04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

ГУРВАНТЭСЭЭС ЧИКАГО ХҮРТЭЛ

Өмнөговь аймгийн засаг дарга Б. Бадраа саяхан хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа Гурвантэс сумын нисэх буудлыг өргөтгөж байна. Тун удахгүй тэндээс Хонконг Сингапур руу нислэг хийдэг болно гэснийг уншаад сэтгэл минь яг л Гашуун худгийн ус шиг оргиллоо. Манай дунд голд Гашуун худаг гэж нэг сонин худаг байдаг юм. Хичнээн ч тэмээ усаллаа гээд  шавхагдана гэж үгүй. Өглөө яваад очиход ус нь амаа даван мэлтэлзэн урсаж  байдагсан. Яг л горхи булаг шиг. Тэр л оргилогч ус шиг сэтгэл минь хөдлөж бага нас олон жилийн өмнөх зэрэглээн дундаасаа тогдгосхийн гараад ирдэг байгаа. Тэр зун лав л сургуульд ороогүй байсан цаг. Өвөөтэйгээ үе үе давсны артель руу явдаг чухал ажилтай. Артель гэдэг маань эгнүүлэн барьсан олон гэртэй , нэг томоо цагаан байшинтай тэр цагаан байшинд өвөлдөө ёолк гэдэг өндөр мод босгож түүндээ төрөл бүрийн гялтганасан тоглоом зүүгээд хүүхэд багачуул тойрон бүжиглэдэг, зундаа хүүхдийн баяр болж байна гээд хүүхдүүдийг барилдуулдаг чухал газар байлаа .

Тэр зун би ч барилдаж хамаатан Дуламжавын Батцэнгэлд унасан юмдаг. Батцэнгэл надаас даанч хол өндөр тул гарынх нь үзүүрт чүү ай  хүрээд л унасан санагддаг юм . Сүүлд мэдэхнээ нь Батцэнгэл ах надаас тав ах юмсанж . За тэгээд өвөө маань артелийн дарга өөрөөсөө арай дүүмэд Дуламжавтай, юм уу артелийн нягтлан үе тэнгийн нөхөр улаан Даш гуайтай шатар нүүж маг маг инээлдэж өнжинө . Харин би гадуур хүүхдүүдтэй шавайгаа ханатал тоглоно. Артелийн айл болгон дор хаяхад гурван унадаг дугуйтай . Хүүхдүүд нь мөнөөх дугуйгаа унацгаан салхи татуулан давхих нь атаархмаар .

Тэхнээ нь артелийнхан маань аймагтаа байтугай улс даяар дархлагдсан өндөр цалинтай улс байсансанж. Тэдэнд хүүхдүүддээ таван зуун төгрөгөөр унадаг дугуй авч өгөх бол ёстой үдийн будаа байсан юмсанж . Ажил нь харин хүнд . Урт түрийтэй усны гутал өмсөөд өдөржин шарах наран дор урин цагийн борц шиг бор хар хүмүүс өчүүхэн ч амсхийлгүй амсар дүүрэн халгих устай тогоон дотроос бор шаргал давс малтуураар татан гаргаж хатааж сэврээгээд том том бор шуудайд савлана . Нэг хэсэг нь тэвхийтэл хураасан шуудайтай давснуудыг дугаарлан зогссон машинуудад хөлсөө сэврээх завгүй ачицгаана . Миний үеийн хүүхдүүдийн зарим нь аав ээждээ туслалцан давстай нууран дээр өнжицгөөнө . Зарим нь дугуйгаараа дайрчих шахан давхиж ирүүт  “ Хөдөөний хөөсөн мантуу хүрээд ир “ хэмээгээд бор гараа зангидахыг нь харуут л би гэдэг амьтан элс тоос босгон хамаатных руугаа амь зулбан зулрана . Гэвч шатарчдын хажууд хэсэг мугдаганаад тэсвэр алдаж хулмаганан гаруут энэ арай ч зодчихгүй байх гэж найдсан хүүхдүүдээ бараадан артелийн төвийн сонин сайхныг бишрэн умбаж гардагсан .

Нэг тийм өдөр өвөө маань нэг их удаан шатардсангүй. Хоёул мордож гэрийн зүг бус харин баруун зүгийг барин шогшууллаа. Өвөө минь зам зуур  “ Баруун голын наад тасархайд этгээд сонин улс ирж гэнэ хоёул очиж холын сонин сайхныг сонсоё  “ хэмээн наддаа аминчлан хүүрнэж явав . Үгүй тэгсэн ёстой хачирхаж ханамгүй сонин юмс үзлээ . Урьд хожид огт үзээгүй улаан шар хөх ногоон өнгийн бөмбөгөр , дөрвөлжин хэлбэртэй үй олон майхан эгнээстэй , хамаргүй баахан машин жирийгээстэй , сахал бавайлгасан өндөр өндөр шар хүмүүс ганцхан бандааж өмсгөлтэй хөлхөлдөхийг нь үзэж өөрийн эрхгүй харц халирч газар ширтлээ . Тэгтэл бүр онцгой хачирхалтай нь тэдэн дунд хоёр гурван монгол хүн байж байдаг байгаа . Яг тэр шар хүмүүс шиг бандааж өмсгөлтэй бавгар сахалтай өндөр шар хүнийг бусад нь багшаа гэлцэнэ . Харваас Монгол гэдэг нь андашгүй намхан бор залуу том толгойтой махигар гаансанд тамхи нэрэн эргүүлдэг худаг дээр сууж байна . Өндөр шар хүн өвөө бид хоёрыг майхандаа залж оруулаад сонин хачныг өвөөтэй хүүрнэх ярианаас нь эдгээр өндөр шар хүмүүсийг Польш гэдэг өөрийг нь харин Барсболд гэдгийг мэдэж авлаа . Тэд  энэ эргүүлдэг худгийг эргүүлж ус гаргаж дөнгөсөнгүй гэж ярихад өвөө ихэд бахдалтай инээгээд

