05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Ц.САРАНТУЯА: АМЕРИК САЙХАН, ТЭГЭХДЭЭ ДИВААЖИН ГЭХ НЬ ХААШАА ЮМ

Шинэ он гаруут интернэтээр ярилцсан зочин маань алсын Америкт суугаа, телевизийн нэрт сэтгүүлч Ц.Сарантуяа.Нэгэн цагт үндэсний телевизийн эфирийг эзэгнэж,улс төр,нийгмийн хурц хурц асуудлыг хөндсөн нэвтрүүлгүүдээрээ олныг шуугиулж явсан дайчин бүсгүй.Бас дэлхийн олон улс орноос цуврал сурвалжлагууд үзүүлж,мэдлэг мэргэжлээрээ цойлж явсан нэгэн.
АНУ дахь Монгол Телевизийн захирал, Монгол эмэгтэйчүүдийн "Соёл" холбооны тэргүүн, Олон улсын сэтгүүлч Цэдэвсүрэнгийн Сарантуяатай ярилцлаа.

Сараа захирал хүний нутагт ямар их удаж байна вэ? Аяны богцоо хэр дүүргэж явна вэ?
Бид гэр бүлээрээ АНУ-д амьдраад 11 дэх жил рүүгээ орж байна.Монгол Улсын иргэн,Америкт түр оршин суугч гэж харьяаллаа тодорхойльё.Цагаач бол биш.Энэ үгэнд нэг л дасдаггүй юм.Харласан,харлаагүй нь хамаагүй эндхийн монголчуудыг АНУ-д түр оршин сууж байгаа гадаадын иргэд гэх нь зүйтэй байх.Анх биднийг ирэхэд албан бус тоогоор монголчууд АНУ-д 5 мянга гарсан гэж байсан.Одоо бол 20 мянга хол давсан байгаа.Сүүлийн үед хүмүүс нутаг буцах нь олширлоо.

АНУ-д сард авдгаас илүү авах боломжтой болсон гэх сургаар гадагш чиглэсэн цуваа чиглэлээ өөрчлөөд эхэллээ.Оюуны асар их баялагтай,ямар ч нөхцөлд дасан зохицож амьдрах эртнээс улбаатай тэсвэр хатуужилтай монгол хүн Монголдоо ямагт тэргүүлэгч байх ёстой гэж үзсэнээс тэр байх.Би ч бас тэдний л нэг адил. Намайг үгүйлж байгаа хүмүүст баярлалаа.Аль ч цагт,хаа ч явсан үнэнчээс үнэнч сурвалжлагчийн алба маань эрч хүч,эрдэм мэдлэг,агуу их мэдээллээр өчүүхэн намайг өөд татаж, сэлбэж байна даа.

 

Хэвлэлийнхний дунд таныг Монголд том албанд ирж магадгүй гэсэн яриа хэдийнээ тарсан байна.Эх орондоо ирвэл дээр биш үү?

Ийм яриа зунаас хойш чих дэлсээд байгаа юмаа. Сайхан л асуулт байна, дараачийнх нь.

Монголын хамгийн олон үзэгчтэй "Цагийн Хүрд","7 хоног" нэвтрүүлгийг та олон жил хариуцаж хөтөлсөн. Цагийн Хүрдээрээ сүүлийн үед та АНУ дахь "Монгол Телевиз" гэсэн тодотголтойгоор гарах болж.

