04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

БИ ӨӨРИЙГӨӨ ЖИН ХӨТЛӨЖ ЯВАА ЭРЭЭР ТӨСӨӨЛӨХ ДУРТАЙ

Монголчуудын дунд  гадаадад ажиллаж амьдрах явдал сүүлийн 20 гаруй жилд түгээмэл болж Америкийн, Лондонгийн, Сөүлийн гэх зэргээр  амьдран суугаа алс нутгаараа нэрлэгдэх хэмжээнд хүрч  суурьшжээ.
  АНУ-д  ажиллаж амьдардаг гуч орчим мянган Монголчуудын дунд  эрдэмтэн мэргэд, урлаг соёлын алдартнууд, зохиолч уран бүтээлчид олноор бий.

Энэ удаа та бүхэнтэй  АНУ-ын Чикаго хотноо амьдарч  зохиол бүтээлээ туурвиж буй Д.Нацагдоржийн болон   2010 оны шилдэг бүтээлийн  “Алтан өд” шагналт  Зохиолч Доржзовдын Энхболдыг уулзуулж байна.  
    “Паанан”, “Казиног номхотгосон түүх” зэрэг олон зохиол,  Монгол ахуй амьдралын хөрсөнд ургуулан бичсэн тууж, богино өгүүлэгүүдээрээ бүхний танил болсон билээ.  Бидний яриа түүний сүүлийн үеийн уран бүтээл, зохиолчийн  урлахуйн тухай болон Чикаго хотноо удахгүй болох  “УРАН ҮГСИЙН ЧУУЛГАН 2012”-ны талаар өрнөв.  

Та багадаа Баянхуур хөгжим тоглож  сурсан тухай  “Гурван тэсээс Чикаго хүртэл” цувралаас тань уншсан. Таны хамгийн тоглох дуртай аялгуу тань гэвэл?

-          Хэнтийн өндөр ууланд . Намайг багад радиогоор өглөөний зургаа дөчөөс долоогийн хооронд төрөл бүрийн хөгжмийн гоцлолууд нэвтрүүлдэг байсан юм.Аман хуур,баян хуурын гоцлолууд голдуу явна л даа.Баян хуурын тийм тоглолтуудыг би алгасалгүй сонсдог зарим нэг барилтуудыг нь радиотойгоо зэрэгцээд л баян дээрээ бариад сурчих санаатай оролдож суудаг байсан л даа.Тэдэн дотор хэдэн гялаан хонь,Хэнтийн өндөр ууланд хоёрын барилт нь онцгой сайхан санагдаад л сурчих юмсан гэж мэрийдэг байсан хэрэг.Гэхдээ яаж тэр улсууд шиг тоглож сурахав дээ өөрийнхөө хэмжээнд л оролддог байсан хэрэг.
 
 
      “Гурван тэсээс Чикаго хүртэл”  гээд   арав гаруй цуврал  бичвэрүүд  цахим хуудсуудаар тарлаа.  Энд таны хүүхэд наснаас наашлах дурсамж, нэгэн үеийнхэний амьдралын бодит түүх, жар далаад оны хөдөө нутгийн амьдрал ахуйн тухай нүдэнд харагдтал бичээд байгаа юм.  Энэ бичлэгүүд уран зохиолын ямар төрөлд хамаарах вэ?

-Дурсамж юм уу даа.Гэхдээ ихэнхи дурсамж өнгөрсөн цаг дээр бичигддэг.Гурвантэсээс Чикаго хүрсэн замаа бол би арай өөр юм гэж хараад байгаа юм.Яг иймэрхүү чиглэлийн бүтээлийг манай сайхан ахмадууд маань бас хийсэн байдаг л даа.Ч.Чимид гуайн Магеллан хаагуур гарсан бэ бол ууган нь гэж би боддог юм.Тэгээд Л.Түдэв гуайн Хорвоотой танилцсан түүх орно.Товчхондоо болоод өнгөрсөн явдлыг өнөөчлөх,чадвар хүрвэл ирээдүйчлэх нийт цар хүрээгээр нь аваад үзвэл гурван цагийн хэлхээнд дүрүүдээ амьдруулах гэж хэлж болно л доо.Хэрэв ингэж чадаж гэмээнэ хожим хэн нэг хүн цаг заваа үрээд л цаас нухаж суухгүй миний бичсэнийг уншаад цаг заваа хэмнэчих юмсан даа гэсэн санаашрал бас байгаа юм.Өнөөдрөөс ургадаггүй маргааш гэж үгүй тэр ургаж гарах үр хөврөлийн биежсэн дүрийг урьдчилж харж чадах уу энэ тухай л бодож байна даа.Ур чадвар , төсөөлөн бодох маш их ажил бий миний уураг тархи харин хаана нь очихыг хэлж мэдэхгүй л байна. Нүгэл буян гэж нэг сүүдэр ший байдаг даа.Дал наяад онд тэр сүүдэр шийг үзээд  “ Ишш хөөрхий Намдаг өвөөд өөр хийх юм олдоогүй л юм байх даа” гэж боддог байсан.Гэтэл тэгж бодож байснаасаа гучин жилийн дараа  “Намдаг өвөө ямар их алсыг харж байж вэ “ гэж өөрийн эрхгүй сүүрс алдаж байна.Утга зохиолын мөн чанар буюу урлан бүтээхийн СҮНС-лэг чанар уг нь энэ юм.
 
       Мөн дээр зохиол Өмнөговь  нутгийнханы аялга үг, өвөрмөц заншил, өв уламжлал, нутаг усаа хайрлан хамгаалах учир утгын тухай  олон шигтгээ, дүр дүрслэл,  урлал байдаг. Ерөөс зохиолч хүний нийгмийн өмнө хүлээсэн үүрэг  ийнхүү бичиглэн хойч үедээ үлдээх явдал уу?

-Гол санаа нь дээр хэлэгдсэн байхаа даа.Ер нь бол тийм.Хэл гэдэг хөглөгдөөд л хөг нь алдагдаад л эргэж хөглөгдөөд л  хөгжлөө өөртөө тээж явдаг амьд бодгал л даа.Чамирхаж дэгжирхэнэ,нус нулимастайгаа холилдоно,зарим үед тугал хариулж гүйнэ,маргааш нь туг барьчихсан гэдгэр нь аргагүй алхаж явна.Өнөөдрийн Төвд,Уйгар хэлийг өнөөгийн Немц,Франц хэлтэй харьцуулаад нэг бод доо.Гунигланам гэдэг ганц үгээр л жишээлэхэд нэгэнд нь эрх чөлөө эх орон тусгаар тогтнол гэж бууж байхад нөгөөд нь бороотой үдэш  шанаагаа тулан хэн нэгнийг хүлээн цонхоор ширтэж суугаа бүсгүй буух жишээний.Гэтэл өнөөгийн монгол хэлэнд миний сэтгэхүйгээр дамжин буухдаа соёл зан заншлын хамаг л нандин бүхнээ үл үзэгдэгч агаарт соруулан алдаж байгаа хүний гуниглал болж буух жишээний.Хутга түрийлээд хот руугаа алхаж байгаа эрийг харсан хэн ч