-          Тэр аргагүй ээ гэхдээ энэ амны ус биш гэж тайлбарласанд нөгөө хүн

-          Бидэнд амны ус байгаа л даа харин энэ гадаад хүмүүс их усаар биеэ шавшия гэж гуйгаад байх юм хэмээн учирлаж суув . Өвөө над руу хандан

-          Миний хүү мордож давхиад хэдэн тэмээ туугаад ир гэмэгц миний баярлан ухасхийснийг юутай зүйрлэмээр юм бэ дээ . Тэр дороо мордож давхиад ойрхон бэлчиж явсан хэдэн тэмээ тууж ирмэгц харваас номхон нэг атны хүзүүнд нь эвхээтэй явсан бурантагийг тайлж нөгөө улсаас олс авч тэмээнийхээ цээжинд нэг үзүүрийг өлгөж нөгөө үзүүрийг худгийн гарт бэхлээд мөнөөх атанд мордож худгийн гарыг эргүүллээ . Сурсан ажилд ямар л төвөг учраа аж . Төд удалгүй ус годхийж халуунд залхсан хүмүүс майхнуудаасаа дуу алдан гүйлдэж гарч ирээд онгоцтой усанд булхаж гарлаа . Тэдэн дунд хөхөвч бандааж хоёроос өөр юм өмсөөгүй хүүхнүүд байсан нь намайг ихэд цухалдуулж тэмээнийхээ бөхийг ширтэн

-          Яасан ичдэггүй булайнууд вэ хэмээн амандаа үглэн уурандаа тэнхээ мэдэн давчиж явтал өвөө маань өндөр шар хүний майхнаас улаа бутарчихсан тас тас инээсээр гарч ирлээ .   Баахан улс усанд булхуулж хэрвээ дахиад ус хэрэгтэй болбол ингээрэй тэгээрэй гэж захиад өвөө маань махир гаансны эзэнтэй нэг хоёр нүүлээ . Ер нь хожоод байгаа бололтой их урамтай байна . Цондгор шилтэй хүрэн ундаа ширгээгээд өвөө маань явахаар шийдэж бид хэд гадааллаа . Тэгтэл намайг байж ядтал цухалдуулсан хүүхнүүдийн нэг туялзан гүйж ирээд толгойг минь илж баахан юм яриад нэг майхан руу хөтлөн оруулж хормой дүүрэн бэлэг өгдөг юм байна . Бас баахан улс өвөө дээр шавж хормойг нь дүүргэж орхилоо . Хоёул бэлэгнүүдээ ууталж ганзгалаад мордлоо доо . Махир гаансат маань өөрийнхөө нэрийг Пэрлээ гэж хэлээд хоёр гурав хоногоос Нэмэгт уул руу нүүж том амьтны яс ухаж авна гэж хэлсэн билээ . Өвөөгийн урам ихэд сэргэжээ . Зам зуур үе үе Гоо -вийн өө - нн - дөөр хэмээн аялаж

-          Завтай явсансан болдоо арав хоногт ч барагдашгүй сонин хачныг хүүрнэх сайхан зантай улс санж . Гийлоо ч улс гэнэ шүү дээ . Жаахан залуусан бол дагаж яваад ГИЙЛООЧ болоход ер дургүйцэхгүй дэгээ . Лууны яс ухдаг юм байх харин тэр балиусаар балуугаа хийдэг юм бол Хий тэрийг нь асуухаа мартчихаж хэмээн ярьж явлаа . Миний хувьд ганзгалаатай бэлгээ үзэх хорхой маань дотроос маажиж гэртээ хүрч тэссэнгүй . Бууж бэлгээ үзэе гэж гуйсанд өвөө дуртайяа зөвшөөрч хоёул буугаад тус тусын ганзгалааг тайлж бэлгээ дэлгэлээ . Өвөөгийн ганзгалаанд хоёрын зэрэг цондгор шилтэй юм байхын зэрэгцээ алаг цаастай чихэр бичээн тоймгүй их . Бас хэд хэдэн  лаазтай юмнууд байх аж . Надад гэвэл баахан чихэр жимс бас яг өвөөгийнх шиг лаазтай зүйлс байна . Бэлэгнээсээ өврөө түнтийтэл чихээд замын турш амаа бувалзууллаа . Эмээ яасан их баярлах бол гэхээс гэр рүүгээ тэсгэлгүй яарч явав . Эмээ маань ингэ ирэх болчихлоо хаагуур тэнээв гэж янзгүйхэн угтсанаа бидний сонин хачны зах зухаас сонсмогц дэвэлзэн хөөрч ингээ саасны дараа бэлэгтэй маань тухтайхан танилцахаар яарч билээ .

