03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Монгол бүсгүйчүүд гоо үзэсгэлэнгээ гайхуулсан тэр оройн тэмдэглэл

Азийн орнуудын соёлын өв уламжлал, үнэт зүйлсийг охид бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнтэй нь хослуулан танилцуулдаг "Miss and Mrs Asia USA 2009" тэмцээн 21 дэх удаагаа болж өнгөрлөө.

АНУ-ын Калифорни мужийн Glendale хотын ALEX театрт 2009 оны 6 сарын 13-нд болсон тэмцээний тэргүүн байрын төлөө өрсөлдсөн арван бүсгүйн гурав нь Монгол байсан юм. Энэ жилийн тэмцээнд Сири, Ливан, Израйл, Армени, Энэтхэг, Тайланд, Өмнөд Солонгос, Япон, Монгол, Филлипини, Вьетнам, Кампожи, Тайван зэрэг орныг төлөөлөн АНУ-ын 10 мужийн 30 гаруй бүсгүй гоо сайхан, авъяас билгээрээ өрсөлдөж, улс үндэснийхээ өвөрмөц урлаг соёлын өвөөс танилцуулав. Тэмцээний Miss-ийн ангилалд 18-25 насныхан, Mrs.-ийн ангилалд гэр бүлтэй бүсгүйчүүд оролцдог юм байна. Бас бяцхан мисс ангилалаар явуулдаг ч энэ жил өнжиж байгаа гэнэ.

"Miss and Mrs Asia USA 2009" тэмцээнд Монголоо төлөөлөн Ганбаатарын Саруул, Баярсайхны Мандухай нар Мiss, Бямбадоржийн Хандсүрэн Mrs.Төрөлд тус тус оролцсон. Монголчууд энэ тэмцээнд өмнө нь хоёр ч удаа оролцож байсан. Тухайлбал өнгөрсөн жилийн тэмцээнд Амаржаргал гэдэг бүсгүй амжилттай оролцсон, харин энэ жилийнх шиг өргөн бүрэлдхүүнтэй, хөгжөөн дэмжигчидтэй ирж байгаагүй шүү гэж тэмцээний хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан хэлсэн юм.

Фүүригээ дэлгэсэн Япон, Caаригаа дэрвүүлсэн Энэтхэг буюу ...

Үндэсний хувцасаа танилцуулах хэсэгт орон орныхоо онцлогыг харуулсан ганган дэгжин хувцасаараа  өрсөлдсөн юм. Япон бүсгүй улаан өнгийн гоёмсог кимоно өмссөн агаад гараа алдлан эргэлдэхэд сул унжсан ханцуйн фүүри нь дэрвэж, дотрын цагаан, хуниас нуглаасны шар, хөхүүд ил гарч өнгө хийгээд усны урсгал шиг хөдөлгөөний гайхамшигт хослолыг тайзнаа  бий болгосон бол Хятад бүсгүй   төв хэсэгтээ л модон ултай, яаж тогтож явдаг юм гэмээр гутлаараа олны сонирхолыг татав. Энэтхэг болон дундад азийн бүсгүйчүүд сааригаа дэрвүүлэн  гарч ирэхэд шооч нэг нь орныхоо даавууг нөмөрчихсөн юм уу гээд л.

Тайланд, Индонизийн хүүхнүүд яг адилхан малгайгаар, Израйли бүсгүй Дэвидын одот далбаагаараа тус тус гангарав. Тайваны  бүсгүй жигүүрээ дэлгэсэн шувууны хөдөлгөөнийг алтлаг өнгөт нөмрөг, хурууныхаа хөдөлгөөнөөр гайхам илэрхийлж, Солонгосын бүсгүй цайвар ногоон өнгөтэй Ханбөкийнхаа дотор гараа нууж намжирдлаа.

Миссийн ангилалд оролцсон Саруул дэгжин бүрх, үндэсний загвартай цайвар хөх өнгийн хослол, Мандухайн Монгол Үндэсний малгай, хөх өнгийн үндэсний загвартай хослол, Хандсүрэнгийн  өмссөн Монгол хатагтайн иж бүрэн хувцаснууд өнгө загвар сайтай, олны талархалыг хүлээж байлаа. Хэрэв үзэгчдийн саналаар үндэсний хувцасыг шалгаруулсан бол манай бүсгүйчүүд л шалгарах байсан. Үүнийг батлах мэт 2005 онд  энэ тэмцээний Miss  төрөлд түрүүлж байсан гэж өөрийгээ танилцуулсан Кристан Ху" энд оролцож байгаа Монголчуудын хувцас үндэсний шинжээ хадгалж европын загварын элементүүдийг оруулснаараа ганган дэгжин болгожээ гэж хэлмээр байна. Миний бодлоор танай бүсгүйчүүд энэ шагналын эзэн болох байх аа" гэсэн шүү.

