04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Цэцэг нялхарсан зун шиг “Уран үгсийн наадам”

    Америк дахь Монголчуудын  уран зохиолын баяр  “Уран үгсийн чуулган”  Чикаго хотноо амжилттай болж өнгөрлөө.   Уран үгсийн чуулганд  уригдсан зочид,  зорин ирж оролцсон  уран уншигчид, үзэгч, сонсогчид өөр өөрийн таашаал дүгнэлттэй,  уран зохиолын яруу сайхнаас хүртсэн сэтгэлийн баяртай  харьсан  буй заа.

  Энэ жилийн уран зохиолын баярын утга агуулгыг өргөн дэлгэр байлгахсан гэж зорьсон.

   Монголын зохиолчдын түүх, уламжлал, ахуй,  монгол сэтгэлгээ, монгол үнэр нэвт шингээн урласан  15 шүлэг, 15 өгүүллэгийг  зохиолчын намтар түүх, уран бүтээлийн танилцуулга, хадгалагдан үлдсэн аудио, видео бичлэгийн хамт эх орноосоо алс яваа Монголчуудынхаа түгээмэл хэрэглэдэг сайтуудаар танилцууллаа.  Энэ зохиол бүтээлийн антологийг  Д.Нацагдоржийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Д.Энхболд абугай гаргасан юм. Би Монгол хүн, Боржигоны бор тал, Би хаана төрөө вэ, Дөрвөн цаг хийгээд Хөдөө талын үзэсгэлэн, Цэгцэрийн шар талд, Хулан бид хоёр, Хайрын зурвас, Цэцэг нялхарсан зун, Алтан жүн жор гээд  уншиж сонсож суухдаа үгсийн тансаг урлал, утгын яруусал, ариуслын тарнийг мэдэрч бидний түүх, ахуй соёл, сэтгэлгээ, монгол хэлний маань ноён сүмбэр  оргилууд яахын аргагүй “энэ дээ” гэж дуун алдсансан. 

  Америкт ажиллаж амьдарч яваа Монгол зохиолчдынхоо уран бүтээлээс, утга зохиолоо түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа байгууллага, хүмүүсээ танилцуулахыг хичээв.

   Орчуулагч-яруу найрагч Жамсрандоржийн Оюунцэцэг ахай шүлгийн орчуулгыг  “тархины уран нугаралт” хэмээн онож хэллээ. Түүний ярилцлагаас дуун хөрвүүлэхийн дуулмаар сайхан, уйлмаар бэрх,  уран бүтээлчийн дотоод сэтгэлийн дууг чагнаархсан бизээ. Тэгвэл  зохиолч Доржзовдын Энхболд  өөрийн уншигчдаа жингийн ачаандаа тээж эх хэл, сэтгэлгээгээ цэвэр ариун байлгахын утгыг тайлж “Өөрийгөө жин хөтөлж яваа эрээр төсөөлөх дуртай”-гаа ярив.  Эрхэм зохиолчийн ярилцлагад уран зохиолын дотоод гоо сайхан, мөн чанар, зохиол урлахын тухай зохиолчийн өөрийгөө уудалсан энгүүн яриа, анзаарч уншваас тун “мөлжүүртэй” утга буусан хийгээд ярилцлагын асуулт бүрийг салгаад харсан ч уран зохиолын тухай бичил өгүүлэл мэт болов гэж “хөөрч” сууна.

   АНУ-д суугаа Монголчууд  мэргэжлийн болон сонирхдог урлаг, спортын төрлөөрөө нэгдэж хоорондоо тэмцээн уралдаан зохиогоод удаж байна. Тэгвэл    Колорадо мужийн  Дэнвэр хотноо ажиллаж амьдарч байгаа Монголчууд уран зохиолын гэрэл гэгээнд нэгдэж “ТУЛГА” клуб  байгуулан  3 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа аж.    Эднийхэн  Колорадо муждаа Тулга" уран уншлагийн цэнгүүнийг анхлан явуулсан ба   Америкийн Монголчуудын Тулга Уран Үгсийн Анхдугаар Чуулганыг өөрийн хотдоо зохион байгуулсан. Тулгынханы тухай, ахлагч Х.Лхамжавын уран бүтээлээс мөн танилцуулав.  Дашрамд дуулгахад  Тулга  клубын ахлагч Х.Лхамжавт “Утга зохиолыг хөгжүүлэхийн төлөө”  хэмээх  Монголын зохиолчдын эвлэлийн нэгэн шагналыг  Уран үгсийн чуулганы үеэр гардуулсан юм. Нүдээ олсон шагнал, Монгол уран зохиолдоо хайртай Дэнвэрийн Монголчуудыг эрхэмлэн үнэлсэн хүндэтгэл боллоо.

