04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

“ХӨТӨЧТЭЙ АЯЛАЛ – 2” БУЮУ МОНГОЛЫГ СОНИРХОЖ АСАН АМЕРИКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ

АНУ дахь “Монгол Соёлын Төв”-ийн “Хөтөчтэй аялал”-ынхан энэ удаад Потомак гол дээр орших байгалийн сайхан бүрдсэн Рузвельтийн арал руу аялцгаалаа. Нэг ой дөнгөж өнгөрч яваа охин (www.orloo.com – ийн Тайван, Ариунаа нарын охин), зургаан настай хүүгээс (найрагч Батбаярын хүү) эхлээд Бадан багш (Төрийн Департамент), Жаажаа Санждорж (засуул), Дамба багш (Монгол сургууль) нарын ахмадууд хүртэл нэг баг болон аяллаа эхэлцгээв.

Арал дээр хүрээд Монгол Соёлын Төвийн санхүүч Чойживын Гантулга, тэргүүн Мягмарын Саруул-Эрдэнэ нар хөтчийн үүрэг гүйцэтгэн Ерөнхийлөгч Теодор Рузвельтийн аж амьдралын тухай, энэ арлын үүх түүхийн тухай болон Рузвельтийн Монголын түүхийг ихэд сонирхдог байсан талаар ярив. Түүнээс товчлон хүргэвэл:

ТЕОДОР РУЗВЕЛЬТ

Олны дунд T R (ти ар) хэмээн алдаршсан АНУ-ын 26 дахь Ерөнхийлөгч Теодор Рузвельт 1858 оны 10 сарын 27-нд төржээ.

Ерөнхийлөгч Мк Кинлиг хөнөөсний дараа тэрбээр дэд Ерөнхийлөгч байсан Рузвельт 1901 онд, 43 нас ч хүрээгүй байхдаа АНУ-ын хамгийн залуу ерөнхийлөгч болж байв.

Нэн идэвхтэй амьдардаг байсан Рузвельт Бүгд Найрамдах Намын дарга, Нью-Йорк хотын захирагч, түүхч, байгаль судлаач, зохиогч, аялагч, цэрэг гэх мэт олон ажил үүрэг гүйцэтгэж явсан хүн.

Теодор Рузвельт Нобелийн Энх Тайвны шагнал хүртсэн анхны Америк хүн бөгөөд Орос Японы дайныг зогсоож, хоёр талыг ширээний ард суулгахад нэн чухал үүрэг гүйцэтгэсний хувьд шагнуулж байжээ.

Теодор Рузвельт өөрөө ч, түүхчид ч түүний бүрэн эрхийнхээ хугацаанд гүйцэтгэсэн хамгийн том ажлыг Панамын сувгийг барьсан явдал хэмээн үздэг.

Олон нийтийн санал асуулга түүнийг АНУ-ын бүх үеийн шилдэг ерөнхийлөгчдийн жагсаалтад 3-7 дугаар байранд байнга оруулдаг. Тийм ч учраас Рашмор уулан дээрх алдарт барималд Вашингтон, Жефферсон, Линкольн нарын хамт түүний дүрийг сийлсэн буй.

Нэг удаа анд яваад баавгай таарахгүй ихэд удсанд туслах нар нь нэг хөгшин баавгай барьж, модонд хүлээд Ерөнхийлөгчөөр буудуулах гэжээ. Ерөнхийлөгч тэр баавгайг өрөвдөн буудаагүй байна. Энэ явдал олны дунд тарж, алдарт “Тэдди баавгай” төржээ.

 

ТЕОДОР РУЗВЕЛЬТИЙН АРАЛ

Энэ арал нь өмнө Барбадос, Мэйсон, Аналостан гэх мэт нэрээр нэрлэгдэж байжээ. Анх Америкийн уугуул иргэд энэ бяцхан арлыг Аналостан хэмээн нэрийддэг байжээ.

Анх 1682 онд ахмад Рандолф Брандт Аналостан нэрээр патентлан авч, нас барахдаа охиндоо шилжүүлсэн байна. 1724 онд Жорж Мэйсон (түүний нэрэмжит их сургууль Арлингтонд буй) арлыг авчээ. Түүнээс хүү Жон Мэйсон нь өвлөн авч арал Мэйсоны арал нэртэй болсон байна. Жон тэндээ хашаа байр зэргийг барьсан байсан боловч 1831 онд үерийн ус дайран орж ирсний улмаас Мэйсоныхон арлыг орхин оджээ.