Миний хувьд үеийнхнийхээ жишгээр л яваа.Бид 2008 онд АНУ-д монгол телевиз байгуулсан.Америкийн олон нийтэд зориулсан сувгаар 7 хоног тутам цагийн нэвтрүүлэг бэлтгэж цацдаг.Вашингтон хот орчмын 10-аад газар 7 хоногт 2-4 удаа цацагддаг.Нэвтрүүлгээ эфирт явангуут дэлхийгээр тархан суугаа монголчуудын зар,мэдээллийн нэгдсэн төв болох Орлоо,Мэдээлэл,Даяармонгол зэрэг хэд хэдэн сайт дээр байршуулдаг.Их гүрний чөлөөт хэвлэлийг дэмжих бас нэг тогтолцоо нь эфирийн үнэгүй цаг хуваарилж,багахан үнээр техникээ хэрэглүүлдэг юм л даа.Мэргэжлийн,мэргэжлийн бус байх нь хамаагүй сургалтанд хамрагдаж байж эфирийн эрхээ авна.Үүнийг анх олж харсан минь л ололт.Америкт ирээд жилийн дараа би олсон.Харин хаширласаар байгаад 2008 он хүргэсэн.Цаашдаа АНУ дахь Монгол Телевизтэй холбоотой өөрчлөлтүүд нилээд хийнэ.Ямар ч байсан бид гадаадад байгуулагдсан Монголын анхны мэргэжлийн телевиз болж чадсан.Бидний амьдардаг Арлингтон хотын Чөлөөт Телевиз оны шилдэг нэвтрүүлгийнхээ тоонд манайхыг нэрлэж байсан.Монгол Улсын ЭСЯ,Монголын Сэтгүүлчдийн Холбоо хүндэт өргөмжлөлөө гардуулсан.Эндхийн Монголчуудын Холбоо оны шилдэгээрээ бас шалгаруулж байсан гээд урам зоригтой мэдээ байна.Уран бүтээлийн ид оргил үеэ хамтдаа өнгөрүүлсэн Монголын Үндэсний Телевизийн ММ агентлаг маань хамтарч ажиллаж байгаад бахархалтай байдаг.ММ Today англи хэл дээрх мэдээ манай телевизээр гараад нилээд хугацаа өнгөрлөө.Харь газар байгаа хүмүүст мэдээллийг англи хэл дээр авах нь нэг талаас илүү дөхөмтэй гэж үзсэн хэсэг байдаг юм.Тийм хүмүүст ММ Today хэрэгтэй.Цагийн Хүрдээр гардаг манай сурвалжлагын хувьд нилээн сонгож байж илгээхийг хичээдэг.Анх Цагийн Хүрдийг сэтгүүлч,нэвтрүүлэгч хоёр хамтран хөтөлж байхад би хөтлөлцөж байсан.Д.Чулуунбаатар,Ц.Сүхбаатар,С.Алтанцэцэг,Д.Сарангэрэл гээд сэтгүүлч нөхөд маань Цагийн Хүрдийн хөтлөгчид.Цагийн Хүрдээ эрхлэн хариуцаад хөтөлж явсан он жилүүд минь бидний залуу насны бахархал.Бас улс төр,мэдээллийн 7 хоногийн тоймоо хамгийн олон жил эрхлэн хөтөлсөн.Америкт анх ирээд 7 хоногийн тоймоо зүүдэндээ мөн ч олон хөтөлсөн дөө.Бүр англиар хөтлөөд дуусгаж байлаа.Хожим энд телевиз нээснээс хойш зүүднээс алгуурхан холдсон.Нэр хүндтэй танай сонины ярилцлагыг далимдуулаад ММ агентлагийнхаа хамт олонд,бас мэргэжил нэгт "Зууны Мэдээ"-гийнхэндээ шинэ оны мэнд хүргэе.Бас баяр хүргэе! Танай сонин Монголын шилдгийн шилдэг сонингоор шалгарсан байна билээ.

Баярлалаа.Та их уншдаг хэвээрээ юу?

Хэвээрээ.Бүр сурчихсан юм.Нэг ёсондоо хобби болжээ.Ихэнхи мэдлэг,мэдээллээ унших замаар олж авдаг.Түүнээс гадна интернэтээр өдөржин шөнөжин аялдаг болсон.Компьютерийн ард сууна гэдэг сайхан,их ч мэдэж авах юм даа.Өөр хобби бараг байхгүй болохоор үүндээ "донтож" байх шиг байна.

Та сэтгүүлчдийн хувьд маш сонин фигури шүү. Түрүүн ярьж байсанаа үргэлжлүүлэхэд, ММ агентлаг олон жил хоёр Сараагийн гарт байсан. Одоо ч таны зангараг байх шиг?