    АНУ-ын Лос Анжелес хотноо “Монгол номын сан”  ажилладаг.  Гадаадад суугаа Монголчууд дундаа  Монгол номын сан байгуулсан анхны санаачлага ч энэ байж магад.  Г.Алтанхуягийн  хувийн сан,  Лос Анжелес орчмын Монголчуудын Холбооноос ном хандивлах арга хэмжээ зохион байгуулж  эх суурийг  тавьж байлаа.   Уран зохиолоо сурталчлах “Утгын чимэг” уран уншлагын тэмцээнийг номын сангийнхаа  нэрэмжит болгон  4 дэх жилдээ зохиож   монгол хэлнийхээ яруу сайхныг таниулахад хувь нэмэр оруулж яваа Б.Ган-Энхбаяртай  та бүхнийг уулзуулсан.

   Уншигч авхай  Дэнвэрийн уран уншлагын тэмцээн, Лос Анжелесийн Утгын чимэг  энэ тэр гээд  эхлэхээр эргэлзэж байгаа байх.  Дэнвэрийн Х.Лхамжав, Лос Анжелесийн Б.Ган-Энхбаяр хоёрыг цуг байхад нь “ Уран үгсийн чуулганы анхдагч хэн бэ” гэж асуухад....ихэд найртайгаар Лос Анжелест   богино өгүүлэгийн Утгын чимэг анх эхэлж,  Денвэрт  шүлгийн уран уншлагын  Тулга наадам болсон.  Харин Чикагод  шүлэг, өгүүллэгээ нэгтгэн Уран үгсийн чуулган болж байна гэсэн юм .  Тийм ээ. Энэ жилээс Америк дахь Монголчуудын Уран үгсийн чуулган  хэлбэршин цаашид явагдах  өнгө хэлбэр, төрхөө  олж байна гэж  ч дүгнэж болмоор.

   Чикаго хотноо Монгол Номын сангийн эх суурь тавигдав. Номын сан гэхээр  тавиур тавиур номтой,  саруул танхимын тухай төсөөлж байж ч магад. Үнэндээ номын сан  заавал “тийм байх ёстой” гэсэн хэвшмэл ойлголтыг эвдэн Б.Мөнхбат, Л.Сувдмаа нарын гэр бүл  өөрсдийн хоолны газрын бизнес дээрээ ном уншуулах үйлчилгээ явуулахаар  зориг шулуудсан юм. Бидний хувьд шинэ содон, заавал “хоолны газар байхдаа ч яахав дээ” гэмээр авч хөрш  Герман, Швед, Дани хүмүүс оршин суудаг дүүрэгт, уушийн газар, номын уншлагын үйлчилгээ, “хоолон гэр” нь хамтдаа  байгаад олон жил болчихсон байдгийг нүдээр үзээд манай хоёр баахан тайвширсан сууна аа. Уран үгсийн чуулганы хүрээнд зохион байгуулагдсан Чикаго дахь Монгол Номын сангийн нээх арга хэмжээнд Монголын Зохиолчдын Эвлэлийн Гүйцэтгэх захирал, яруу найрагч Г.Мөнхцэцэг, Ардын Уран зохиолч,Соёлын Гавъяат зүтгэлтэн  Пунцагийн Бадарч, Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Дан.Нямаа,  Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Д.Энхболд, Б.Галсансүх, яруу найрагч Х.Тэргэл, нийтлэлч Г.Галбадрах, Лос Анжелесийн Монгол номын сангийн Б.Ган-Энхбаяр гээд нарын зохиолч уран бүтээлчид оролцож харийн нутагт Монгол номын өргөө цогцлохын билиг ерөөлийг хэлж, номын дээжээсээ  хандивлав. Мөнхбат, Сувдмаа нарын эвлэг, эвсэг, хийж бүтээхийн сэтгэлтэй гэр бүл ном соёлын үйлчилгээ үзүүлж, уран зохиол, яруу найргийн уулзалт хийх, зохиолчдын зохиол бүтээлийг зуучлан борлуулах гээд олон зүйлийг хийхээр санаж сэдэж яваа.  Монгол идээ умдаанаа сөгнөж,  Монгол ном соёлоосоо хүртээж  “олон шуугисан өргөө” байна гэдэгт итгэж байна.

