03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Лос Анжелест Монгол Наадам боллоо

Өмнөд Калифорний нарлаг тэнгэрийн дор  Лос Анжелесийн  Монголчууд  найм дахь удаагаа сайхан наадлаа.  Энэ жилийн баяр наадамдаа Монголчууд маань  ихээхэн идэвхитэй оролцож,  Лос Анжелес хотноо  үйл  ажиллагаа явуулж байгаа  байгууллага, бизнес  эрхлэгч  хувь хүмүүс тал бүрийн дэмжлэг үзүүлж    хамтран  тэмдэглэсэн нь урьд жилүүдийнхээс  онцлог болов.    

   Баяр наадмын тугийг өмнөх жилийн Түрүү, үзүүрийн бөхчүүд өргөн мандуулж,  Монгол ноёд,  хатад, үндэсний хувцастай   хүмүүс хуран цугларсан наадамчин олондоо  мэндчилж, баяр наадмыг нээж  ЛАМХ-ний тэргүүн үг хэлж, Төрийн дууллаа нийтээр  дуулснаар наадам эхэллээ.

  Сарны чулуу чуулгын хөгжимчин   Жүрмэдцэрэн,     хуучирч  Ичинхорлоо  нар  Монгол Ардын  урлагын  гайхамшигаас  хурсан олондоо сонирхуулав. 

     Энэ жилийн наадамд  Аймгийн Заан Алагдаагийн Эрдэнэбилэг, Аймгийн заан Цэдэндоржийн Төгсжаргал тэргүүтэй аймаг, цэргийн цолтой бөхчүүд,   Жүдо, сонирхогчдын сумо бөхөөр хичээллэдэг Калифорниа,  Аризона Мужид амьдардаг  Америк бөхчүүд барилдсан нь наадмыг сонирхолтой  болгов.    Үндэсний бөхийн барилдааны   их шөвөгт   Ховд аймгийн Чандмана  сумын харьяат, Бөхийн чөлөөт барилдааны  шилдэг  тамирчдын нэг, Аймгийн заан А.Эрдэнэбилэг,  Увс аймгийн Тэс сумын харъяат  Орхон Аймгийн Заан Ц.Төгсжаргал,  Лос Анжелесийн Цагдаагийн  Академийн сургагч, Жүдо-гийн тамирчин  Трой,   Сонирхогчдын сумогийн тамирчин Даваадалайн Баянбат нар үлдэв.   Аймгийн заан А.Эрдэнэбилэг, Аймгийн заан  Ц.Төгсжаргал нар  учраа бөхөө орхиж үзүүр түрүү  булаалдахаар  шалгаран барилдав.  

  Аймгийн Заан Төгсжаргал, Аймгийн заан А.Эрдэнэбилэг нарын барилдаан сонирхолтой өрнөж,  Төгсжаргал заан давхар шуудагны  барьцнаас шигшиж түрээд  учраа бөхөө орхиж  Лос Анжелесийн Монгол наадамд хоёр дахь удаагаа түрүүлэв. Баяр наадмын түрүү бөхөд  Б.Бат-Заяа захиралтай  Ачаа тээвэр жуучлалын  “Мonship”  компани  өөрийн шагналыг олгов.  Их шөвгийн бөхчүүдийн шагналыг ЛАМХ-ныхон олгов.

   Лос Анжелесийн Монгол сургууль  “MGL Academy”  өөрийн нэрэмжит  хурдан дааганы   билэгдэлт уралдаан буюу   бага насны хүүхдийн гүйлтийн тэмцээнийг хоёр насны ангилалаар зохион байгуулж өөрийн шагналаа олголоо.

   Америкийн Монголчуудын Бурханы шашны нийгэмлэг  Үндэсний Шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулав.  Энэ  тэмцээнд цэц мэргээ сорьсон 28 харваачаас   алтан медалийг  Алтан хуяг мэргэн, мөнгөн медалийг Д.Норовсамбуу мэргэн,  хүрэл медалийг  Жүрмэдцэрэн мэргэн тус тус түртэж нийгэмлэгийн  шагналаар  шагнууллаа.

  “AngloFreight”   компаний нэрэмжит Монголын үндэсний гоёлын хувцастан   шалгаруулах   тэмцээн амжилттай  болж өндөрлөлөө.  Энэ тэмцээнд  өрсөлдөгчид их байсан  ч  Номинзул,   ноёны хувцасаар гангарсан бяцхан оролцогч     Энхжин  нар  тэргүүн байрт шалгарч   Агаарын ачаа жилийн турш  Монголоос авах,  Монгол рүү явуулах эрхээр шагнуулав.

