02 сарын 24, Бямба
°C
USD 3,386.98
USD 3,386.98
EUR 3,667.76
JPY 22.50
GBP 4,291.30
RUB 36.42
CNY 470.56
KRW 2.55

Илүү, Илүү... Монгол Хүн

   Хүн төрлөхтний  эр чадал, авхаалж, ухаан, зориг тэвчээрийн  нэгэн шалгуур,  эв нэгдлийн  билэгдэл  Олимпийн наадам Бээжин  хотноо болж,  хар, цагаан, шар таван тив, дөрвөн далайн энгээр хэн гээгч  аавын хөвгүүд, ээжийн охид аваргалахыг   бишрэн сүүлийн хориод хоног  дуулиан, шуугиантай өнгөрөв.
   Дуулиан шуугиан, алтан, мөнгө, хүрэл медалийн эзнээр Монгол охид, хөвгүүд маань тодрон Монгол хүн бүрийн дотор сүүмэлзэн байсан ааг омгийг асааж, би, бид хэнээс дутуугүй ухаантай, авхаалж самбаатай, эр бяртай, зориг тэвчээртэй Монгол хүн гэдгээрээ, Монгол орноороо бахархсан  баяр хөөртэй болгож орхилоо.
   Мэргэн бууч хоёр Монгол бүсгүй мөнгө, хүрлийн эздээр тодрон  Медалын давцанд зэрэгцэн зогч  байхыг хараад,  цээж огшоод л  байсансан.   Америкийн баруун бүсийн   өглөөний 4 цаг өнгөрч байхад  утас байн байн дуугараад  сэрээв.
Утасны цаанаас Цогоо найз маань мэндийн зөрөөгүй “Монгол Улс Олимпийн аваргатай  боллоо  сэрээд”  хэмээн орилж   байнаа.   Юу? гээд үсэрч босоод телевиз асаалаа байдаггүй,  Интэрнетээ холболоо.  Бичлэг үзлээ,
    Түвшинбаяр гэдэг дөрвөлжин бор хүү  тив, дэлхий, олимпийн аварга Япон залууд “давхар хамах” мэх хийгээд  цэвэр яллаа.  Түүний ялалтууд үргэлжилсээр...  Казакстаны бөхтэй алтан медалийн төлөө мэх уралдуулан, ур ухаанаа гарган барилдав.  Сүүлийн ганцхан секунд дутуу, ялалт нэгэнт тодорхой болсон байхад  тэр хүүгийн гайхаж эргэлзсэн шинжтэй  дэвжээн дээрээ  сууж байгаа зургийг дахин дахин харлаа.  Энэ бас миний  дүр зураг.  Олимпийн аварга болсон мэдээг дуулсан мөртөө л дахин бичлэг үзэж бараг өөрөө барилдах нь холгүй хазайхад нь хазайж, мэх хийхэд нь хамт өргөж,  элдэв юм болж, болж, тэр нэг секундийн өмнөх  зургийг хараад гацаад байдаг.  Монгол хүн, миний дүү яллаа.  Ураааааааааа
   Алдарын тавцанд Монгол залуу  инээмсгэлэн зогсч, Олимпийн тэнгэрт  Монгол төрийн далбаа намирч, дуулал эгшиглэв. Цээжээд огшоод байсан зүйл баяр  бахархлын нулимс болон  асгарч байлаа.  Монголчууд гурван  саяуулаа  алдарын тавцанд  зогсов.  Олимпийн аваргаа тэмдэглэв.
  Монгол Улс  олимпийн тоглолтод оролцсон түүхэндээ анх удаа  аваргатай, бүр ихэр аваргатай боллоо. 
  Олимпийн наадмын  боксийн  48, 54 кг-ийн жинд Монголын хоёр боксчин  аваргын алтан медалын төлөө тулалдахаар үлдсэн тулааныг  ганцаараа бус  олуулаа үзэв.  Лос Анжелесын  Монголчуудын холбоо, МонголTown  компани, Асуулт нэт   хамтран Лос Анжелес хотноо амьдран суугаа Монголчууддаа  энэ боломжийг олгосон юм.
     Сэр... Дамба,  Сэр... Дамба  гээд л  эхэлсэн.  Хэдхэн хормын дараа “Ааа- Өөө”  болоод явчихлаа.   Гэмтлийн улмаас тоглох боломжгүй болсон  Сэрдамба  дүүгээ  “Аваргын энтэй шүү”  хэмээн  хундага  тулгав.
    Баярлаж хөөрсөн, зарим нь нулимс бүрхсэн нүдтэй,  бас бие биенээ сайн танихгүй ч Монгол хүн олимпийн аваргын төлөө  тоглох гэж байна гэсэн  “бахархал” биднийг нэгтгэн, “Монголын үнэртэй салхи” хэмээх дуу эгшиглэсэн танхимд   энэ дууг түрэн дуулж,  Бадар-Ууганыхаа тоглолтыг хүлээлээ.
  Оролцсон тэмцээн бүрээсээ медаль авч дэлхийд данстай  болсон,   2007 онд Чикагод болсон  Дэлхийн аваргын тэмцээнд аваргаласан ч мөнгөн медаль зүүсэн Монгол Улсын Гавъяат тамирчин  Э.Бадар-Ууган маань тулааны рингэнд гарч ирэв.  Тэр ганцаар биш, багш дасгалжуулагчтайгаа,  энд цугларсан бидний зуу шахам  Монголчуудтай, бүх Монголчуудтайгаа 3 саяуулаа  гарч ирсэн. 
  Түүний  авсан оноо бүрийн, цохисон цохилт бүрийн тоогоор  бид уухайлав. Монголчууд уухайлав. Байшин нураах дөхлөө.
     Дэлхийн Боксийн спортыг Куба хэмээх арлын оронгүйгээр  төсөөлшгүй. Куба  Боксийн аваргуудын эх орон.  Тэгвэл аваргуудын орны  аваргыг  үнэхээр илүүрхэн хожиж олимпын аварга  боллоо.
  Алдарын тавцанд Монгол хүү гарч ирлээ. Бидний  Монголчууд  чамтай зэрэгцэн  Олимпийн аваргын давцанд гарлаа.  Гарахдаа яг  чам шиг омог төгөлдөр  зогсон  Төрийн дууллаа дуулав.
  Илүү... Илүү... манай баатрууд, олимпын аваргууд Бадар-Ууган. Түвшинбаяр,  Сэрдамба, Гүндэгмаа,  бас Мөнхбаяр,  Монголын тамирчид,  Монголчууд бид бүгдээрээ.   Та нартаа баярлалаа. 
    Дэлхийн талыг захирч явсан Чингис өвөөтэй,  цэргийн жанжидтай, дайчин баатруудтай, буурал түүхтэй шүү.   Сэр, сэр.    Шинжлэх ухаанд нээлт хийсэн,  сансарт  ниссэн, олимпид аваргаласан баатруудыг бас биднийг төрүүлсэн, туурга тусгаар эх оронтой.
Монгол хүн  “илүү... илүү”  бүхнээс  илүү.  Түвшин., Бадар гээ.

Д.Бишүүгарам                                                                                                       
Лос Анжелес   хот                                       
 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.