04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Аргентины Ерөнхийлөгч оффшор дахь мөнгөө эх орон руугаа шилжүүлнэ

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри даваа гарагт мэдэгдэл хийж, Багамын арлууд дахь оффшор дансандаа хадгалж буй мөнгөө эх орон руугаа шилжүүлнэ гэдгээ амлажээ.

“Би энэ мөнгийг Аргентин руу шилжүүлэх үүргийг менежертээ өгсөн. Энэ мөнгөөр засгийн газрын бондыг худалдан авч болох юм” гэж тэрбээр ярьсан байна.

Өмнө нь мэдээлснээр, Макри өнгөрсөн долоо хоногт хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг өгчээ. Түүний ХОМ-д дурдсаныг үзвэл, төрийн тэргүүний эзэмшдэг хөрөнгийн хэмжээ өнгөрсөн онд 52,9 сая песо /3,7 сая доллар/ байсан бол энэ онд 110 сая песо /7,6 сая доллар/ болж хоёр дахин огцом өсчээ. Гэхдээ хамгийн ихээр анхаарал татсан зүйл гэвэл, Ерөнхийлөгч Макри хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Багамын арлуудад оффшор данстай гэдгээ хүлээн зөвшөөрсөн төдийгүй уг дансанд 18 сая песо /1,3 сая доллар/ байгаа гэдгийг ил тод мэдээлсэн явдал юм.

Дөрөвдүгээр сард Аргентины прокурорын газар оффшор бүсийн компаниудтай холбоотой гэдгээ санаатайгаар нуусан гэгдэж буй Ерөнхийлөгч Макри-тай холбоотой дуулианд мөрдөн шалгалт явуулахыг шүүхээс хүсчээ. “Панамын файлууд” гэх шуугиан тарьсан баримтуудад дурдсаныг үзвэл, Аргентины Ерөнхийлөгч Маурсио Макри нь Панамд бүртгэлтэй “Kagemusha SA” гэдэг компанийн захирлын албыг хашдаг байна. Түүнээс гадна, өөрийн эцэг Франко Макри-гийн 1998 онд Багамын арлуудад байгуулсан Fleg Tranding Ltd компанийн захирал ажээ.

Харин Ерөнхийлөгч Макри хууль зөрчсөн гэх үг яриаг эрс няцаагаад, өөрийнх нь татварын тайлан болон бусад бүх баримтуудыг шалгах хүсэлтийг шүүхэд гаргасан байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.