Бүжиглэдэг  бүсгүйчүүд

top_five"Miss and Mrs. Asia USA 2009 тэмцээнд оролцож байгаа бүсгүйчүүдийн дуулж хуурдаж, бүжиглэсэн нь олныг шуугиулсан хэсэг байлаа. Вьетнам бүсгүй төгөлдөр хуур хөгжимд сонгодог аяз тоглож, үндэснийхээ нэгэн (Хайрын дуу) дуугаар ая барив. Тэмцээний Mrs.-ийн төрөлд оролцсон Б.Хандсүрэн  Монгол бүжгээ эвлэгхэн бүжиглэж олны талархал хүлээсэн бол Хятад бүсгүй  шанзны аянд шүхэртэй, Филлипини бүсгүй уртаа гэгчийн өднүүд бэлхүүсэндээ бэхлээд сууж ч нэг, зогсож ч нэг бөмбөрийн аянд бүжиглэв. Ливан бүсгүй  Hard Rock дуулж, Тайланд, Япон бүсгүйчүүд "Cha cha", "Rumba"  бүжиглэж өрсөлдөв. Энэ тэмцээний төгсгөлд гардуулсан шагналыг Хятад бүсгүй хүртсэн юм.

Malibu-гийн үзэсгэлэнт...

Малибу хэмээх Лос Анжелесийн ойролцоох Номхон далайн үзэсгэлэнт эрэг, Урлаг соёлын оддын амьдардаг дүүрэг бий. Энэ нэрээр нэрлэгдсэн дотуур хувцас, усны хувцасны компаний ивээн тэтгэж явуулдаг үзүүлбэр тэмцээний бас л шуугиантай хэсэг байв. Сири, Ливаны бүсгүйчүүд мяраалаг, Солонгос бүсгүй харин эсрэгээрээ турьхан, Тайланд намхан, Вьетнам, Филлипинийг төлөөлж оролцсон эрлийз бүсгүйчүүд бие хаа тэгш байв. Гэхдээ Монгол бүсгүй тэднээс илүүрхэж Ганбаатарын Саруул "Best in swimsun" шагнал хүртэж Малибугийн үзэсгэлэнт бүсгүй болов.

Үдшийн дагинас

top_twoГоёлын даашинз өмссөн бүсгүйчүүдийн өрсөлдөөнд миссийн төрөлд оролцсон бүсгүйчүүд тайзны хоёр талаас гарч өөрсдийн гоёлыг танилцуулж байсан бол  Mrs.-ийн төрөлд оролцсон бүсгүйчүүд нөхөр, хүүхдээрээ хөтлүүлэн тайзны төв хэсгээс гарч ирсэн юм. Вьетнам, Филлипини, Тайландын хүүхнүүд нөхөр болох "шар" залуусаа сугадан, 20 настай Тайван залуу ээжийгээ, мөн 10 настай Амарбат хүү ээж Хандсүрэнгээ хөтлөн тайзнаа гарч танилцуулсан. Энэ үдшийн гайхамшигтай гоёлуудын тоонд Тайваны бүсгүйн улаан хүрэн өнгийн дэгжин даашинз, Солонгос бүсгүйн мөнгөлөг өнгөтэй, Япон, Вьетнам, Филлипини бүсгүйчүүдийн цагаан, шаргал өнгөтэй урт хормойтой, Сири, Армени бүсгүйчүүдийн бараан өнгийн, Монгол бүсгүй Б.Мандухайн хормойн хэсгээрээ өдөн чимэгтэй шар даашинз даашинзууд өөлөх юмгүй сайхан санагдсан. Г.Саруулын өмссөн дизайнер Юмжирийн загвараар хийсэн улаан, Б.Хандсүрэнгийн өмссөн Торго салоны Болдын урласан Хөх өнгийн даашинз Монгол загварын гайхамшгийг тэр тайзнаа харуулав. Энэ төрлийн шагналыг Тайван бүсгүйд олгоно лээ.

Brad Pitt-ийн оройн зоогт уригдана

mongolХэд хэдэн цуврал шалгаруулалтын дараа "Miss and Mrs Asia USA 2009" тэмцээний Miss төрөлд оролцсон шилдэг тав, Mrs. Төрөлд оролцсон шилдэг таван бүсгүйг зарлахад манай гурав багтаж хөгжөөн дэмжигч Монголчуудынхаа цөсийг хөөргөв. Тэмцээний энэ даваанд miss төрөлд шалгаран үлдсэн бүсгүйчүүд тус бүр хоёр, Mrs. Төрөлд шалгарсан бүсгүйчүүд нэг асуулт суглаж, хариулсан юм.

