05 сарын 08, Лхагва
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,640.06
JPY 21.94
GBP 4,239.57
RUB 37.18
CNY 468.64
KRW 2.49

Ц.Элбэгдорж: Монгол хүн дэлхийд өрсөлдөж чадна

Монгол бүжигчин гоцлох сонгодог балет Нью-Йоркийн театрын тайзнаа тоглогдох гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Гавъяат жүжигчин, дэлхийн сонгодог урлагийн томоохон тайзуудыг эзэгнэж байгаа бүжигчин Д.Алтанхуягтай Нью-Йорк хотод уулзлаа.

Д.Алтанхуяг өнөөдөр “Бостон Балет”-ын гоцлол бүжигчнээр ажиллаж, Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинд дуурсгаж явна. Тэрээр, 2 жилийн өмнө дэлхийн шилдэг 10 балетчины нэгээр шалгарч , өнгөрсөн жил Японд болсон мэргэжлийн бүжигчдийн тэмцээнд түрүүлсэн билээ. Түүнийг, мэргэжлийн сонгодог урлагийн олон дуучид болон, бүжигчидийн мөрөөдлийн тайз болсон Италийн алдарт “Ла Скала”-д тоглоход гадаадын урлаг шүүмжлэгчид “Монголчууд бас сонгодгийг бүжиглэж чадна гэдгийг Д.Алтанхуяг харууллаа” хэмээн бичиж байсан билээ. “Ла Скала”-гийн тайзан дээр урилгаар тоглосон дэлхийн шилдэг бүжигчид болох Орос, Канад, Япон, Италийн бүжигчидээс тэрээр уран хөдөлгөөн, өвөрмөц техникээрээ ялгарч байсан тул олон орны театр, нэртэй менежерүүдээс хамтран ажиллах санал ирж байжээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, дэлхийн шалгарсан бүжигчин хэмээн хүлээн зөвшөөрөгдөөд байгаа Д.Алтанхуягт баяр хүргээд, “Сүүлийн өдрүүдэд спортын бас урлагийн сайхан мэдээ ар араасаа тасралтгүй дуулдах боллоо. Монгол хүн сонгодог урлагаар дэлхийд гайхуулж байгаа нь юутай ч харьцуулашгүй сайхан үйл явдал юм. Бидэнд өрсөлдөх чадвар байна” гэлээ.

Энэ сарын 22-ны орой Нью-Йорк хотын Төв театрт “Бостон Балет”-ын тоглох бүжгэн жүжигт Д.Алтанхуяг гоцлон бүжиглэх юм. Нью-Йорк хотод ажиллаж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ тоглолтыг үзэхээр төлөвлөж байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.