-За мань хүн шөл уух нь гэж бодох нь ёс.Харин өнөөдөр интернэт орчинд хэдэн мянган монгол залуучууд “Гэжийгаашдээ болжийшдээ суужийгаан азгүйен “ гэх мэтсийг далбагануулаад эх хэлнийхээ,нарийн дээрээ өөрсдийнхөө толгой хоргодсон хот руу харайлгацгааж байна. Шөл гаргах нь ээ.Зуун хоньтой эр нэгээр нь шөл уучихад ерэн ес үлдэнэ.Төрөлх хэлээрээ шөл гаргачихаад дараа нь Англи хэл рүү “ Гэжийгаашдээ” гээд харайлгах юм болов уу.Зөв бичгийн дүрэм,найруулга гэж танагаа алдлаа.Монголийн гээд л бичих юм байна шүү дээ.Монголын гэж бичихийн тулд эхлээд Монгол баймаар.Энэ бүхэн уламжлалаа өгөршсөн шидмэсний дайтай үзсэний л гай.Би өөрийгөө жин хөтлөж яваа эрээр төсөөлөн бодох дуртай.Миний хөсөгт ерөнхийдөө хоёроос гурван түм орчим хүн хамрагдаж явдаг юм.Уншигчид минь юм шүү дээ.Булаг шандаа цэвэр ариун байлгахыг хүсдэг шигээ ядаж энэ хөсөгтөө хэлээ буртаггүй байлгахсан гэж хүсдэг  юм.

    Авъяас удамшдаг байх аа гэж боддог. Таны авъяас билэг удамшиж ирэв үү? Өвөг дээсийнхээ тухай хуучлана уу?
-Удамшдаггүй юм гэж үгүй.Хөлийн хурууны хумснаас эхлээд үсний өнгө хүртэл удамшина.Аав маань Өвөрхангай аймгийн Хужиртын бага сургууль дүүргээд 12 настайгаасаа Архангай аймгийн Хөдөө аж ахуйн техникумд суралцаж 16 настайдаа техникумаа төгсөж Өмнөговь аймгийн Ноён суманд малын бага эмчээр ажил хөдөлмөрийнхөө гарааг эхлүүлсэн юм билээ.Аавын минь аав тарвагачин Дашхүү гэж олон хүүхэдтэй гүндүүгүй монгол байсан гэдэг юм.Аавыг Хөдөө аж ахуйн дээдэд оюутан болж очихоос өрсөөд би төрөхгүй юу.Тэгээд яахав аав ээж хоёр хоёулаа оюутан болж хот руу явахад нь би ээжийнхээ аав ээж дээр үлдсэн юм.Эмээ маань ерөнхийдөө нилээн ширүүн хүн байсан.Намайг суулгаж сургахаас хүмүүжлийн ажлаа эхлүүлж байсныг нь би мартдаггүй юм.

-Өрөмний өт шиг гозогоносон амьтан ер олигтой хүн болдоггүй юм суу наанаа гээд орны хөлд суулгачихна.Өдөржин сууна шүү дээ.Хааяа нэг аргал түлш оруулахаар гарах шиг жаргал үгүй.Харин хангайн эмээ маань  ёстой хурга ишиг цочоохгүй номхон хүн.Олон нялх балчир ач зээ дээр нь намайг нэмж аваачаад юүхэв гэж аав ээж хоёр маань бодсон байх.Тэр эмээг маань аавын дүү нарын хүүхдүүд ноолж өссөн  юм.Би  тэнд очсон бол өнөөдөр Орхон Цагаан гол хоёрын хооронд морины хоёр хажуу руу савчсан амьтан явах байсан байлгүй.Хэзээ хойно сургуулийн амралтаар оччихоод яг тэгж явдаг байсан.Нэг их далбагар нударгатай тэрлэг хэдэрч өргөн бүс ороочихоод согтуу хүн дууриан мориныхоо хоёр тал руу нударгаараа савчаад л ...Номхон морь таарчихаад олигтой явж өгөхгүй бол авга нартаа гомдоллоод л

-Би ямар хонины морь унах гэж танай энд ирээ юү энэ тэр гэж под подхийтэл хэхрээд явдаг байсан.Тэгэхээр багын хүмүүжил гэдэг нэг ёсны удамшил.Эхлээд сууж сурсан дараа нь алхаж сурсан.Эмээ маань унаагаа хөтлөж намайг өмнөө оруулаад борви руу шилбүүрдээд л алхчихдаг байсан. Хожим нь миний амьдрал яг тэр хэмнэлээр өрнөсөн дөө.Ингэхээр эмээдээ их баярлаж явдаг минь зүйн хэрэг.Нөгөө нэг туйл нь миний өвөө.Өвөөг минь Сономпил гэдэг байсан юм.Түвд номтой хангайн эмээтэй маань таарсан болж гэм хоёулаа налайсаар суугаад амьдралаа налайлгачихаж мэдмээр тийм номхон дөлгөөн хүн байсан даа.Хэлсэн үгийг нь хэрвээ бүтнээр нь хадгалаад авч үлдсэн болж гэм би энэ хүртэл даялаж амьдархааргүй байх ч байсан байж мэднэ.

-Хүн хоёр биетэй гэж ярьдаг байсан.Нэг нь хүнд шууд харагдана.Нөгөө бие нь хэдэн өдөр сар жилийн дараа харагдана.Өнөөдөр харагдах чухал биш алив юманд маргааш , болж өгвөл нөгөөдөр нь харагдаж байвал сайн гэдэгсэн.Сэтгэлийг хэлээд байнаа даа.Ийм хоёр туйл руу татагдаж өссөн нөгөөтэйгүүр аав маань огт хоосон хүн биш.Нилээн дажгүй ганзгалаатай.Залуудаа найруулал тэмдэглэл,сурвалжлага сайн бичдэг байсан юм .Зохиолч Найманжин гуайтай дотноор нөхөрлөж Лувсанцэрэн гуайтай ч ходийрхож нөлөөнд нь сүрхий автаж бичлэгийнх нь аясаар өгүүллэг ч бичиж байсан гэдэг.Гэхдээ хүн дууриах онцгүй юм байна гэж үзээд хэвлүүлэе энэ тэр гэлгүй устгачихсан гэж ярьдаг юм.Ийм л өв өвлөж утга зохиолын их далайн эрэгт ирсэн хүн л дээ би.
 
     Саяхан таны Сүүлчийн хорчин  өгүүллэгийг уншив аа.  Хавт Хасарын удмын Хорчин овогт өвгөн  ...  наймаа бол нүүрийн буянтай хүний ажилдаа гээд ...саранд хүрэхэд ч бэлэн алхдаг хэсэг бий.  Уул нь  тэр өгүүллэг... өтөл насандаа дарагдаад салхинд хийсч унах нуу гэмээр л  эхэлдэг шүү дээ.  Өвгөнд сэвэлзтэл алхах  дотоод хүч хаанаас өгөгдвөө гэж гайхмаар  байдаг?  Наймаа хийж олсон хэдээрээ чихэр жимс авч хүүхдүүдэд тарааж,  танил нөхдөө дайлах “...нүнжиг буянтай  Монгол эр шүү” гэсэн  залгаад  нь  өрнөх санаагаар  гагнаж, дархалж өгсөн  зохиолчийн урлал уу?  Зохиолчийн бодлыг сонсмоор байна.