"Таны төлөөлж байгаа оронд нийгмийн ямар хүндрэл бэрхшээл байгаа вэ?", "Та энэ тэмцээнд түрүүлвэл эхний сардаа ямар байдлаар нийгэмдээ нөлөөлөх вэ?", "Хүний амьдралыг чимдэг үнэ цэнэт зүйл юу вэ?", "Та Ерөнхийлөгч Обама, Телевизийн хөтлөгч Офра, жүжигчин  Брэд Питт нарын хэнтэй нь оройн зоог хамт баримаар байна, яагаад?"  гэх мэт янз бүрийн утга агуулгатай тус тусын асуултад хариулав. Тэмцээнд оролцсон Вьетнам бүсгүй жүжигчин Брэд Питтэй хамт оройн зоог барих хүсэлтэйгээ хэлэхэд үзэгчид Анжелена Жолигоос булаах нь гэж харамласан бол Яагаад? гэж хөтлөгч түүнээс асуухад өөр өөр, үндэс угсаатай хүүхдүүдийг өргөж, өсгөж байгаа тухай нь асууж яриулна гэж бодож байгаагаа хэлж харин үзэгчдийг тайвшруулах шиг болсон.

Тэмцээнд оролцогчид унаган Англи хэлтэй, хариулт оновчтой, үгээ сонгож хүнд хүрч байгаа нь илт ялгарч байсан. Эндэхийн "first generation" манайхны хувьд энэ тал дээр анхааран бэлтгэх хэрэгтэй юм байна гэж бодож суулаа.

Өмсгөсөн титмийг  буцаамгүй...

Тэмцээний эцсийн шатны шалгаруулалтын дүн танилцуулах хэсэг хамгийн сэтгэл догдлуулсан мөч байсан. "Miss and Mrs. Asia USA 2009"  тэмцээний Miss ангилалын дөрөв дүгээр байрыг Баярсайхны Мандухай, Mrs. Ангилалд гуравдугаар байрыг Бямбадоржийн Хандсүрэн нар эзэлж Монголчууд биднийгээ баярлуулав. Mrs.-ийн Ангилалд Вьетнам бүсгүй түрүүлсэн юм.

Харин Miss тэргүүн байрын төлөө Филлипини бүсгүй, Монгол бүсгүй Саруул нар шалгаран үлдсэн юм. Эцсийн мөчид Монголыг төлөөлөн оролцож байгаа Саруул гэж зарлаад "Miss Asia USA 2009"  титмээ өмгөснөө буцаан авч Филлипини бүсгүйд энэ жилийн тэмцээний тэргүүн титмийг гардууллаа. Магадгүй хөтлөгчийн алдаа байж болох ч Саруулд өмсгөсөн "Miss Asia USA 2009" тэр титмийг буцаамгүй байлаа. Ганбаатарын Саруул маань "First runner-up, Miss Asia USA 2009"  буюу тэргүүн дэд байрыг эзлэв. 2008 оны "Miss Asia USA" Диане Ю-гээс  Монгол бүсгүйчүүдийнхээ талаарх бодлыг нь асуухад "Бие даасан үзэл бодолтой, өөртөө илтгэлтэй,үзэсгэлэнтэй Монгол бүсгүйчүүдтэй энд танилцсандаа баяртай байна. Би хувьдаа Саруулыг түрүүлнэ гэж итгэж байсан. Гэхдээ залуу хүн цаашид олон тэмцээн, уралдаанд амжилттай оролцох байхаа" гэж хэлнэ лээ. Баярлалаа... та нарт баярлалаа.

