05 сарын 20, Даваа
81.41°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ЕСДҮГЭЭР САРЫН 11-НИЙГ ДУРСАН ГАШУУДАХ АЖИЛЛАГАА БОЛЖ БАЙНА

НЬЮ-ЙОРК. /РОЙТЕР/. Есдүгээр сарын 11-ний террорист ажиллагаа болсноос хойш 11 жил өнгөрснийг тохиолдуулсан гашуудлын ажиллагаа АНУ-ын нутаг дэвсгэр даяар болж байна. 11 жилийн өмнө есдүгээр сарын 11-ний өглөө Дэлхийн худалдааны төвийн тэнгэр баганадсан хоёр ихэр цамхгийн нэгийг террористуудын булаан авсан эхний нисэх онгоц мөргөсөн мөчид буюу орон нутгийн цагаар 08 цаг 46 минутад Нью-Йоркт амь үрэгдэгсдийн дурсгалыг нэг минут дуугүй зогсон хүндэтгэх юм.

    Ихэр цамхаг байсан, одоо дурсгалын цогцолбор байгаа газарт 2011 оны террорист ажиллагааны үеэр амь үрэгдсэн 2977 хүн, тэрчлэн 1993 онд Дэлхийн худалдааны төвд /ДХТ/ болсон халдлагын үеэр амь үрэгдсэн зургаан хүний нэрсийг   төрөл төрөгсөд нь уншина.

    Нэрсийг унших ажиллагаа нэг минут дуугүй зогсох үеэр таван удаа тасалдана. Учир нь тэр эмгэнэлт өдөр ДХТ-ийн өмнөд цамхгийг хоёр дахь нисэх онгоц, Пентагоныг гурав дахь онгоц мөргөсөн, өмнөд цамхаг нурсан, Пенсильвани муж улсад нисэх онгоц унасан, эцэст нь хойд цамхаг нурсныг эргэн дурсах юм.
    Энэ жил анх удаа гашуудлын ажиллагаанд улс төрийн зүтгэлтнүүд үг хэлэхгүй. "Бүх анхаарал амь үрэгдэгсдийн нэрсийг тэдний төрөл төрөгсөд уншихад төвлөрнө" гэж Есдүгээр сарын 11 үндэсний дурсгал болон музейн сангийн захирал Жо Дэниелс мэдэгджээ. Гэхдээ Нью-Йорк хотын дарга Майкл Блумберг, Нью-Йорк муж улсын захирагч Эндрю Куомо нарын улс төрчид ажиллагаанд оролцох аж.
    Хотын бүх сүм хийдэд амь үрэгдэгсдийг дурсах ажиллагаа болно. Олон жилийн турш Манхэттений бэлгэ тэмдэг болж байсан цамхгуудыг бэлгэдэн нар жаргасны дараа прожектороор тэнгэр өөд хоёр хүчтэй гэрэл тусгана.

З.Амгалан


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.