-Тэр өвгөн Ван-Жэ-Шин нэртэй Хорчин хүн.Хорчингууд бол Хасарын удам хожмоо Манжийн эзэнт гүрний сумны зэв болж явсан түүх байдаг.Хаана бослого тэмцэл гарнав манай сайн эрс очиж дардаг.Монголчуудаа ч дарж явсан гашуун үнэн бий.Хорчины удам одоо ч тасраагүй.Тасарчих вий гэмээр нарийссан нь бол харин чухам үнэн.Ийм эмзэглэлээр бичсэн юм.Хорчин удам тасарчихвал дараа нь хэн бэ гэсэн асуулт гарнаа даа.Түүхэнд бид чухам чивчиртэл чангарсан сур шиг болж явсан улбаа мөр тодхон бий.Яана даа тасарчих вий гэмээр.Тэгж чивчирч чивчирч байснаа гэнэт тэсрээд гараад ирдэг.Удмын тэр чанар мөнөөх Ван-Жэ-Шинд хүссэн хүсээгүй цогцлоод явааг нь харуулах гэсэн юм.Нанхиад нэртэй хэн ч харсан нанхиад өвгөн.Үхчихэв үү дээ гэтэл босож ирээд байгаа биз.Мөнөөх Хорчин удмын цус нь тэгж босгоод байгаа юм.Өнөөдөр Монгол үндэстэн нэг үеэ бодвол өргөсөж тэлж байна.Халимаг,Буриад,Тагнын урианхай,Өвөрмонгол,Хөх нуурын монголчуудын дунд монгол соёлын дэгдэлт дахин сэргэлт гэмээр явагдаж байна.Арван хэдэн жилийн өмнө би ингэж тэслэхсэн гэсэн хорхойдоо хөтлөгдөн төсөл биччихээд тамгатай бүхний өмнө бөхөлзөж тахартай төрийн хурууны үзүүрт цухалдаж явсан.Харин өнөөдөр түүнийгээ ийм сайхан хэрэгжиж байхыг үзээд  бах ханаж суугаа.Цаана чинь буриадууд шуудаг өмсөж углааш углачихаад барилдаж байна.Тонгорч байна.Сээрэн дунгуй хийж байна.Тагнын урианхайчууд жинхэнэ монгол бөхийн өмсгөл өмсчихөөд жинхэнэ монгол барилдаанаар барилдаж байна наадамдаж байна.Халимагт манай дуу хуургүй найр хуримыг найр хурим гэж тооцохоо больсон байна.Өвөрмонгол Хөх нуурын монголчуудын дунд халх монголын яруу найраг манайхаас ч илүүтэй өргөн олныг хамран дэлгэрч байна.Захын Өвөрмонгол залуу Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би гэж уншиж байна.Шилийн гол аялгыг албан ёсоор Өвөрмонголын гол аялга гэж тооцдог байсан ах дүү нар маань жинхэнэ халх аялгаар ярьж сурах гэж мачийж байна.Даяар монгол сэрж байна.Үндсэндээ таван зуун жил чивчирч чангарсан МОНГОЛ тэсэрч эхэллээ.Соёлын дээвэр  эзэнт гүрний дээврээс хамаагүй бөх юм шүү.Монгол соёлын том дээвэр дахиад л дархлаажиж байна даа.Гэхдээ л Ван-Жэ-Шинийг мартах эрх бидэнд үгүй.Тангуд мөхөөгүйг өглөө бүр сануулж бай гэж эзэн богд маань айлдсан шиг билээ.
 
    Тэгвэл  Тавын даваа өгүүллэгийн... начны даваанд барилдахаар болсон хоёр найз  аварга арслангуудын  ам авахыг хүлээх хэсэг байгаа юм аа.  Өгүүлэмжийнхээ  яруу сайханд умбаад орчихсон уншигч авхай гэнэт “үгүй  энэ хоёр хоорондоо туначихсан юм биш байгаа” гэмээр түр зогсолт бий.  Тэрхэн агшинд  нөгөөх 2 бөх залуу багш ламынхаа хэлж өгсөн тарнийг бувтнан гэж зүлэг  тасдаад л...   Уншигчаа хөтөлж аваачаад  тэгж хөвсөлзүүлж байгаа  нь зохиолчийн  зохион бичиж буй арга уу?  Эсхүл...

        Энэ өгүүллэгийг бичиж байхдаа би  “За тэнд нь тэгж зогсосхийгээд энд нь ингэж ухасхийх юм шүү “ гэж үнэндээ бодож төлөвлөөгүй.Тархи оюунд их удаан тийчилж байж төрсөн өгүүллэг л дээ.Бичихийн хувьд бол нэг орой л ер нь үндсэндээ хоёр цагийн дотор л биччихсэн юм.Сүүлд нь нэг уншиж суусан чинь өөрийн тань анзаарсан тэр зогсолт гэх юм уу даа нэг тийм морины хусуур шиг юм анзаарагдсан.Гэхдээ сул унжаагүй , уяачийн бүсэнд  яг л байх ёстой газраа байж байгаа хусуур шиг.Аливаа зохиол бүтээлийг бичиж байхдаа зэрэгцүүлээд бодвол түүхийрнэ.Буузны халив сөхөхөөр түүхийрдэг шиг.Идэр есийн жавар дунд хаалга онголзуулаад байвал гэрт жавар хурганаа даа түүнтэй утга нэг.Уншигчийн сэтгэлийг  онголзуулаад , хурдны хайрцаг нь гэмтчихсэн машин ондого ондого гээд байдаг шиг ондогонуулаад байвал ном унших гэсэн биш ондууцлыг нь хүргэж мэдэх осолтой.Миний зарчим ийм л юм.Их боддог.Бодоод л яваад байдаг.Зарим дүр олон бариулсан гэрийн хана шиг дорхноо эвлэдэг бол зарим нь үгүй.Ёстой хуран сарын бух шиг зөрүүдлэдэг.Тэр нөхрийн аяыг харахаас өөр аргагүй болдог.Тэгээд л бодоод байдаг.Тэгж явтал нэг өдөр ч юм уу нэг шөнө л гэнэт асгараад л буучихдаг.Бэлтгэл муутай үед сандарч тэвдэх  ч тохиолдол гардаг.Нилээн дээр автобусанд явж байхад өгүүллэг буух гэж сандаргаад эхний хэдэн өгүүлбэрийг нь амандаа давтаад л үглээд л явсан.Тэгтэл дундах хэсэг нь орж ирээд л нөгөөхийг тогтоогоод авах юмсан гээд үглэж байтал төгсгөл нь урсаад л замбараагаа алдаж байгаа юм.Автобуснаас буугаад гэртээ харайлгаж орж ирээд бичих гэтэл байдаггүй.Нөгөөх чинь цэцгэн дээр буугаад нисчихсэн эрвээхэй шиг авх нь алга болчихсон байсан.Их сайхан өгүүллэг байсан санагдаад одоо хүртэл харуусдаг юм.Түүнээс хойш  дэвтэр харандаа биенээсээ салгаагүй, одоо диктофон авч явдаг юм.Нөхөр Балдан хэзээ ч хэл хөлд орж мэднэ тэр цагийг алдалгүй л барьж авах хэрэгтэй.Тэгсэн байхад уншигчдаа гэдэгнүүлээд годогонуулаад байхгүй .Өгүүллэг ч тууж ч эхлэх газраа эхлэж төгсөх цагтаа төгсөж чадна.Дээрх хоёр залуу бөхийн тухайд ч тийм л юм болсон юм.
 
