04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Яруу найрагч, зохиолч, орчуулагч Гүн овгийн Г.АЮУРЗАНА

1970 онд Баянхонгор аймгийн төвд төрсөн. 1988-1994 онд ОХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж төгссөн. 2007 онд АНУ-ын Айовагийн их сургуулийн Олон улсын уран зохиолын хөтөлбөрт хамрагдсан.
“Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “сэтгэл рүү шагайгч Түүнд” зэрэг яруу найргийн түүврүүд, “Дурлалгүй ертөнцийн блюз”, “Амь тавьж буй шувууны далавч” хүүрнэл зохиолын эмхэтгэл, “Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, "Шүгдэн" зэрэг романууд хэвлүүлсэн. “Гурамсан цадиг” нь “Илбэ зэрэглээ”, “Арван зүүдний өр”, “Цуурайнаас төрөгсөд” хэмээх цуврал гурван романы нэгтгэсэн хувилбар болно.

Философи-уран сайхны сэтгэлгээний “Шинэ үеийн номын сан” цувралыг санаачлан “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, “Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй” зэрэг 10 боть ном гаргасан.

Үндэсний утга зохиолын шилдэг өвийг хамарсан “Монголын сонгомол яруу найраг”, “Монголын сонгомол өгүүллэг” антологууд эрхлэн гаргаж, “Дэлхийн сонгомол яруу найраг”, “Дэлхийн сонгомол өгүүллэг” антологуудыг орчуулан олны хүртээл болгосон.
Түүнчлэн Францын философич Мишэль дө Монтэнийн эсээнүүдийг “Сонгомол эсээнүүд” нэрээр, АНУ-ын нэрт зохиолч Уильям Фолкнерын шилдэг тууж, өгүүллэгийн номыг “Өвгөд” нэрээр, Аргентины сод зохиолч Хорхэ Лүис Борхэсийн шилдэг өгүүлэгийн түүврийг “Хоёр хаан, хоёр хонгил” нэрээр, Францын зохиолч Жан-Поль Сартрын “Үг” тууж, мөн Америкийн өнөө цагийн яруу найргийн төлөөлөл болгож Кристофер Меррилийн “Татлага, түрлэг” түүврийг тус тус орчуулан хэвлүүлжээ.
Тэрээр утга зохиолын шилдэг бүтээлүүд туурвиж, дэлхийн гүн ухааны сав шимээс монголын уншигчиддаа танилцуулж, орчин цагийн утга зохиолд хувь нэмэр оруулсны учир Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн цол хүртжээ.
***
ХАР АЯ
Нэг л хачин, тэгэхдээ юугаараа ч юм бэ сэтгэл татам аялгуу ажээ.
-Наадхиа чи өөрөө зохиосон уу?
-М-хн.
-Юу гэдэг симфони вэ дээ?
Миний асуултын шооч аясыг тэр анзаарсан бололтой, тоглохоо болиод над руу эгц ширтэж,
-"Хар ая"гэдэг юм гэх нь ууртай.
-Хар ая" аа?
Түрүүнээс хойш миний гайхлыг төрүүлж байсан бүхэн дээр энэ нэр ч бас нэмэгдэв. Гэхдээ "Хар ая" гэж нэрлэхээс ч өөрцгүй байсан мэт.

Түүний төгөлдөр хуурыг төгөлдөр хуур гэхэд хэцүү. Өнгөн гадаргуугын модыг хуулаад авчихсан тул даралтуудын дээд хэсгийн ганц хөндлөнгөөр нь нэгэн цагт бор шаргал өнгийн төгөлдөр хуур байжээ л гэж төсөөлж болно. Төгөлдөр хуур ч гэх хаашаа юм бэ, арзайсан утаснууд, нүцгэн алх цохиур сарайж сэрийх нь төгөлдөр хуурын араг яс гэвэл илүү зохимоор. "Муухай дээр улцан нэмэр" гэдэг шиг хөгжмийн цүх цагаан даралтыг ховхолжээ. Хэн нэгэн галзуу эрийн царай ч төсөөлөгдөөд ирэв. Ийм хачин ёрын ажилдаа улайрсан, хөлснөөс нь уур савссан, нүд нь махчин араатных шиг гялалзсан үзэшгүй муухай царай төсөөлөгдөх аж.
Гэтэл энэ хар даралтуудыг хараач. Гялалзаж гялтаганана. Хамгийн аймшигтай нь, бүтэн үлдсэн хар даралтууд дөнгөж өнөөдөр үйлдвэрээс гарсан мэт цоо шинэ, өчүүхэн ч сэв суугаагүй байна.

