04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Лос Анжелесийн Монголчуудын 2008 оны онцлог үйл явдлууд

"MGL Academy"  Лос Анжелесийн Монгол сургууль байгуулагдлаа.
 Калифорний  Ази гаралтай  Бизнесийнхэнтэй хамтран ажиллана.   
 Америкийн Монголчууд   Лос Анжелест уулзав.                                                    
 Лос Анжелесийн  Монгол Наадам  
 Монголын соёлын өдөрлөг  
 Олимпийн аваргатай  Монголчууд  
 Лос Анжелесийн  Монгол тамирчид  өнгөлөг байв.
 Лос Анжелесийн  Монголчуудын холбоо шинэчлэгдлээ.
   

"MGL Academy"  Лос Анжелесийн Монгол сургууль байгуулагдлаа

  Арав гаруй жилийн өмнө  бид олноороо  АНУ-д  ирж шинэ ахуй орчинд дасч зохицох  гээд сандарч тэвдэж явсан үе ард хоцорч  "American-Mongolian"  шинэ үеийнхэнээ "гарыг нь ганзганд хүргэх"  албаа  гүйцэтгээд эхэлжээ.   
  Зоригоогийнх хүүтэй  болсон гээд баяр хүргэж  байсан минь саяхан. Хөлд орж  байгаа л дуулдсан, хэлд орохгүй удаж байгаа л гэсэн.  Цаг хугацаа  сум шиг өнгөрч тэдний хүү аль хэдийн сургуулийн сурагч болчихсон  гүйж  явна.  Аав, ээжийн  сургаалиа үглэж хэлье гэтэл  "Монгол хэлээ ойлгохгүй", Англиар дуржигнах  тэдний маань  буруу бишээ.    Харин шинэ үеийнхэндээ  Монголын гэсэн юугаа  сургаж  мэдүүлэх билээ,  Америкийн-Монгол  ямар байх вэ  гэдэг  аав, ээжүүдийн  санааг зовоож буй нэг сэдэв. 
   Лос Анжелес орчимд ажиллаж амьдарч байгаа  Монгол хүүхэд багачууддаа   эх хэл, түүх соёлоо танин мэдүүлэх,  бага дунд ахлах ангийн  хүүхдүүдэд зориулсан нэмэлт сургалт явуулж АНУ-ын коллеж, их дээд сургуульд  элсэх, амжилттай суралцахад нь  хувь нэмэр оруулах зорилготой  "MGL Academy"  Лос Анжелесийн Монгол сургууль байгуулагдан  2008 оны 1 дүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
 
Калифорний  Ази гаралтай  Бизнесийнхэнтэй хамтран ажиллана
 
   Азийн орнуудаас гаралтай Америкчуудыг нэгтгэсэн Өмнөд Калифорний "Asian American Chamber Association" хэмээх байгууллагад Лос Анжелес орчмын Mонголчуудын Холбоо нэгдэж "ASIAN AMERICAN CHAMBER  COOPERATIVE AGREEMENT"   гэрээнд гарын үсэг зурлаа.
   Энэ гэрээний хүрээнд  олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг  дэмжих, талуудын хоорондын соёл, худалдааны  харилцааг өргөжүүлэх гэх мэт өргөн хүрээнд хамтран ажиллах  юм.

 Америкийн Монголчууд   Лос Анжелест уулзав

  Арлын Японы  Сумо бөхийн дэвжээг эзэгнэж  байгааМонгол залуус маань Америк дахь Монголчуудаасаа 700 гаруйг нь Лос Анжелес хотноо уулзуулах боломж олгосон юм.
  "Grand sumo tournament-2008"   Мэргэжлийн сумогийн үзүүлэх  барилдаан  2008 оны 6 дугаар сард Лос Анжелес хотноо болж  Японы мэргэжлийн сумогийн  30 гаруй бөхчүүд хүрэлцэн ирэв.  Мэргэжлийн сумочдын  Зүүн, баруун жигүүрийг тэргүүлсэн  Их аварга, Монголын хийморьтой хөвгүүд Д.Давгадорж, М.Даваажаргал тэргүүтэй  8 Монгол  сумоч уран сайхан барилдаанаараа хурсан олон,  Монголчууд биднийгээ  баясгаж, шинэхэн байгуулагдсан Лос Анжелесийн Монгол сургуульд зочилж,  Америкийн өнцөг булан бүрээс ирсэн Монголчуудтайгаа  уулзаж  халуун дотно яриа өрнүүлж, дурсгалын зураг авахуулж   хөгжилдөв.
  Их аварга Д.Давгадорж  Монгол сургуульд  өөрийн  гарын бэлгээ гардуулж  "Өсөхөөс сурсан  Үндэсний хэл мартаж болохгүй соёлоосоо суралцах",  эрдэм мэдлэгээрээ  гайхагдсан сайн хүмүүс болохыг дүү нартаа захив.                                                                     

