ѲѲРИЙН ХҮҮХЭД РҮҮГЭЭ ХАРЖ БАЙГААД ЭНЭ ТУХАЙ НЭГ ЭРГЭЦҮҮЛЭЭД ҮЗ ДЭЭ?

Яндаж болшгүй далай шиг
Яасан баян нутаг вэ?
Ямар их хувь заяагаар
Бид нар эзэн нь болж тѳрѳѳ вэ?

Xарнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020-08-20
Улаанбаатар хот

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

МОНГОЛЫН УЛС ТѲР ДЭХ “ШИНЭ ҮЕИЙНХЭН”
МОНГОЛЫН УЛС ТѲР ДЭХ “ШИНЭ ҮЕИЙНХЭН”
10/18/2020
Mонголын Мэдээллийн Технологийн салбарт шинэчлэл хийгдэж эхэллээ. Хүмүүсийн яриаг шууд бичвэрт шилжүүлдэг “ЧИМЭГЭ” апплекейшнийг С.Бадрал олон жилийн хѳдѳлмѳрѳѳрѳѳ бүтээснийг мэднэ. Америкт байгаа Ч.Ганболд дүү минь хэдэн жилийн ѳмнѳ энэ тухай надад ярьж, С.Бадралтай онлайнаар холбогдож байсансан. Монгол залуусын энэ бүтээл ямар олон хүмүүсийн хѳдѳлмѳр цагийг хэмнэж байгааг та анзаарах болно. Сүүлийн ѳдрүүдэд монгол залуусын бүтээсэн Тѳрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх боломжийг бүрдүүлж буй “E MONGOLIA” апплекейшн танилцуулгаа хийв. Иргэд Тѳрѳѳс авч болох 180 орчим үйлчилгээг цахим
МОНГОЛДОО ИРЭЭД 8 САР БОЛОВ
МОНГОЛДОО ИРЭЭД 8 САР БОЛОВ
09/11/2020
Гэнэт шийдвэр гаргаад корона дэлгэрэхээс ѳмнѳ Монголдоо буцаж ирснээс хойш 8 сар болж байна. Намайг “мэдрэмжтэй” гэдгийг анзаараагүй найз нар минь жаахан “гомдоллож” байгаад чимээгүй болсон л доо хэхэхэ. Монголын тухай ѳѳрийн гэсэн тѳсѳѳлѳл байсан хэдий ч, бодит байдлыг мэдрэх гэж бараг 500 орчим хүмүүстэй уулзан ярилцаж, хэд хэдэн уулзалтад илтгэгчээр оролцов. Энэ уулзалтууд ѳѳрийн санаачилж хэрэгжүүлсэн тѳслүүдээ бусдад зѳвѳѳр ойлгуулахад чиглэж байсан. Жалгандаа ууссан давчуу сэтгэлгээний орон зайд 3 нийтлэг хандлага байна. (дэлгэрэнгүй…)
“БИ ЧАДНА”-чууд
“БИ ЧАДНА”-чууд
07/31/2020
*Америкт байхдаа чулууны үйлдвэрлэл болон угсралтын ажил, заримдаа бусадтай хамтран барилгын заслын ажил хийж байсан. Энд хэдэн зарчим байдаг юм. 1.Хийх ажлынхаа бэлтгэлийг сайн хангана 2.Бүх ажлаа ѳѳрийн багаж, хэрэгслэлээр гүйцэтгэнэ 3.Ажлаа захиалагчийн хүсэлд таацуулан чанартай хийнэ 4.Ажлаа дуусгаад бүх хог хаягдлаа цэвэрлэж, анх ажил эхлэхэд байсан байдалд нь оруулна 5.Хог хаягдлаа ѳѳрсдѳѳ авч явна 6.Гүйцэтгэлийн явцад захиалагчийн гаргасан гомдлыг ѳѳрийн зардлаар засч залруулна (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.