02 сарын 26, Лхагва
°C
USD 2,760.89
USD 2,760.89
EUR 2,986.32
JPY 24.71
GBP 3,566.24
RUB 42.90
CNY 392.55
KRW 2.28

 ЭРХ ЧѲЛѲѲТЭЙ, ЗОРГООРОО ХѲДѲѲ НУТАГ МИНЬ\Монголын тэмдэглэлүүд-6\

Ѳнгѳрсѳн хагас сайны ѳглѳѳ Бэхбаяр над дээр ирснээр, ѳдѳр дунд Архангай аймгийн Цэнхэр сумын нутгаар аялахаар замдаа гарлаа. Малын болон түүхий эдийн худалдааны тосгон болсон Эмээлтийг ѳнгѳрѳѳд цасан хучлагатай мэлийсэн цагаан талд энд тэндгүй бэлчих мал сүргүүдийг харж, тэсгим хүйтэн жавартай атлаа сэнгэнэсэн тунгалаг агаараар амьсгалахад онгоцонд болсон шиг цээжний тэртээд хѳндүүр оргиж, самсааны шархираанд аньсага чийгтэж эхлэв. Монгол эх орон гэдэг зүрхний чанадад сэтгэлийн багтраа болон нууцхан оршиж, мэдрэхүйгээрээ мэдрэх агшинд сувдан дусал болон урсдаг шидэт рашаан аж.  Уртаар санаа алдах бүрд багтраа бага багаар гадагшилж инээмсэглэл болон нүүрэнд гэрэлтэнэ. Ѳдѳр болгон ЭХ ОРОН МИНЬ гэж хашгирахгүй ч, харь орны хатуу ширүүн бас зѳѳлѳн амьдралын алдаа оноо бүрийн ард нѳмѳр нѳѳлѳг болон түшдэгийг сая л анзаарах. Нэгэн цагт эргээд ирэхдээ сэтгэлийн эрх чѳлѳѳ, эзэн нь хэмээн омогшин бардамнах мэдрэмжийг ингэж тѳсѳѳлж байсангүй ээ.

Цав цагаан цэлийсэн тал дундуур алсын алсад хѳтѳчлѳх замаар давхихдаа юу эсийг бодох билээ. Хэнтэй ч юу ч ярилгүйгээр жирэлзэн ѳнгѳрѳх уул толгод, ѳвс ургамалтай хуучлан шивнэмээр. Тэнэмэл хүү тань эх орон газар шороондоо эргээд ирлээ шүү дээ, та нарыгаа хичнээн их санав даа. Морин дэл дээр цан хүүрэг татуулан давхих монгол эр хичнээн бадрангүй, зам хѳндлѳн гарахдаа “дайрвал дайрна биз” гэсэн шиг хээв нэг алхах мал нь хүртэл хичнээн баавартай. Эсрэг урсгалд ирж явсан хот хоорондын автобусны зорчигчид автобуснаасаа буун, бие засахаар талаар нэг таран одох нь хүртэл эрэмгий. Ѳвѳлжѳѳнд буусан гэрийн тооноор аргалын цэнхэр утаа тэнгэр рүү суунаглана. Сэтгэл нь амсхийж нуруу нь тэнийсэн малчдын ахуй Монголын их амар амгалан. “Зам дагаж хѳгжил” гэгчээр суурингууд бий болжээ. Хурд хэтрүүлэн давхихаас сэргийлж суурин бүрийн ойролцоо, дээрээ улаан хѳх гэрэл анивчуулсан цагдаагийн машины загвар, дохиураа ѳргѳсѳн цагдаагийн модель байрлуулсан нь хѳѳрхѳн зохицуулалт байлаа. Замын тэмдэг тэмдэглэгээ их сайжирчээ. “Дураараа биш дүрмээрээ явья”, “Яараад яахав дээ хѳ” гэхчилэн амьдралд хэрэгтэй сануулгын самбарууд жолооч нарын сэтгэлзүйд нѳлѳѳлѳхѳѳр санагдсан. Тавьсан зам нь талхан дээр нимгэхэн турхсэн масло шиг болохоор овон товон. Замын тендэрээс баяжсан цѳѳн биш нѳхдүүд УИХ д суугаа гэж бодохоор замын хажуу руу нулимж орхимоор эгдүүцэл тѳрнѳ.