Төгөлдөр хуурын оронцог шууд газар тавигджээ. Уг нь доор нь хуучивтар хивс дэвссэн аж. Гэвч шалгүй гэрт тэр нь бүр ч тухгүй харагдана.
Гэрт хогшил гэх юм бараг алга.
Дээхнэ үеийн пүрштэй төмөр ор, намхан ширээ, өндөр нам хоёр сандал. Өндөр дээр нь тэр сууж байна. Ингээд л гүйцээ. Зуух ч байдаггүй. Ерөөсөө энд гал түлж байсан шинжгүй.
Хотын захын дүүрэг дэх шалгүй ханхай гэр. Төгөлдөр хуурын зэрэмдэглэсэн аймшигт төрх. Хоорондоо ер зохицохгүй, эргэн тойрон дахь энэ бүх зүйлс гэхдээ мөн л өөрөөр байх аргагүй мэт.

-Чи хаана төгөлдөр хуур тоглож сурсан юм бэ?
-Энд.
-Энэ төгөлдөр хуур дээр үү?
-Тийм ээ.
-Аль хэр их удаж байгаа юм бэ?
-Хоёр жил хорин гурав хоног.
Би юу гээд асуучихлаа? Яг юу асуучихсанаа өөрөө ч сайн ойлгоогүй тул, хий л амаа ангалзууллаа. Энэ хачин төгөлдөр хуурыг энд авчирснаас хойш хоёр жил хорин хэд хоног болж байгаа юм болов уу, эсвэл нөгөө галзуу эр цагаан даралтуудыг нь царилаар ховх ховх татаж эвдсэнээс хойш ийм хугацаа өнгөрсөн юм уу? Эсвэл угаасаа л ийм байсан энэ сарзгар сэрзгэр гялалзсан хар даралтууд дээр "Хар ая" хэмээх хачин дуу авиаг зохиосноос хойш хэр удаж байгааг хэлсэн юм болов уу?
Гэвч би асуусангүй.

-Тэр яах гэж ингээд эвдчихсэн юм бэ?
-Тэр..?
-Тийм, тэр яалаа гэж..?
-Та түүнийг яаж мэддэг юм бэ?
Би нөгөө улаан царайт эрийг л бодсоор байв. Тийм амьтад л төгөлдөр хуурыг царилаар балбаж мэднэ. Тийм амьтад... Хаа ч юм бэ, яг тийм царайтай хүн харсан л байх нь. Тэгээгүй бол би хаанаас бүр нэг таньдаг юм шиг, төгөлдөр хуур эвдэж байхыг нь харсан юм шиг өөртөө итгэлтэй байх вэ...
-Тэр "Цагаан ая"-нд дургүй байсан юм. Цагаан аяыг тоглуулахгүй гэхдээ түүнийг барьж байгаад... гээд үүдний зүг заав. Тэнд урт царил хэвтэнэ. Харин өмнө нь ер анзаарсангүй. Яг л миний төсөөлсөн шиг царил байна.
-"Цагаан ая"-аа бас л чи зохиосон уу?
-Тийм ээ. Танд тоглож өгмөөр л байна. Даан ч энд нэг ч цагаан даралт үлдээгүй. Түүнээс бусад бүх хүнд "Цагаан ая" таалагддаг байсан. Түүнд л таалагдаагүй.
-Тэгээд "Хар ая" таалагдсан уу?
-"Хар ая"-г зохиох үед тэр эзгүй байсан. Явчихсан байсан. Суучихсан байсан.
-Суучихсаан?
-Шоронд.
-Ямар хэргээр шоронд орсон юм бэ?
-Хүчингийн...
Надад нэг л эвгүй болчихов. Энэ гэрт... Гадаа хүүгэх нармын салхи гэрийг нэвт сийгэнэ.
-Би "Хар ая"-ыг чинь ахиад нэг сонсч болох уу?

