04 сарын 16, Мягмар
°C
USD 3,376.45
USD 3,376.45
EUR 3,598.45
JPY 21.94
GBP 4,212.46
RUB 36.07
CNY 466.45
KRW 2.44

Уран үгсийн чуулган угтан толилуулж байна

ДЭНДЭВИЙН ПҮРЭВДОРЖ

 Орчин үеийн Монголын уран зохиолын нэгэн оргил,  суу билэгт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж Өвөрхангай аймгийн Бүрд суманд төржээ. Тэрээр бага дунд сургуулиа төгсөөд 1953 оноос Улсын хөгжимт драмын театрт ажилласан.  1957 онд Улаанбаатар хотноо Марксизм-ленинизмийн оройн их сургууль, 1965 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгсчээ.

  Дэндэвийн Пүрэвдорж 1950-иад оноос уран бүтээлээ эхэлж “Хаврын дуу”, “Улаан оч”, “Талын туяа”, “Нар тойрсон зам”, “Сэгс цагаан богд”, “Бурхад ба хүмүүс”, “Чингисийн тахилга”, “Улаан зүүд”, “Бор гэрийн богд”, “Хөх үндэсний гал” зэрэг яруу найраг, найраглал, роман  гучаад ном туурвижээ. Уран зохиолын шилдэг бүтээлүүд "Хар цас" найраглалаараа 1969 онд МЗЭ-ийн шагнал, "Хөх даалимбан тэрлэг" "Хар цас" "Сэгс цагаан богд" Найраглалаараа 1981 онд Төрийн шагнал, 1996 онд Ардын уран зохиолч,  Монголын утга зохиолын хөгжил, бэхжилтэд  онцгой хувь нэмэр оруулсны учир 2009 онд Хөдөлмөрийн цол хүртсэн байна.

  Түүний “Хар цас”, “Гэргий”, “Сэгс цагаан Богд”, “Хөх даалимбан тэрлэг” гээд олон найраглал нь монгол найргийн сор бүтээл  төдийгүй, найраглалын төрөлд шинэчлэл хийсэн гэж судлаачид үздэг. Их найрагчийн “Алтан шар зам”, “Сайн нөхрийн ерөөл” зэрэг олон дуу нь монгол түмний дунд ардын дуу мэт өргөн тархажээ.
  Цэцэн билэгт найрагчийн “Чингис”,  “Сэгс цагаан богд”, “Тусгаар тогтнол”, “Сумын наадам” зэрэг шүлгийг та бүхэнд толилуулъя.

Uran ugsiin chuulgan logo
****
Тусгаар тогтнол
Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мєнгєн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр
Хvрэл манан хєєргєний даалин дарах наргиан дээр
Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ширмэн тємєр дєрєєний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аавын мєнгєн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хєллєн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хєвєн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Индэр улаан галын цац бадман дєлєн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Есєн голын цан хєєрєх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сvлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мєнгєн сарны хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Урсгал татмал усны хєл алдах ёроол дээр
Ургамал таримал модны хєрсєнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх vрийн дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ажнай сайн хvлгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хvдрийн ган царцах хайлш дээр
Амар тvвшин жаргалтай ам бvлийн дансан дээр
Алтан босго єлзийтэй айл бvхний vvдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мєнхєрсєн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дvvрэн ургасан атрын тарианы мєрєн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
Энэ зууны єргєєний зуун тvмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эрх чєлєєний зарлиг ардын vндсэн хууль дээр
Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аав ээжийн буянтай єлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой єлгийт нялхсын єєжин дээр
Ардын журамт цэргийн єргєж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд єгсєн єрлєг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хан тэнгэрт сvмбэрлэсэн vйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сvндэрлэсэн vлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын vлэмжийн єв баялаг дээр
Халуун эх оронч бvхний vндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Сав саваар саалийн харваж хvрэхгvй зэлэн дээр
Сая саяар сvргийн хатирч хvрэхгvй билчээр дээр
Сар нарны єртєєнд хагацаж болшгvй учрал дээр
Сайхан монгол орноо хайрлаж ханашгvй ерєєл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Єглєє бvрийн нарны асгаран буух цацрал дээр
Євгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Єргєн цээж чєлєєтэй амьсгалж яваа газар дээр
Єєрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг тєрийнхєє ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нvvдлийн єргєєнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж
Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж
Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