 
     Зураач  уран зураг зурахдаа  үндсэн өнгө тавих гэж ярьдаг. Таны хувьд үгээр зурахдаа тавьдаг үндсэн өнгө чинь юусан бол?  Ер нь  С.Эрдэнэ, Д.Батбаяр гэдэгч юмуу, үеийнхээ өгүүллэг ,туужийн аваргуудаас “Энхболдын” гэж ялгарах өнгө, аяс юу вэ?  Таны нутгийн “Ноён Сэврээ  хийц”   үнэт эдлэлийн дарханы гэж байдаг даа.

-С.Эрдэнэ баавай,Д.Батбаяр гуай эд нарын арга барилыг би нэг их сайн мэдэхгүй л дээ.Зүгээр зохиолыг нь уншиж байхад Эрдэнэ баавай Дашдооров гуай нарын зохиол сэтгэлд их ойр буудаг.Нэг ёсондоо танил гэх юм уу даа.Садан төрөл ч юм шиг бодогддог.Тэгээд л би төстэй оёдлоор оёдог юм болов уу гэж боддог.Батбаяр гуайн зохиолыг уншихаар голын нөгөө эргээр намайг хараад алхаж яваа хүн шиг мэдрэмж төрдөг.Харин манай П.Баярсайхан агсны өгүүллэг Батбаяр гуайн өгүүллэг хоёр төстэй оёосоор ширсэн юм шиг санагддаг.Нэг тийм шигүү.Баяраа бид хоёр нэг өрөөнд олон жил хамт ажилласан болохоор мань эрийг би ерөнхийдөө гадарлана.Бичээд л ураад л бичээд л ураад л үе үе дэвхцээд л.Амандаа үглээд л царай нь байдгаараа цонхийчихоод шазуураа зуучихсан ер нь л их хилэгнэнэ дээ.Хажууд нь байж суухад хэцүү байдаг л даа.Миний ч тэвчээр шавхагдаж

-Болохгүй бол орхичихооч өвгөөн гээд хэлчихдэг тэрэнд мань хүний эгдүүцнэ гэдэг тамтаггүй босч ирээд цохиод авахаа шахдаг байсан.Нэг өдөр мөнөөх л янзаар дэвхцэж байхад нь Радиогийн дарга дуудаад мань хүн хараал тавьсаар гараад явчихаар нь бичиж байсныг нь очоод үзлээ л дээ.Тэгсэн нэг өвгөний хэлэх үгийг эрээд дөрөв таван хуудас тамлачихсан байдаг байгаа.Өмнөөс нь зүрх халирч байгаа юм чинь.Яана даа энэ өвгөн олигтой үг  олж хэлж чадахгүй нь дээ гэж бодсон.Сүүлд тэр өгүүллэгийг гарахаар нь унштал энэнээс өөрөөр яаж ч хэлэхэв гэтэл шигтгэсэн байсан.Тэгж шигүү мэтгэдэг.Баяраа бид хоёрын өгүүллэгийг зүйрлэвэл би цастай талаар зайтай зайтай алхаад явчихсан харин Баяраа өсгий өлмий хоёроо салгалгүй явчихсан юм шиг санагддаг.Гэтэл манай С.Жаргалсайхан агсан тэс өөр.Бутны араас шагалзаад байгаа хүн шиг нэг цухуйгаад нэг үг хэлчихээд алга болчихно.Хэсэг байзнасны дараа дахиж нэг цухалзаад бас нэг эгдүүтэй юм хэлчихээд бараа тасрах жишээний.Энэ бүхнийг би онгодтой л холбож ойлгодог юм.Задлаж яривал барагдахгүй яриа болно тиймээс ингэсгээд орхих уу даа.
 
      Уншигчид хийгээд нийгэмдээ хэлэх зохиолын санаа гэж бий.   Зохиолын санаагаа хаанаас түүдэг вэ?  Үүнтэй холбогдон гарах бас нэг  зүйл бол  уран бүтээлийн онгод, мэдрэмж?  Үргэлжилсэн үгийн зохиолчид онгодоороо бичих нь бий юу?
-Зурагтын дэлгэц дотор залхуутай нь аргагүй алхаж яваа зааныг харахад өндөрхөн ургасан өвс ногоотой газар очиж хушуугаараа таатай нь аргагүй ороож байгаад л ахиухан таслаж ам руугаа хийхээр яваа зорилго нь ойлгогдож байдаг.Зорилгогүй юм гэж үгүй.Ямар ч зорилгын шат гишгүүр нь санаа байдаг.Харин утга зохиолын санаа уран санаа байдгаараа ердийн санаанаас ялгагдаг.Уран санаа гэдэг маань торго дурдангийн хээ шиг гоё чамин юм биш.Мөнгөн аяганы  хээ шиг тийм тод товруун юм биш.Барин тавин юм.Байгаад байдаг хүнийг хөтлөөд байдаг чимхээд авах гэхээр баригддаггүй.Эцсийн бүлэгт  “Аа аа” гэж хүнд бодогдуулдаг тийм л юмыг хэлээд байгаа юм л даа.Энэ уран санааг хэн үйлдвэрлэдэг юм гэхээр онгод бүтээдэг.Дээр хэлсэнчлэн манай Баярааг хэн дэвхцүүлээд байсан гэхээр онгод л тэгж элдвийг нь үзээд байгаа байхгүй юу.Онгод маш хүчтэй орж ирдэг.Зарим үед би ер нь яаж байнаа арай яачихаж байгаа юм биш байгаа даа гэсэн айдас хүйдэс төртөл орж ирдэг л дээ.Шөнө ямар нэг хүч дуудаад сэрээдэг сэрэхэд харанхуйд яг хажууд ямар нэгэн хүн ч юм шиг амьтан ч юм шиг юм байгаа нь мэдрэгддэг.Тэгээд л эвлэж өгөхгүй зовоогоод байсан баатрууд инээгээд л уурлаад л хараал тавиад л тэн татаад л нэг бол зэвсэг хангинаж тэмээ мал буйлаад л бужигнаж гардаг үүнийг л онгод гээд байгаа юм шүү дээ.Тээр жил манайх Баянхушуунд аавынхаа хашаанд гэр барьж өвөлжсөн юм.Нэг шөнө гэр дээгүүр нэг хөнгөн хөлтэй амьтан дээвэр самардаж гүйгээд болдоггүй.Эхнэр хүүхэд маань унтаж байдаг.Муур юм уу гэтэл нэг л өөр дэгдээд гэрийн баруун талд сарр гээд тэгснээ тоононы чанх дээр сарр гээд л тэгснээ тотгон дээр  сарр хийгээд л үсчээд байгаа ч юм шиг байснаа намайг учиргүй дуудаад унадаг юм.Дуудсан чимээ гарахгүй байгаа юм л даа гэхдээ гараад ир гараад ир гэсэн дуудлага тасралтгүй ирээд л чих сэрвэгнээд нэг л ер бусын болчихуут нь цочиж айлаа.Би ер нь галзуурах гээд байгаа юм болов уу гэж бодогдоод эхнэрээ сэрээж чагна даа гэр дээгүүр муур гүйгээд байна уу гэтэл мань хүн чагнаж чагнаж