Лос Анжелесийн  Монгол Наадам 

    Калифорний нарлаг тэнгэрийн дор  Лос Анжелесийн  Монголчууд  найм дахь удаагаа сайхан наадлаа. 
   Энэ жилийн баяр наадамдаа Лос Анжелес хотноо  үйл  ажиллагаа явуулж байгаа Лос Анжелес орчмын Монголчуудын холбоо, "Моngoltown,   "Мonship", "Sushi Express", "AngloFreight",  Asuultnet,  Mongolduu.com   "MGL Academy" Лос Анжелесийн Монгол сургууль,  ABC  авто Засвар, Америкийн Монголчуудын Бурханы шашны нийгэмлэг, "Mosela"  Монгол  загвар  зохион бүтээх товчоо зэрэг  бизнесийн байгууллага,  хувь хүмүүс тал бүрийн дэмжлэг үзүүлж    хамтран  тэмдэглэсэн нь урьд жилүүдийнхээс  онцлог болов.    
   Үндэсний бөхийн тэргүүн  байрын төлөө Аймгийн заан А.Эрдэнэбилэг, Аймгийн Заан Ц.Төгсжаргал нар хүч үзсэнээс  Төгсөө заан давхар шуудагны  барьцнаас шигшиж түрээд  учраа бөхөө орхиж  Лос Анжелесийн Монгол наадамд тав дахь удаагаа түрүүлэв.
   Үндэсний Шагайн харвааны тэмцээнд мэргээ сорьсон 28 харваачаас   алтан медалийг  Алтан хуяг мэргэн, мөнгөн медалийг Д.Норовсамбуу мэргэн,  хүрэл медалийг  Жүрмэдцэрэн мэргэн тус тус хүртэв.
   Монгол сургуулийн нэрэмжит хурдан дааганы билэгдэлт  хүүхдийн гүйлтийн  тэмцээн  болов.   Мөн гар зургийн уралдаанд  10 хүүхэд   зургийн авъяасаа  сорин уралдаж  тэргүүн байрыг   Төгсжаргалын Амандий,  дэд байрыг   Paul     хэмээх  Америк хүү эзэлжээ. 

  Монголын соёлын өдөрлөг

    Монгол орныхоо  түүх, соёлыг нийтэд таниулах, олон хэлийн улс түмэнтэй ойртон нөхөрлөх, хамтран ажиллах боломжоо өргөжүүлэх зорилгоор  "Монголын соёлын өдөр"-ийг  Лос Анжелес  хотноо анх удаагаа тэмдэглэв.
    Энэ үеэр Монгол  зураг,  ном, бичиг, соёлын өв, бэлэг дурсгалын зүйлийн  бичил үзэсгэлэн, Монгол бичгийн үзүүлбэр, Монголын  Үндэсний шагайн харвааны  тэмцээн,   "Монгол Ардын Урлаг"-ийн тоглолт,  бөхийн барилдаан, Монгол Үндэсний хувцасны   шоу, Лос Анжелес орчимд төвлөн ажилладаг Монголын гэсэн тодотголтой байгууллага, Монголчуудад тусламж дэмжлэг үзүүлдэг байгууллага, хувь хүмүүсийн үйл ажиллагааны сурталчилгаа  болсон юм.
   Өргөмжит консул Грэйс Робертс,  Лос Анжелес орчмын Монголчуудын Холбоо, Mongoltown  компани, Сакраментогийн Монголчуудын Холбоо, Калифорний Монгол Шагайн товчоо бусад бизнес эрхлэгч байгууллага хувь хүмүүс, Samsung Presbyterian Church  гээд болон хүний хүч хөдөлмөрийн үр дүнд энэ арга хэмжээ сайхан болж өнгөрсөн.    