Д.Энхтуяа маань сайн удирдаж байгаа шүү дээ.Би материалаа нийлүүлдэг сурвалжлагч хүн.Хоёр Сараа гэснээс Д.Сарангэрэл МАН-ын нарийн бичгийн дарга болсонд баяртай байна.Улс төрийн үйлс зорилгод нь амжилт хүсэх хэрэгтэй.

Та бас нэгэн цагт МҮАН-ыг /одоогийн АН-ыг/ Засгийн эрх барьж байхад алба хашиж байсан.Сэтгүүлч хүн улс төрийн алба руу хошуурах нь хэр юм бэ дээ?

Өөрийн сонголт өөртөө зөв байдаг.Нэрт улс төрч Б.Дэлгэрмаагийн удирдсан МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын газрын төв аппаратад ажиллаж байсан тэр үе улс төрийн бас нэгэн их сургууль дүүргэх боломжийг над өгсөн.Улс төр,мэдээллийн гол нэвтрүүлгүүдийн сэтгүүлчид улс төрийг бас нэг өөр өнцгөөс яагаад харж болохгүй гэж.Ерөнхийлөгчөөсөө эхлээд сэтгүүлчдийн армиас төрсөн "барьцаж болох" архаг улс төрчдийн бэлээхэн замнал байхад...

Бидний яриа хальтраад  гэнэт улс төр рүү явчихлаа.Америкт байгаа сэтгүүлч хүнээс Америкийн тухай илүү тодруулмаар байх юм.Монголчууд Америкийг диваажин мэт ойлгосоор,тийш зүтгэсээр байна?

Америк сайхан.Тэгэхдээ диваажин гэх нь хаашаа ч юм.Сайхан гэдэг нь тавлаг орчин,цэвэр агаар ус,амьдралын баталгаа,уур уцаар,бухимдалгүй гэх мэт олон талтай.Энэ нь бүтэн зуунаар түрүүлсэн хөгжил,түүнийг дагасан ард түмнийх нь ухамсар сэтгэлгээтэй холбоотой юм даа.За тэгээд ажилтай орлоготой байвал нэгэн хэвийн уйтгартай ч амьдрал нь сайхаан.Би лав Америк амьдралд дасчихсан.Америкт муухай нь гэвэл найз нөхөд,ахан дүүсийн хүрээллээ хумиж яваандаа ганцаардана.Цаг хугацааны гачаалд орж,ажил гэр хоёроос өөр явах замгүй болно.Хэт завгүйгээс болж оюун ухаан зэврэнэ.Амьдралын зайлшгүй байдлаас болж зээлийн картны өрийн торон сүлжээнд орчихно гэх мэт бас л олон юм бий.Баяр ёслолоор хааяа найз нөхөдтэйгээ цуглаж уулзахыг эс тооцвол Америкт хүн зожгирочихдог юм.

Яг одоо Америкийг зорих гэж байгаа хүмүүст юу хэлэхсэн бол?

Үнэхээр ирэх гээд байгаа бол тодорхой зорилго тавьж ирээрэй.Тэр зорилгоо хэдий хугацаанд хэрэгжүүлэхээ бас тогтоогоорой.Сайн судалж,мэдээлэлтэй ирээрэй.Хүний үгээр биш,баттай эх сурвалжаас гол мэдээллээ аваарай гэж хэлэх байна даа.Тэгэхгүй бол нэг мэдэхэд хийсэн бүтээсэн юмгүй олон жил болчихно.Энд цаг хугацаа нэг мэдэхэд өнгөрнө.Маш завгүй ажиллаад байгаа мөртөө мөнгө хийж чадахгүй шүү.Ардаа тэжээдэг хүн ихтэй,өр тавьж ирсэн хүмүүс өрнөөсөө гарч чадаагүй хүнд байдалд орох нь ч байдаг юм.Мөнгө хийж байгаа хүмүүс нь ёстой нөгөө гүрийж байгаа хэсэг дээ.Тэгэхдээ тэд тийм их мөнгө хийж чадахгүй.Америк чинь өгсөн цалингаа эргээд төлбөртөө авч чаддаг улс байгаа юм.Өгөө,аваагаа тэнцүүлж чаддаг гэсэн үг.Америкт хэрэв урсгалаар явбал ийм л байдалд орно гэж захимаар байна.

