03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Канад Улсад суугаар Элчин сайд Д.Готов Ванкувер хотноо ажиллалаа

 Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Д.Готов арванэнэгдүгээр сарын 15-18-ны өдрүүдэд Канадын Ванкувер хотноо ажиллалаа. 

Тэрбээр Бритиш  Колумби мужийн Дээд боловсролын Сайд ноён Мурей Коуэл, Бритиш Колумбын Их сургуулийн Бизнесийн сургуулийн Декан Даниел Музыка, Симон Фрейзерийн Их сургуулийн дэргэдэх Бизнесийн сургуулийн  Гадаад харилцаа эрхэлсэн Гүйцэтгэх захирал Рик Колборн нартай уулзаж, хоёр орны их, дээд сургуулиудын хооронд хэлхээ холбоо тогтоох, оюутан солилцох зэрэг асуудлыг тавьж, хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа. Уулзсан хүмүүс хамтарч санхүүжилт олох, Монголын компаниудын удирдах албан тушаалтнуудад бизнесийн удирдлагын чиглэлээр тусгайлсан сургалт явуулж болох, цаашилбал монголын талтай хамтарч бизнесийн чиглэлийн сургалтын хөтөлбөр зохион явуулах боломжтой талаар санал бодлоо хэлж байв.

Канадын Ази, Номхон далайн Сангийн Гүйцэтгэх Захирал хатагтай Жил Прайстай уулзаж, Сангийн шугамаар явуулж буй үйл ажиллагаандаа Монголыг түлхүү хамруулах боломжийгхайж ажиллахыг хүсэв. АНД-н Сангаас Канадын  Ази, Номхон далайн орнуудтай явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар судалгаа хийж, санал зөвлөмжөө Засгийн газартаа танилцуулдаг юм.

    Мөн үеэр Элчин сайд Ванкувер хотноо аж төрж буй Монгол иргэдтэй уулзаж ярилцан, санал хүсэлтийг нь сонсов. Манай иргэд эзэмшсэн мэргэжил, дадлага туршлагадаа тулгуурлан дор бүрнээ эрхэлсэн ажилдаа шамдан, амьдрал ахуйгаа төвхнүүлэн ажиллаж байгаа юм байна. Тэдний хувьд Монголоос ах  дүү, садан төрлөө урих ялангуяа өндөр настай эцэг эхээ  Канад орныг үзүүлэх, ач, зээтэй нь уулзуулах зорилгоор урьж авчрахад визийн хүндрэл гарч байгааг ярьж, энэ байдлыг харгалзан үзэхийг канадын талд ойлгуулж өгөхийг Элчин сайдаас тусгайлан хүсч байв. Манай иргэд 2010 оны Ванкуверийн Өвлийн олимпод оролцох өөрийн орны баг тамирчдад дэмжлэг үзүүлэх хүсэл сонирхолтой байгаагаа мөн илэрхийлж байлаа.

Элчин сайд уулзалтын үеэр яригдсан асуудлуудыг  нааштайгаар шийдэхэд ЭСЯ-ны зүгээс анхаарч ажиллахаа илэрхийлж, өөрийн иргэдээ бүрэн бичиг баримттай байх, бүртгэлтэй байх, шинээр төрсөн хүүхдүүддээ гэрчилгээ авах зэрэг бүртгэлтэй холбоотой ажлыг журмын дагуу сайтар хийлгэж байхыг зөвлөж, тавьсан асуултад хариулав. Элчин сайд иргэдэд Монгол-Канадын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар танилцуулж, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд гар бие оролцон, ЭСЯ-тай хамтран ажиллахыг уриаллаа. Иргэд уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийлж, ойрын үед Монгол иргэдийн холбоо байгуулж ажиллах талаар ярив. Уулзалтад 80 шахам Монгол иргэд оролцов.

Элчин сайд Д.Готов 2008 оны арваннэгдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Канадын Ванкувер хотноо болсон "Орчин цагийн Монгол Улс: Шилжилт, хөгжил, нийгмийн өөрчлөлтүүд" сэдэвт  олон улсын бага хуралд ЭСЯ-ны Зөвлөх Д.Гансүхийн хамт  оролцсон юм. Элчин сайдыг Канадын Бритиш Колумби муж дахь Өргөмжит консул Т.Роббинс дагалдан ажиллалаа.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.