04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Лос Анжелест “Утгын чимэг” уран уншлагын тэмцээн боллоо

АНУ-ын  Лос Анжелес хотноо  үйл ажиллагаа явуулдаг Монгол номын сангийн нэрэмжит  “Утгын чимэг” уран уншлагын тэмцээн 4 дэх удаагаа болж өнгөрлөө.

   Тэмцээний танхимд  Номын сангийнхаа билэгдэлийг залж, цагаан тос, ул боов, тараг айраг  тэргүүтэн идээ цагаа засч,  өнгөрөгч жилүүдэд болсон тэмцээний дурсамж фото самбар гаргаж,  номын сандаа шинээр ирсэн бүтээлийн дээжээс танилцуулав. Түүнчлэн АНУ-д уран бүтээлээ туурвиж байгаа яруу найрагч Ж.Оюунцэцэгийн “Алган дээрх шувуу”, нийтлэлч Г.Галбадрахын  “Монголчууд Америкт” номуудыг дэлгэн уншигчдадаа хүргэлээ.

 Энэхүү уралдаанд

1.    Т.Лхагва -  Ц.Доржготовын  “Би юу эрээд байнаа”

2.    Б.Заяа       Өөрийн зохиол   “Мөнх тэнгэрийн шүтээн”

3.   “Төр”

4.    С.Дөлгөөнмөрөн – Б.Шүүдэрцэцэг  “Ариунаа”

5.    Т.Оюунаа     -  Батзориг  “Шавь”

6.    Б.Бат Эрдэнэ - Б.Шүүдэрцэцэг  “Тал гамбир”

7.    Н.Солонго - Өөрийн зохиол  “Шат”

8.    Д.Сосорбарам – Д.Цэнджав  “Алтан жүн жор”

9.    Ч.Даариймаа  - Х.Болор-Эрдэнэ “ Би цэцэгчин хүү”   зэрэг бүтээлүүдийг уншиж өрсөлдөв.

 

   Энэ жилийн тэмцээний онцлог Монгол уран зохиолдоо хайртай залуус олноор ирж, өөрсдийн бүтээлээр оролцсон юм. Түүнчлэн   Сан Франциско хотоос  уран уншигч Оюунаа маань  онгоц хөлөглөн зорин ирж оролцов.

 

    Утгын чимэг тэмцээний салхийг хагалж Усны гэж алдаршсан  Т.Лхагваа хошин шог аястай  бүтээл уншиж олныг мушийлгаад авсан. Түүний  хувьд энэ жил “Би ус” шүлгийн номоо хэвлүүлж уран бүтээлийн ургац арвинтай  байгаа.   Харин оролцогч Б.Заяа өөрийн бүтээлийг уран уншлагын уралдаанд сойв.  Заяагийн эх орноо санагалзсан сэтгэлийн зовинол түүний бүтээлд тусчээ. Тэгвэл энэ жилийн тэмцээний хамгийн залуу оролцогч Дөлгөөнмөрөнгийн  “Ариунаа” өгүүллэгт  10 жилийн хүүхдүүдийн хайр, шохоорхол,үерхэл нөхөрлөлийн тухай хөгжилтэй, хөнгөн гунигтай үйл явдлуудыг өгүүлж  хэн хүний  хүүхэд насны гэгээн дурсамжийг сэргээв.  Дараагийн оролцогч бол энэ тэмцээнд хамгийн холоос ирсэн   Т.Оюунаа байв. Болсон үйл явдлаас сэдэвлэн  Батзоригийн бичсэн “Шавь” өгүүллэгийг  сэтгэлийн утас хөндөн уншлаа.  Түүний  хэлсэнчлэн хүн гэдэг чинь юуны төлөө амьдардаг билээ, үхтэл үр хүүхдийнхээ төлөө байх ёстой гэдгийг хатуухан сануулж, олон хүнийг  “тогоо нэрүүлэв.”  Б.Бат-эрдэнэ маань  өнөөгийн Монголын нийгмийн ядууралаас улбаалан гарч байгаа хор уршиг  ард түмний нуруун дээр зовлон болон бууж, нялх үрсийг маань зовоож  байгаа тухай нүдэнд харагдтал хэллээ.  Оюутан  Н.Солонго  өөрийн туурвисан “Шат” өгүүллэгийг хэлэв.  Гүн гүнзгий утга агуулгатай түүний бүтээлийг сонсож суухдаа  нэгэн шинэ авъяас билэгтэн бидний дундаас төрж байна даа хэмээн бодож суув. Туршлагатай уран уншигч, жүжигчний мэргэжлээр суралцдаг оюутан Д.Сосорбарам  “Алтан жүн жор”  хэмээх зохиолч Д.Цэнджавын  бүтээлийг  амилуулав. Бид залуу хойч үедээ хэлэх үг сургаалиа  бага залуу гэлтгүй  хэлж ойлгуулж байх учиртайг  тэрбээр сануулав. Ийнхүү уран уншлагын тэмцээн маань ид дундаа өрнөж байхад  Даариймаа үзэгчдийн дундаас сэтгэл хөдлөн гарч “Би цэцэгчин хүү” гэдэг бүтээлийг уншин оролцов.

 

   Тэмцээний дүн гарахад Тэргүүн байрт  Д.Сосорбарам, Дэд байрт Т.Оюунаа, гутгаар байрт С.Дөлгөөнмөрөн нар шалгаран   мөнгөн шагнал, Г.Галбадрахын “Монголчууд Америкт”  номыг  гардлаа.  Мөн “Чөлөөт цагийн клуб” –с  Т.Лхагваад тусгай шагнал олгож,  Лос Анжелес орчмын Монголчуудын холбооны тэргүүн  Мөнхзул нийт оролцогчдод баяр хүргэн дурсгалын зүйл гардуулав. Уран уншлагын тэмцээний сэтгэлийн хөдлөлөө  хамтдаа дуулж, бүжиглэж, уран уншиж тэмдэглэв.

 

  Лос Анжелесийн Монгол номын сангийн нэрэмжит “Утгын чимэг” уламжлалт уралдааны энэ жилийн тэмцээнийг зохион байгуулахад  дэмжлэг туслалцаа үзүүлсэн Дашболд-Эрхэмээгийн гэр бүл, Алтанганжийн гэр бүл,  Бадрал-Нараагийн гэр бүл, Оргил-Пүүжээгийн гэр бүл, Ачмаа, Оюунаа,  Б.Ариунаа, Аюурзана, Эрка нартаа, Монголчуудын холбооны хамт олонд, мөн монгол хоол ундаар үйлчилж дайлсан Алтаа, Ганаа нартаа баярлалаа.

  Хандив туслалцаа үзүүлсэн та бүхэнд  6 сар номын сангаар үнэгүй үйлчлүүлэх эрх олгож байгаагаа дуулгая.  Дараа жилийн Утгийн чимэг хол биш ээ.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Б.Ган-Энхбаяр

Лос Анжелесийн Монгол номын сан


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.