АНУ-д амьдарч байгаа Азийн үндэстнүүдийн Гоо үзэсгэлэнгийн өрсөлдөөн болсон энэ тэмцээнд оролцоно гэдэг хувь хүний амьдралд тэр болгон тохиолдохгүй үйл явдал. Монгол бүсгүйчүүдийнхээ гоо үзэсгэлэн, Монгол үндэсний соёл, урлагын үнэт зүйлсээрээ дамжуулаад эх орноо АНУ-д сурталчладаг Монголчуудын нэгэн  арга хэмжээ ийнхүү нэмэгдэж байна. Монгол бүсгүйчүүд маань ч тэмцээний титмийг авах цаг удахгүй биз ээ. Нөгөө талаар 20 гаруй жилийн түүхтэй энэ тэмцээн өндөр шалгууртай бололтой. Тухайлбал энэ жилийн тэмцээнд оролцож байсан нэгэн бүсгүйн намтар түүхийг судлаад нилээд хэдэн жилийн өмнө  Playboy-д зургаа нийтлүүлж байсан шалтгаанаар хассан гэнэ. Тэгвэл баярлаж хөөрсөн сэтгэлээ хуваалцсан 40 нилээд гарсан болов уу гэмээр нэгэн эмэгтэй "хөхний  хавдартаа" шаналж яваа ч энэ тэмцээнд амжилттэй оролцсон баярын сэтгэлээ нууж  чадахгүй байсан. Томоохон ивээн тэтгэгчидтэй бүсгүйчүүд тэмцээнд зориулан гарсан сэтгүүлийн хэдэн нүүр сурталчилгаа тавьсан, манайхан "бор зүрхээрээ" төлбөр мөнгөө төлөөд л явсан байх жишээтэй. "Miss and Mrs Asia USA 2009" тэмцээнд оролцсон, үзэж сонирхсон хүмүүстэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонссон юм.

Монголоос хүүхдүүд дээрээ ирж амарч яваа Бэгзсүрэн гуай  "Холын энэ нутагт болж байгаа тэмцээний тэргүүн эхний байруудад Монгол хүүхдүүд маань шалгарч байгааг хараад сэтгэл их хөдөлж байна. Монгол хүн чинь авъяас билэгтэй, авхаалжтай, хэнээс ч дутахгүй  байна шүү дээ гэв" Тэмцээний Mrs. Ангилалд гуравдугаар байр эзэлсэн Хандсүрэнгийн ээж Сурмаа гуай "хүүхдийнхээ хувцасыг хийлгэх гээд сүүлийн үед их л завгүй байлаа. Үр дүн ийнхүү гарч байгаад баяртай байна Хувцасыг нь урласан Монголын "Торго салон"-ы хамт олон, дизайнер Болдод  баярлаж байгаагаа хэлье гэв.

Б.Хандсүрэн хэлэхдээ "Намайг энэ тэмцээнд оролцоход бүх талаар дэмжиж тусласан гэр бүлийнхэндээ, аав, ээждээ, ахдаа, "Sports 4D"  компаний захирал ах Л.Жавхлант, Лос Анжелес орчмын Монголчуудын холбооноос энэ тэмцээнийг хариуцан ажилласан Б.Жавхлан, дүү Б.Энхцэцэг, хөгжимчин Жүрмэд түүний гэр бүлийнхэн, бүжгийн багш Дуламсүрэн, Гоо сайханч Энхтуяа эгч, хөгжөөн дэмжсэн Монголчууддаа их баярлалаа" гэж баяр талархалаа хуваалцав.

Тэмцээний "First runner-up, Miss Asia USA 2009"  буюу дэд байрын шагналт Ганбаатарын  Саруул "Энэ тэмцээнд оролцох нөхцөл бололцоог хангаж өгсөн Гэр бүлийнхэндээ, эмээдээ, найз нөхөддөө, Батаа ахдаа маш их баярлалаа. Мөн Миний Монгол хувцасыг хийсэн Торго салоныхон, Гоёлын даашинзийг хийсэн дизайнер Ү.Юмжир эгчдээ баярлалаа, Энэ тэмцээнд оролцох санал санаачлагыг гаргасан Лос Анжелесийн Монголчуудын Холбооны Дашка ах, Жавхаа эгч, хөгжөөн дэмжсэн Монголчууддаа баярлалаа. Энэ тэмцээнд оролцсоноороо Солонгос, Вьетнам, Хятад, Япон гээд олон найзуудтай болсон, их зүйлийг сурч мэдсэн. Мөн ажил, бизнесийн шинэ боломж нээгдэж байгаа гэж бодож байна. Эртний түүхтэй Монгол орныхоо нэрийг гаргаж явахыг хичнээнээ" гэж хэлсэн юм. Тэрээр "Монголын Оюутан мисс"-ээр шалгарч байсан ажээ.

Энэ тэмцээнд оролцсон, оролцож байсан Монгол бүсгүйчүүддээ баярлалаа. Зардалыг чирэгдлийг нь өөрсдөө дааж, олон өдөр цаг заваа зориулаад Монгол хүний авъяас билэг, гоо үзэсгэлэн, Монгол орныхоо соёл урлагын өвийг бусад улс үндэстэн, олон нийтэд таниулж байгаад тань баярлахын учир бий.

Д.Бишүүгарам
Лос Анжелес хот

 

 

 

 

 

 

 

 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.