05 сарын 09, Пүрэв
°C
USD 3,381.47
USD 3,381.47
EUR 3,630.68
JPY 21.77
GBP 4,217.37
RUB 36.86
CNY 467.97
KRW 2.48

СААКАШВИЛИГ ЭСЭРГҮҮЦСЭН ЖАГСААЛ НЬЮ-ЙОРКТ БОЛЖЭЭ

 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн улс төрийн хэлэлцүүлэг дээр Гүрж улсын ерөнхийлөгч Михаил Саакашвили үг хэлэх үеэр түүнийг огцрохыг шаардсан цуглаан болсон байна. НҮБ-ын төв байрны эсрэг талд болсон цуглаанд оролцсон голдуу гүрж гаралтай 100 гаруй хүн "Саакашвили бол алуурчин", "Дээрэмчинг хариуцлагад тат" гэсэн лоозон хашгирч, Гүржийн ерөнхийлөгчийг цусан улаан өнгөөр будсан зурагт хуудсуудыг гартаа барьсан байв.

Энэ үед Саакашвили Ерөнхий Асссамблейн индэр дээрээс "намайг удирдаж байх энэ хугацаанд Гүрж улс гэмт хэрэг, авлига багатай, ардчиллын загвар улс болсон" хэмээн мэдэгдэж байв.

Харин эсэргүүцлийн цуглааныг зохион байгуулагчдын нэг болох Антон Жамазе энэ үгэнд итгэхгүй байхыг уриалж байлаа. "Сүүлийн 8 жилийн турш өөрийн ард түмнээ айдас хүйдэст барьж буй энэ дээрэмчин худал ярьж байгаа бөгөөд зөвхөн тэнэг хүн л үүнд итгэж болох юм. Энэ хүн чухам юу хийж байна гэдгийг мэддэг хүмүүс л Саакашвили ямар их аюул занал учруулахыг мэдэж байна" хэмээн тэрбээр ИТАР-ТАСС-ын сурвалжлагчид ярьсан байна. "НҮБ, Цагаан ордон, Пентагон хэнтэй холбогдож байгаагаа сайн мэднэ. Гэтэл яг одоо тэд нүдээ аньж байна. Яагаад эд нар ингэж байна вэ гэдэг нь ихээхэн асуудалтай хэрэг" хэмээн Жамазе үргэлжлүүлэн өгүүлжээ.

"НҮБ, Цагаан ордон, Пентагон болон Барак Обама, Хиллари Клинтон нар өөрийн улс орноо бусниулан, ард түмэнтэй нь эртний сайн хөршийн харилцаатай Орос улстай дайн эхлүүлсэн энэ хүний толгойг илэхээ болиосой гэсэндээ бид энд ирсэн. Бидэнд ийм ерөнхийлөгч хэрэггүй" гэж  Жамазе өгүүлэв. "Гүржүүд бид энх тайванч эвсэг ард түмэн болохыг Европ ч, Америк ч мэднэ. Гэтэл Саакашвили ард түмнээ Оросын эсрэг ичгүүргүйгээр түлхэж байна" хэмээн тэрбээр үргэлжлүүллээ.

Мөн Гүржид болон Европын хэд хэдэн оронд Саакашвилиг эсэргүүцсэн олон тооны эсэргүүцлийн ажиллагаа болсоор байгаа бөгөөд парламентийн сонгууль дөхөх тусам улам өргөжинө. "Бүх жагсаал цуглаан нь тайван болж байгаа. Хүмүүс дахин цус урсгахыг хүсэхгүй байгаа учраас тэр. Яагаад гэвэл гүржийн ард түмний эрх чөлөө, түүний ирээдүй, нэр төр нь хутганы ирэн дээр байгаа тул бид ухрахгүй гэдгийг Саакашвили ойлговол зохино" хэмээн Жамазе хэлээд ард түмнээ хүч хэрэглэхээс татгалзахыг уриалжээ. "Хэрвээ эсэргүүцэл нь мөргөлдөөн болон хувирч, эмх замбараагүй байдалд хүрэх аваас энэ нь Саакашвилид улс орондоо онцгой байдал тогтоох шалтаг болох бөгөөд сонгуулийн хугацааг хойшлуулахад хүргэнэ" гэж тэрбээр тайлбарласан байна.

С.Амар

Montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.