04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

“Лос Анжелесийн цом” Сагсан бөмбөгийн тэмцээн боллоо

Бүгд Найрамдах Монгол Улс Тунхагласны 84 жилийн ойн нэрэмжит Америкийн Монголчуудын сагсан бөмбөгийн "Лос Анжелесийн цом" уламжлалт нээлттэй тэмцээн Лос Анжелес хотноо амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Калифорни мужийн Лос Анжелес, Сан Франциско, Оакланд, Ютай мужаас хүрэлцэн ирсэн эрэгтэй 10, эмэгтэй 3 баг оролцсон байна. Энэ удаагийн тэмцээн "Hollywood" ахлах сургуулийн сагсан бөмбөгийн зориулалтын танхимд зохиогдсон, Лос Анжелесийн сагсан бөмбөгийн шүүгчдын холбооны шүүгчид шүүсэн, тэмцээний шагнал нь өмнөх тэмцээнүүдээс өндөр байснаараа онцлогтой.

Тэмцээний эрэгтэйчүүдийн хүрэл медалийн төлөөх тоглолт Ютай мужийн баг, Оакландийн "Oakboys" багуудын хооронд ширүүн өрсөлдөөнтэй болж Оакландийн хөвгүүд өрсөлдөгчөө хоёр үеийн турш тэргүүлэн хожив.

"Oakboys" энэ уламжлалт тэмцээний хүрэл медалийг 3 дахь удаагаа хүртлээ. Аваргын цомын төлөөх тоглолт Лос Анжелесийн XMG баг, Лос Анжелесийн "Platinum" багуудын хооронд хүч тэнцүү өрнөж тэмцээний сүүлийн цөөн хоромд "XMG" багийн тамирчид арга туршлага, тоглолтын ур чадвараараа илүүрхэн хожлын оноог авлаа. "XMG" баг энэ тэмцээний аваргын цомыг гурав дахь удаагаа хүртэн, Цомыг үүрд хадгалан үлдэхээр болж, "Platinum" баг тэмцээний мөнгөн медалийн эзнээр тодорлоо. Эмэгтэйчүүдийн аваргын төлөөх тоглолт "WLBA" болон "Лос Анжелес" багуудын хооронд өрнөж "WLBA" баг аварга болов. Энэ тэмцээний үеэр бооцоотой гурван онооны шидэлтийн тэмцээн болов. Бооцоот тэмцээнд Ютай мужийн багийн тамирчин Одхүү 12 оноогоор тэргүүлж 400 долларын шагнал хүртлээ. Сагсан бөмбөгийн спортын мастер, ахмад настан Вандандорж гуай Ахмадын золбоо баг бүрдүүлэн тэмцээнд амжилттай оролцсон бол Ахлах сургуульд суралцдаг хөвгүүдийн "LA -Spartans" хамгийн залуу тоглогчид нь байлаа. Монгол Улсаа Тунхагласан өдрийг тохиолдуулан энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж Америкийн Монголчуудаа уулзуулж байдаг Лос Анжелес орчмын Монголчуудын холбооныхонд талархал илэрхийлье.

О.Энхнасан


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.