Лүн сумын нутагт байгуулагдсан “Урьхан” зоогийн газарт саатав. “Хѳгжлийн замаар” ТВ тѳсѳлд үзүүлсэн “Замын хажуугийн үйлчилгээ”-ний стандартыг Монголын нѳхцѳлд хамгийн сайнаар хэрэгжүүлсэн газар энэ байлаа. Бие засах газар, худалдааны болон хоолны үйлчилгээ, кофе шоп, авто зогсоол, аялагчдын тохь туханд нийцсэн үйлчилгээ үнэхээр сайхан байв. Анх УБ аас Дархан хот хүртэлх замд байгуулагдсанаас нь хариуцан удирдаж байгаа Б.Ганбат дүүтэйгээ энд тааралдсан. Хэдийгээр хамаатан садан ч түүгээр маш их бахархсан. Алив бизнесийг эхлүүлэх амархан ч сайн үр дүнд хүрэхэд маш их тэвчээр, уйгагүй зүтгэл, хѳдѳлмѳр бас ухаан шаардагддаг. Энэ хэмжээнд хүрэх гэж туулсан тэдний замыг сайн мэднэ. “Урьхан”- ы ийм салбaруудыг орон нутгийн бүх замд байгуулж “бренд” үйлчилгээ болгох нь Монголын хѳгжилд бодит дэм болноо.

Лүнгээс Сансар САА, Эрдэнэсант, Хархорин, Хотонт сумдыг дамжин ѳнгѳрсѳѳр Архангайн Цэнхэр суманд оройхон ирлээ. Яг сумын тѳв орох уулзвар дээр Портер машин гэнэт урсгал сѳрѳн эгц ирснээс зайлсхийж замын хажуу руу эгээтэй унасангүй зѳрж ѳнгѳрѳв. Нутгийн атаманууд согтуу машин барьж яваад, амжиж зайлсхийсэн биднээс нилээд холдон замын хажуу руу орж унтарсан болохыг буцахдаа мэдсэн сэн. Амьдрал ядуу байгаагаа гомдоллох хэрнээ айл болгон машин мотоцикльтэй, амжиргааны хэдэн мал, бас бизнестэй болжээ. Дээлээ хѳѳргѳн бүсэлж, нударгаа газар шүргүүлэн таахалзан алхлах “Аавын цээж” үүд тѳрѳл бүрийн маркийн машинууд барин зѳв буруугүй давхилдана. Шүлсээ байнга газар руу нулиман “Тэр пиздаа тэгж шаагаад…” гэхчилэн донгосолдох тэдний яриа томоо том. Хэрийн охидод тоогдохооргүй мангар бацаанууд ѳѳрийгѳѳ “Тэнгэрийн амьтан” мэт тѳсѳѳлѳх нь даанч арчаагүй атлаа ѳрѳвдмѳѳр. Тэдэнд зориулсан суртал ухуулга хэрэгтэй болох нээ дээ гэсэн инээдтэй бодол үргэсэн болжмор шиг гэнэт орж ирээд нисч одов, хѳгжилтэй байлаа.

Бид тэр шѳнѳдѳѳ урд даваа ѳгсѳн нилээд давхисаар малчны хотонд хоноглохоор зорьж хүрлээ. Дулаахан тавлаг ѳвѳлжѳѳ, машины ѳѳдѳѳс боргон хуцаж давхих банхар, саравчтай хашаан дотроо зүүрмэглэх хэдэн хонь ямаад, хашааны шонгоос уяатай бор морь, яндангаас нь хѳх утаа суунаглах хэдэн цагаан гэр, модон жорлон, бууцны шинхэгтэй үнэр гээд бүх зүйл хэвээрээ. Нэг л дотно үнэр, дотно ахуй шинийн арваан зургааны тэргэл саран дор ямархан сайхан харагдсан гээч. Айлууд нарны батарейгаар гэрээ гэрэлтуулж, хѳргѳгч, 300 орчим суваг гардаг ТВ гээд миний тѳсѳѳлж байснаас ч илүү тохитой тавлаг болжээ. Зууханд асч буй түлээ час часхийн дуугарах чимээ, гал нь дурэлзэхэд халууцаж, гал нь унтарахад жихүүцэх мартагдсан ахуй. Модон жорлонд бие засахдаа жаахан тэвдэв хэхэхэ. Сум орон нутаг хѳгжѳѳд байна хэмээн ой баяр тэмдэглэж хѳѳрцѳглѳх хэрнээ модон жорлонгоосоо одоо хэр нь салж амжаагүйд жаахан гуниглав. Гэхдээ хичнээн сайхан байсан гээч. Хараа сонор бүхэн хэзээ ч байгаагүйгээрээ соргог болох шиг мэдрэгдсэн.

