04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

АЛЯСКИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

Өнөөдөр АНУ-д Аляскийн өдрийг тэмдэглэж байгаа тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ. 145 жилийн өмнө Оросын эзэн хаан газар нутгийнхаа хамгийн хойд хэсгийг америкчуудад 11 сая алтан рублиэр /7,2 сая доллар/ худалдсан билээ. Эзэн хаан II Александр болон түүний сайд нарын үйлдэл нь тухайн үеийн хүмүүст алсыг харсан, маш ашигтай мэт санагдаж байв.

Крымын дайны дараа хоосроод байсан улсын сан хөмрөг нэлээд хэмжээний мөнгөтэй болжээ. Тэдгээр мөнгөний ихэнхийг нь 1861 онд хамжлагат ёсыг халсантай холбогдуулан газрын эздэд олгох нөхөн төлбөрт зарцуулсан байна.

Түүнээс гадна эзэн хааныг Оросын түүхэнд байгаагүй ийм хэлэлцээ хийх болсны гол шалтгаан нь Британийн эзэн хааны түрэмгий бодлого байжээ. Гэрчүүдийн дурсан ярьснаар, II Александр Орос орны газар нутгийг хамгаалж, улам тэлэх нь зайлшгүй болохыг чухалчилсан өөрийн эцэг болох I Николя хааны гэрээслэлийг зөрчихийг хүсэхгүй байв. Гэвч хэрэв Английн эзэн хааны мэдэлд байдаг Канад улс нутаг дэвсгэрт нь халдсан тохиолдолд Орос улс Аляскийг хамгаалж хүчрэхгүй гэдэг нь тодорхой болсон тул түүнийг ийм хэлэлцээ хийхэд хүргэжээ. Тухайн үед Крымын дайн дууссаны дараа Санкт-Петербург болон Лондоны харилцаа маш хурцадмал байсан юм.

Оросын эрх баригчид Аляскийг худалдах тухай асуудлыг шийдэхдээ эн түрүүнд улс төрийн нөхцөл байдал, уг нутаг дэвсгэрийн хамгаалалт сул байгаа тухай цэргийнхний нотолгоог иш үндэс болгосон байна.

Оросын эзэнт улсын Гадаад хэргийн сайд Александр Горчаков Аляскийг 7,2 сая доллароор худалдсаныг томоохон амжилт гэж үзэж байв. Америкийн Конгрессын зарим гишүүд Аляскийг "мөсөн зоорь" гэж нэрлэн гэрээг эсэргүүцэж байсан учраас тэрбээр америкчуудыг ийм үнээр Аляскийг худалдан авна гэдэгт итгэхгүй байжээ.

Аляскийг худалдах хэлэлцээг хийж, гэрээнд гарын үсэг зурсан Вашингтонд сууж байсан Оросын Элчин сайд Эдуард фон Стеклийг төрийн хамгийн өндөр дээд шагналуудын нэг болох Цагаан бүргэдийн одонгоор шагнасан байна. Үүнээс гадна, түүнийг 25 мянган рублиэр шагнаж, жилд 6000 алтан рублийн тэтгэврийг насан туршид нь олгохоор болжээ.

Аляскийг худалдсан нь Орос-Америкийн харилцаанд улс төрийн хувьд ихээхэн ашигтай болсон байна. Хоёр их гүрний хоорондын нягт хамтын ажиллагаа Орос оронд Зөвлөлт засаг тогтох хүртэл үргэлжилжээ.

Оросын эзэнт улс Аляскийг 135 жилийн турш эзэмшсэн байна. Уг нутаг дэвсгэрийг 1732 онд Михаил Гвоздев, Иван Федоров нарын ахалсан шинжилгээний анги нээсэн юм. Тэд Аляскийн хязгаарт Оросын суурингуудийн эхийг тавьжээ. Шилжин суурьшигчид ирснээр юунытүрүүнд янз бүрийн үслэг араатнуудыг агнах болсон байна. Ангийн үсний худалдаа, экспортын төв нь одоогийн Ситка хот буюу 1799 онд үүсгэн байгуулсан Ново-Архангельск болж байв.

Чухамхүү Ситка хотод Аляскийн өдөрт зориулсан гол арга хэмжээнүүдийг зохион байгуулна. 1867 оны аравдугаар сарын 18-нд болж байсантай адил Оросын далбааг буулган, Америкийн далбааг мандуулах ёслол болно. Харин дараа нь хотын Архангел Михаилын үнэн алдартны шашны сүмд хүндэтгэлийн ёслолын ажиллагаа болох ажээ.

1959 онд АНУ-ын 49 дэх муж улс болсон Аляскт тус улсын нефть, нүүрс зэрэг ашигт малтмалын бараг тал хувь нь ногддог бөгөөд нутаг дэвсгэр дээгүүр нь Хойд мөсөн далайгаас Аляскийн булан хүртэлх 1300 орчим км урттай дамжуулах хоолой барьжээ. Аляск бол АНУ-ын томоохон нутаг дэвсгэр юм. Харин хүн амын нягтрал нь хамгийн бага бөгөөд нэг хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрт 0,4 хүн амьдардаг. 1,7 сая хавтгай дөрвөлжин км бүхий нутаг дэвсгэртэй тус муж улсад 730 мянга хүрэхгүй хүн амьдардаг ажээ. Тэдний 10 орчим хувь нь үнэн алдартны шашныг шүтдэг байна.
Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.