http://www.youtube.com/watch?v=J-xxrKaMUOQ

*****
Чингис  
Тэмүүжин-нумын хөвчнөөс төрөөгүй юм                  
Тэмүүжин-сумын зэвнээс гараагүй юм
Тэмүүжин-Өэлүн эхээс төрсөн юм
Тэмүүжин-өрлөг түүхээс гарсан юм.
Амар заяа хомс доголон нулимст хорвоод
Аврах тавилан мөхөс долоон үеийн тэртээд
Атаа хорслын манцуйд Есүхэйн хүү өсч
Аян дайны онгодоор есөн тугаа тахисан юм.
Оонын халиун зоо шиг халхын саруул талд
Онгин цагаан тамга шиг гэрээ тэр барьсан юм
Онон мөрний савд хур шиг шаагих адуунаас
Онгон хоёр загалыг мөнгөн хяруунд сойсон юм.
Эх орноо өмчилсөн гурван хасгийн хүрээлэнг
Элгэн ургаа өмөөрсөн дөрвөн тотгоор түшүүлж
Тулгар төрийн баганыг хорол тоононд өргөн
Туурга тусгаар Монголын голомтыг тэр тулсан юм.
Омог билгүүн төгс тэнгэр эзний жигүүрт
Од мэт сарнисан овгийн өдөс гуурсалж
Хөнөөх аюул хөмөрсөн ахуй цагийн үймээнд
Хөө хуяг нөмөрсөн их Монгол дэвсэн юм.
Хатуу цагийн эрх, хүнд мөрийг дархлаж
Хасаг их тэрэгний хүрд дугуйг түлхэж
Түмэн-Эхийн харайсан эх нутгийн бэлчирт
Түмний газар зурайсан цагаан тоос татсан юм.
Хөх Монголын дэвээн тэнгисийн шуургыг ярж
Хөмхий зуусан ертөнц Чингисийн өмнө сөхөрсөн юм
Хүлэг морьдын туурай өрнө дорныг цөмлөж
Хөл нүцгэн хорвоо халуун нурам гишгисэн юм.
Тиймээ! Дайны мөрөөр цагаан сүү урсаагүй
Тиймээ! Дайчдын сүрийг цагийн саалт мартаагүй
Тиймээ! Чингис өндөр Алтайн зартай юм
Тиймээ! Чингис өнөөдөр ч гэсэн нэртэй юм.
Хойч үедээ тэр хар буруу санаагүй
Хорин гангийн гачаалд хатан Онон ширгээгүй
Чингисийн их Монгол ядарсан, гутарсан, задарсан
Чиний хөх Монгол ялсан, хөгжсөн, мандсан
Ямар ч байсан Чингис Хангарьд шиг хальж
Ял гавьяа хоёроо хойч үедээ даатгасан юм.
Гал усанд элэгдсэн буурал замбуутивийн магнайд
Ган сэлмийнхээ ирээр Монгол гэж бичсэн юм
Чингис-нумын хөвчнөөс төрөөгүй юм
Чингис-сумын зэвнээс гараагүй юм
Чингис-Өэлүн эхээс төрсөн юм
Чингис-Өрлөг Монголоос гарсан юм.
****
Сэгс Цагаан Богд
(Тэмээчин бүсгүйн захидал)
Сайхан хотын
Хөөрхөн хархүү
Сайн байна уу?
Тэнэгэр говийн
Тэмээчин бүсгүй
Сайн байна