-Юү ч дуугарахгүй байна унтаач аягүйтвэл солио галзуу тусах нь ээ гэж яг миний бодож байсныг хэлж байгаа юм.Гэтэл нөгөө юм гэрийн чанх хойноос дуудаад байдаг тэгээд л аавынхаа том сэгсүүргэн дээлийг нөмрөөд гарлаа.Гараад тэнгэр рүү хартал цэв цэлмэг одод ёстой л мэлтэгнэж байнаа.Гэрийнхээ чанх ард яваад очтол яахын аргагүй хүний харцтай чонын нүд үзэгдэх шиг болоод чих онгойгоод учир зүггүй шавдуулаад байсан юм алга болж харин чонын сүнстэй хүн төрөх тухай зохиол  асгарчихсан.Тэрийг бичихэд гар гүйцэхгүй байсан.Онгодын их хүчийг анхлан мэдэрсэн минь бараг тэр болов уу.Дашдооров гуай их онгодын дараа сэтгэл хоосроод амьдрал утгагүй санагдаад хаашаа ч хамаагүй нэг их хол тэнэчихмээр санагдаад байдаг гэж ярьсан байсан их үнэн үг юм билээ.Харин утга зохиолоор дамжуулан хэлэх санаа үндэстэн болгонд өөр өөр байдаг л даа.Манай монголчууд болохоор тусгаар тогтнол,үндэсний эрх ашгаа ямагт урд нь тавьж ирсэн байдаг.Ямар ч бүтээлд нэвтрэн гарах гол санаа хамгийн чухал нь л даа.Хэмингуэйн өвгөн тэнгис хоёр гэж сайхан тууж бий.Насаараа барихсан гэж мөрөөдсөн загас дэгээнд нь орж өвгөн загасчин ухаангүй баярлаж байхад нөгөө нөхрийг нь аварга загас давхар үмхээд өвгөн түүнтэй загасаа булаацалдан тэмцэлдээд ялагдаж алдчихаад ирж байгаа тухай зохиол.Жижиг эрх ашиг хэзээ ямагт том эрх ашгийн амнаас мултардаггүй гэсэн гутранги санаа л даа.Амьдарлыг өнгөц ажихад тийм л юм шиг санагддаг гэвч ганцхан эсээс тогтдог нөхдүүдэд ч өөрийн гэсэн орон зай бий.Түүнийхээ төлөө тэмцдэг амьдрах арга нь бас бий,ингээд бодохоор уран санаа гэдэг эхлэл үгүй бас төгсгөл үгүй эд.

     Таны дүрүүд  бодит хүмүүс үү?   Эсхүл зохиолчын уран бүтээлийн эрэл хайгуулын дүнд гарч ирдэг үү? Зохиолынхоо дүрийн тухай  дэлгэрүүлж ярина уу.

-Утга зохиолын хүрээнд авч үзвэл бие хүн ганцаардаад байдаг л даа.Ганц мод гал болдоггүй гэж үг бий дээ тэрэн шиг гэсэн үг.Тэр шулдан хүнийг амьдруулахын тулд олон юм нэмж зүйх бас хасах зайлшгүй шаардлага гарна.Энд л зохиолчийн ур чадварын тэн хэмжээ тодхон харагддаг.Дөлгөөн Доны Григорий гэж нэг нөхөр бий еэ дээ.Яг амьдрал дээр ямархуу нөхөр байсан болоо гээд бодохоор их сонин дүр харагдаад байдаг.Тэр нөхөрт Шолохов дивиз захируулчихаж байгаа юм.Бөөсөндөө баригдсан тариачинд шүү дээ.Зохиолыг дахин дахин унших тусам инээд хүрээд байх хир нь үгүй тэгээд чадчихсан л байна даа гэж бодогдуулаад байдаг юм.Энэ бол Шолоховын ур чадвар.Гэтэл ойд төөрсөн сармагчин шиг юуханд ч болов самгардаж төөрдөг хирнээ үзэг барьсан хүмүүс бас байдаг.Иймэрхүү дайчдын эгнээнд орчихгүй юмсан гэж л байнга бодож явах юм даа.Гээд хүн гэмээ мэддэггүй тэмээ гэдэгрээ мэддэггүй гэж үг байдаг.Өвөө маань олон шөнө зүүдэнд орж ирсээр байгаад нэг өгүүллэг бичүүлсэн юм.Сүүлд тэр өгүүллэгээ уншиж байхнээ тэр орон дороос босож ирдэг нөхөр үгээ дутуу хэлчихсэн л харагдаж байна билээ.Одоо болтол гүйцээгээд хэлэхгүй л байгаа ингэхээр энэ өгүүллэгт нэг юм дутуу яваад л байгаа гэсэн үг.Иймэрхүү санаа алдуулдаг тохиолдол бас таарчихаад л байдаг юм.Ер нь өгүүллэгийн нэг онцлог нь тэнд гарч ирж байгаа дүрүүд илүү үггүй бас үгээ дутуудуулдаггүй л байх ёстой.Паанан туужид гардаг хоёр залуугийн эх дүрийг би Хөвсгөлд ажлаар явж байгаад харсан юм.Бүр нохойтой нь тэгээд бодсоор явтал хоёр жилийн дараа тууж болж төрсөн дөө.Тиймэрхүү тохиолдол олон бий.