  Ийнхүү бэлтгэн байж Чикагод Уран үгсийн чуулганаа хоног тоолон хүлээв.  Уран үгсийн чуулгантай нэг өдөр Монголоос хошин урлагын хамтлагын тоглолт давхцсан ч уран зохиолдоо дуртай уншигчдаар танхим дүүрэн л байв.  Хүрэлцэн ирсэн хүн бүхэнд баярлалаа. 

  Уран үгсийн  чуулганаа нээж ерөнхий зохион байгуулагч, Зохиолч Д.Энхболд, Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг нар үг хэлж, эрхэм зочдоо, уран уншигчдаа танилцуулан чуулган эхлэсэн юм. МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, яруу найрагч Г.Мөнхцэцэг, Ардын уран зохиолч П.Бадарч, Соёлын Гавъяат зүтгэлтэн Дан.Нямаа, Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Б.Галсансүх нар эх орноосоо морилон ирсэн бол Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Д.Энхболд, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт орчуулагч-яруу найрагч Ж.Оюунцэцэг, Х.Тэргэл, сэтгүүлч яруу найрагч У.Пүрэвсүрэн нар Чикагогоос, яруу найрагч Т.Дашбалдан Лас вегасаас, яруу найрагч Лувсангийн Батбаяр, нийтлэлч Г.Галбадрах нар нийслэл Вашингтоноос хуран цуглажээ. Сан Францискод суугаа зохиолч Др.Я.Баатар халуун дулаан үгтэй мэндчилгээ ирүүлснийг уншиж сонсголоо.

  Чуулганд шүлэг зохиолын яруу сайхныг мэдрүүлэхээр Лос Анжелесоос Ё.Сосорбарам, Дэнвэрээс Н.Эрдэнэбат, Б.Амгаланбаяр, Ш.Байгалмаа, Б.Баярмаа, Б.Намуунбайгал, П.Энхээ, Ц.Энхболд, Ч.Өнөрцэцэг, Ц.Нарангэрэл Сеатлаас  Ч.Нарангэрэл, нийслэл Вашингтоноос М.Нямсүрэн,  Чикагогоос С.Сугар, М.Пүрэвбадам, Н.Энхээ, Б.Энхдулам, Б.Хандмаа,  Б.Нарангэрэл нар хүрэлцэн ирсэн байлаа. Тэд нэгийн даваанд уран уншигчид  дөрвөн хэсэгт  хуваагдан шүлгийн төрлөөр өрсөлдсөн юм.

  Хоёрын даваанд 27-30 оноо авсан  С.Сугар, Ё.Сосорбарам, Б.Намуунбайгал, Б.Энхдулам, Ч.Нарангэрэл, Ц.Энхболд, Н.Эрдэнэбат, М.Пүрэвбадам, Ч.Өнөрцэцэг нар шалгаран өөрсдийн сонгосон өгүүлэгүүдээр өрсөлдлөө. Өрсөлдөөн ширүүн болсоон. “Цэгцэрийн шар тал” өгүүллэгийг Н.Эрдэнэбат амилуулж  намайг найман зуун алгасуулан  авч одсон юм. Тэгвэл Ж.Дашзэвгийн “Цэцэг нялхарсан зун” өгүүллэг гурвантаа давтагдаж үзэгчдээ бас нялхаруулав. Нэгэн үзэгч эхний хэсэгт жаахан уйдангуй байсан бол одоо харин ч нэг булуу халж байх чинь гэсээр  зөрөөд ...

