04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

Чингис хааны хөшөөт цогцолборыг үзэж сонирхлоо

 Гадаад улс гүрнүүдээр явахдаа бид аялж буй тухайн улс орныхоо бахархал, билэгдэл болсон ямар нэгэн гайхамшигт архитектурын барилга, хөшөө дурсгал, музеиг нь заавал очиж үзэж, дэргэд нь зургаа авахуулж, музейнүүдийн дэргэд байрлах сувинерийн дэлгүүрээс нь фото зураг, бэлэг дурсгалын зүйлс худалдан авдаг ба эдгээр нь эргээд тухайн орныхоо талаар маш том сурталчилгаа болдог. Харин Монголд ирсэн гадаадын жуулчид дэлхийн агуу хүн болох Чингис хааны төрсөн нутагт ирсэн гэдгээ мэдрэх боловч тэр агуу хүний талаар үзэж харах музей, үзмэр, хөшөө дурсгал төдийлөн олж хардаггүй байсан цаг саяхан билээ. Бид эх орондоо буцаж ирээд удаагүй байгаа тул хаана шинэ юу баригдсан байна тэр бүгдийг амжаад үзэх санаатай зуны цагийг жаахан үр дүнтэй өнгөрөөөх бодолтой байв. Наадмаар сайхан санагдсан нэг зүйл бол Улаанбаатарт байгаа хэдэн музеинүүд маань наадмын  2 өдөр төлбөргүй болсон юм. Бодоход Монголчуудыгаа олноор үзээсэй гэсэн маркетингийн арга байсан байх.

“Чингис Хааны Хөшөөт Цогцолбор” 2010 онд баригдсан тул тийшээ очиж үзэхээр болов. Баригдсан цагаасаа хойш Монгол улсыг гадаад ертөнцөд сурталчлах нэг том бүтээгдэхүүн болж, мөн дотоодын аялал жуулчлалд томоохон хувь нэмрийг оруулж байгаа цогцолбор болжээ.   Энэхүү цогцолбор нь Улаанбаатар хотоос 53 км зайд байгалийн сайхан цогцолсон Туул голын ойролцоо Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Цонжин болдог” хэмээх түүхэн үйл явдалтай холбоотой газарт байрлах агаад биднийг очиход гадныхан болон Монголчууд маань олноороо байлаа.

Монгол орны ихэнх түүх соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газруудад хүрэхийн тулд замын хүнд нөхцөлд 300-аас дээш км замыг туулж байж хүрдэгтэй харьцуулахад Цонжин болдог хүрэх нь хамаагүй бага хугацаа зарцуулж байгаа давуу талтай ч манай Монголын зам арай дэндүү нэр хүнд унагахаар байна. Бараг бартаат замын уралдаан байсан гэж болно. Инээдтэй сонсогдож байгаа ч эмгэнэлтэй зүйлийн нэг бол Улаанбаатрын болоод хот хоорондын замын асуудал.

Уг цогцолборын нийт талбай нь 212 га бөгөөд цогцолборын төвд морьт хөшөө байрлах ба энэхүү цогцолборыг барихад Солонгос, Хятад, Орос, Герман зэрэг орнуудын артектурчид гүн туслалцаа үзүүлсэн аж. Морьт хөшөө нь суурийн хэсгийн байгууламжийн  хамт 40 метр өндөр юм. Суурийн хэсэг нь 10 метр өндөр 30 метрийн диаметртэй дугуй хэлбэртэй, морьт хөшөө нь дангаараа 30 метр өндөр юм. Хөшөөний суурийн хэсэгт хааны музей, үзвэрийн танхим, ресторан, баар, хурлын танхим, бэлэг дурсгалын дэлгүүр, буфет зэрэг байрлана. Үзвэрийн танхимд цогцолборыг хэрхэн байгуулсан талаарх баримтат кино гарах нь мэдээллийн ач хoлбогдолтой гадны музейнүүдийн стандартай зэрэгцэхээр сайн болсон санагдав. Хөшөөний танхимаас морины сүүлэнд байрлуулсан цахилгаан шатаар морины бөгсөн бие хүртэл яваад цааш цээжин дундуур нь шатаар өгсөж, эмээлийн бүүргээр гарч улмаар толгойных  нь орой дээр гарна. Хэрэв хүсвэл 2 давхрын цонхоор гарч морины хүзүүн дээгүүр буюу тагтаар явж болно. Морины толгойн хэсгээс цогцолборын эргэн тойрны байгалийн сайхныг ажиглаж харж дурсгалын зургаа татуулж болно.

Хүмүүсийн сурж асуугаад байдаг том монгол гутал, сэлэм 2 тэнд байрлах ба хүмүүс мөн 2000төг төлөөд эртний монгол хувцастай өөрсдийн аппаратаар зургаа татуулж болох аж. Танхимууд нь саруул том хэмжээтэй, 13-р зууны үеийн эд зүйлсээс олныг байрлуулжээ.

Морьт хөшөөг тойрон 200 гаруй гэр буудал байрлах бөгөөд орчин үеийн тавилга, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон гэж сонссон. Орж бол үзээгүй.

Гэр буудлууд нь XIII зууны үеийн Монголын овог аймгуудын хэрэглэж байсан эртний тамганы хэлбэрээр байрласан гэх юм билээ. Шөнийн цагт гэрлийн тусламжтайгаар тэнгэрт түгэх одод мэт гэрэлтэн харагдахаар зохицуулсан гэдэг. Энэхүү хөшөөт цогцолбор нь  дэлхийн хамгийн том морьт хөшөө ба дотоодын жуулчлалыг Монголд хөгжүүлэхэд үнэхээр ач холбогдолтой юм. Учир нь Чингис хааны үр удам болсон монголчууд маань Их хааныхаа дурсгалын хамгийн том цогцолборыг зорин очсоноор түүхээ сонирхож судлах, бахархах, залуу үед мэдүүлэх том ач холбогдолтой санагдсан.

Зургийг Б. Тайван
Нийтлэлийг А. Ариунтуяа

{gallery}fotomedee/chingiss_statue{/gallery}


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.