  “Sushi Express”  компаний нэрэмжит    багуудын олс таталтын тэмцээнийг  ЛA  Монгол  Христийн сүмийнхэн   амжилттай зохион байгууллаа.   Тэмцээнд  3 эрэгтэй, 2 эмэгтэй нэг баг болж, нийт  найман баг оролцсоноос  “EBT” багийн залуус хүч чадлаараа илүүрхэн түрүүлэв.   “Хүч”  баг   тэмцээний сүүлийн мөчийг хүртэл   хүчтэй өрсөлдөж  дэд байрыг эзлэв.  Тэмцээний  шагналыг   Sushi Express-ийн  Ч.Баярмөнх   гардууллаа.  Япон үндэсний хоол  Sushi-ний  бизнесийг  Монгол залуус  эрхлэн явуулж байгаа нь  бахархалтай.

  “Моngoltown”   компаний нэрэмжит гар барилдааны  сонирхолтой тэмцээнд нийт  16 залуу  хүч  тэнхээгээ сорьлоо.   Энэ тэмцээнд Алтаншагай   түрүүлэн   тус компаний   “Mongoltown”  хэмээх дэлхий нийтээр цацагддаг   телевизийн  сувгаар  эх орныхоо телевизийн  нэвтрүүлэгүүдийг жилийн турш хүлээн  авах  эрхээр шагнуулсан бол   Аризонагаас ирсэн  Сонирхогчдын сумогийн тамирчин  Америк залуу  Тэди  дэд байрыг эзэлж тус компаний мөнгөн шагналаар шагнуулав.

   “Asuulnet,Mongolduu.com”-ийн нэрэмжит  Гар зургийн уралдааныг  “Universal”   киноны  хотхонд  үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол зураач Л.Мөнхтөр  зохион байгуулав.  Тэмцээнд  10 хүүхэд   зургийн авъяасаа  сорин уралдаж  тэргүүн байрыг   Төгсжаргалын Амандий,  дэд байрыг   Paul     хэмээх  Америк хүү эзэлж   Asuultnet,  Mongolduu.com-оос   эрхлэн явуулдаг олон улсын  утасны картаар  10 цаг  Монгол болон бусад орон руу ярих  эрхээр шагнуулав.  Анхны Монгол  сайтуудын нэг  Asuultnet, Mongolduu.com-ийг эрхэлдэг webmaster  Хүрэлбаатарын Хундага  их шөвөгт үлдсэн  бөхчүүдэд  мөн өөрийн  шагналыг олголоо.

    “Mosela”  Монгол  загвар  зохион бүтээх товчооны залуус  үндэсний хувцас болон сонгодог бичлэг бүхий  хувцас хэрэгслэл,  Азийн үнэт зүйлийн худалдаа эрхэлдэг Монгол бүсгүй худалдаа, үзэсгэлэнгээ дэлгэсэн бол зураач Л.Мөнхтөр   хүмүүсийн зураг хөргийг хүссэн   байдлаар нь  уран шогоор  зурж  үйлчлэв.

  Наадмын нээлтийн хувцас хэрэгслэлийг Лос Анжелест суралцдаг оюутан  Б.Жавхлан бэлтгэж,   наадмын үйл ажиллагааг Б.Ундраа хөтөлж,  хөгжим хэрэгслэлийг  Тамир, Гантөмөр нар удирдан явуулж, ABC  авто Засварын Ганбаа наадмын бэлтгэл ажилд, тээврийн хэрэгслэлээр Алтансоёмбо тусалж, Бөхийн барилдааныг   спортын мастер Баяраа тэргүүтэй  Алтанхуяг,  Отгонжаргал, Даваадорж нарын залуус зохион байгуулжээ.  Мөн  Зурагчин Б.Боко  гэрэл зургийн сурвалжлагаа, TV5 телевизийн сурвалжлагч  Л.Дөлгөөн   Интэрнет мэндчилгээ нэвтрүүлгээ  наадмын талбайгаас бэлтгэлээ.

     Наадамчид гал галаараа майхан барьж идээ цагаагаа дэлгэсны дээр Монгол хуушуур бууз, хуушуур, хорхог  зарж  байв.  Харин хуушуурын хүрэлцээ  муухан байлаа.   Наадмын үйл ажиллагааг  дэмжиж наадамчин олон 400 гаруй долларын  хандив   өгчээ.  Наадмын үйл ажиллагаанаас олсон бусад орлого, хандивын мөнгийг  зохион байгуулалтын зардал,  бөхийн шагналд зарцуулсан  гэнэ.

   Наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд шагнал гардуулсны дараа дуучин Жаргалсайханы Чингис   “Халуун элгэн нутаг”  дууг  дуулан  наадамчин олон бултаараа түрж   энэ жилийн  Лос Анжелесийн Монгол наадам өндөрлөлөө.

     “Лос Анжелес  Монгол наадам”  баяр наадмын арга хэмжээг уламжлал болгон  эрхлэн явуулж байгаа  Лос Анжелес Орчмын Монголчуудын Холбооныхон,  наадмын үйл ажиллагааг  дэмжиж оролцсон  байгууллагууд, хувь хүмүүс,  наадамчиддаа  талархал илэрхийлж  баяр цэнгэлийн манлай  Монгол наадмаа  жил, жилдээ өргөн дэлгэр тэмдэглэхийн  ерөөл дэвшүүлье.

О.Энхнасан

Лос Анжелес хот


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.