   Энэ давааны төгсгөлд  Ё.Сосорбарам, Б.Намуунбайгал, Н.Эрдэнэбат, С.Сугар нар онооны дарааллаар шалгаран тэргүүн байрын төлөө өрсөлдөхөөр үлджээ.  Тэд өөрсдийн сонгосон шүлэг өгүүлэгээ сонсов.  Зохиолч Ч.Хатанбаатарын Ээжийгээ хайрлаж яваарай өгүүллэгийг Сосорбарам, Л.Өлзийтөгсийн  шүлгээс  Намуунбайгал,  Жамухын өчил хэмээх өгүүллэгийг  Эрдэнэбат,  яруу найрагч Билэгсайханы Гэгээн Монгол шүлгийг Сугар  уншин уралдав. 

   Энэ тэнцүүхэн өрсөлдсөн тэмцээний эцсийн дүнг гаргах гэж шүүгчид жаахан сандрав. Уг нь барьц алдахааргүй  ур, туршлагатай  Монгол Улсын гавъяат жүжигчин, уран уншлагын нэрт мастер Ц.Жагдаг, Монголын Радиогийн Ерөнхий редактор, яруу найрагч Дан.Нямаа,  энэ наадмын ерөнхий зохион байгуулагч, зохиолч Д.Энхболд нар  шүүгчээр ажилласан.  Тэд зөвлөлдөөд  хамгийн нуруутай шийдэл гурван давааны нийлбэр оноогоор байр эзлүүлэх гэв.

   Ингээд тэргүүн байрыг  Лос Анжелесоос  ногт ганзгалан ирсэн  оюутан Ё.Сосорбарам эзэлж, хоёрдугаар байрыг Чикагогийн С.Сугар, удаах байруудыг   Дэнвэрийн Н.Эрдэнэбат, Б.Намуунбайгал нар эзэлж,  Монголын Зохиолчдын эвлэлийн “Тулга” шагнал, ивээн тэтгэгч М.Дэлгэрцогт захиралтай  Пирамид компани, А.Өлзийбаяр эмч, Зохион байгуулагчдын болон Лос Анжелесийн Монгол номын Сан, Дэнвэрийн Тулга клуб, Органаголд бизнесийн нэрэмжит шагналаар тус тус шагнууллаа.

  Ирсэн зочид, уран уншигчид, үзэгч сонсогчид хөхүүн баяртай, зураг хөргөө татуулж номоо солилцож маргаашийн баяртаа яаран одмой. 

   Урьд тохирсоны дагуу өглөөний улаан нарнаар жуулчны компаний  Мария Уилъям хатагтай сунадаг цагаан автобусаа илгээж,  бидний 60 гаруй хүн  сундалдан Салхит хотруу хөдөлж Нобелийн шагналт зохиолч Эрнист Хэмингүейн  төрсөн газар,  нэрэмжит музейгээс  аялалаа эхэлвэй.   Дэлхий дахинаа цуутай энэ хүмүүн Чикагогийн баруун дүүрэг Оакпаркт төрж, эрийн цээнд хүрсэн юм билээ. Түүний төрсөн гэр, сайн санаат хүмүүсийн дэмжлэгээр боссон  музей тус дүүргийнхэний нэгэн бахархал аж. 

    Чикаго хот өөрийн нэрээр нэрлэгдсэн уран барилгын дэлхийн хэмжээний дэг сургуультай, тэнгэр баганадсан барилгуудын архитекторын ажлыг голдуу энд хийсэн байдаг.  Уран барилгын дэлхийн хэмжээний дэг сургууль болох шалтгаан нь ч энэ хотыг бүхэлд нь залгисан  1870-аад оны түймэрээс үүсэлтэй гэдэг. 

