04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Чойжилийн Чимид

Нэрт яруу найрагч, зохиолч, орчуулагч, Ч.Чимид 1927 онд Амгаланбаатар хотноо сэхээтний гэр бүлд төржээ. Бага дунд сургуульд сурч улмаар 1950 онд Монгол Улсын их сургуулийг төгсжээ МУИС-д багш, “Үнэн” сонин, МЗЭХ , МонЦаМэ-ийн орлогч дарга, “Монгол улс” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч хийж байсан.

Яруу найрагч Ч.Чимид 10 орчим настайгаасаа уран зохиол оролдож, анхны шүлгүүд нь 1938 оноос нийтлэгдэж эхэлжээ. Тэрээр “Би монгол хүн” /1959/, “Эрин цаг” /1964/, “Шүлэг найраглал” /1969/, “Морьтон ардын дуу” /1976/, “Сэтгэлийн дуудлагаар” /1964/, “Маш нууц” /1978, “Хавар намар” /роман/ 1962, “Магеллан хаагуур гарсан бэ” /1975/,”Холбоо тууж” зэрэг зохиол бүтээл хэвлүүлжээ. Мөн А.С.Пушкины “Евгений Онегин”, “Л.Н.Толстойн “Дайн ба энх” болон Либо, Шекспир нарын олон сонгодог зохиолыг яруу сайхан орчуулсан байна.

Уран зохиолын шилдэг бүтээлүүд туурвиж, Оросын болон дэлхийн уран зохиолын шилдэг бүтээлүүдийг орчуулсны учир МЗЭ-ийн шагнал, БНМАУ-ын төрийн шагнал хүртсний дээр ЗХУ-ын М.Горькийн нэрэмжит шагнал, Ази Африкийн зохиолчдын “Лянхуа” шагналаар тус тус шагнуулжээ.

Түүний 18 настайдаа бичсэн “Би монгол хүн” шүлгийг та бүхэнд толилуулья.
***
Би Монгол хүн

Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог
Цэнхэр манан суунагласан
Алсын бараа ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Үлээж байгаа салхи нь
Үнсээд байгаа ч юм шиг
Өршөөлт ээжийн минь гар
Илээд байгаа ч юм шиг
Энэрэнгүй сайхан санагдахад
Элэг зүрх минь догдолж
Хосгүй баярын нулимс
Хоёр нүдий минь бүрхдэг.
Өргөн сайхан нутгийнхаа
Өвчүүн дээр нь төрөөд
Өнөр уудам талынхаа
Өнгөт амьдралын төлөө
Амь биеэ зориулдаг
Ариун нандин заншилтай
Өвгөд хөгшид дээдсийн минь
Үрээ гэж найдаад
Үлдээж надад өгсөн
Өнөр Монгол орны
Нар нь намайг гийгүүлж
Нарийн салхи нь үлээж
Намираа хур нь тэжээж
Найртай сайхан орон минь
Надтай хувь нэг байдаг тул
Унасан энэ нутгаа би
Өөрийн бие шиг хайрлаж
Угаасан тунгалаг мөрнөө би
Эхийн сүү шиг санадаг
Энэ нутагтаа би эзэн нь юм
Энхрийлэлд нь өссөн хүү нь юм
Ирээдүйгий нь түмэнтэйгээ босголцох
Их үүрэг хүлээсэн юм
Хэрэв хүн, эх орноо
Хамгаас үнэтэй гэдэг бол
Хээр тал нутгаа
Юунаас ч илүү санадаг бол
Ажиллах хөдлөх бүрдээ
Алхах гишгэх болгондоо
Аугаа орныхоо төлөө бол
Алтан шороо руугаа дайрсан
Атаатны хорт сумыг
Аюуш шиг цээжээрээ таглан
Амиа өгөхөөс буцдаггүй бол
Энэ хүн Монгол хүн
Эх орондоо хайртай хүн,
Энэ хайр нь монголчуудад
Эртнээс хэвшсэн хайр гэнэ
Би монгол хүн болохоор
Биндэрьяа нутгийнхаа төлөө
Бие амь, бүх насаа
Авч байгаа амьсгаагаа
Оргилж байгаа зоригоо
Алины нь ч хайрлалгүй зориулдаг
Төрөлх нутгаа гийгүүлсэн
Нарны туяанд хайртай би
Төвшин талдаа цууриатсан
Эгшигт дуунд дуртай би

Ханагар чөлөөт нутгаа
Харах тусмаа баясаж байна
Халуун амиа дүйхгүй
Зүтгэх зориг нэмэгдэж байна.

http://www.youtube.com/watch?v=UR41yJ5ykfE


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.