Үүнээс хойш иргэний дайны үед цэргүүд байрлаж байсныг эс тооцвол арал эзгүй байв. 1913 онд арлыг Вашингтоны Цахилгаан, Хийн Компани авч эзэмшжээ. 1931 онд Теодор Рузвельтийн Дурадхалын Нийгэмлэгийнхэн тус компаниас арлыг худалдан авсан байна. Ингээд нийгэмлэгийнхэн Конгрессоор Рузвельтэд зориулсан цогцолбор босгох ажлыг батлуулав. Энэ бүхний эцэст нийгэмлэгийнхэн ашиг олохо бус Рузвелтийг олонд таниулах зорилгоор арлаа Америкийн ард түмэнд бэлэглэсэн байна. Тиймээс нийт 88,5 га буюу 0.36 км хавтгай дөрвөлжин, модон төгөл бүхий энэ арал АНУ-ын өмч болжээ. Могой, яст мэлхий, мэлхий зэрэг олон амьтантай, онгон байгаль, намаг, зэгс нь тэр чигээрээ хадгалагдан үлдсэн, амралтаа өнгөрөөхөд нэн тааламжтай арал байна.

ТЕОДОР РУЗВЕЛЬТ МОНГОЛЫН ТҮҮХИЙН ТАЛААР

Теодор Рузвельтийг түүхч байсан тухай өмнө дурдсан. Тэрбээр Монгол болон Евразийн түүхийг ихэд сонирхдог нэгэн байжээ. Энэ мэдлэг нь түүнд Орос Японы дайныг зогсооход нь ихээхэн нөлөө үзүүлж чадсан буй заа.

Жеремиа Куртиний бичсэн “The Mongols, A History” хэмээх ном бол Америк түүхчидийн Монголын талаар бичсэн анхны жинтэй бүтээл юм. Ерөнхийлөгч Теодор Рузвельт 1907 онд тус номын өмнөтгөлийг бичжээ. Ингэхдээ Монголын талаар огт ойлголтгүй байсан Америкчуудад хандан Монголын түүхийг судлах нь нэн чухал болохыг сануулж, 13-р зууны үеийн тухай бичсэн нэгэн зохиогч Монгол болон Чингис хааны тухай юу ч дурдаагүй байсныг шүүмжлэн, түүхийг зөвхөн Баруун Европын түүхээр төсөөлөх нь тун өрөөсгөл болно хэмээн бичсэн байна.

Т. Рузвельт “Үнэн хэрэгтээ Европынхны, цагаан арьстнуудын байлдааны урлаг хэмээн ярих нь гурван зуугаадхан жилийн түүхтэй юм. Түүнээс өмнөх дөрвөн зуун жилд буюу 13-17-р зууны үед Монгол болон Түрэг угсаатнууд Европод байлдах бүрийдээ ялан дийлж, эзлэн дагуулагч болон ирдэг байсан бөгөөд тухайн үеийн Европын нэг ч жанжин Чингис хаан, Доголон Төмөр, Сэлим, Амурат, Бабур, Акбар нар шиг өргөн уудам нутгийг эзэлж байсангүй” хэмээн үзжээ.

Чингис хаан, Монголын түүхийг нэлээд өөр өнцгөөс харах болсон өнөө үед энэ нь мэдээжийн баримт мэт боловч 1907 онд Монголын талаар ийн бодох Ерөнхийлөгч байтугай ултайхан түүхч ч байгаагүй билээ.

БААВГАЙТАЙ ЧИХЭР

Уламжлал ёсоор аяллынхан хээр тухлан сууцгааж, гэр гэрээсээ авчирсан хоолоороо нэгнээ дайлцгаав. Өдрийн хоолны үеэр тайлбарлаж ярьсан зүйлээсээ асуулт тавьж, зөв хариулсныг нь баавгайтай чихрээр шагналаа. Үүнээс гадна ярьж танилцуулсан бүх мэдээллээрээ брошюр бэлдэн тараав. Сонирхсон хүн бүр үнэ төлбөргүй оролцож болох энэ аяллын гуравдахь чиглэл “Конгрессийн номын сан” болох юм. Та бүхнийг урьж байна.

АНУ дахь Монгол Соёлын Төв


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.