  Чикаго урлаг соёл, шинжлэх ухаан,  хөдөө аж ахуйн  биржийн  арилжаа, худалдааны төв, зам тээврийн нэгэн том зангилаа,  дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан олон үндэстний соёл иргэншлийн уулзвар гээд  олон зүйлийн зах зухаас танилцуулахыг хичээсэн.  Энэ тухай нийтлэлч Г.Галбадрах тэмдэглэлдээ дурдсан тул бичихийг түр азнан  сунадаг цагаан унаанд сундалдан аялалд оролцсон нийт хүмүүст  дахин талархалаа илэрхийлье. Бидний аялал дуутай найрагтай, хөөр хөгжөөнтэй, “халхай палхайн зүгээс ирээч ирээч гэсэн дуудлагатай” сайхан болсон.  Энэ аялалын гал улаан шигтгээ бол Чикагогийн уран уншигч С.Сугар яахын аргагүй мөн. Мичиган нуурын эрэгт өндөрлөсөн бидний аялалын замд түүний дуулсан дуу олон хүний аманд хэдэн өдрөөр аялагдсан даа.

    Аялалын тоосоо  дөнгөж  сэгсрээд “Уран үгсийн чуулган”-даа цугларлаа.  Энэ орой бол  зохиолч уншигчдын орой байв.  Ардын Уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн П.Бадарч ах маань  салхи хагалан сайхан найргаасаа хүртээж ижийг минь санагдуулан цээжний гуниг бөмбөлзүүлж, есөн эрдэнийн эх оронтойг минь ухааруулж эхэлүүлвэй.  Зохиолч, Д.Энхболд, Яруу найрагч Дан.Нямаа,  Б.Галсансүх, Г.Мөнхцэцэг, Т.Дашбалдан, Ж.Оюунцэцэг, Х.Тэргэл, Л.Батбаяр, Х.Лхамжав, Пүрэвсүрэн, О.Дашбалбарын хүү Гангабаатар нар шүлэг найргаа уншиж, Завханы Батсүх гэмээр Цогоо бас дуучин Жамъянхүү нар ая дууны түрлэг өргөж,  Бадарч баавайн Хилийн тэнгэр цэлмэг байгаасай дууг хэн сайн дуулах вэ тэмцээн болж дуутай хууртай бүжиг, цэнгээнтэй  бас нэгэн орой байв аа.  Энэ тухай яруу найрагч Л.Батбаяр дурайтал бичсэн тул  нуршсангүй ээ.

    Ж.Дашзэгвийн “Цэцэг нялхарсан зун” гэж  өгүүллэгт ... Дэнсмаа “Нөхөртөө ... гомдовч, өглөө улс амьтны нүдэн дээр айлаас эмээлээ үүрэн гарч шившгээ хутгахыг нь сэхээрээд, бусдын өмнө нүүр нь түлэгдэх шиг халуу оргив. ... нөхрийнхөө морийг аргамжчихаад их хэрэг бүтээсэндээ сэтгэл амарч, ардаа хоцрох айлын барааг тасартал хэсэг газар амьсгаадан гүйлээ.  ... Цэцэг нялхарсан шөнө сэнж. Дэнсмаа буцах замдаа хүүхэд шиг дүрсгүйтэн салаалж сүлжсэн гэзгээ хоёр тийш нь савчуулж, дэгдэж дэгэнцэн замд таарсан шүүдэр шимэх цэцэгсийн дэлбээг ... сэрээсээр”  гэртээ ирдэг хэсэг бий.

   Чикагод болсон “Уран үгсийн чуулган”-д  дээрх өгүүллэг хамгийн олонтоо уншигдсан нь түмний таалсан нигуурынх буйзаа. Хүмүүний сэтгэлийг гүнээс оргилох үгсийн утгыг чуулуулж, шүүдэр чимсэн цэцэгсийн дэлбээг  сэрээх мэт баяр хөөр бэлэглэсэн цэцэг нялхарсан зун шиг Уран үгсийн чуулган өндөрлөв өө.   Дараа жилийн уран зохиолын баяр болох  Нэгдсэн Улсын нийслэлд уулзцгаая.