Намар та манай нутагт
Нартай хамт ирсан юм уу
Сэгс цагаан богд ууланд
Сэрүү унах болоогүй юмуу
Цэлгэр говь минь нараа дэлгээд
Цэнхэр хадаг шиг намиатан байна
Сар хаяанд хонож салхины үзүүрээс
Хээрийн үнэр анхилан
Нарны элч анхилан
Нарны элч ус мэт
Газрын хээлэнд шингэж
Намрын говь дулаан байна

Зун мамартаа говь ингэж
Зуух мэт голдоо халаад
Өлгийтэй нялхас шиг
Өвөлдөө илчээр амьсгалж
Цан хүүргээ үргээн
Цас үүлэндээ хайлдаг юм
Нүдэнд дулаахан хархүү та
Хүүдлийн шувуу байсан юм уу?
Уужим говийн бяцхан бүрд би
Ус нь цалгиж цлдсэн юмуу
Сэм сэмхэн санаа алдаад
Сэтгэл нэг л сүжрээд байна

Намар та манайд ирэхдээ
Намайг ганц түлсэн шүү дээ
Батиар биш дээ хүнийг та
Барьж харах шахсан шүү дээ
Өөрөө тэгж өдөхийг өдчихөөд
Өндөг шиг дуутай явчихаад
Шувуу бүхэнд үг заагаад
Шуудан бүхэнд захиа дайгаад
Нэгдлийн даргаас ч санаа зовохгүй
Нээрэн та намаржин чадлаа
Уншаад баймаар таны захидлууд
Уулзахын заяа өгөөч гэжээ
Уулдахын заяа өгөөч гэтэл
Учралын жаргал аваач гэжээ
Учралын жаргал авъя гэтэл
Улаанбаатарт ирээч гэжээ

Сэгс цагаан богдоо орхиод
Сэтгэл юугаа дагая гэвэл
Хонгор таны гэргий болоод
Хот газар сууяа гэвэл
Говь нутгийн хүрэн бүсгүй
Гоо үзэмж хүрэх болов уу
Онгож гандсан миний царайд
Оо энгэсэг таарах болов уу
Уур гүйсэн байшинд суухаар
Утаагүй галд цай чанахаар
Улаа бутарсан говио орхиод
Улаабаатарт очъёо гэвэл
Буянтай ханийн цалин хүртсэн
Бурхан байлаа ч таарах болов уу

http://www.youtube.com/watch?v=hsTCRm6c90k

Сумын наадам

Суусрын гүйдэлт салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу
 
Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугариг цагаан царайгаар наран дороос мишээв үү
Дулаан амьсгалд дасаалгүй бас л дахин зовоохоор
Дун цагаан шүдээр наадамч дундаас инээв үү
 
Хайр гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хайлган цайлган сэтгэлтэй хүний үртэй учруулав уу
Халуун дэрний хавьд бас л дахин зовоохоор
Хадамд очсон бэртэй хүнээс далдуур уулзуулав уу
 
Хүсэл гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хүүхэн ялдам хонгорын ангир цээжийг түшүүлэв үү
Хүний хүнтэй дасгаж бас л дахин зовоохоор
Хүрэн шандан тэрлэгний суман хормой шүргүүлэв үү
 
Учрал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Уруулын халуун амсраар зүрхний балыг шимүүлэв үү
Уураг цээжний хагацалд бас л дахин зовоохоор
Улаан чулуун бэлзэг ядам хуруунд зүүлгэв үү
 
Борви нугалах хэвтэргүй борхон туулай хөөрхий
Бохирон жиргэх мөчиргүй болжмор шувуу хөөрхий
Больё гэвч болихгүй борхон зүрх минь хөөрхий
Болъё гэвч болохгүй богинохон заяа минь хөөрхий
 
Суусрын гүйдэлт салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу

   Google, Yahoo, You tube хайлтын системд тавигдсан мэдээлэл, танилцуулга, дуу, дүрсийг ашиглав.
    Бэлтгэсэн. Д.Бишүүгарам


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.