    За ингээд уран санаа,  дүр хоёроо нийлүүлээд  зохиож дүрсэлж бичих  гэдэг бол  цэвэр авъяас, ур чадвар, арга, туршлага,  онгод хийморь өөр юу байдгийн  олон зүйл шаардсан зохиолчийн ажил. Та  зохиолоо  хэрхэн бичдэг вэ?
-Бичихийн тухайд бол нэг их ядардаггүй юм.Харин надад ер нь юү байна вэ гэж их боддог л доо.Зураач нар урлантай түүн рүүгээ ороод бүтээлээ хийдэг гэтэл зохиолчдын урлан бөндгөр дотор нь байнга байж байдаг.Би нутагт байхдаа хэд хэдэн зураачтай нөхөрлөдөг урлангаар нь орж гардаг байсан л даа нэг л их хөглөрсөн өрөө л байдаг юм билээ.Дутуу зурсан зураг,цоорчихсон зотон,будаг нь барилдаад хатсан бийр,хэзээ ч юм дотор нь цэцэг ургаж байсан болов уу гэмээр шороотой ваар,пивоны лааз,уржийн цаад жил угаагаад дахиж ус хүргээгүй дандаа ботгирсон кофе л дотор нь мушгирч байсан болов уу даа гэж таамаар тас хар өнгөр тогтчихсон зузаан керамик аяга сэлт тэнд хөглөрч байх юм билээ.Хэрвээ миний сэтгэл рүү дурандвал иймэрхүү юм харагдах байх даа гэж бодогддог.Хөнжлөө тийрчихсэн унтаж хэвтээ жаал хүү,шалан дээрээ тасарч унаад арзайсан үсэнд нь жоом орооцолдчихоод гарч чадахгүй зовж байгаа гэрийн эзэн,гэрээ налан араг сандайлан нарлаж суугаа өвгөн,хотон дахь ботго руугаа харайлгангаа ээдрүүлэн гунганаад таана сэрмэж амжих сээмийсэн гунж,үзүүр нь мохчихсон махир сэлэм гээд юү эс байх билээ.Замбараа байхгүй гэхдээ тэд бүгдээрээ ч юм уу аль нэг нь ч юм уу босоод гэсэн хамаандаар цаг нь ирэхэд дэрхийнэ.Тэгээд л дор дорынхоо хийх ёстой зүйлээ хийгээд хэлэх учиртай үгээ хэлцгээнэ тэр болтол тэд миний мэдэлд байх юм.За тэгээд цор цор гээд ирэхээрээ миний мэдлээс гараад онгодын цэргүүд болоод өөр өөрийнхөөрөө амьдарч эхлэх нь тэр дээ. Иймрхүү л юм.

    Таны зохиолуудын хамгийн хамгийн? Тухайлбал. Хамгийн их шаналгаж төрсөн бүтээл, хамгийн инээдтэй дүрийн шигтгээ,  хэтрүүлэг,  зүйрлэл гэх мэт...

-Хамгийн их шаналгаатай номоо би одоо л бичиж байна.Ер нь бол дор дороо л шаналгаж байсан байх.Гэхдээ бичиж байгаа зохиол л хамгийн хэцүү нь байдаг.Нэг нөхөр байшингийн булан тойрох гээд байна яах гэж. Яагаад тэр нөхөр зүгээр л гэртээ хэвтэж байхгүй гарч гүйгээд тэр мөртөө чигээрээ явчихгүй заавал тэр байшингийн булангаар тойрох гээд байгаа юм бэ.Тэр буланд нь ямар нэг муу санаатан тоосгоны булан барьчихаад хүлээгээд байгаа юм уу.Аль эсвэл түрийвчтэй мөнгө хэвтэж байгаа юм уу гэх мэтчилэнгээр гашлаж гарна шүү дээ.Хэрвээ нөгөө нөхөр байшингийн булангаасаа түрийвчтэй мөнгө олчихвол дахиад л асуудал.Одоо хаачихав.Дэлгүүр явах уу хадгаламж нээх үү, эсвэл баар руу ороод даший шог уу.Энэ бүхэнд хариулж суухдаа л хамгийн их инээд ,уур унтуу,хэтрүүлэг зүйрлэлтэйгээ учирсан байдаг өнгөрсөн хойно бол тийм ч их ач холбогдолтой биш.Би нэгэнт инээдгээ инээгээд уурладгаа уурлаад туулчихсан болохоор тэр замаар өөр хүмүүс зорчино л доо.Амьдрал дээр гэвэл Паанан туужид “ Одоо би чамайг галуу болгочих уу “ гэсэн нэг зүйрлэл байдаг тэр хүмүүст их хүрсэн бололтой юм билээ.Өгүүллэг ч тэр тууж роман ч тэр үй олон шувуудаас бүтдэг юм.Гэхдээ тэр шувууд нэг л шувуугаа дагаж нисэж байх ёстой.Ингэж чадахгүй бол зузаан банзанд зуугийн хадааснууд нэвт нэвт хадаад түүн дээгүүрээ уншигчийг мөлхүүлэх гэсэнтэй утга нэг гэж би боддог юм.

    Таны  “Паанан” зохиолыг  нэгэн үеийн оюутнууд Баабарын “Бүү март” шиг,  эсвэл Чойномын шүлгүүд шиг  дэвтэртээ хуулж бичээд гар дамжуулан уншиж байсан гэдэг.  Тэр зохиолын “амин шүншиг” нь юу болоод   залуус  тэгж хошуурч байсан юм бол?

-Паанан биш юм аа.Соёо гэж тууж.1984 онд бичсэн юм.Тууж биччихээд яваад байдаг намайг хэн ч тоодоггүй.Нарийндаа бол туужаа хэнд ч үзүүлээгүй тийм зориг ч үгүй хулчгар амьтан л дотроо өөрийгөө тоож овойж оцойгоод л гадагшаа намайг тоосонгүй гэж хялалзаад л яваа хэрэг шүү дээ.Тэгээд 86 онд Зохиолчдын хороонд Гармаа даргын удирддаг байсан утга зохиолын нэгдэл дээр нөгөө туужаа уншлаа шүү.Уг нь долоо хоногийн Баасан гарагт л цуглардаг нөхөд л дөө.Уншаад эхэлсэн чинь тардаггүй.Сүүрс алдаад сууцгаагаад байх юм автобус унаа ч зогсох цаг болчихлоо.Тэгсэн Гармаа гуай
-За нөхдөө энэ туужийн үргэлжлэлийг маргааш сонсвол ямар вэ цугларах уу гэж байна.Нөхөд ч  “ Тэгье тэгье “ гэлцээд тарсан.Маргааш нь үргэлжлүүлж сонсоцгоогоод нэг нөхөр маань “ Өө за за би ч өгүүллэг мөгүүллэг гэж гурилддаг юм байна даа үүнээс хойш болиё “ гэж байна.Тэр үгийг хагас дутуу сонсоод л хамар сартаганаад эхлэж байна шүү.Хүн болгон магтлаа шүхэргүй нисэж эхэллээ хөөрхий.Тэгээд л таг.Гармаа гуай харин  “ Чи утга зохиолынхоо замыг хөө Монголын радиод ор” гээд  даргад нь нэг бичиг шийтгэж өглөө.Тэр бичгийг нь барьж очоод Монголын радиод орчихлоо.Туужийн маань талаар дахиж юү ч яригдсангүй.Уг нь хүн болгон шахуу л ам амандаа яриад байгаа юм тэр ч бүү хэл нэг өдөр Зохиолчдын хороон дээр явж байсан чинь Маам дарга таараад

-Чи чинь нөгөө тууж бичсэн Энхболд уу гэж ирээд сүрхий таниад байгаа юм тэгсэн хирнээ хэвлэж өгдөггүй.Тэр үед социализмын индэр нурчихаагүй байсан болохоор нөгөө туужийн маань хэлж ярьж байгаа юм нь үзэл сурталд нэг л таарч өгөхгүй байсан  шиг байгаа юм.Тэгж байтал зохиолчдын их хурал боллоо.Нуугдаад орчихлоо.Чухал чухал юм  яриад л байгаа бололтой.Нэг өдөр эвшээлгэж суулаа хоёрдох өдөр нь тэссэнгүй дээ.Чанга яригчийг нь шүүрч аваад л
-Та нар яасан ийсэн зангиа костюмоор гайхуулж тайз эзэгнэсэн их улс вэ? Яагаад та нар залуучуудыг дарж дарамтлаж байдаг юм бүхэл бүтэн тууж биччихээд дөрөв таван жил явлаа надаас айгаад дарж байна та нар.Маам дарга та худлаа гээд хэлээтэх л дээ айж байгааш дээ,та нарыг хэвлэдэггүй юм бол өөрөө гараараа хуулж бичээд тараана яадгийн энэ тэр гээд л авч өглөө дөө.Дарга нар сэртэсхийгээд л явчихлаа.Галзуу солиотой амьтан байна гэж бодсон нь лав.