  Дашрамд Монголын уран зохиолын гурван үеийнхэний дунд хэдэн өдөр хөөрч хөгжиж явснаа сонин болгон дуулгамой.     Монгол түмний  цэцэн билэг гэж үүнийг л хэлнэ дээ гэж  Буурал Бадарч абугайнхаа яриаг чагнаархан бодож суув. Уран зохиол, бүтээлийг нь унших, сонсох төдий мэдэх Ч.Чимэд, Д.Сэнгээ, Ч.Лхамсүрэн, Б.Явуухулан, С.Эрдэнэ, Д.Цоодол, П.Пүрэвсүрэн, Ш.Сүрэнжав,  Самбуу дарга, Удвал дарга, Гончигсумлаа, Мөрдорж,  Мөөеө, Баянаа аварга гээд хэлэх үг, дурсамж, хэлхсэн шүлэг найраг,  наашлуулж цаашлуулсан хошигнол нь хүртэл эднийгээ  “тойрон эргэлдэнэ”. Дуу шүлгийн хос хуурцагийг сонсоод бидний багад сонсож байсан бүх л гоё дуу, сайхан шүлгийг энэ эрхэм зохиожээ гэж гэргийдээ хэлэв.  Нэгэнтээ “Уран үгсийн чуулганы  хоёр өдөр ах нь үүргээ гүйцэтгэсэн биз” гэж асуусан.  Тийм ээ  гээд өнгөрсөн байх. Уран үгсийн чуулганы хойморт цал буурал тэргүүнтэй хүрэн уулс шиг ханхайж, Луутай тэнгэрийн дор, Лустай газрын дээр ... гээд л ерөөлийн дээдийг мутрын үсэгтэйгээ түгээж” цастын хамба шиг намбагар байсан та.   Чикагогийн галуун хүзүүт  цагаар үнэд ордог хэмээн таныг төөрөгдүүлсэн намайгаа уучлаарай. Урт наслаад хүлээж суугаарай, уяхан ах минь, цагаахан Бадарч гуай минь. 

   Олон жилийн өмнө хэдэн халтар шүлгийг минь радиогоор нэвтрүүлж, уулзах таарах бүрт л  дэмжих туслахын халуун сэтгэлээр төөнөж явдаг намхан нуруутай, өндөр сэтгэлтэй Нямаа ахтайгаа энэ нутагт дахин уулзахын хувь ерөөлтэй байж. Дагаад л баймаар байсан даа. Дэлхийн утга зохиол, соёлын хүрээлэнгийн байнгын гишүүн, Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн цолыг шинэхэн хүртсэн, Монголын Радиогийн ерөнхий редактор гээд цол гуншин нэмэгдсэн ч нөгөө л Нямаа хэвээрээ.  Бүр хүүхэд шиг уйлсан гээч. Ганзагалааг нь хөнгөдүүлсэн гэргийдээ гомдож суугаа нь тэр.  Бөөн бөөн нулимсаа бөөрөнхий алгаараа арчин уйлсан.  Бас  хонгор нутгийнхан уран зохиолд хэдэн дорвитой шинэчлэл хийсэн гэж хөөрсөн, нотолсон. Энэ нутагт байхдаа Соёлын гавъяат зүтгэлтэн болсон тухайгаа сонсоод  30 жил радиод зүтгэсэн, 40 жил шүлэг бичсэний шагнал  байхдаа гэж суусан.   Зохиолч Д.Энхболд ах тэд гэр бүлийн найзууд, хамтдаа ажиллаж байсан гээд Чикагогийн төвийн “Marina city гэх содон барилгын 29 давхарт хоног өдрөөр хуучилсан.  Нөгөө Баярсайхан маань хөөрхий  сандал дээрээ л яваад өгсөн.., Чимэддорж минь, Жаргалсайхан минь гээд хэзээ ч ирэхгүйгээр биднээс тасран одсон нөхдөө яриад ... сэтгэл сэмэрмээр. Бид хамтдаа Налайхын уран зохиолын өдөрт явахдаа яалаа даа, Нямсүрэн Эрээн цаваас ирэхэд хэд хоногоор  айл хэссэн  гээд бага залуудаа баллаж явсанаа яриад,  сонсоод суухад үлгэр домог шиг л байв.