Ѳглѳѳ эрт босоод гадаа гарахад сэнгэнэсэн хүйтэн агаар, алжааж ядраад хээр хоносон сарны эсрэг талаас наран гэрэлтэж мандах нь ер бусын үлгэрийн ертѳнц мэт. Америкт байхдаа санаа алдан мѳрѳѳдѳж, “Хэзээ?” хэмээн давчидсан сэтгэлээ тарчлаан байж ѳѳрѳѳсѳѳ асууж байсан хүслээ биелүүлэв. Гэрийн эзэн тарган сарлагны ѳѳхтэй хавиргатай мах чанаж, таргаар бүрсэн шимийн архинд шар тос хѳвүүлэн байж намайг дайллаа. Бурхан минь, аагтай шимтэй амт бүхэн нь биед минь шингэж, ямархан их тааламж эдэлж байсныг үгээр дүрслэх боломж бий гэж үү. Сэтгэл минь дэвтэж байв. Энэ их уудам талд мал нь тааваараа бэлчин ѳѳрийн хэрэгтэй ѳвс ургамлаа шилж сорчилон хүртэж, юугаар ч орлуулшгүй тансаг идээг бидэнд бэлтгэж ѳгдѳг ертѳнц Монголоос минь ѳѳр газар бий гэж үү? Цаг хугацааныхаа эзэн нь болж, тѳлбрѳѳс тѳлбѳрт гэж санаа зовохгүйгээр ѳдѳр болгон уулсын оройд бодлоо бэлчээж, усны тунгалагийг амсан тамшаалж, хүссэн газар руугаа дуу аялан давхиж одох үндэстэн Монголоос минь ѳѳр бий гэж үү? Эх нутагтаа бас ѳѳртѳѳ эзэн болдог диваажин шиг амьдралаасаа зугатаж бусдын нутаг, бусдын эрхшээл дор зовлон шиг амьдрал сонгоод ямархан цаг хугацааг элээнэ билээ, бидний амьдрал дэндүү богинохон доо. “Диваажинд амьдарч байгаа шүү “гэдгээ бид их хожуу ухаарах байхдаа гэж жаахан харуусангүй бодсон.

НАДАД ЮУ БОДОГДСОН ГЭЭЧ!

1.Орон нутгийн нэгж болох баг сумдыг улстѳржилтѳѳс салгаж биеийг нь даалгахгүй бол МАН, АН ын сүлжээ ноёрхсон энэ газруудад хѳгжил ирэхэд хэцүү болжээ. 3000 орчим хүн амтай 200 орчим албан хаагчидтай энэ суурингуудыг сонгуулийн санал хураалтад ашиглаад орхидог болсноор намуудын дарга нэртэй нѳхдүүд хожиж, улс тѳрийн талцал жалга довны үзэгдлийг дэвэргэсээр байх бололтой. Баг сумуудыг жижиг хэвээр байлгах нь улстѳрчдийн хувьд сонгуульд ашиглах сонирхолтой хамаатай юм байна.

2. Нүүдлийн мал ахуйдаа түшиглэсэн шинэ хэлбрийн аж ахуйн нэгдэл бий болгох талаар бодох цаг болжээ. Хамтраад аж ахуйгаа хѳгжүүлэх нь малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, улмаар анхан шатны боловсруулалт хийн гадагшаа гаргах боломжийн эхлэл болно. Ингэж малчдын амьдрал сайжрах хэрээр хотын түгжрэлийг сааруулах боломж бүрдэхээр байна. Тэдэнд ингэж амьдрах боломж олгох хэрэгтэй байна.

3.Яг үнэндээ хѳдѳѳнийхний сэтгэлгээ бусдаас хамааралтай хэвээрээ байна. Боломж байсаар атал бусдыг царайчлан суух нь тэднийг улам арчаагүй байдал руу хѳтѳлсѳѳр. “Тѳр засаг, намаас та нарын амьдрал хамаарахгүй ээ, ухамсартайгаар хувиа бодож амьдар аа” гэж тэдэнд хэлсэн. Ухамсартайгаар хувиа бодох нь тэдний хувьд ѳѳрсѳддѳѳ байгаа боломжоо олж харах, шийдэх боломж нь болно доо. Тэднийг арчаагүй байлгах нь хэнд ашигтай юм бол?