Харуй бүрийгээр ингээ сааж дуусгаад хэдүүл илүү гэртээ бөөгнөрч сүүгээ хөөрүүлэнгээ эмээ бэлэгтэй маань нэг бүрчлэн танилцав . Дөрвөлжин чихэр нь илүү амттай юм бөөрөнхий нь бурамтай юм байна хэмээн тайлбарлангаа  амттанаас тасралтгүй хүлхэнэ . Өвөө лаазлуулсан амьтны сүнс чөтгөр болдог гэж үнэн голоос итгэн тийм юмсаас холхон байхыг эрмэлздэг  бол эмээ гунжин тэмээгээ ч лаазтай л бол юухнаар ч арилжиж мэдэх хорхойтой тэр хорхой нь ч энэ үдэш тэсэлгүй гозогонож

-          Алий миний хүү энийг онгойлгоод өгөөч гэж гуйлаа . Лаазан дээрх түлхүүр шиг юмыг зааж

-          Үүнийг эргүүлж онгойлгодог юм .  Амт нь сайхан ч  айж цочив мэдээтэй байгаарай гэж махир гаанстай ах хэлж байсныг би санаж байсан ч эмээдээ түүнийг тайлбарлаж байх зав үнэндээ байсангүй бушуухан түлхүүрдэж онгойлгоод долоовроо дүрж амстал жигтэй сайхан амттай эд аж . Эмээ маань лаазтыг миний гараас шүүрэх шахуу авч зуухны амны гэрэлд бөхийн харснаа

-          Хорлоогийн годон ...  гэж уулга алдаад хормойгоо сэгсрэн ухасхийж лаазтай зүйл зуухан дээрх тогоотой сүүн дээгүүр нисэн гэрийн баруун талд уналаа .

-          Чи чинь яачихав аа ?

-          Яадаг муухай лүднүүд вэ . Пай .. Пай ... наад лаазанд чинь дэндээхэй аалз чихчихсэн байна . Миний хүү хол аваачиж булаарай гэх эмээгийн гар хормой хоёр салгалтал чичирч харагдав . Би ч лаазтыг шүүрээд гарлаа . Хол аваачаад булах гэснээ  амт нь араанд хэвээр тул арай булж зүрхэлсэнгүй өглөө гэрэлтэйд ирж үзэх хорхойдоо автан загийн ёроолд эвтэйхэн орхичихлоо . Өглөө нь гүйгээд иртэл лаазан дээр минь орчлонгийн бүх хар хорхой овоорчихсон гүнцэглэж байдаг байгаа . Гэхдээ цаана нь бий хойно би нэг их харамссангүй . Хэн ч тоохоо больж илүү гэрийн хаяанд хэвтэж байсан лаазтуудаас нэгийг сэмхэн авч холоо очоод онгойлгож үзлээ . Арай ч дэндээхэй биш юм аа . Гэхдээ их хачин орооцолдсон урт урт хөлтэй мухайсан толгойтой атлаа биегүй чөтгөр шулам гэгч нь байх гэмээр зэвүүн амьтан тэр лаазанд мааниа уншуулан чихүүлчихсэн аж . Дотор жихүүдэс хүрч хий огиод лаазыг холоо шидчихээд харж суутал нэг могой гүрвэл ихэд сэрэмжлэн зугуу зугуухан ахисаар лааз руу толгойгоо шургуулж урт хөлтөөс нэгийг зуугаад ариллаа .

Төдөлгүй энд тэндгүй могой гүрвэлүүдийн толгой шоволзож лааз руу тонгосхиймэгц урт хөлтийг унжралдуулан чирсээр алга болцгооно . Төд удалүй лааз хоосров . Би ч урамшиж бидэнд идүүлэх хувь тавилангүй олон лааз тэр амьтнаар гүрвэл тэжээчихлээ . Арав гаруй жилийн дараа шавь нь болох ерөөлтэй Барсболд академич хийгээд Пэрлээ доктортой нүүр хагарсан түүх минь ийм бөлгөө . Өвөө минь Гийлооч болоогүй ч  зээ хүүгийнх нь сэтгэлд  Геологич болж бавгар сахлаар хээнцэрлэж ,  мухар тэрэг жагсааж ,  болцуутай махир гаанс хүлхэн лууны яс төнхөх гүн цэнхэр мөрөөдлийг чухамхүү энэ улс асааж өгсөн билээ . Харин лаазанд байсан зүйл нэг төрлийн нальмар байсныг хэзээ хожим Познань хотод очоод мэдсэнсэн .

Доржзовдын Энхболд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.