-Гарга наадахаа эвлэлийн гишүүн биш  юун залуучууд орж ирээд хурал үймүүлээд байгаа юм энэ тэр л боллоо.Ингээд зүв зүгээр сууж байсан нөхддөө ч гай болоод эвлэлийн гишүүн биш залуучууд хурлаас хөөгдлөө.Драммын театрын гадаа тамхи татаад сууцгааж байснаа нэг нөхөр маань

-Чи туужаа үнэхээр гараараа хуулаад тараах гэж байгаа юм уу гэж асууж байна.

-Тэгсэн ч яадаг юм гээд л хор шарандаа боогдсон амьтан чинь олныг эрэгцүүлэлгүй хэлчихлээ.Тэгээд л нөгөө нөхөр маань миний эхийг аваад явсан юм л даа.Нэг их удалгүй авчраад л өгчихсөн би ч тэгсгээд тайвширч хаашдаа хэвлэгдэхгүйгээс хойш гэж бодоод хувь заяатайгаа эвлэрчихээд явж байтал нэг өдөр араас нэг хүн яах аргагүй нэрээр минь дуудаад байх юм эргэж хартал нэг залуу гүйгээд ирлээ.Надаас гарын үсэг авна гэнэ. Муу туужийн маань үнэхээр гараар бичсэн хувийг гаргаад ирлээ.

-Чи энийг хаанаас олж авав аа гэж асуулаа.

-Манай багшийн дээдийн дотуур байрны оюутнууд гараар хувилаж олшруулаад уншиж байгааш дээ багшийн сургуулийнхан бас авсан гэж байна.Бид нар тав нь тав гурав нь гурван хуудас хувааж аваад биччихдэг юм гэж байна баярласан гэж юүхэв.Гарын үсгээ данайтал зураад л малийтал инээгээд үлдэж байгаа юм чинь.Тэр үед хуурай цагаан зохиол элбэг хүний сэтгэлийн хужирхай тэнийм ном зохиол цөөн байсан болохоор л шашин сүнстэй холбоотой сэдвийг хөндсөн тууж маань тэгж хүмүүсийн анхаарлыг татсан байх.Чоно гэдэг ямар ч нөхцөлд чоно л юм гэсэн санаа л даа.Тэгээд удалгүй цаг ч уярсан үргэлжилсэн үгийн томхон хэмжээний зохиолын уралдаанд тууж маань бариалж хэвлэлийн комбинатын данхгар дааман хаалгаар орсон доо нарийндаа хүнд суртал үзэл суртлын дааманг өшиглөж орсон гэж бодоод бардамхан л явдаг юм дотроо.Анхны тэр тууж маань 25000 хувь борлогдсон гэсэн үзүүлэлт байдаг юм билээ.
  

Уран зохиолын дүрийн тухай та ярьсан.  Эх орноосоо алс хол амьдрахын хэрээр таны  зохиолын дүр, санаанд   өөрчлөлт   гарч байгаа байх.  “Казиног номхотгосон түүх” номынхоо  дүрээр дамжуулан хэлсэн санаагаа  багцлаад  хэлнэ үү.
-Энд би амьдралын арай өөр дэг жаягтай сургуульд суралцаж байна л даа.Ямар ч байсан миний харж байгаа зүйлс нутагтаа үлдсэн уран бүтээлчдийн маань харж байгаа зүйл хоёрын хооронд зааг ялгаа гараад ирсэнийг тэднийхээ бичсэнийг уншаад ,ярьж хэлсэнийг нь сонсоод мэдэрч  яваа.Явсан нохой яс зууна гэдэг байхаа би нохой жилтэй тэгэхээр надад том жижиг нь хамаагүй юутай ч нэг булуу олдсон гэсэн үг.Намайг наашаа гарахад драммын театрын найруулагч хийж байсан Б.Баатар

-Чи арван хар тамынхаа замаар орлоо доо гэж хэлж л байсан. Сэтгэлд жавар хургатал хэлсэн ч гомдоогүй.Эхэндээ ч Баатар үнэн хэлжээ гэж боддог байлаа одоо бол арай өөрийг боддог болсон л доо.Зохиолчийн хувьд би цусаа сэлбэж чадсан. Миний зохиолуудын цус ойртож байсан бол одоо сэлбэгдсэн айлтгүй болсон гэж бардмаар боддог болсон шүү гагцхүү үүнд арван жил зарцуулчихлаа арай удав уу даа гэж л харуусдаг. Орой дээр нь сууж байгаа толгойнхоо хир зэрэг хэмжээтэйг мэдэхийн тулд алсаас харах хэрэгтэй.Би ингэж л харж байна. Цэл залуу хориод насандаа
Би уулсын дунд ургасан бяцхан толгой ургах л газраа ургана гэж шүлэглэж явлаа. Бие минь буйр сэлгэсэн ч сэтгэл минь уулсын дундах нөгөө л толгой дээрээ гэхдээ энэ толгой тийм ч намхан толгой биш. Арга ч үгүй байх тэгж шүлэглэж цээжээ дэлдэж явснаас хойш гуч гаруй жил өнгөрчдээ. Дотор нь хутгалдаад явахаар уур хүргээд үгүйдээ л бөглөрөөнд дохиогоо орилуулж цухалдуулаад байдаг энэ ард түмэн холоос  ямар их хайр хүргэдэг гэж бодно.Тэндээс надад уур цухлын биш хайрын их долгион өдөр өнжилгүй бөөн бөөнөөрөө урсан ирж байна үүнийг богино долгионы хүлээн авагч шиг хүлээж аваад мэдэрч явах шиг гайхамшиг байх уу. Миний сэтгэлээс энэ ард түмний зүг онгодын цагаан шонхорууд мөч алгасалгүй нисэж байна энэнээс өөр эрхэм юм байх уу. Үүндээ би сэтгэл цатгалан явдаг.Казиногийн тухай роман бол тийм л нэг шонхор нутагтаа очоод үүрэндээ өндөглөсөн.Энэ бол тоглоомчноор дамжуулж илэрхийлсэн хайрын дуу байгаа юм.

     Хөгжмийн зохиолч  Н.Жанцанноров гуай  монголчуудын  хөгжмийн гайхамшигт  зэмсэг Морин хуурийг  танай нутагт үүссэн тухай ярихыг сонссон. Танай нутаг хуурчдын нутаг.  Таны хамгийн дуртай  Морин хуурын аялгуу?