…Mѳнѳѳхѳн цэлийсэн тал дундуур хот руу буцлаа. Америкийн зѳндѳѳ олон хотуудаар аялсан надад Монголын хѳдѳѳ шиг дотно сэтгэгдэл тѳрүүлсэн газар үгүй юм аа. Монголчууд бид бүгдээрээ хотод шавалдаад, хѳдѳѳгѳѳ хаяж орхивол Хятадын нэгэн муж, Оросын нэгэн тосгоноос юугаараа ялгарах билээ. Монголчууд бидний сэтгэлгээний дархлаа, монгол хүний мѳн чанарыг бүтээж байдаг ахуй бол Монголын хѳдѳѳ. Бид энэ ахуйгаасаа салж орхивол дэлхийн дайдад тэгтлээ ялгарч танигдах болов уу? Ѳвлийн тэсгим хүйтэн жавар, хаврын туйлдуулсан хавсрага, зуны аагим халуун, намрын жихүүн салхи монголчууд бидний дархлааг бүтээдэг юм билээ. Буцахдаа машин дотор бага зэрэг даарсан ч сэтгэл минь ѳег дулаахан байлаа. Ѳѳхтэй махны амтыг шар тос хѳвсѳн шимийн архиар даруулсан нь харь оронд шаналсан мѳрѳѳдлийн минь биелэл байлаа. Нэг сайхан дуу аялмаар ч юм шиг…

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020 оны 01 сарын 16                                                             Улаанбаатар хот

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

“АМУ” БРЭНД AMЕРИКТ /“АМУ” брендийг үүсгэн хѳгжүүлэгч Энхтайваны Хулан/
“АМУ” БРЭНД AMЕРИКТ /“АМУ” брендийг үүсгэн хѳгжүүлэгч Энхтайваны Хулан/
02/25/2020
…Денвэрээс гараад шѳнѳжингѳѳ давхиж ѳглѳѳгүүр Сиэтл хотод орж ирээд шууд Э.Хулантай уулзсан юм. Монголд тариалсан буудайн бүтээгдэхүүнээр нэмэлт хоол тэжээл болох “АМУ” брендийг үүсгэн, Америкийн зах зээл дээр гаргахаар хичээн ажиллаж буй түүний тухай нѳхѳр С.Амарболд нь надад “Манай хүн нэг юманд дурлахаараа ухаанаа алдчихдаг юм. Ер нь том зүйлд зорьж зүтгэсэн хүнийг ятгаж зогсоох гэдэг бараг боломжгүй юм билээ” хэмээн хуучилж байсан сан. Эдийн засагч мэргэжилтэй хэрнээ эрүүл хүнс болох хоол тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээл дээр гаргах гэж зүтгэж байгаа Э.Хулан
ОНЫ ТѲГСГѲЛД \ Монголын тэмдэглэлүүд-1\
ОНЫ ТѲГСГѲЛД \ Монголын тэмдэглэлүүд-1\
01/09/2020
 Нью Иоркоос Турк рүү нисэхэд сэтгэлд хѳнгѳхѳн гуниг сэвэлзэх шиг…  Америкт амьдарсан 14 жилийн хугацаанд юу эсийг үзэж, юу эсийг ухаарсан гэхэв. Олон сайхан найз нѳхѳд бас дүү нар минь үлдэж байгаа болохоор сэтгэлийн орон зай дундрах шиг гунигтай мэдрэмж тѳрж байв. Миний дүү хэрнээ аав шиг минь санаа тавьж, дандаа сургаж үгэлж байдаг Ганзориг, Хишгээ, Золоо гурав намайг үдэж гаргаж ѳгсѳн юм. Тэр гурваас салахдаа сэтгэлдээ санаа алдав. Ааваасаа холдох шиг эрт цагийн мэдрэмж сэдрэнэ. 8 цаг хагас орчим нисээд Туркийн нийслэл Станбулд газардав. Станбулын онгоцны буудалд 8 цаг саатаад Киргизийн
 ГЭР ХОРООЛЛООР  АЯЛСАН АЯЛАЛ \Монголын тэмдэглэлүүд-2\
 ГЭР ХОРООЛЛООР  АЯЛСАН АЯЛАЛ \Монголын тэмдэглэлүүд-2\
Миний зээ дүү Ч.Ганжавхлан анх надтай уулзахдаа “Галаа ах аа, Та эхлээд Монголын амьдралын бодит байдлыг ѳѳрѳѳ явж үз. Дүү нь танд хѳтѳч хийе. Тэгэхгүй бол та хэтэрхий хийсвэр ойлголтоор тэнгэрийн юм бодож яриад байж магадгүй” гэж санал болгосноор энэ аялалууд эхэлж байгаа юм. Ѳнѳѳ ѳглѳѳ Ч.Ганжавхлан, Б.Одбаяр 2 дүү минь жееп машинтай ирснээр “Ид шидийн орон -1” ээс “Ид шидийн орон- 2” хүртэлх аялал эхэлсэн юм. Бид 1 р хорооллоос Таван шар, Толгойт, Баянхошуу, Далан давхар, Чингэлтэй, Долоон буудал, Дарь Эх, Шар хад, Улиастай гэсэн маршрутаар хамгийн бартаат замаар хамгийн эмзэг амьдрал

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.