04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Лос Анжелест Монгол номын сан нээгдлээ

АНУ-ын Лос Анжелесийн Монголчууд, тэдгээрийн үр хүүхдэд Монгол хэл соёл, уран зохиол, түүх, урлагыг сурталчилан таниулах зорилго бүхий  Монгол номын сан  2009 оны 2 дугаар сарын 22-ны өдөр  Лос Анжелес хотноо нээгдлээ. 

   Эх хэлээрээ ном, зохиол уншиж Монголын соёл, түүх, уламжлалаасаа суралцах хэрэгцээ, шаардлагыг  хангах,  энэ чиглэлийн үйлчилгээ явуулах санал, санаачлагыг дэмжиж Лос Анжелес хот орчмын Монголчуудын холбоо, Монгол Номын сангийн үйлчилгээ эрхлэн явуулах Г.Алтанхуягын гэр бүлийнхэн хамтран  номын сангийн эх суурийг тавьж байгаа  гэнэ.

      Номын сангийн нээлтийн үеэр Лос Анжелес орчмын Монголчуудын холбооны ерөнхийлөгч Д.Дашдорж, Номын санг эрхлэн явуулах Б.Ган-Энхбаяр нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, номын сангийн журмын талаар  танилцуулав.       Б.Ган-Энхбаяр"Монгол номын сангийн номын үндсэн нөөц нь  манай гэр бүлийн хувийн номууд,  хандиваар ирсэн номууд, үйл ажиллагааний орлогоор олсон ном, бусад номуудаас бүрдэх юм. Номын сангаа байнга өргөжүүлж ажиллана, Бидний санал санаачлагыг дэмжин энд хүрэлцэн ирсэн  та бүхэнд баярлалаа". Гэж талархалын үгээ хэллээ.    

   Лос Анжелес хотноо  эх сууриа тавьж байгаа  энэ номын сан улам өргөжиж монголын түүх, соёлыг гадаадад байгаа монголчууд, тэдний үр хүүхдүүдэд түгээх нэгэн гүүр болох болтугай хэмээн ерөөж  Лос Анжелес Орчмын Монголчуудын холбооны удирдлагууд "Монголын нууц товчоо"-ны тусгай хувийг алд цэнхэр хадгийн хамт номын санг эрхлэн явуулах Б.Ган-Энхбаярт гардуулан өглөө.      Номын сан нээж байгаа энэ үйл явдлыг настан буурлууд, залуус зөв зүйтэй хэмээн үнэлж өөрсдийн хувийн номыг хандивлахаар авч ирсэн байлаа. Тухайлбал: Ахмад настан Батсүх   Номын сан нээж  байгаад чин сэтгэлийн талархал  илэрхийлэн Монголын нууц товчоо  болон бусад номын хандив,  9999 төгрөгийг номын фонд бүрдүүлэхэд өгч байна гэсэн бол  Вандандорж гуай гэр бүл,үр хүүхэд, ач зээгийнхээ  өмнөөс талархалын үг хэлж  Монголын шилдэг өгүүллэгийн түүврүүд,  шүлгийн номууд өглөө.  Лос Анжелес хотноо ажиллаж амьдарч  байгаа Оюунцэцэг  өөрийн болон шавь нарынхаа зохиосон, орчуулсан номуудын дээжийг хандивлав.  Энэчлэн олон  хүмүүс  монгол хэлээр бичигдсэн нийт 120 гаруй номын хандив өглөө.  Мөн агаарын ачаа илгээдэг Anglo Freight  компаний Л.Баярсайхан Монголоос ном авчирвал хөнгөлттэй үнээр үйлчлэхээ илэрхийлэв.

Монгол номын сангийн нээлтэд зориулан "Утгын чимэг-Лос Анжелес-2009" уран уншлагын тэмцээн болов. Уран уншлагын тэмцээнд Лос Анжелесын Монголчууд сэтгэл гарган оролцов, Тухайлбал зарим нь унших өгүүлэгийнхээ ард тоглогдох аяийг бэлтгэсэн байхад, зарим нь  англиар уншсан.  Мөнхцэцэг "Өвлийн үлгэр", Вандан "Өөр нулимс" Үйлстөгөлдөр "Хүүтэй боллоо" өгүүллэгээр, Тулга "Инээмсэглэл", Мөнхболд "Би гэртээ харина", Билгүүдэй "Энхамгалангийн тарни", Болортуяа "Монголоороо бахархана", Батсүх "Нүүдэлчин" шүлгээр тус тус оролцлоо.     

Уралдааны 1 дүгээр байрыг Үйлстөгөлдөр, 2 дугаар байрыг Мөнхцэцэг, 3 дугаар байрыг Батсүх эзэлж мөнгөн шагнал , дурсгалын зүйлээр шагнуулав.  Тэмцээний шагналыг  Лос Анжелесийн Монголчуудын холбооны гүйцэтгэх зөвлөлийн Гишүүн Н. Очир ивээн тэтгэсэн байна.    Утгын чимэг-Лос Анжелес  уран уншлагын тэмцээн Монгол номын сангийн нэрэмжит  уламжлалт тэмцээн болон явагдах болно  хэмээн энэ үеэр зарлав. 
    Номтой, хадагтай, ааруултай, шагналтай  номын сангийн нээлтийн  арга хэмжээ  сайхан болж өнгөрлөө.
   Монголчууд та бүхэн энэ сайхан ажлыг дэмжээрэй, өөрт байгаа номнуудаа хандивлаарай, номын сангаас монгол номоо авч уншаарай гэж уриалах байна.  Лос Анжелесийн Монгол Номын сангийн утас 1-323-836-4546.
    Та биднийг номын цагаан буян ивээх болтугай.
     

Б.Батжаргал

Лос Анжелес хот


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.