Америкийн визийг хүн бүр авч чаддаггүй. Эхнэр,нөхөрт нь виз өгөхгүй тохиолдол их. Үүнээс болж залуу гэр бүл салахад хүрч байгааг зохицуулж болох уу?

Ямар ч гэр бүл АНУ-д хамтдаа ир.Эс тэгвэл гэр бүл,үр хүүхдээ хохироох үүд нээгдэнэ.Гадаадад амьдрагсдын гэр бүл салалтын эх нь "Америкийн виз" болоод удаж байгаа нь нууц биш.

Америкийн монголчуудын нийтлэг асуудал юу вэ?

Асуудал олон.Хэдэн ногоон цаасны төлөө ухаан жолоогүй явчихаад нийгмийн олон асуудлаас хоцорч байгаа.Эцэстээ Америк иргэнээ л харж үзнэ үү гэхээс хоолыг нь хийж,хувцсыг нь цэвэрлэж,шалыг нь угааж байгаа гадаадынхныг харахгүй.Монголын нийгмийн даатгалд хамрагдахгүйгээс улсад ажилласан жилүүд аяндаа тасрана.Үүнээс болоод яваандаа тэтгэврийн жил нь хүрэхгүй,ямар ч тэтгэвэргүй болно гэсэн үг.Солонгост ажиллагсад нийгмийн даатгалд хамрагдаж байгаа гэж дуулсан.Америкт ажиллагсдыг бас ийм болгох хэрэгтэй.Энд мөн эмзэг асуудал бол эрүүл мэнд.Өвдөж болохгүй,үхэж болохгүй гэсэн "хуультай".Хэрэв өвдвөл ихэнхи маань эрүүл мэндийн даатгалгүй учир нилээд төлбөрт унана.Ингэхгүйн тулд үнэгүй эмнэлэг гэх мэтийн аахар шаахар эмчид үзүүлсэн болно.2 орны дунд эрүүл мэндийн даатгал үүсгэж болохыг судлах л хэрэгтэй.Энд монгол эмч нар бий.Гэхдээ тэд АНУ-д эмчилгээ үйлчилгээ явуулах эрх авах боломжгүй байх нь олонтаа.Монголоос эмч нарын групп гээд ирдэг ч тэр бүр хүрэлцэхгүй.Бас л эрхгүй учир нүүдлийн маягаар нууцлаг байсаар явна.Иймэрхүү юмыг нэг мөр болговол их буян болно доо.НХХЯ,ЭМЯ,Гадаадад ажиллагсдыг дэмжих төвийнхэн энэ талаар анхаарвал бидэнд санал байгаа.АНУ дахь Монгол эмэгтэйчүүдийн "Соёл" холбоо энэ чиглэлээр төсөл,төлөвлөгөөтэй байгаа.

Сайхан санаа байна. АНУ дахь Монгол эмэгтэйчүүдийн "Соёл" холбоотой хамтран ажиллая гэвэл яаж холбогдож болох уу?

Манай хаяг нээлттэй,soyolholboo@yahoo.com хаягаар холбогдож болно.Холбоо маань мэдээлэл,судалгааны чиглэлд түлхүү ажилладаг.Эмэгтэйчүүдийн олон тулгамдсан асуудлын нэг хүчирхийллийг нилээд анхаарна.Бид 9-үүлээ.Голдуу урлаг,соёлын салбарынхан бий.

Монголд байхдаа таныг эмэгтэйчүүдийн байгууллагуудад сонгуультай байсныг мэднэ. Эрхэлж байсан ажлуудаа үргэлжлүүлээд хэзээний л хүчтэй хэвээр байх юмаа.