Олимпийн аваргатай  Монголчууд

   Хүн төрлөхтний  эр чадал, авхаалж, ухаан, зориг тэвчээрийн  нэгэн шалгуур,  эв нэгдлийн  билэгдэл  Олимпийн наадам Бээжин  хотноо болж энэ оны 8 дугаар сарын  хориод хоног  дуулиан, шуугиантай өнгөрөв.
   Дуулиан шуугиан, медалийн эзнээр Монгол охид, хөвгүүд маань олимпийн Монгол аваргууд тодорч  Монгол хүн бүрийн дотор сүүмэлзэн байсан ааг омгийг асааж, би, бид хэнээс дутуугүй ухаантай, авхаалж самбаатай, эр бяртай, зориг тэвчээртэй Монгол хүн гэдгээрээ, Монгол орноороо бахархсан  баяр хөөртэй болгож орхилоо.
  Олимпийн наадмын  боксийн  48, 54 кг-ийн жинд Монголын хоёр боксчин  аваргын алтан медалийн төлөө үлдсэн тулааныг  Та бүхэн санаж  байгаа.
   Баярлаж хөөрсөн, зарим нь нулимс бүрхсэн нүдтэй,  бас бие биенээ сайн танихгүй ч Монгол хүн олимпийн аваргын төлөө  тоглох гэж байна гэсэн  "бахархал" Лос Анжелесийн Монголчууд биднийг нэгтгэн, "Монголын үнэртэй салхи" хэмээх дуу эгшиглэсэн танхимд   энэ дууг түрэн дуулж, дээрх  тоглолтыг цуглан үзэв.  Лос Анжелесийн  Монголчуудын холбоо, МонголTown  компани, Асуулт нэт   хамтран Лос Анжелес хотноо амьдран суугаа Монголчууддаа  энэ боломжийг олгосон юм.

Лос Анжелесийн  Монгол тамирчид  өнгөлөг байв

   Сан Франциско  хотноо зохиогдсон сагсан бөмбөгийн тэмцээний Мөнгөн медаль,  нэгдсэн улсын нийслэлд  зохиогдсон  Шагдарын нэрэмжит  волейболын  тэмцээний  мөнгөн медаль   гэх мэт  Америкийн Монголчуудын  дунд зохиогдсон  томоохон тэмцээний медалиудыг  Лос Анжелесийн Монголчуудын баг хүртлээ.
   Бүгд Найрамдах Монгол Улс Тунхагласны ойн нэрэмжит Америкийн Монголчуудын сагсан бөмбөгийн "Лос Анжелесийн цом"  уламжлалт нээлттэй тэмцээн 3 дахь удаагаа Лос Анжелес  хотноо амжилттай болж  өндөрлөлөө. 
  Тэмцээнд  Калифорни мужийн Лос Анжелес, Сан Франциско, Оакланд,  Ютай мужаас хүрэлцэн ирсэн эрэгтэй 10, эмэгтэй 3 баг оролцсон байна   "XMG" баг энэ тэмцээний аваргын  цомыг   гурав дахь удаагаа хүртэн, Цомыг  үүрд хадгалан үлдэхээр  болж,  "Platinum"  баг  тэмцээний мөнгөн медалийн эзнээр  тодорлоо. 
   Мөн  сумогийн тамирчин Уламбаярын Бямбажав сонирхогчдын сумогийн дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэний дээр  АНУ. Канадад богино хэмжээний кино, сурталчилгаанд тоглов. Мөн  Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчөөр тодорсон Б.Обамагийн сурталчилгаанд ч оролцоод амжжээ. 

Лос Анжелесийн  Монголчуудын холбоо шинэчлэгдлээ

    Бөмбөрцгийн өнцөг булан бүрээс ирсэн аз жаргалын сая, сая эрэлчид хаяа нийлэн эв найртай амьдарч, үндэстэнээрээ улс доторхи улс шиг зохион байгуулалтад орж нутаг нэгтнээ дэмжиж тэтгэх, түүх соёлоо мартахгүй дараагийн үедээ өвлүүлэх, хөрөнгө хуримтлалаа хамтран бий болгож, өсч дэвжиж байгааг бидний цөөхөн Монголчууд дагахгүй байхын аргагүй.

    2005 оны сүүлчээр Лос Анжелесийн Монголчуудын холбоог шинэчлэн зохион байгуулах, үйл ажиллагааг нь идэвхижүүлэх тухай анхны чуулганыг зохион байгуулж дүрэм журмаа батлуулж, холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлтэй, Калифорни мужид бүртгүүлж "Los Angeles Mongolian Assocation" гэж дуудуулах  албан ёсны нэртэй ашгийн бус байгууллагын зөвшөөрөл авчихаад догдолж суусан өдөр  биднээс алслан хуанлийн хуудастай шаралжээ.   Холбооны хэдэн хэнхэг, уусан идсэн, мөнгө  саасан гээд  сайн муу хэлүүлэн байж төлөвлөсөн ажлаа хуваарилж аваад цаг зав гарган зүтгэдэг, цалин авдаггүй ч холбоогоор овоглон хийсэн ажлаараа "Кайфарсан"  хэсэг залуус дараагийн үеийнхэндээ  "барилга  барих"   зөв суурийг нь  тавьж өгсөн.

    Холбооны зорилго, дүрэм журамдаа  заасны дагуу 2 дахь удаагийн чуулганаа энэ  оны 11 дүгээр сард хийж, Лос Анжелесийн Монголчуудын шинэ үеийн  төлөөллөөр хүрээгээ өргөжүүлэн ажиллаж эхлэв.  

 О.Энхнасан   /Лос Анжелес хот/

    

                                                                                                                             

 

 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.