Өө тийм манай Цэрэндорж гуайгаас авахуулаад Өмнөговь хуурчдаар баярхуу шүү дээ.Айл болгонд хуур байдаг.Айлчин гийчин ирэхэд цай болох зуур хуур хөглөөтөх гээд хуураа аваад өгчихдөг юм.Хүн болгон л оролдоно л доо.Ур дүүгүй зарим гийчний оролдоход хэлэмгий доломгой эзэгтэй нар

-Энэ гадуур юүн гурван хөлтэй адуу холхиод байнаа энэ тэр гэж ичээж л байдаг.Тиймэрхүү сануулга авсан хүмүүс адаглаад хуур хөглөөд сурчихая гэж мачийдаг.Ихэнхи хүн морины явдал сэвэлзүүлдэг.Тэрийг сонссоор байгаад тэр биз морины явдалд дуртай.Зарим хүн сайварлуулж тоглодог зарим чадвар сайтай нь жороолуулж тоглодог.Ер нь говийн ихэнхи хүн хөөрхөн цогидог морины явдал тоглодог.

 Та ямар уран бүтээл дээрээ ажиллаж байгаа вэ?

Би нэг удаа ер бусын том нарс мод үзсэн юм.Аватар кино гарсны дараа нөгөө модоо тэр киноноос дахиж нэг харсан.Анх харсан тэр нарсны мөчир дээр өвч бүрэн зэвсэгтэй цав цагаан соёо сахалтай нэг эр их л алсыг харж байх бололтой саравчлан харж үзэгдсэн юм.Одоо бол би тэр хүнийг таньсан тэр бол Монголын цэргийн их жанжин Зэв өвөг минь юм.Нарсны мөчир дээр суусан тэр хүн зүүдлэгдэж байгаа юм шиг л барин тавин хэдэн өдөр надаас салаагүй .Одоо тэр хүний хэлж ярьсаныг ном болгоод бичиж байна даа.Бас урт бугуйл шидэх адил хол даялсан өөрийнхөө амьдралаар нэг ном бичиж байна.Гурвантэсээс Чикагод ирсэн тухайгаа.Нутгаа зорихын  цагт ганзага хоосонгүй ээ.

 

  Таны зохион байгуулж байгаа   Америкийн Монголчуудын  “УРАН ҮГСИЙН ЧУУЛГАН 2012”-ны  гол зорилго юусан бол?
-Зорилго нь тодорхой утга зохиолоороо л амьсгалах гэсэн юм. Энд дуучид ирж маниусыгаа жаал доргиож бичлэг тавьж хөөсрүүлчихээд буцдаг.Хошин шогийхон эд сайн бүтээл ойлгохгүй гэж боддог ч юм уу яадаг юм жаал марзаганачихаад арилдаг. Ард нь бид сэтгэлийн нэг их нэхэлтэй хоцордог. Гэтэл ноднин Дэнвэрт болсон уран уншлагын ТУЛГА наадмыг үзээд огт өөр таашаал мэдрэмж төрсөн юм.Үнэхээр сэтгэлийн хужирхай тэнийсэн л дээ.Ганц би биш тэнд цугласан гурван зуу гаруй хүн бүгд. Тэгээд л Чикагогийнхондоо үүнийг хүргэх нь зөв юм байна гэж бодсон хэрэг.Одоо тэгтэл Чикагогийн хүрээнээс халиад явчихлаа. Ойр орчмын хотуудаас олон хүн ирэхээ мэдэгдээд байна.Хаа байгаа Сеатл,Сан-Франциско, Лос-Анжелос, Вашингтон ДИСИ гээс зөвхөн энэ наадмыг зорин ирцгээх нь байна.Сэтгэл оюун нь чухамхүү юугаар өлдөж цангаж байсныг АНУ-дахь Монголчууд маань ойлгосон байна.Цаашдаа энэ арга хэмжээ хот хотод буухиалан үргэлжилнэ.

  “УРАН ҮГСИЙН ЧУУЛГАН 2012”-ны бэлтгэл ажил хэр ургаштай байна уу?

Маш өөдрөгөөр хурдтай урагшилж байгаа шүү.Хүмүүсийн үнэхээр загатнасан газар нь энэ арга хэмжээ хүрчээ.ТУЛГА уран уншлагын наадамд оролцогчдын тоо хэтэрч бид аргагүйн эрхэнд өнгөрсөн сарын 15-аар оролцохыг хүсэгчдийн хүсэлтийг хүчээр тасалсан.Үүндээ тэднээсээ уучлал эрж байна.Энэ наадам ганц биш сайн бэлтгээд ирэх жил хүчээ үзээрэй гэж тайвшруулая.Хойтонгийн наадам хол байна гэхдээ өдөр хоног гадаслагдаагүй болохоор юү байхав нэг л мэдэхэд  тулаад л ирнэ.ХАЛХАЙ ПАЛХАЙ-н аянд оролцохыг хүсэгчдийн цувааг ч бас л таслахаас өөр аргагүй болсондоо хүлцэл өчиж байна.Бидний боломж ердөө л жаран хүн.Цаг маань зургаахан.Үзэх харах юм маань мундахгүй ийм хавчигдмал байдлаас аргагүйн эрхэнд хүмүүсээ хасаж байна хасагдсан хүмүүсээсээ бас уучлал эрж байна УУЧЛААРАЙ.За тасалбарын тухайд ч бас яриа гарч байгаа.Уг нь болдогсон бол бүх л ширээг нэгдүгээр эгнээнд байлгамаар л байна даанч тийм боломж алга.Заал талбай маань хэмжээтэй.

      Харин үзэгчдийн дунд явагдах тэмцээнүүдийн шагнал нэмэгдэж байгаа таатай мэдээг дуулгая дандаа л тэгж ч болсонгүй ингэж ч чадсангүй уучлаарай гээд байх бас их хэцүү байдаг юм байна.Чикаго,Роккфорд хотын Чимгээ, Батхуяг гэх зэрэг хүмүүсийн саналаар үзэгчдийн дунд Төрийн шагналт ардын зохиолч П.Бадарч гуайн  “ХИЛИЙН ТЭНГЭР ЦЭЛМЭГ БАЙГААСАЙ” дууг хэн сайн дуулах вэ уралдаан зарлагдаж байна.Үзэгч олон маань хийморио сориё гэвэл энэ дууг хэд хэд аялаж хоолойгоо засчихаад ирэхэд гэмгүй нь байна шүү.Тулга нэгдлийн тусгай шагнал,ачаа тээврийн  IMON international compani,Organogold бизнесийн хамт олноос гардуулах шагналууд бүгд үзэгчдэд зориулагдсан байгаа.Ялангуяа АЙМОН интернэшнл компанийн шагнал бидэндээ бол их зүгээр санагдсан шүү.Гурван үзэгчийг тус бүр таван килограмм агаарын ачаа үнэгүй тээвэрлүүлэх эрхээр шагнах юм билээ.
 
Танд баярлалаа. Уран бүтээл ажил амьдралын хамгийн сайн сайхныг хүсье.

          Ярилцсан  Д.Бишүүгарам.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.