Зүгээр сууж чаддагүй юмаа.1995 онд Бээжинд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн 4-р их хурал,Засгийн газрын бус байгууллагуудын
чуулга уулзалтыг сурвалжилж ирсэнээсээ хойш эмэгтэйчүүдийнхээ төлөө юм хийе гэж шийдсэн.Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо Бээжингийн тэр томилолтыг өгсөн юм.Түүнээс хойш бид зөндөө юм хийсэн.Монголын эмэгтэйчүүдийн манлай удирдагчид болох Н.Гэрэлсүрэн,Д.Мөнхөө нар энэ бүхний тэргүүн эгнээнд ямагт явж байсан,одоо ч явж байгаад маш их бахархдаг.

Америкийн сэтгүүлчдийн тухай асуухгүй өнгөрч болохгүй болох уу?

Улс төрийн сэтгүүлчдийг нь илүү сонирхдог.АНУ-д сэтгүүлчдийн хуримтлуулсан мэдлэг,ажлын туршлага хамгийн гол нь,энэ шалгуураар явсаар байгаад "бяд" сууж нас тогтсоны дараа нэвтрүүлэг хөтлөх эрхтэй болдог юм билээ.Манайд бол эсрэгээрээ байх.Миний 4 жил ажиллаж байгаа Дэлхийн сэтгүүл зүй,шуурхай мэдээллийн музей-Newseum-д улс төрийн сэтгүүлчид их ирнэ,лекц уншина.Ням гариг бүрийн өглөө Newseum-н студээс шууд нэвтрүүлэг явдаг.Ажиглаад байхад тэд улс төрийн намд далдуураа бас хутгалдсан улс байдаг юм.Ер нь сэтгүүлчдийн тухай яриад байвал дуусдаггүй яриа гээч болно.

Америкийн сэтгүүлчдийг цэрэгжсэн гэдэг үнэн үү?

Үнэн.1775 оноос дайн хийсэн улс чинь үүгээрээ түүхээ зузаалж байдаг.Угаасаа Америк дайнч улс.Эдний олон дайнаас 13 жил үргэлжилсэн Вьетнамын дайныг бид арай илүү сонсож байсан даа.Шинэ оны өмнөхөн 8 жил Ирактай хийсэн дайн нь дууслаа.Дайныг хэзээ ч сурвалжилж болзошгүй гэж залуу үеийн сурвалжлагч нараа бэлтгэдэг.Харамсалтай нь хил хязгааргүй сурвалжлагч нараас олон хүн амь үрэгдэж байгаа.Цэрэгжилтийн хувьд сэтгүүлчийн сэтгэл зүйг нь бэлтгэхээс эхлэнэ.Гадаадын сэтгүүлчдэд үүнийгээ ойлгуулах үүднээс цэргийн баазуудаар нилээд аялуулдаг.АНУ-ын зэвсэгт хүчний гол гурван төрөл байдаг.Аль аль нь даваа хүнд,хангамж өндөр,сайхан нэр төртэй алба юм билээ.

Пентагоноор орж үзсэн үү?

Оролгүй яахав.Тэнд хэвлэлийн хурал байнга болдог.АНУ-ын БХЯ-Пентагон гэхээр нэг их нэвтэрдэггүй сум шиг сонсогддог ч,олон нийтэд нээлттэй байдаг.Хүмүүс танилцах аялал хийж яваа харагддаг.Тэгэхдээ тогтоосон багахан хэсгээр аялдаг юм билээ.Таван давхар таван өнцөгтэй энэ байшинг монголчууд андахгүй болоо биз дээ.Зүгээр сонирхуулахад,Пентагоны доторхи гудмын нийт урт 28 км,түүгээр жижиг цахилгаан машинууд давхилддаг.Пентагоны дотор талын таван өнцөгтэй хашаан дотор бяцхан мухлагууд,усан оргилуур байдаг.Түүний гол дунд учир нь олдохгүй нэг байшин бий."Чухам энд л АНУ-ын цэргийн хамгийн гол нууц хадгалагдаж байна гэж оросууд бодож хоёр цэнэгт хошуугаа шууд түүн рүү онилоод байсан юм.Энэ бол заримдаа нугас байдаг зүгээр нэг аж ахуйн пин"гэж сэтгүүлчдэд тайлбарлаж байсан.