Тэр юу ч хэлэлгүй ахин тоглов. Намайг дуу хураагчаа халааснаас гаргах үед эхний хоёр гурван өнгө нэгэнт дарагдсан байлаа.
Бүсгүйн царай хувхай цайж, жимийсэн уруул нь чичирнэ. Гар нь нэг л эв дүй муутай харагдавч , арзгар төгөлдөр хуураас яавч хоосон, утга учиргүй зүйл гэхээргүй этгээд содон хөгжим уянгална.

Тэр бол миний анхны өвчтөн байсан юм. "Ганцхан удаа гэртээ оччихоод ирье. Ахиж би хэзээ ч, юу ч танаас гуйхгүй" гэж надтай уулзангуутаа л гуйж, гараас минь зуурчихаад тавихгүй байж билээ. Би ерөнхий эмчийг гуйж байж арайхийн зөвшөөрүүлээд, такси хөлслөн, Шар хадны эцсээс Долоон буудал руу явсан сан. "Хар ая"-аа ахин нэг тоглочихоод тэр гэрээс гарч, үүдийг дугуй төмрөөр даруулан цоожлоод түлхүүрээ хажуу айлдаа тавьж билээ.

Тэр явдлаас хойш тав зургаан сарын дараа би эмчийн ажлаа орхиж, ганзагын наймаанд явсан. 1991 он юм байна. Наймааны алтан үе дуусахад, хувийн эмийн сан нээсэн. Энэ ч танд сонин биш биз дээ.

Саяхан хүү маань:
-Энэ юу юм бэ? гээд жижигхэн хуурцаг үзүүлэв. Миний хуучин цаас, элдэв юмсын хогон дотроос олсон, сонсоод үзвэл тэнд бичигдсэн ая их таалагдсан гэж байна. Хуурцган дээр "Хар ая. 1990.10.9" гэсэн миний бичиг байв.
Хуурцгийг би хүүтэйгээ зэрэгцэж суугаад сонслоо. Нэг л хачин. Зүрх өвдмөөр аялгуу гэж байдаг уу, эсвэл яг тэр үед зүрх өвдөв үү, мэдэхгүй. Би тэсэлгүй хөгжмийг унтрааж орхиод,
-Аль дээр үеийн, галзуугийн эмнэлгийн нэг өвчтөний л зохиосон ая байна. Өрөө рүүгээ яв. англи хэлээ үз. гээд хуурцгийг хурааж авлаа.

Шөнө нь нойр хүрдэггүй. Эмч байхаасаа хойш хэрэглээгүй жижигхэн дуу хураагчаа эрж олоод, "Хар ая"-ыг орон дотроо чихэвчээр сонсов. Хэд хэдэн удаа сонслоо. Үнэнийг хэлэхэд, би хөгжим сонирхдоггүй л дээ. Гэвч сонсмоор санагдаад болж өгдөггүй.
Маргааш би тэр үед сэтгэцийн эмгэг судлалын эмнэлгийн ерөнхий эмч байсан Жүгдэр гуайнх руу очлоо. Товчоор хэлэхэд, өнөөх өвчтөнөө л сурагласан хэрэг. Тэтгэврийн өвгөд цөмөөрөө л уймраа болж гүйцдэг сэн. Харин Жүгдэр гуай бүр хөнгөн шингэн болжээ. Ой ухаан нь ч саруул. "Төгөлдөр хуур тоглодог охин уу?" гээд тун ч сайн мэдэж байсан юм.

