04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Ази, Европыг холбосон "Хойд гарц" гэдгээ зарлалаа

Канад Улсын Монреаль хотноо “Тогтвортой хөгжлийн хүрээнд нисэхийн байгууллагуудын түншлэл” сэдэвт Дэлхийн агаарын тээврийн анхны чуулга уулзалт болж ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа тэргүүтэй төлөөлөгчид оролцоод иржээ.

Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-аас “Хамтдаа хөгжье” уриан дор болсон дээрх чуулганд ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөн удирдах газрын дарга П.Ганболд “Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээ, хүчин чадал, хэрэгжсэн төсөл” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. Энэ илтгэлээр анх удаа Монгол Улс нь “North Pass” буюу “Хойд гарц” гэсэн томьёоллыг зарлан, манай улс нь зүүн хойд болон зүүн өмнөд Азийг Европ, хойд Америктай холбосон агаарын гарц болохоо зарлаж, агаарын замуудын аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаагаа мэдээлсэн байна.

Дээрх чуулга уулзалтын дараа Монгол Улсын агаарын навигацын хөгжил Олон улсын иргэний нисэхийн байгууллагуудын анхаарлыг татаж, өндрөөр үнэлэгдэж байгаад талархал илэрхийлсэн ил захидлыг ИКАО-ийн Зөвлөлийн Ерөнхийлөгч Олумиюива Бернард Алиу ИНЕГ-ын даргад ирүүлжээ. Тэрбээр ” Дэлхийн иргэний нисэхийн анхдугаар Форумын үеэр үр дүнтэй танилцуулга хийж оролцогчдоос өндөр үнэлгээ авсанд талархал илэрхийлэхийн ялдамд олон улсын иргэний нисэхийн цаашдын хөгжил, иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг сайжруулахад ИКАО-гийн зүгээс бүрэн хэмжээгээр хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлж байна.

Монгол Улс нь Ази, Европыг холбох онцгой үүргийг хэрэгжүүлж буй чухал орон. Монголд нисэхийн идэвхитэй үйл ажиллагаа явуулж, нисэхийн дэд бүтцийг шинэчлэн сайжруулахад тэргүүн зэргийн ач холбогдол өгч буй танай Засгийн газрын хүчин зүтгэлд ИКАО талархаж буйгаа илэрхийлье .

Бангкок дахь Бүсийн төвөөрөө дамжуулан танай Засгийн газартай, Монгол оронд иргэний нисэхийн үйл ажиллагааг улам хөгжүүлэх эрч хүчийг нь нэмэгдүүлэх, үүний үр дүнд бий болсон эдийн засгийн ашгийг Монголын ард түмэн хүртэж байх чиглэлээр нягт хамтран ажиллах ИКАО-гийн чин эрмэлзлэлийг дахин илэрхийлэхийг минь зөвшөөрнө үү. Таны дараа дараагийн шинэ үүрэг хариуцлагад тань амжилт хүсч байгааг минь хүлээн авна уу” гэжээ.

Иргэний нисэхийн ерөнхий газар


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.