Америкчууд амьдралаа чөлөөт хэвлэлгүйгээр төсөөлж чадахгүй биз?

Манайд шар хэвлэл хэмээн хочилж ярьдаг бол Америкт чөлөөт хэвлэл,мэдээллийн эх сурвалжид нэвтрэх,мэдээлэл олж авах эрх чөлөө гэхчилэн томьёолж тодорхойлдог.Тэр ч бүү хэл эрэн сурвалжлагч,хоточ нохой гэж ярина.Энэ оронд 1600 гаруй өдөр тутмын сонин,нэг түм орчим долоо хоног тутмын сонин,арилжааны 1000-аад телевиз,бас түм гаруй радиостанц байнга ажилладаг.Ингэлээ гээд нийгэм нь задарсангүй,харин ч олон талын баялаг мэдээлэл өргөнөөр олж авдаг.Америкчууд амьдралаа чөлөөт хэвлэлгүйгээр төсөөлж чадахгүй.Арга ч үгүй бизээ.Дэлхийг дэлдийлгэсэн олон хэргийг Засгийн газар,Конгресс,шүүх,цагдаагийнхан биш,гагцхүү сэтгүүлчид л анх илчилж байхад.Та бүхэн санаж байгаа биз дээ,дэлхийд зартай Боингийн дотоод булхай,Уотергейтын хэрэг гээд сэтгүүлчид л ил гаргасан шүү дээ.

Та 2 орны сэтгүүлчдийг хамруулсан гоё  ажил хэдийнээ сэдсэн байх даа.Яагаад ч юм надад ингэж бодогдлоо?

Нутагтаа удахгүй нилээн хугацаатай очно.Бодсон юмнууд их бий.Одоо гэрэл цохиулаад яахав.Сэтгүүлчид,эмэгтэйчүүд,телевизийн чиглэлээр хийх зүйл зөндөө.Том уран бүтээлийн санаанууд бий.Ажилд үнэнч,эрч хүчтэй,санаачлагатай,сонин сэргэг юм сэддэг,мэдлэг зузаан,гүйлгээ ухаантнуудтай уулзахад бэлэн байна.Холын Америк аль 90-ээд оноос ойртсон юм чинь уугуул,суугуул энэ хоёр нутгийн дунд 12-13 цаг онгоцоор нисэх аялалын уртын төвөгтэйг эс тооцвол "жаргал" байнаа.    

Та сэтгүүлчийн хувьд эх орноо алсаас хэр тольдож байна вэ?

Эерэг,сөрөг аль аль талаас нь харж байна.Тэр жил Монголд очсон Америкийн нэг сэтгүүлч "Хорвоогийн хамгийн сүүлчийн сайхан нутаг" гэж хэлсэн байсан.Үнэн юмаа.Сүүлчийн гэдэг үгийг олон талын утгаар хэрэглэсэн байх.Энэ үгэн дээр нэмээд хэлэхэд,дэлхийн хамгийн баян улс болчихоод байна шүү дээ Монгол.Эрүүл байгалийн унаган төрх,газар доорхи их баялаг,оюуны давтагдашгүй нөөцтэй ард түмэн гээд гайхуулахаар их юмтай юмаа бид.Даан ч ядуурлаасаа гарч дийлдэггүй,дээрээс нь авилгад живчихлээ.Авлигын өнгө зүс байнга өөрчлөгдөж байна.Ёстой л нөгөө ачтай,буянтай,шуналгүй аавын хүү төрд гарч,энэ аюулаас авраг гэж лам,бөө нараас хүсмээр байгаа юм.

Монголынхоо сэтгүүлчид болон чөлөөт хэвлэлийн талаар ямар бодолтой явна вэ?