Хэд хоногийн дараа Шар хад руу явлаа. 1990 оны өвчтнүүдийн түүхийг нэгжээд дараа нь бүр 1991, 1992 оныхыг үзээд ч түүний тухай юу ч олсонгүй. Жүгдэр гуай руу утасдвал,
-Байх л ёстой доо. Би бүр сайн санаж байна. Чи сувилагч нараас асуу. Уржнанхан л, намайг тэтгэвэртээ гарахад охин байж л байсан даг гэв.

Ихэнх сувилагч жаахан охид. Миний үе тэнгийн сувилагч ганцхан байсан нь өнгөрсөн жил Ховдоос шилжиж иржээ. Ингээд миний эрэл мухардлаа. Долоон буудлын чухам хаахна тэлнийх байсныг санадаггүй. Яг л нөгөө гэрэрхүү навсгар хашаа нэгийг олсон ч, нохой хорьж өгсөн малигар улаан эр:
-Юун төгөлдөр хуур? Юун хар, цагаан ая? Юун Шар хадны эмнэлэг? Чи өөрөө галзуу юм уу? хаашаа юм бэ? гэж эг маггүй загнаад, хашааныхаа хаалгыг тас хийтэл хаачихав. "Зуудаг нохойтой Аюултай"гэж муруй саруй бичсэн хавтгай мод хашаан дээр хадаатай байгаа нь нэг л танил санагдлаа. Тун сайхан, бор шаргал мебель байж ээ дээ.

Мөнөөх хуурцгаа би сонссоор л байлаа. Дараа нь Чайковский нэгдүгээр концерт, Клайдерманн, бас хэн хэн ч билээ, төгөлдөр хуурын аязтай СД хэд хэдийг авч сонслоо. Аль нь ч "Хар ая"-д хүрэхгүй санагдав. Шуманы нэг аяыг л тооцохгүй бол... Гэхдээ Шуман ч миний сэтгэлийг "Хар ая" шиг татсангүй.

Нэг шөнө би хачин зүүд зүүдэллээ. Нөгөө гэрт, нөгөө төгөлдөр хуурын араг ясан дээр, нөгөө бүсгүйн гар гялалзсан хар даралтууд дээгүүр гүйх аж. Тэгтэл гар хүрсэн даралт бүр нь ховхрон унасаар ая дуусахад төгөлдөр хуур нэг ч даралтгүй болчих юм. Тэгтэл нэг ч даралтгүй төгөлдөр хуурын ард суусан бүсгүй гараараа хоосон агаар тэмтчихэд өөр нэгэн ая дуурсав. Өмнө нь огт сонсоогүй тэр аялгуу намайг маш ихээр аз жаргалтай болгож буйг мэдэрлээ.

Сэрэхэд чих тун их өвдсөн байв. Чихэвчтэйгээ унтчихжээ. Хуурцагны бичлэггүй хальс чахран эргэж байлаа.
Тэгээд би төгөлдөр хуур авахаар шийдсэн юм. "Маш сайн төгөлдөр хуур хямдхан зарна" гэсэн зарлалаар явж очвол, олны танил хөгжмийн зохиолчийнх байж таарав.

"Красный Октябрь" бол үнэхээр сайн төгөлдөр хуур даа. Хөгөө алдана гэж байхгүй. Цагаан давааны хог дээр "Красный Октябрийн" сэг хэвтэж байсан гэж байгаа юм. Мултарч унаагүй хэлэн хар даралтыг нь тэр хавиар кино зураг хийж явсан миний нэг шавь саваагүйрхээд дараад үзвэл, яг л өнгөөрөө дуугарсан гэж байгаа юм даа. Гайхалтай сайн хийсэн хэрэг шүү" гэж ярихад нь "Нөгөө төгөлдөр хуур" хэмээн өөрийн эрхгүй бодогдож билээ.
Би хөгжмийн зохиолчид мөнгө тоолж өгөхдөө хуурцгаа бас өгчихсөн. Одоо надад "Хар ая" хэрэггүй. "Цагаан" нь хэрэгтэй.
***


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.