04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Чикаго хотноо Бурханы шашны “МАЙДАР” төв нээгдлээ

Монголчуудын уламжлалт Бурханы шашны Майдар төв хаврын тэргүүн сарын 15-ний билэгт сайн өдөр Чикаго хотын төвд үүд хаалгаа нээлээ. Энэ төвийг үүсгэн санаачлагч, Зүүн хүрээ, Дашчойлон хийдийн ламтан Р.Алтантитэм ярихдаа ”АНУ-ын Дэнвэр хотноо 2004 оноос “Gandan Temle” төвийн "Номын хүрд" ангийг бусад лам нарын хамт ажиллуулж байсан. Энэ туршлага дээрээ үндэслэн Чикаго хотноо суугаа бурханы шашинт сүсэгтнүүддээ зориулан энэ төвийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Бидний үйл ажиллагаа бурханы шашинд итгэж биширдэг, сонирхон судалдаг, шашны талаар мэдлэг олох гэсэн хэн бүхэнд нээлттэй байж, бурханы ном сургаалийг тайлбарлан монгол хэлээрээ таниулах, сүсэг бишрэлтэй х үмүүсийг нэгтгэх, бурханы сургаалийн талаар харилцан биенээсээ суралцах улмаар монголын соёл, уламжлалаа өвлүүлэхэд чиглэнэ гэв. “Майдар” Төв нь Чикаго хотын төвийн Линколн парк дүүрэгт байрлах Японы буддистүүдийн “Midwest” сүмд төвлөн долоо хоног бүрийн Ням гаригийн үдийн 12 цагаас бурханы номын сургалт, бясалгал бусад төрлийн үйл ажиллагаа явуулах ажээ.

Хаяг: 435 W Menomonee st. Chicago IL 60614 facebook/ MaidarBuddhistCenter us_gandan@yahoo.com Төвийн анхны хичээлээр Бурханы шашин Монголд гурвантаа дэлгэрсэн тухай түүхээс дурдаж бурханы ариун номын эхлэл “Итгэл” “Дүнчүүр маань” “Енданширжүла” зэрэг номын зарим эх, Монгол орчуулгыг тарааж, номуудаа тайлбарлав.

Ламтаны тайлан хэлснээр “Хүмүүний сэтгэл гэгч Ноен гэнэм”. Сэтгэл зөв байхын хэрээр хүмүүний үг хэл, бие нь зүүний учиг шиг даган зөв зүйлийг үйлддэг ахул сэтгэл бузартахын хэрээр үг хэл, үйл хөдлөл бурууддаг болой. Ийн учир жаргал зовлонгийн алинд ч сэтгэлийг тэгш барих нь чин сүсгийн үндэс байнам. Бурханы шашинт хүмүүн өөрийгөө, аав, ээж, амраг садан түүнчлэн дайсан, зэрэгцэн оршин буй бүхий л амьтныг хайрлан нигүүсэж, зовлон, бүр түүний шалтгаан үгүй амар тайван, аз жаргалтай байхыг сүслэн хүсч, тийм ариун нинжин сэтгэлийг үтгэхийн тулд суралцаж, судалдаг ажгуу. “Итгэл” номд хэлсэнчлэн, ...Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан лугаа төгөлдөр болтугай. Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаан лугаа хагацах болтугай Хамаг амьтан зовлон үгүй амгалангаас үл хагацах болтугай. Хамаг амьтан хол ойр, уурлах тачаах хоёроос хагацаж тэгш сэтгэлээр орших болтугай... Энэ дэлхийн хүмүүн заяанд төрснийхөө, нэгэн биеэр эдлэн туулах амьдралын амт, аз жаргалын утга учрыг эрэлхийлэн дотоод сэтгэлээ чагнаж, халгиж цалгисан баяр хөөр, хад мөргүүлсэн зовлон бэрхийн өмнө тэгш сэтгэлээр оршихуйн тухайд сургах номын гэгээнд өдөр өдрийн ачаанаасаа түр амсхийн саатаарай.

О.Энхнасан


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.