  “Үнээдэйн нютаг дахь натюрморт” шүлгийг нь олчих гээд цахим шуудангаар  захиа дайгаад хариу ирүүлдэггүй, фронт командлагч Б.Галсансүх өөрөө ирмэгцээ Лос Анжелес явлаа, ирэхдээ утасдана гэсээр одов.  Тэгснээ Лос Анжелес, Лас Вегас хотоор шууруулаад, үеэл дүүгээ эргээд,  Rock  хамтлагын  тоглолт үзээд, казиногоор шагайгаад ирэв.  “Лос анжелесоос нислээ тосч аваарай   нислэгийн дугаар  нь 1631. диддд диддд”.  Галсансүх найрагч  бид аав, ээж удам судар, алс яваа дүүгийнхээ тухай, энд суугаа үел дүүгийнх нь амьдрал ахуйн тухай ярьж, Монголд очвол юунд анхаарах тухай зөвлөж, гудамжаар хамтдаа алхаж, сайн андуудын “буу халсан” орой байв. Бидний үеийнхэн амьдралаа босгох гэж гал усан дундуур зүтгэж яваа тэр жишгээр сонингоо гаргаж амьдралаа болгож яваагаа ч хуучлав. Эгэл энгийн, шулуун шударга, шуурхай, хийморьтой эр. “Бурханд хэлэх зөвлөгөө” номонд нь загас шиг шумбаж байна. Шүлгүүдэд нь  эрвээхэй нисэн өнгөрөх хөдөлгөөнтэй, ганцаардан галзуу ганц нүдээрээ  найргийн санаа шүүрдэх этгээд сэтгэлгээтэй, тоочсон, жагсаасан сонин бичлэгтэй.   

    Зохиолч, найрагчид яваа газарт инээд наргиан тасрахгүй. 

Галсансүх найрагчийн гэрэлт хоёр мэлмий

Бүсгүйн цээжнээ од мэт унахад

Үнээдейн нютагт үдэш болмуй  гэж Дан.Нямаа найрагчийг цангинуулахад Энхболд ах тэндээс “Галсансүх найрагчийн арслан хоёр нүд” гэвэл сүртэй болно гээд пар пар инээнэ. Бадарч гуай ч  чимээгүй  байгаагүй.

 Улаан торгон дээлээрээ хичнээн ч жил гоёлоодоо

Учир битүүлэг орчлондоо хичнээн ч жил амьдарлаа даа гэж дуулдаг дууны бадаг бүрийг  адтай найрагч Х.Тэргэл, Г.Мөнхцэцэг нар   яруу найрагч, сэтгүүлч У.Пүрэвсүрэнд тохируулан өөрчилж дуулсан байх жишээтэй.

  Гэрэл цалгисан хүмүүсийн салхин дор хэд хоног дэрвэж, аяны замд нь үдэж  өгөөд  сэтгэл хоосрон сууна.

   Уран зохиолын баярыг суугуул хотдоо хийх санаа зориг шулуудан, олныг уулзуулж, сэтгэлийн хужирхай тэнийлгэх их ачааны хүндийг үүрч зүтгэсэн Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолч Д.Энхболд ах, түүний гэр бүл Эрдэнэбаяр эгч, Х.Тэргэл найрагч, дэмжиж тусласан найз нөхөд, ивээн тэтгэсэн, хамтран ажилласан бүх хүмүүст гүнээ талархал илэрхийлье. 

   Уран үгсийн чуулганы бүхий л үед хамтдаа байж мэдээ мэдээллийг нийтэлж дэмжиж байсан Замдааны Д.Цэрэндорж, Ламонголс-ийн Инжнааш, Хулан,  Зок-ийн А.Ганзориг, Орлоогийн Тайван, Ариунаа, Даяармонгол-ын М.Саруул-Эрдэнэ, Б.Номинчимэд,  ЮМон телевизийн Уранчимэг,  Адилзаяа нартаа  баярлалаа.

Д.Бишүүгарам


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.