Сэтгүүлчийн сургууль,сэтгүүлчийн дипломтнууд олширчээ.Энэ хэрээрээ нийгэмд олон талын мэдээлэл хүргэж байгааг үгүйсгэхгүй.Харин чанар нь ямар байдаг бол доо.2004 оны сонгуулиар нутагтаа очихдоо би тохиолдлоор нэгэн телевизийн /нэрийг нь дурьдахыг бодохгүй байна,салбарынхан маань гоморхоно/ мэдээг сонсож таарлаа.Залуу сайхан хөтлөгч бүсгүй "Оросын яруу найрагч Александр Сергеевич Лермонтов.Армян Улсын нийслэл Тбилисс" гэж ирээд л мэдээлэх нь тэр.Олон сайхан сэтгүүлч нөхдөө өөрийгөө сайн хөгжүүлээрэй,өргөн хүрээлэл дунд үргэлж бай гэж хэлмээр байдаг юмаа.Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалыг сурвалжлахаар ирсэн сэтгүүлчдээр бахархсан.Төрийн айлчлалд шилдгүүдээ удирдлагууд нь зөв сонгож явуулжээ гэж бодсон.Маш их өссөн,шуурхай дайчин сэтгүүлчид ирсэн.АНУ дахь Монгол Телевиз тэдний заримыг нь "Сэтгүүлчид Монголын тухай" нэвтрүүлэгтээ уриад амжсан.Хэрэв айлчлалын тэр групп шиг сэтгүүлчид олширвол нийгэм урагшлана шүү.Монголын чөлөөт хэвлэлийн хувьд тоо ширхэг олон,бичиж ярих эрх нь улам нээлттэй л болоод байгаа гэж боддог.Харин сэтгүүлчийн ёс зүй,эх зах,хэмжээ хязгаар нь хэр байдаг юм бол.Дэлхийн улс орнуудад чөлөөт хэвлэл хэр хөгжсөнөөр нь судалж тодорхойлдог Newseum-ийн донор байгууллага Freedom Forum буюу Эрх Чөлөөний Чуулганы жил бүр гаргадаг мэдээллээр манай улс чөлөөт хэвлэл дунд зэрэг хөгжсөн гэж дандаа гардаг.Америкт хууль,цагдаагийнхан,төрийн ажилтны ёс зүйн хороо,түүнтэй ижил төстэй байгууллага хүмүүс хараат бус хэвлэлийнхэнтэй хамтран ажиллах эрмэлзэл сонирхол их байдаг.Шударга ёс,ил тод байдлыг эрхэмлэгч бүхэн,хүний эрхийг хүндэтгэдэг бүхэн,нийгмийнхээ эд эсийг авилгад идүүлчихгүй эрүүл саруул байлгахыг боддог болгон хэвлэлийнхэнтэй маш ойр байна.

Америкт байгаа хүмүүс завгүй гэж дандаа хэлдэг юм байлээ.Танаас ч гэсэн энэ ярилцлагыг авах гэж завгүй гэсэн үг сонсож байлаа.Тийм их завгүй байдаг хэрэг үү?

Яг үнэндээ цагийн үнэлгээгээр ажилладаг болохоор бүгдээрээ завгүй ээ.Дээрээс нь завгүй америкчуудыг дагаад цагаа харамлаад,завгүй байгаад сурчихж.Завгүй байх тусмаа олон ажил зэрэг амжуулдаг талтай.Хэрэв завтай болчихвол наазгайраад суучих бас нэг муу тал бий.Иймд завгүй байя гэж өөрийгөө хүчилдэг.Түүнээс биш нэг их сүрхий амьтан болж ихэрхэх байдал үгүй шүү.Сэтгүүлч нөхөддөө аль болох цаг гаргана,илүү хүндлэнэ.Та нартаа,танай сонины уншигч-эх орон нэгт ахан дүүстээ алсын Америкийн нийслэл Вашингтоноос гар сунган мэндчилж,удахгүй уулзахын ерөөл хүргэе.

Н.Наран


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.